Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | 6 дахь жилдээ

Арын шинэ төв замын тендер юуны учир оройтов?

АРЫН ШИНЭ ТӨВ ЗАМЫН ТЕНДЕР ОРОЙТЛОО, ХАРАМСАЛТАЙ БАЙНА!
Уг нь Цагаан сарын дараа зарлаад, өдийд гүйцэтгэгч тодорчихсон, цаад компани нь чадвартай бол ажлаа эхлүүлсэн байх хангалттай хугацаа өнгөрөв. Гэвч тэгсэнгүй, тендер зарлаад ердөө 9-хөн хонож байна. Тендер нээх, үнэлгээний хороо гүйцэтгэгчээ сонгох, сонгогдсон компани нь ажлаа эхлэх гэсээр 6-р сарын дунд хүргэх нь нэгэнт тодорхой болж байна. Хамгийн шуурхайгаар гэхэд шүү.
 
Аймаг, нийтээрээ хүлээж байгаа авто замын тендер юунаас болж оройтов гэдгийг ярих ёстой.
 
5,5 км авто замыг өргөтгөн шинэчлэх асуудлыг төр засгийн түвшинд ярьж, юуны өмнө ТЭЗҮ, зураг төсвөө хийлгээд авъя гэж хөөцөлдсөн хүн нь УИХ-ын гишүүн Х.Болорчулуун байдаг. Ингээд 2018 оны улсын төсөвт замын ТЭЗҮ боловсруулах хөрөнгө тусгуулж, өнгөрсөн жил хийлгэсэн. Зураг төсвийн дагуу замаа барихад 10,9 тэрбум хэрэгтэй болсон. Энэ мөнгийг хөөцөлдөж, 2019-2020 оны төсөв дамнуулан батлуулаад байгаа нь бас л Х.Болорчулуун гишүүн, түүний ажлын албаныхан.
Гэтэл тендер зарладагийн даваан дээр 1-р сарын 7-ны өдөр Н.Номтойбаяр гишүүн хөндлөнгөөс оролцож, ЗТХЯ-нд “Тендерийн эрхийг Дорнод аймгийн Засаг даргад шилжүүлж өгнө үү” гэсэн 107 тоот албан бичиг явуулсан байдаг. Сайд асан Я.Содбаатар ч уг гишүүний тойрог, санаачилсан ажил гэж андуурч, тэр дор нь буюу 1-р сарын 10-ны өдөр 83 тоот тушаалаар Дорнод аймгийн Засаг даргад эрх шилжүүлсэн байгаа юм.
Ийм явдал болоод өнгөрснийг Х.Болорчулуун гишүүний ажлын алба 2-р сарын дундуур ЗТХЯ руу тендер оройтлоо, юу болж байна хэмээн асууж тодруулахдаа олж мэдсэн байдаг.
 
10,9 тэрбум төгрөг бага мөнгө биш! Төсвийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулж чадах уу, үгүй юу гэдэг нь тендерийн шатнаас л эхэлнэ.
 
Улсдаа 4-т орох том хотын төв замыг чанарын өндөр түвшинд барьж байгуулах, ингэхийн тулд туршлагатай, хүчин чадал сайтай гүйцэтгэгч сонгох, тендерийг салбарын мэргэжлийн яамны хараа хяналт дор зохион байгуулах зайлшгүй шаардлагатай юм.
Нөгөөтэйгүүр ТБОНӨБАҮХАТ хуулийн дагуу 10 тэрбумаас дээш төсөвт өртөгтэй энэ ажилд гадаадын компани оролцох эрх нээгдэж байгаа.
 
Иймээс Х.Болорчулуун гишүүн тендерийг аймагт бус нийслэлд зохион байгуулах шаардлагатай, гүйцэтгэгч өөрийн хөрөнгөөр 2019 ондоо ажлаа бүрэн дуусгах шаардлагыг тендерийн журамд тусгаж өгнө үү гэх зэрэг хүсэлтийг яаманд тавьсан байдаг.
Энэ хооронд сайд, дарга нар солигдож, 3-р сарын 15-нд ЗТХЯ тендерийн эрхийг эгүүлэн татаж авснаар үнэлгээний хороо байгуулагдаж, 4-р сарын 3-нд тендерээ зарлаад байна.
Газар шорооны ажлын улирал хэдийнэ эхэлсэн ч төв замын их ажил зунаас наашгүй нь тодорхой боллоо. Ганц хоёрхон сарын дотор зам тавьчихгүй. Өргөн, сайхан замтай болох хүлээлт, горьдлого ийнхүү хойшлогдож, өдий хугацаа алдсаар л байна.
 
Одоо газар чөлөөлөлт гэж том даваа бас хүлээж байгаа. Замаа өргөтгөхийн тулд хэд хэдэн иргэд, а.а.нэгж нийтийн эрх ашгийн төлөө хашаагаа татаж, эзэмшил газраасаа чөлөөлж өгөх шаардлага үүссэн. Аймгийн удирдлагууд тендер зарлаж, шалгаруулна гэхээсээ зам барих боломжийг нь бүрдүүлж, газар чөлөөлөлтийн ажлаа шуурхайлах талаар анхаарах хэрэгтэй болов уу.
Г.Алтанхуяг
Share:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй байхыг хүсье.

*