Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

90-ээд онд Дорнод хил дээр гарсан хоёр хэргийг эргэн сѳхѳхѳд…

Цэрэг насаа цэмбэн шинелиэр гоёж явсан ахмад хилчид маань залуу нас, дархан хилээ хамгаалж албаа нэртэй төртэй хааснаа санан дурсч эхлэв бололтой. Хилийн сумангийн захирагч асан бэлтгэл хошууч Д.Болд Дорнод хил дээр болсон хоёр үйл явдлыг 15 жилийн дараа ийнхүү ярилаа.

Нэг. 1998 оны аравдугаар сарын 14, Зөөлөн цас лавсан хаялж таван алхмын цаадах юм харагдахгүй гүн харанхуй шөнө нөмөрлөө. Дорнод аймгийн Сүмбэрийн хилийн. . .р хорооны 10 дугаар сумангийнхны хувьд өдөр, шөнө, хүйтэн халуун, цас бороо гэдгийг огтхон ч ялгалгүй торгон хилээ манах цорын ганц үүрэгтэй билээ.

Шөнийн 01:00 цагийн үед нутгийн гүнээс битүү бүрхүүлтэй ЗИЛ-130 маркийн автомашин ирлээ. Хилчид зохих журмын дагуу зогсоон шалгав. Халх гол сум орж мал ачих гэж явна гэв. Бичиг баримтыг нь шалгав. Зөрчил байсангүй учир тэднийг явуулав.

Үүний дараахан 02:00 цагийн орчим нутгийн гүнээс бас нэгэн гэрэл гарсан нь тус хилийн хорооны дарга, хурандаа Д.Бат-Эрдэнэ байлаа. Тэрбээр Дорнод аймаг ороод буцаж явсан аж. Сумангийн дарга хошууч Д.Болд “Монгол Улсын хил дээр гарсан зөрчилгүй тайван” хэмээн илтгэн хурандаа ч амрахаар зочид буудалд тухаллаа.

Харин сумангийн дарга хошууч Д.Болдын хувьд нойр нь төдийлөн хүрсэнгүй. Тухайн үед хил дамнасан автомашины наймаа зогсоод, харин спирт, хүн хоёрын наймаа “цэцэглэж” байсан үе юм. Иймээс шөнө өнгөрсөн бүрхүүлтэй ЗИЛ-130 машин нэг л сэжигтэй санагдаж юуны өмнө “хаалт” манаа гаргахаар шийдлээ.

“Хаалт” манаа гэдэг нь хил зорчигч, эсвэл тээврийн хэрэгсэл явж болзошгүй чиглэлд отолт хийнэ гэсэн үг л дээ. Шөнөжин орсон цас 04:00 цагийн үед бага зэрэг татарч, үүрсэн бууны гол төмөр харагдахтай үгүйтэй боллоо.

Гэтэл нам гүм орчин, түнэр харанхуйг ачааны бололтой том тэрэгний нүргэлэх дуу чимээ үргээн хилчид ч дүрэм ёсоор угтахаар бэлтгэлээ. Удахгүй зогсоолоо. Шөнө Халх гол сумаас мал ачина гээд өнгөрсөн бүрхүүлтэй ЗИЛ-130 автомашин байлаа.

Мэнд амраа мэдэлцэв. Зохих журмын дагуу ачаагаа үзүүлнэ үү гэсэн шаардлага тавив. Тэд “Дөнгөж урьд шөнө үүгээр өнгөрсөн биз дээ, танихгүй байгаа юм уу” гэлээ. Хилчид “Ар талаа онгойлго” гэсэн товчхон шаардлага тавьтал ачааны машин хааз нэмэн Дорнод аймаг чиглэсэн замаар цас, шороо манаруулан арилж өглөө.

“Хаалт” манаанд гарсан жагсаалын дарга ахлах ахлагч Цогтбаатар, байлдагч Хатанбаатар нар гахай нүцгэн, нохой явган учир яаж ч чадсангүй. Харин хилийн ноцтой зөрчил гарлаа гэсэн дохиог сумандаа өгч амжжээ. Хилээс гүн рүү ноцтой зөрчил гарчээ гэдгийг сумангийнхан ойлгов.

Түгшүүрийн бүлэг хэдхэн хормын хугацаанд үүрэг гүйцэтгэхэд бэлэн болжээ. Сумангийн дарга хошууч Д.Болд, хурандаа Д.Бат-Эрдэнэд цагийн ‘байдлыг илтгэж түүний машиныг гуйв. Унаатай болсон хошууч Д.Болд ачааны машиныг төдийлөн холдуулсангүй гүйцэж зогсоолоо.

Шуурхай бүлгийнхэн бичиг баримтыг шалгалаа. Арын бүхээгийг нээтэл хятад янжуурын эхүүн үнэр сэнхийж, зүү орох зайгүй шахам чигжиж шахалдан суусан олон хүн харагдав. Машинаас буухыг тушаав. Ойлгосонгүй бололтой. Дахин ширүүхэн зандарлаа.

Үг дуугүй уван цусан буух, зүсэн бүрийн хувцастай хүмүүсийг тоолсоор 26 хүргэлээ. Арван эмэгтэй, 16 эрэгтэй нийт 26 хятад иргэнийг ийнхүү баривчиллаа. Энэ удаа улсын дархан хилийг хууль бусаар зөрчсөн, тэднийг хил дээр тосон авч, нууцаар хил зөрчүүлж тээвэрлэж явсан Монголын иргэд баригдав.

Харин энэ бүхнийг зохион байгуулсан нууц эзэд нь өнөөг хүртэл нууцлагдсаар үлджээ. Хурандаа Д.Бат-Эрдэнэ хошууч Д.Болд болон түүний бие бүрэлдэхүүний байгуулсан гавьяаг сайшаан баяр хүргэж өндөр сэтгэгдэлтэй хороо руугаа буцсан юм.

Сумангийнхан ч үүргээ шударга, үнэнчээр биелүүлж хил зөрчсөн 26 хятад иргэнийг “элээ” шиг шүүрсэндээ бүр ч урамтай байжээ. Энэ хэрэг явдал болж өнгөрснөөс хойш нэлээд хэдэн cap өнгөрөв.

Зохион байгуулалттайгаар хил зөрчсөн бүлэг хятадуудыг илрүүлж баривчилсан тул хилийн хорооны дарга хурандаа Д.Бат-Эрдэнийг ХЦУГ-аас /тэр үеийн нэрээр/100 мянган төгрөгөөр шагнасан яриа сонсогдлоо. Харин хошууч Д.Болд даргатай хилчдийн талаар юу ч дурдагдсангүй. Бүр сайшаал ч ирсэнгүй. Хилчид гайхахын дээдээр гайхав.

Хоёр. Хошууч Д.Болд 30 жил торгон хилээ манаад эхнэр, зургаан хүүхэд, хоёр ор, нэг чемодантай тэтгэвэртээ гарчээ. Орон сууцны өргөдөл ор сураггүй алга болсон байв.

Тухайн үед ХЦУГ-ын даргаар ажиллаж байсан хошууч генерал Я.Пүрэвдоржийн санал болгосноор мань эр хилийн цэрэгтээ эргэн орж Дорнод аймгийн Сүмбэрийн хилийн …р хорооны Улаан худгийн сумангийн даргаар томилогдлоо.

Ахмад хилчний торгон хилээ манах алба дуусаагүй байсан гэлтэй. 1997 он юмдаг. Хятад загасчид Буйр нуураас хил зөрчин хулгайгаар загас агнах явдал нэлээд гарч байсан цаг. Завьтай хятад загасчид өглөөний 06.00 цагийн үед хил зөрчин загас агнаад байна гэсэн мэдээлэл ирэв.

Хошууч Д.Болд шийдвэр гарган өөрийн сумангийн орлогч ахмадаар ахалсан хилчдийн бүлэг томилж, зөрчлийг таслан зогсоох, тэднийг баривчлах, боломж гарвал хятад загасчдын моторт завийг олзлох үүрэг өгчээ.

Тэр үед ашиглагдаж байсан хоёр ширхэг моторт завь он удаан жилийн ашиглалт, эвдрэлээс шалтгаалан үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон байжээ. Үүрэг гүйцэтгэх бүлэгт Буйр нуурын загасны үйлдвэрийн туршлагатай завьчин Болдбаатар мотор үүрээд ирсэн байв.

Тус сумангийнхан хятадаас олзолж авсан сэлүүрт голдуу завьтай, нэг хүчтэй моторт завьтайгаар тогтоогдсон газарт очлоо. Хятад загасчид хил зөрчин загас барьж байхад нь шууд давхиад очиж. Буудалцаан болов. Хил зөрчигчид байлдагч Шижирболдыг хутгалан, хил давуулан авч одсон хэрэг гарсан юм.

Байлдагч Шижирболдыг тэвэрч унагаад хутгалах үед нь ахлагч Зоригтбаатар хятад загасчныг буудаж хажуугаас нь нэгнийг шархдуулж нөхрөө хамгаалав. Тэгээд гавшгай ажиллан долоон хил зөрчигчийг баривчлан хүлсэн байна. Зөвхөн нэг завьтай хятад Шижирболдыг авч зугтжээ.

Энэ тулгаралтанд ахлагч Зоригтбаатар эрэлхэг зориг, самбаа гаргасан гавьяатай хилчин байж билээ. Гэтэл төр засаг, хилийн цэргийн удирдлага маань байлдагч Шижирболдыг хутгалуулж олзлогдсоны төлөө гэлтэй одон медалиар шагнаж ахлагч Зориггбаатарыг энгэрийн тэмдгээр ч шагнаж урамшуулаагүй юм. Үүнд үүрэг өгсөн даргын хувьд одоо ч харамсч явдаг юм.

Хошууч Д.Болд гэж хэн бэ?

Тэрбээр Монголын баруун хязгаараас эхлэн урд хилийг дамжаад Халх голд иртлээ 30 жил торгон хилээ манажээ. Энэ хугацаанд төрсөн нутгаа бараг мэдэхээ байж, түүний зургаан хүүхэд нь таван аймгийн иргэний паспорттай болсон байх жишээтэй.

Уг нь Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат. Бигэр сумаа мэднэ. Харин удам угсаагаа л сайн ярихгүй бол Бигэрийнхэн түүнийг танихгүй. Гэтэл бусад аймгийн хил дагуу нутгийнхан яг л өөрийн нутгийн хүн шиг хүлээж авна.

Олон жилийн туршлагатай хилчний мэргэжлээс гадна мань хүн Батлан хамгаалах их сургуулийн миномётчны мэргэжил эзэмшсэн дайчин эр. Ярилцаж суухад нэлээд монголжуу сэтгэлгээтэй, яльгүй үндэсний үзэлтэй, аж амьдрал, ахуй ардын эмчилгээний талаар хэдэн ном биччихсэн нөхөр юм.

Эх орон, монгол ахуй амьдрал газар нутагтайгаа холбоотой шүлэг, 2-3 дуутай юм билээ. Ширхэг чулуу, сөөм газраа 30 гаруй жил алжаалыг умартан хамгаалж хэрэгцээтэй цагт буун дуу гаргаж явсан эгэл хилчин офицер БЗД-ийн 72-р хотхоны актлагдсан байшиндаа ийнхүү хуучилж сууна.

15 жилийн өмнө болсон дээрх хоёр үйл явдал түүний сургамж одоо ч үнэ цэнээ алдаагүйгээр брахгүй амь бөхтэй оршсоор байхыг үгүйсгэх аргагүй. Нэг хятад иргэнийг 5000 ам.доллараар хил нэвтрүүж Монголын гадаад паспорттай болж гадаад ажиллах нөхцлийг бүрдүүлдэг байсан нууц бизнесийн эзэд хэн байв.

Хэрэг яаж шийтгэгдэв. Хэн шагнуулж, хэн урам хугарч хохиров гэх “нууц” өнөөг хүртэл үргэлжилсээр.

Эх сурвалж: “Нийслэл таймс”

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 8090-4799 утсаар хүлээн авна.

*