Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Ц.Дамдинсүрэнгийн хөшөөг нийслэлд сүндэрлүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Ардын уран зохиолч, Төрийн гурван удаагийн шагналт, зохиолч, орчуулагч, нэрт эрдэмтэн, академич Цэндийн Дамдинсүрэнгийн дурсгалд зориулсан гэрэлт хөшөөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр сүндэрлүүллээ.

Нээлтийн ёслолд Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, МЗЭ-ийн удирдах зөвлөлийн дарга, МУСГЗ До.Цэрэнжав, ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Д.Чулуунбаатар, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Д.Цоодол, Төрийн соёрхолт зохиолч, яруу найрагч Д.Төрбат зэрэг эрхэм хүндтэй зочид төлөөлөгчид оролцов.

Нээлтийн ёслолоос гэрэл зургаар хүргэж байна.

Товч намтар

Нэрт эрдэмтэн, соён гэгээрүүлэгч Цэндийн Дамдинсүрэн 1908 онд Сэцэн хан аймгийн Матад уулын хошуу одоогийн Дорнод аймгийн Матад сумын нутагт төржээ. Дамдинсүрэн нь эцэг Цэндээр бичиг үсэг заалгаж бичиг уншиж бичиж чадах болсон байна. 1923 онд хошууны тамгын газарт бичээч, 1926 оноос Хан Хэнтий уулын аймгийн МАХН-ын хороо, Эвлэлийн Төв хороонд ажиллаж байгаад 1929 онд МҮЭ-ийн Төв зөвлөлийн дарга, 1930 онд Говь-Алтайд хамтралын сургагч, 1927-1929, 1942-1946 онуудад “Үнэн” сонины эрхлэгч, Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга, Монголын Зохиолчдын хорооны дарга, улмаар Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, эрдэм шинжилгээний ажилтан байлаа. 1979-1981 Гумбольдтын   нэрэмжит их сургуулийн урилгаар  Берлин хотод очиж, Ханс Детер Фитце, Гэндэнгийн Лувсан, Габриеле Наги нартай хамт “Герман монгол толь” зохиолцсон гавьяатай.

1982 оноос ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнд Төвд судлалын тасгийг бий болгож эрхлэгчээр нь  ажиллаж байлаа.

Түүний туурвисан эрдэм шинжилгээний ажлаас “Гэсэрийн туужийн түүхэн үндэс”, “Монголын уран зохиолын дээж зуун билиг оршвой”, “Монголын уран зохиолын тойм”, “Рамаяна монголд дэлгэрсэн нь” зэрэг судалгааны номууд дэлхийн үе үеийн монголыг судлаач эрдэмтдийн ашигладаг тулгуур бүтээл болжээ. ”Монгол улсын төрийн дуулал”-ын үгийг Ц.Дамдинсүрэн зохиосон байна.

Ц.Дамдинсүрэнд 1945 онд “Маршал Чойбалсангийн 50 насны ойд зориулсан ерөөл”-д нь, 1947 онд “Нууц товчоо” хөрвүүлсэнд нь, 1950 онд “БНМАУ-ын төрийн дуулал”-ын үгэнд нь төрийн шагналыг тус тус 3 удаа олгожээ.Ардын их хурлын тэргүүлэгчдийн 1986 оны 3-р сарын 28-ны өдрийн зарлигаар Монголын шинэ үеийн уран зохиолыг хөгжүүлэх үйл хэрэгт  олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллан их хувь нэмэр оруулсныг үнэлэн эрдэмтэн зохиолчид БНМАУ-ын “Ардын уран зохиолч” цолыг анх хүртээжээ.

Нэрт зохиолчийн мэндэлсний 111 жилийн ой энэ онд тохиож буй юм.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*