Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Ц.Чимэдцэрэн: Шархадсан цэргүүд биднийг зодох нь ч энүүхэнд байв

Халх голын дайны 80 жилийн түүхэн ой өнөө жил тохионо. Дорнод аймгийн Баяндун сумын 14-18 насны 16 охин Халх голын байлдаанд оролцсон бахархам түүх байдаг. Эх орныхоо халдашгүй дархан байдлын  төлөө зүрх, сэтгэлээ зориулсан Баяндунгийн 16 эмэгтэйгээс өдгөө ганц нь л энх тунх байна. Тэр түүхийн “амьд” гэрч Цэрэнгийн Чимэдцэрэн эдүгээ 95 настай, Улаанбаатарт аж төрдөг бөгөөд эх орноо хамгаалах ариун дайнд явахдаа 15-хан настай байжээ. Түүнийг саяхан Монгол цэргийн өдөр, Халх голын дайны 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан байна. Бахархан дурсагдаж байх Баяндунгийн 16 охины түүх яагаад олон түмэнд “танигдалгүй” өнгөрөв, тэд хэрхэн дайнд мордов гээд түүнээс сонирхох зүйл мундахгүй. Дайны тухай, шархадсан цэргүүдийг асарч байснаа ярих бүрт нь Ц.Чимэдцэрэн гуайн нүдэнд нулимс цийлэгнэж байв.
-Халх голын байлдаанд ялсны 80 жилийн түүхэн ой энэ жил тохионо. Дорнод аймгийн Баяндун сумын 14-18 насны 16 эмэгтэй энэ дайнд оролцсон түүхийг хүмүүс сайн мэддэггүй. Та энэ тухайгаа дурсаач?
-Япончууд 1939 оны тавдугаар сард дайн зарлалгүй, шууд манай улсад довтолсон. Япончуудыг наймдугаар сарын 28-нд бут цохисон шүү дээ.
Би Дорнод аймгийн Баяндун сумын төвд нэг жилийн хугацаатай түр сургуульд суралцаж байлаа. Сумын төвд байсан бүх эрэгтэйчүүдийг дайнд аваад явчихсан болохоор түр сургуульд 14-18 насны 45 охин суралцаж байсан. Тэднээс 16 охин дайнд оролцоно гээд явж билээ.
-Монгол хүн бүрийн мартаж боломгүй энэ дайны ялалтад та бүхэн ямар үүрэг гүйцэтгэв?
-Цэргийн эмнэлэг дээр ажилласан. Тэнд тогооч, сувилагч, цагаан хэрэглэл угаагч гээд л янз бүрийн ажилд биднийг хуваарилсан. Ж.Цэмпэлмаа бид хоёр сувилагч болсон. Тэрээр  сумын даргын охин байсан юм. Дайны дараа би тухайн эмнэлэгтээ ажиллахаар үлдэж, нөхөд маань буцсан.
-Тийм жаахан хүүхдүүд яагаад дайнд оролцох болсон юм бэ?
-Дайнд оролцох санаачилгыг би гаргасан юм. Тухайн үед би 15 настай байсан. Манай хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрийн нарийн бичгийн дарга Н.Аюуш /16 настай/ гэж хүн байсан. Тэрээр нэг өдөр биднийг хичээл хийж байхад, яриа таниулга хийхээр ирсэн юм. Н.Аюуш дарга хэлэхдээ, манай оронд Японы самуурайнууд халдан довтолж байна. Баянтүмэнг саяхан бөмбөгдлөө. Та бүхэн тэсрэх, дэлбэрэх бөмбөгтэй ижил, сэжиг бүхий зүйл хээр хэвтэж байвал хэрхэвч оролдож болохгүй гэж анхааруулж байсан. Даргын яриаг сонсож байхдаа, бид дайнд чадахаараа дэм болох юмсан гэж бодож байсан. Тэгээд би босоод, “Н.Аюуш дарга аа, нэг санал байна хэлж болох уу” гэхэд, “бололгүй яах вэ” гээд яриагаа түр завсарлаж, намайг сонсож билээ. Тэгэхэд “Би дайны фронтод очиж, чадах бүхнээрээ туслая, надтай хамт явах хүн байна уу” хэмээн зоригтой дуугарсан. Гэтэл танхимд байсан нөхөд маань хэсэг чимээгүй байснаа, гурван хүүхэд саналыг минь дэмжиж бослоо. Бид нөхдөө дахин уриалсан. Дахиад л танхим чимээгүй, хэсэг хугацаа өнгөрсний дараа бидний саналыг 22 хүүхэд дэмжин ар араасаа босоцгоосон. Н.Аюуш дарга хэлэхдээ, “Эх орныхоо төлөө сэтгэл гаргаж байгаа та бүхний саналыг хүндэтгэж байна. Гэхдээ энэ миний мэдэх хэрэг биш, би та бүхний саналыг намын үүрийн дарга, аймгийн цэргийн хэлтэст танилцуулъя” гээд бидний нэрсийг тэмдэглэж авсан. Ингээд гурав хоногийн дараа Н.Аюуш дарга намайг дуудаж, та бүхний саналыг дарга нар дэмжсэн, 16 хүн явах бололтой гэж билээ.
-22 охин явна гэж саналаа гаргасан байна шүү дээ. Яагаад 16-г нь явуулахаар болсон юм бол оо?
-Сүүлд сонсоход, хэлмэгдсэн хүмүүсийн хүүхдийг хассан юм билээ. Тухайн үед хэлмэгдсэн хүний хүүхэд сургуульд сурахад ч хэцүү байсан шүү дээ.  Бас ганц хоёр даргын хүүхдийг үлдээсэн бололтой юм. Би ч нарийн учрыг нь сайн мэдээгүй л дээ.
-Та бүхэн сумын төвөөс Баянтүмэн рүү хэрхэн авч явсан юм бэ?
-Тэр үед сумын төвд унаа техник байгаагүй. Үхэр тэргэнд суугаад, морин өртөөгөөр аймгийн төв хүртэл явсан. Биднийг сумын иргэд үдэж өгч байсныг тодхон санаж байна. Бүтэн долоон өдрийн турш үхэр тэргэн дээр явсан. Аймгийн төвд ирэхэд, бөөн туг, далбаа барьсан хүмүүс угтаж билээ. Удалгүй биднийг Баянтүмэнгийн цэргийн эмнэлэг рүү автомашины тэвшин дээр суулгаад хүргэж өгсөн. Биднийг орос сургагч эмч, эмнэлгийн ажилчид угтаж авсан даа. Бид найман ханатай хоёр эсгий гэрт хуваагдаж байрласан.
– Тэр үед дайн ямар байдалтай болж байв?
-Маш аймшигтай дайн болсон юм билээ. Халуун цэгт нь ороогүй ч япончууд Баянцагаан, Халхын гол, Хайлааст, Алаг морьтын гүүр хүртэл довтолж орж ирсэн. Ингэхдээ манай аймгийн дээгүүр 12 бөмбөгдөгч онгоцтой орж ирээд, бөмбөгдөөд, пулемётоор буудаж байлаа.
-Цэргийн эмнэлэгт дайны үеэр ажиллаж байхад хүнд, хэцүү нь юу байсан бэ?
-Хүнд шархтай, цустайгаа холилдсон хүмүүс ирэх бүрт ямар хэцүү байсан гэж санана. Наранд цохиулсан цэргүүд шархны халуундаа босож гүйнэ, харайна, биднийг зодох ч энүүхэнд шүү дээ. Өөрсдийн ухаан байхгүй юм чинь яахав дээ гээд л бид тоодоггүй, тэднийг их л өрөвддөг байсан. Цэргүүдийн шарх, сорви нь идээлнэ. Идээ бээрийг нь угааж, цэвэрлэдэг. Тэнд 5-6 сувилагч байсан санагдах юм. Таня Петровна гэдэг орос эмчийн заавраар ажилладаг байсан. Хамгийн аймаар нь тэсрэх бөмбөгний шарх байсан. Тэсрэх бөмбөгөнд өртсөн хүн 2-3 хоноод л амьсгал хурааж байсан юм.
-Тэр үед эм тариа хангалттай байв уу?
-Оросоос эм тариаг хангалттай өгч байсан. Тухайн үед, оросууд бидэнд хэчнээн их зүйл хийж өгсөн билээ. Тамсаг, цэргийн наймдугаар дивиз, тавдугаар отряд, 27 дугаар отрядыг холбосон нарийн төмөр зам тавьж өгч байсан шүү дээ.
-Тэр үед цэргийн эмнэлгийн орчин ямар байв?
-Өвчтөнүүд байшинд хэвтэн эмчлүүлж байсан ч шархадсан цэргүүд олноороо ирэх болж, сүүлд 10 гэр барьсан. Гэр бүрт цэргийн төмөр орыг тойруулаад зайгүй байрлуулсан, өвчтөн дүүрэн байсан.
-Найз охидуудтайгаа орой амрахдаа л уулздаг байв уу?
-Амарна гэж ер нь байхгүй дээ. Байнга агаарын дохио ирнэ. Тэр бүр жагсана, нуувчиндаа орно. Ихэвчлэн өвчтөнүүддээ эм тариаг нь дөхүүлэхээр сандран гүйлддэг байсан. Хоол ч идэх зав гардаггүй байлаа. Цус ихээр алдсан цэргүүдийн ам нь хатна. Тэдэнд ус дөхүүлж өгнө, амыг нь чийгтэй “марл”-иар норгосоор, зүгээр суудаггүй байсан.
-Орос цэргүүд бас тэнд эмчлүүлэх үү?
-Үгүй ээ. Оросууд Хэнтий аймагт 55 дугаар госпиталь гэдэг тусдаа эмнэлэгтэй. Оросууд тэр эмнэлэгтээ л очно. Манай эмнэлэг Дорнодын тавдугаар дивизэд байгуулагдсан юм.
-Эмчлүүлж байсан цэргүүд нь ямар байдалтай байв?
-Тэд маань хүнд шархадсан ч цэргээс халагдъя, гэртээ харъя гэж ярихгүй. Бушуухан эдгээд, буцаж очоод байлдъя гэдэг байлаа. Халшраад, больё, буцъя гэх хүн байхгүй, тийм үе байсан шүү.
-16 охиноос хэн нэгэн нь дайнд ирсэндээ харамсах, буцах тохиолдол гарч байв уу?
-Үгүй шүү. Яг л үүргээ гүйцэтгээд харьсан даа. Индүүчин нь индүүдлэгээ хийгээд, тогооч нь хоолоо хийгээд л, ер нь Дорнод аймгаас зөвхөн манай сумын 16 охиныг л фронтод авч явсан юм билээ.
-Үнэхээр эх оронч, дайчин хүмүүс байжээ. Та нар хэдэн сар дайны шугамд үүрэг гүйцэтгэсэн бэ?
-Халх голын дайн 1939 оны тавдугаар сарын 11-нд эхэлсэн. Бид Баянтүмэнд /одоогийн Чойбалсан хот/ долоодугаар сард ирсэн. Наймдугаар сарын сүүлээр япончууд ялагдлаа хүлээсэн шүү дээ. Түүнээс хойш 11 дүгээр сар хүртэл бид шархтануудаа эмчилсэн. Үүний дараа нөхөд маань нутаг буцаж, би эмнэлэгтээ ажиллахаар үлдсэн юм даа.
-Дайнд явахад тань аав, ээж нь юу гэж байсан юм бол оо?
-Ээж минь намайг зургаан настай байхад өөд болсон юм. Аав, эгч хоёр маань мал малладаг байсан. Тэр хоёртоо хэлэлгүйгээр, сумын төвөөсөө шууд л дайнд явчихсан. Нөгөө хэд маань ч гэрийнхэнтэйгээ уулзаагүй байх.
-Тэр 16-н охидын дунд хамгийн жаахан нь хэдэн настай байв?
-Биднээс хамгийн жаахан нь, 14 настай хоёр охин байсан.
-Ийм жаахан охидуудаас тийм их зориг гарсанд бахархал төрж байна. Дайны дараа хоорондоо уулздаг байв уу?
-Дайнаас хойш бид бараг уулзаагүй. Сүүлд хотод долоон хүн ирсэн байсан. Бусад нь хөдөө мал малласан байх.
-Та нар түр сургуульд байхдаа, монгол бичиг үзэж байв уу?
-Бид эхлээд, латин үсэг сурч байсан. Дараа нь хуучин монгол бичиг, тэгээд сүүлд, шинэ үсэг сурсан. Манай нутагт оросууд их байсан юм. Тэдний хүүхдүүдтэй тоглосоор, ойр зуурын орос хэл бас сурч байлаа. Намайг долоон настай байхад, Чойвондондог гэж хүн айл гэрээр явж латин үсэг зааж байсан юм. Түүний дараахан, манай хүргэн ах н.Сэрэн гэж хүн Оросоос ирээд, надад хуучин монгол бичиг заасан. Тэдний буянд л жаахан гадаад хэл сурсан байв /инээв/. Дайны үеэр, орос сургагч багштай харьцахад, хэл нэвтрэлцээд, хэрэг нь гарч л байлаа.
-Тэгээд дайнаас бүгд эсэн мэнд буцацгаасан уу?
-Тийм ээ. Бүгд эсэн мэнд гэртээ харьцгаасан.
-Энэ түүхийн талаар яагаад хүмүүс сайн мэддэггүй юм бол оо. Олонд сурталчилж бахархан алдаршуулмаар түүх биш үү?
-Хүмүүс сүртэй том гавьяа байгуулсан гэж боддоггүй л байсан байхгүй юу. Харин аймгийн сонины сурвалжлагч н.Цэнднасаа гэж хүн бидний 16 охины тухай сонинд гаргаж байсан. Бид ч ямар гавьяа байгуулснаа өөрсдөө ухаараагүй, осолдохгүй ирснээ л гарцаагүй мэдэж байлаа.
-Та нарын гавьяаг үнэлж, шагнал өгч байв уу?
– Тухайн үедээ ч бид хийх ёстой зүйлээ л хийсэн гэж бодохоос, гавьяа шагнал хүсдэггүй л байсан. Бүр сүүлд, зах зээлийн нийгэмд шилжсэний дараа, би хотын захиргаанд очиж дайнд оролцож явсан түүхээ ярьсан. Гэтэл намайг Батлан хамгаалахын яаманд ханд гэсэн л дээ. Тэгээд би Батлан хамгаалах яаманд өргөдөл бичиж өгснөөр, нөгөө хэдийн маань 5,6 нь орон сууцтай болсон. Бусад нь ч орон сууц авч чадалгүй бурхны оронд заларсан даа. Сонин хэвлэлд, Цэнднасаа сурвалжлагч бидний тухай их сайхан бичсэн байсан. Тэр сониныхоо хэсгийг барьж очиход, Батлан хамгаалахын яамныхан таатай хүлээж авч, бидний 16 хүнд ахмад дайчны үнэмлэх олгосон.
-Та цэргийн эмнэлэгтээ үлдээд, 1945 оны чөлөөлөх дайнд бас оролцсон юм уу?
-1945 оны дайны үеэр, арын албаны дарга Чойндон гэдэг хүн байсан. Тэр хүн намайг 1945 оны чөлөөлөх дайнд арын албанд ажилла гэж үүрэгдсэн юм. Ингээд Лувсан, Цэрэн, Мягмар, Батцэнгэл гээд эмч нартай ажилласан. 1945 оны дайнд ч сүртэй оролцсон зүйл байхгүй дээ. Тухайн үед цэргийн хангамж сайн байсан. Манай цэргүүд л хил рүү явцгаасан. Бид арын албанд хэрэгцээтэй зүйлийг дамжуулах л үүрэг гүйцэтгэсэн. Арын албаныхан дайны талаар сайн мэдээгүй ээ.
-Нөхөр тань цэргийн хүн байсан уу?
-Нөхөр маань цэргийн хүн байсан. 1945 онд 27 дугаар отрядад нөхөртэйгөө танилцсан юм. Тэнд үндсэн ажилтнаар үлдсэний дараахан аавын маань бие муудлаа гэж хэл ирээд, тэр эмнэлгээс чөлөө авч морин өртөөгөөр гэртээ очсон. Ингээд сумынхаа эмнэлэгт гурван жил ажилласан юм. Дараа нь нөхөртэйгөө хамт 31 дүгээр отрядад хамт ажилласан.
-Та сувилагчаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарав уу, эсвэл өөр ажил хийж байсан уу?
-Би Худалдааны техникумыг нийтийн хоолны тогооч мэргэжлээр төгсөөд, мэргэжлээрээ 25 жил ажилласан. Туул рестораны ахлах тогоочоос эхэлж байсан юм. Дараа нь Их тэнгэрийн амны нэгдүгээр хэлтэст зочны хоол хийдэг байлаа. Тухайн үед гадаадын олон улс төрийн зүтгэлтэн, сэхээтнүүд айлчлалаар ирж, тэдэнд хоолоор үйлчилдэг байсан. АНУ-ын ерөнхийлөгч хүртэл ирж байлаа. Тийм болохоор маш хариуцлагатай ажил. Миний хоолыг идсэн зочид юу гэхээс их эмээдэг байсан даа. Одоо хамт ажиллаж байсан хүмүүс бүгд байхгүй болж дээ.
-Тогоочоор ажиллахдаа та хэдэн төгрөгийн цалин авдаг байв даа?
-Миний сарын цалин 900 төгрөг байсан. Үүнээс гадна зочны бэлэг гэж надад халуун тогоо, жимсний дарс зэрэг зүйл өгдөг байсан. Тэр үед хэлтсийн дарга маань ажилласан байдлын бичиг хийгээд дарга нарт өгдөг. Тийм болохоор их хариуцлагатай байлаа. Гадны зочдыг дагаад хөдөө их явдаг байсан.
-Та дайнд явахынхаа өмнө юу хийж байсан бэ?
-Би 12 настайдаа Сүүн заводод ажиллаж байсан. Тухайн үед Сүүн завод байгуулагдаад, намайг сумын төвийн сүүний фермерийн эрхлэгчээр ажилд авсан. Тэнд хоёр жил эрхлэгч хийж байгаад, дайнд явсан.
-Тухайн үед 12 настай хүүхдээр хөдөлмөр эрхлүүлдэг байсан юм уу?
-Би тэр үед бичиг үсэг гадарладаг, тэмдэглэл хийдэг болчихсон байсан болохоор л намайг ажиллуулсан. Манай фермер дандаа масло хийдэг байсан. 100 литрийн торхонд машиндсан цөцгийгөө хийгээд Сүүн заводод тушаадаг байлаа.
-Хөдөлмөрийн гараагаа та сүүн замаар эхэлсэн хүн байна шүү дээ. Гадаадын том зочдыг ч хооллож ундалж, тун буянтай хөдөлмөр эрхэлжээ?
-Тиймээ. Тэгээд би хортой нөхцөлөөр тэтгэвэртээ гарсан ч ажлаа хийнэ гээд нэлээд олон жил үргэлжлүүлэн ажилласан.
– Баяндунгийн 16-н охид үнэхээр бахархам “түүх бичжээ”. Баяндун сум буриадуудын нутаг. Тантай хамт явсан охид бүгд буриад басган байсан уу?
-Би буриад хүн. Тэр 16-н охин бүгд буриад байсан. Буриад хүмүүс их хөдөлмөрч зан чанартай байдаг шүү дээ.
-Та одоо хэдэн хүүхэдтэй вэ. Ач, зээ өнөр өтгөн болов уу?
-Эмээ нь одоо гурван охинтой. Хамгийн том нь 73 настай, надтай адилхан эмээ байгаа даа /инээв/. Нэг хүүтэй байсан юм. Хөдөө аж ахуйн дээд сургуулийн оюутан байхдаа өөд болсон.
-Халх голын дайны өндөр их ойг тохиолдуулан, телевиз, сониноос олон хүн танайхаар ирж байна уу?
-Саяхан Японы телевизийн дөрвөн хүн ирээд явсан. Нэг өдөр гадуур явж, дүрс бичлэг хийгээд, яриа авсан юм. Баримтат кино хийж байгаа гэсэн.
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 8090-4799 утсаар хүлээн авна.

*