Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | 6 дахь жилдээ

Дорнодын газрын тосны орлогыг 21 аймаг, нийслэлд хэрхэн хуваарилдаг вэ?

Уул уурхайн салбар улс орны эдийн засгийг нуруундаа үүрч яваа гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэтэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа байгаль орчин сүйтгэж, иргэдийн амьдрах нөхцлийг алдагдуулахаас гадна тухайн орон нутагтаа өчүүхэн ч өгөөж, хишиггүй байгаад иргэд бухимдан эсэргүүцэж байна.

Монгол Улс 332,64 сая тонн газрын тосны баталгаат нөөц, 43,258 сая тонн ашиглалтын баталгаат нөөц бүхий гурван талбайд Бүтээгдэхүүн хуваах гэрээ (БХГ) –ний дагуу ашиглалт, олборлолт явуулдаг. Нийт экспортын 95,6 хувийг Дорнод аймгийн Матад, Халхгол сумын нутаг дахь Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбай, үлдэх 4,4 хувийг Дорноговь аймгийн нутаг дахь БХГ-97 талбайгаас тус тус бүрдүүлж байна.

Газрын тосны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Нөөц ашигласны төлбөрийн 30 хувийг тухайн орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд, 70 хувийг улсын төсөвт төвлөрүүлнэ” гэж бий. 2015-2017 оны төсвийн гүйцэтгэлээс харахад хуулийн дээрх зүйлийг баримтлан газрын тосны нөөц ашиглалтын төлбөрийн 30 хувь буюу 20.6 тэрбум төгрөгийг Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрүүлж, 21 аймаг, нийслэлд хуваарилжээ. Үүнээс Дорнод аймгийн Орон нутгийн хөгжлийн санд 904,06 сая төгрөг, Дорноговь аймгийн Орон нутгийн хөгжлийн санд 864,9 сая төгрөг тус тус хуваарилсан нь газрын тосны олборлолт явагддаггүй бусад аймгуудтай ижил түвшинд, зарим тохиолдолд 18-30 хувиар бага байгаа юм.

Газрын тосны нөөц ашигласны төлбөрийн орлогоос аймгуудын Орон нутгийн хөгжлийн санд шилжүүлсэн мөнгөн дүнг үзүүлбэл,

Газрын тосны нөөц ашигласны төлбөрийн орлогоос Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь зэрэг газрын тосгүй аймгуудын ОНХСанд хуваарилсан мөнгөн дүн манай хоёр аймгаас ч их байгааг харж болно. Уг нь экспортын дийлэнх хувийг дангаар хангаж байгаа орон нутагт газрын тосны нөөц ашигласны төлбөрөөс багагүй хувийг хүртээх нь шударга ёсонд нийцмээр. Гэтэл Засгийн газар, Сангийн яамны зүгээс Монгол Улс нэгдмэл улс тул орлого, зарлага тэнцүүлэх зарчмаар төсвийн орлогыг 21 аймаг, нийслэлд жигд хуваарилж зарцуулах ёстой хэмээн тайлбарласаар өнөөг хүрчээ. Нефтийн баялаг бол зөвхөн Дорнод аймгийнх бус нийт Монгол Улсын өмч гэсэн санаа гэнэ.

Дорнодоос сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Болорчулууны хувьд 2014 онд Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсгийг ахалж байсан. Тэрээр хуулийн төсөлд нөөц ашигласны төлбөрийн 30 хувийг тухайн аймгийн ОНХС-д төвлөрүүлэх тухай зүйл тусгаж байсан боловч эцсийн мөчид УИХ-ын чуулганаар хуулийн төслийг бүхэлд нь 30 гишүүн дэмжиж, 30 гишүүн эсэргүүцэж, санал тэнцсэнээр хүчингүй болгож, хууль санаачлагчид нь буцааж байсан юм.

Хамгийн харамсалтай бөгөөд эмгэнэлтэй нь, уг хуулийн төслийг эсэргүүцэж унагасан 30 гишүүний хоёр нь Дорнод аймгаас сонгогдсон болон өмнө нь сонгогдож байсан гишүүд байдаг.

Ингээд УИХ-ын даргын захирамжаар Ц.Нямдорж, Д.Ганхуяг нарын бүрэлдэхүүнтэй шинэ ажлын хэсэг байгуулагдаж, Х.Болорчулуун нарын боловсруулсан Газрын тосны тухай хуулийн төсөлд багагүй өөрчлөлт хийж батлуулсан түүхтэй. Ингэхдээ нөөц ашигласны төлбөрийн тодорхой хувь орон нутагтаа үлдэх хэсгийг хасч орхижээ.

Монгол Улс одоог хүртэл 19-р талбайгаас нөөц ашигласны төлбөрөө авч чаддаггүй

Жилд дунджаар 8-9 тэрбум төгрөг төвлөрүүлж буй дээрх дүн мэдээ бол зөвхөн 21-р талбайн НАТ гэдгийг анхаарах нь зүйтэй. Газрын тосны тухай хууль батлагдаж, нөөц ашигласны төлбөр авах хууль эрх зүйн орчин бүрдсэнээс хойш таван жилийн хугацаа өнгөрч байгаа боловч Дорнод аймгийн нутаг дахь 19-р талбайн НАТ орлогоос дээрх төлбөрийг авч эхлээгүй л байна.

Мөн л Дорнодоос сонгогдсон гишүүн дээрх асуудлаар Ерөнхий сайд, Уул уурхайн сайд нарт 2015, 2016, 2018 онд нийт гурван удаа УИХ-ын чуулганаар асуулга тавьж, шаардлага хүргүүлсэн. Тухай бүрт нь Уул уурхайн яам, Хятадын талтай НАТ авч эхлэх тухай яриа хэлэлцээр хийж байгаа гэх тайлбар өгсөөр 2019 онтой золгож байна. Аймгийн гишүүн ганцаарддаг байж болох юм.

Нөөц ашигласны төлбөрийн орлогоос төрийн түшээд хумсалсаар ирсэн

АМНАТ-ын орлогыг манай засаг төр том тогоонд холиод, бүх аймаг сумдад “хувааж” олгож байгаа учир тухайн уурхайн ойролцоо иргэд бараг юу ч хүртэхгүй байхад, төр засгийн зарим түшмэд бөөн бөөнөөр нь хумсалж иржээ. Үүнийг хайгуул, олборлолтын лицензийн олон хэрэг тод харуулдаг.

Газрын тосны газрын хэлтсийн, газрын даргаар (2003-2012) ажиллаж байсан Д.Амарсайхан тэргүүтэй төрийн албан хаагчид “Петрочайна Дачин Тамсаг” компанитай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу улсад ногдох 24 хувиас нэг хувийг нь завшиж байжээ. 40 орчим сая долларын газрын тос сох дутсанаар гэмт хэрэг илэрчээ. Петрочайна Тамсаг компаниас Хонконгийн “Sun Wang” гэх компанийн Шанхай банкны данс руу их хэмжээний ам.доллар шилжүүлдэг байсныг Хятадын төр бас илрүүлж зарим удирдлагыг нь баривчилжээ.

Шүүхийн, зартай 461-р ангид 5 сар хоригдож байгаад Д.Амарсайхан 2014 оны 5-р сард нас барсан. Талийгаач “Мигрень өвчтэй, эмийн хамааралтай хүнийг…  “дээрээс ирсэн заавар”-ын дагуу (АТГ шалгасан) эмнэлэгт хэвтүүлээгүй. Эмийг нь өгөхгүй байсан. Задлан шинжилгээ хийж өвчүү нь голоороо, таван хавирга нь хугарсан гэж дүгнэжээ.  50 тэрбум төгрөгийн авлигын хэрэгтэй… Д.Амарсайхан … шоронд учир битүүлэг илгээмж хүлээн аваад хэдхэн минутын дараа нас барсан. Түүнийг … намдаа (МАН) их хэмжээний хандив өгснөө улайх гэж байхад нь хор өглөө гэх яриа хэвлэлээр нэлээн явсан ч тэгсгээд дарагдсан.

Ямар ч гэсэн хулгайд алдсан хөрөнгөө монголын иргэд буцааж авах эрхтэй. Ганц хоёр этгээдийг шоронд суулгаж, авлигачин намуудаа хаацайлаад өнгөрдөг шүүхийг хичнээн жил тэвчих юм бэ? Аймаг сумын иргэд ч ийм шаардлага тавих, хуулиа биелүүлэхийг төр засгаас шаардах ёстой. Монгол улс уул уурхай, ашигт малтмалын баялагаа балаг болгочихгүй, төр засаг нь ил тод нээлттэй, түмэн нь төрөө хянадаг болох нэн шаардлагатай байна. Юуны өмнө төсвийн хэт төвлөрлөө сааруулж, орон нутагт эрх мэдэл өгч байж, энэ том уудам нутгаа аз жаргалтайгаар эзэгнэн амьдрах боломжтой.

 

Share:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй байхыг хүсье.

*