Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

“Австралид би Монгол модель гэхээр гайхдаг байсан”

Мисс, загвар өмсөгч Т.Туяамаатай ярилцлаа. Тэрбээр Монголын загварын ертөнцөд 14, 15-хан насандаа хөл тавьж, 2010 оноос эхлэн “Авьяаслаг мисс”, “Манжуурын мисс” тэмцээний гуравдугаар байр, 2011 оны Азийн топ модель, 2012 онд Ази, Номхон далайн тэргүүн мисс, 2013 онд “Гоёл” наадмын шилдэг загвар өмсөгчөөр шалгарсан чадварлаг загвар өмсөгч билээ.

Мисс бүсгүй өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Австрали улсад суралцаж, мэргэжлээрээ дэлхийн нэр хүндтэй брэндүүдийн нүүр царайгаар ажиллажээ. Тэрбээр эх орондоо богц дүүрэн ирж, сурсан мэдсэнээ Монголынхоо залууст хуваалцахаар зорьж буй юм. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.


-Мисс бүсгүй маань эх орондоо хэзээ ирэв?

-Би эх орондоо өнгөрсөн зун ирсэн. Монголдоо ирээд нэлээд хэдэн сар болсон байна. Миний хувьд Австрали улсад бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж, хичээлийнхээ хажуугаар загвар өмсөгчийнхөө ажлыг хийж байгаад ирлээ. Би өмнө нь эх орондоо Монгол Улсын Их сургуульд социологич мэргэжлээр төгссөн. Харин Австралийн “Universitу of New Castle” их сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр дахин суралцсан. Би ирээдүйд эх орондоо бизнесийн салбарт хүч үзэхээр шийдэж, энэ чиглэлээр Австралид магистр хамгаалсан юм.

-Австрали улсын томоохон брэндүүдтэй хамтран ажилласан гэв үү?

-Моделийн чиглэлээр Австралийн хоёр агентлагтай гэрээтэй ажилласан. Одоо ч гэсэн гэрээ маань дуусаагүй, байнга холбоотой байдаг. Би Австралид маш олон брэндтэй хамтран ажилласан. Зарим брэндүүдийг нь би мөрөөддөг, ямар гоё юм бэ гэж хардаг байсан бол тэр брэндийнхээ үндсэн дизайнертай нь хамтарч ажиллаж үзсэндээ баяртай байгаа. Бас алдартай “Vogue” сэтгүүлийн ковер дээр ажилладаг стилист, дизайнеруудтай танилцаж, хамтран ажилласан. Мөн “Mercedes-Benz Fashion Week” шоунд болон Австралийн загварын долоон хоногт урилгаар хоёр жил дараалан оролцсон цорын ганц Ази модель болсон. Ер нь намайг анх Австралийн Сидней хотод очиход надаас өөр монгол модель байгаагүй. Харин Австралийн Мельбурн хотод маш олон жил ажиллаж байгаа ганц монгол эмэгтэй модель байсан.

Би “Wink models”, “The Royal” агентлаг гээд хоёр моделийн агентлагт харьяалагдаж, гэрээтэй ажилласан. Миний хувьд “”Wink models” агентлаг бол нүдийг минь нээж өгсөн гэж хэлж болно. Уг агентлаг нь маш нарийн хөтөлбөрийн дагуу зураг авалтуудаа хийдэг, маш эмх цэгцтэй системээр моделиудтайгаа харилцдаг. Энэ агентлаг нь бага насны моделиос эхлэн ахимаг нас хүртэл бүх насны моделиудтай. Миний хувьд загварын агентлагийн энэ жишээг Монголдоо нэвтрүүлж, бүх насныханд зориулсан загварын агентлаг ажиллуулахыг зорьсон.

-Тийм учраас өөрийн үеэл эгчтэйгээ “Хатун” хувь хүний хөгжлийн төвийг нээсэн байх нь ээ. Гадуур сургалтын төвүүд, загварын агентлагууд үйл ажиллагаагаа явуулах нь олширчээ. Танай төвийн хувьд юугаараа ялгарч чадах вэ?

-“Хатун” хувь хүний хөгжлийн төвөө өөрийн үеэл эгч Б.Батдуламтай хамтран байгуулж, 2018 оны арванхоёрдугаар сард нээлтээ хийсэн. Манай төвийн үйл ажиллагаа бүх насныханд зориулсан гэдгээрээ онцлог. Бид залуу хойч үедээ үндэсний өв соёлоо өвлүүлэх уртын дуу, морин хуур, уйгаржин монгол бичгийн сургалтыг зохион байгуулдаг. Одоогоор манай хөгжлийн төв дөрвөн наснаас эхлэн элсэлтээ авч байгаа. Мөн олон улсын загварын тайзнаа монгол гоо бүсгүйчүүдийг сурталчлан таниулах зорилго тавьж, холбох гүүр нь болохыг хүсч байна. Моделийн хувьд загварын үндсэн хичээлээс гадна гоо зүй, харилцаа, фото моделийн онол, практикийн хичээлийг мэргэжлийн зурагчинтай хамтран явуулж байгаа. Монгол залуус дунд сургуулиасаа эхлэн англи хэлний дүрмийн хичээл заалгадаг ч ярианы чадвар хөгжөөгүй байдаг. Тэгэхээр энэ хөтөлбөрийнхөө хүрээнд англи хэлний ярианы анги шинээр нээсэн.

Би өмнө нь 2013 онд “Шилмэл загвар” загварын агентлагт хоёр жил багшилж байсан. Тухайн үед загварын ангийг даан авч, олон моделийг төгсгөсөн. Энэ нь надад том туршлага болсон. Шилмэл загвар бол анхны загварын агентлаг шүү дээ. Монголын загварын ертөнцөд амжилттай яваа бүхий л топ моделиуд энэ агентлагаас төрөн гарсан байдаг. Миний хувьд энэ агентлагаас суралцсан бүхэн маань туршлага болсны дээр моделиор Австралид ажилласан туршлага маань байна. Энэ бүхнээс өөрийн гэсэн арга барилыг гарган авч мэдсэн, сурснаа хуваалцаж байна.

-Монголын загварын ертөнцөд чамгүй карьертай байсан Т.Туяамаа Австрали улсад өөрийн карьераа хэрхэн эхлүүлсэн нь сонин байна?

-Австрали улсын Сидней хотод би анхдагч монгол модель байсан гэдгээ хэлсэн. Миний араас ганц, хоёр монгол охид Австралид загварын шоунд оролцох болсон. Би тэдэндээ өөрийн мэдсэн туршлагаасаа бас хуваалцсан. Би эх орондоо загвар өмсөгчийнхөө карьерыг аль хэдийн эхлүүлсэн байсан бол Австралид бүхнийг тэгээс эхлэх хэрэгтэй болсон. Тийм учраас миний хувьд дахин шинээр төлөвлөгөө гарган, карьераа эхлүүлэх ёстой болсон. Ерөнхийдөө бүх зүйл төлөвлөгөөний дагуу болж, төлөвлөж байсан газруудтайгаа хамтарч ажилласан. Австралид “Би Монгол модель” гэхээр их гайхдаг байсан. “Монгол хүнтэй анх удаа уулзаж байна” гэдэг үгийг олон удаа сонсож байсан. Монголчууд Англи, АНУ-д олноор ажиллаж, амьдардаг бол Австралид харьцангуй бага монголчууд байдаг. Тэр дундаа “Монгол модель” гэж хэлэхээр “Wow” гэж хүлээж авч байсан. Би аль болох том, жижиг бүх зураг авалт, загварын шоундаа сайхан сэтгэгдэл үлдээхийг эрмэлздэг. Учир нь ажлаа маш хариуцлагатайгаар, сайхан сэтгэгдэл үлдээж чадвал тэрнээс том боломж шинээр гарч ирдэг. Ажилдаа хэн туршлагатай, тууштай, хичээл зүтгэлтэй, тэвчээртэй байна вэ гэдгийг харж моделиудаа шигшиж авдаг. Тэгэхээр би ямар ч зураг авалтад өөрийгөө маш сайн бэлдэж очдог. Ямар ч бэрхшээл тулгарсан маш их тэвчээртэй байхыг хичээдэг. Халуун, хүйтэнд нимгэн, зузаан хувцастай зураг авалтад оролцох, өндөр өсгийтэй гутал дээр удаан зогсох гээд тэр болгоныг би даван туулж чадсан. Тиймээс Монгол моделийг илүү тэвчээртэй, техник сайтай, юмыг хурдан ойлгодог, дасан зохицохдоо чадварлаг юм байна гэдэг үгийг сонссон шүү.

-Моделийн ажлаас гадна Австралид киноны дүрийн сонгон шалгаруулалтад орсон тухайгаа яриач?

-Австралид зохион байгуулагддаг загварын олон шоу бий. Загварын шоуны үеэр нэг модель “Таны тайзны техник их таалагдаж байна. Яаж сурсан юм бэ” гэж асуугаад надаар загварын алхааны хичээл заалгасан юм. Тэр модель маань  “Australia’s Next Top Model” тэмцээнд амжилттай оролцож, хоёрдугаар байранд орсон.

Би бас тэнд байхдаа Холливудын киноны хэд хэдэн кастингт оролцсон. Би өөрөө жүжигчин мэргэжилтэй хүн биш ч гэлээ туслах дүрийн сонгон шалгаруулалтад оролцож, өөрийгөө сорьж үзсэн. Австрали улсад Холливудын киноны дүрийн сонгон шалгаруулалт их болдог. Ихэвчлэн Шинэ Зеландад киноны зураг авалтыг хийдэг юм билээ. Австрали дахь гэрээтэй агентлагууд маань намайг киноны олон дүрийн шалгаруулалтад явуулдаг байсан. Жишээлбэл, хэдэн жилийн өмнө Скарлетт Иоханссоны тоглосон уран сайхны киноны туслах дүрийн шалгаруулалтад оролцож үзсэн.

-Т.Туяамаа бага насныхаа талаар яриач. Ямар хүүхэд байв?

-Би анх арван жилийн сургуульд байхдаа 11 настайдаа “Үнсгэлжин” тэмцээнд оролцож байсан. Тэмцээндээ дизайнераас гадна моделиор бас оролцоод хоёр шагнал авна. Би багадаа их өндөр охин байсан. Наймдугаар ангиасаа хойш бараг өсөөгүй шүү дээ. Тухайн үедээ 1.73 см байсан бол одоо 1.75 см өндөртэй. Загварын ертөнцөд энэ хэмжээ стандарт өндөртөө ордог. Багадаа хөгжмийн, бүжгийн сургалтуудад их хамрагддаг, идэвхтэй сурагч байсан. Би Дорнод аймагт арван жилийн сургуулиа төгссөн л дөө. Үе тэнгийн найзууд маань хичээлээ тараад гэртээ харьдаг байсан бол би үргэлжлүүлэн хөгжмийн сургалтад суудаг байлаа. Эргээд бага насаа дурсахад маш завгүй өнгөрч дээ гэж боддог. Ямар ч байсан арван жилийн сургуулиа төгсөхөд энгэрээрээ дүүрэн медальтай төгсөж байлаа.

-Анх “Мисс Монголиа” тэмцээнээр олонд танигдаж эхэлсэн гэсэн үү?

-Би одоогоос 10 жилийн өмнө 17 насандаа “Мисс Монголиа” тэмцээнд оролцож,“Swarovski” брэндийн нүүр царайгаар ажиллахаар болж байсан. Нэг жилийн гэрээ байгуулан ажилласнаас эхлэн тав, зургаан жил нягт холбоотой хамтран ажилласан. Уг брэндийн шинэ коллекцийн нээлт болгоноор надтай холбогдож, би голлох загваруудыг нь хүмүүст танилцуулдаг байсан. Сүүлд Австрали дахь “Swarovski” үндсэн салбартай нь хамтран ажилласан.

Мөн 2011 онд “Азийн супер модель” болж, тухайн үедээ ярилцлага өгөөгүй хэвлэл мэдээллийн байгууллага гэж байгаагүй байх аа. /инээв/ Тэрний дараа жил нь БНСУ-д “Ази, Номхон далайн мисс”-ийн  тэмцээнээс тэргүүн байр эзэлсэн. Бас 2013 онд “Гоёл” наадмын шилдэг загвар өмсөгчөөр тодорсон. Тэрний дараагаар “Mercedes-Benz Fashion Week Berlin” шоунд Монгол Улсаа төлөөлөн оролцож байсан. Тэр үед загварын агентлагуудаас шилдэг моделиуд сонгогдоод, шилдгүүдээс нь би шалгарч байсан болохоор надад маш том амжилт байсан юм.

Mercedes-Benz Fashion Week Berlin” шоунд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй.

-Монголд загвар өмсөгчийн ажлын үнэлэмж муу байдаг гэдгийг салбарынхан хэлдэг. Харин гадаадад таны хөдөлмөрийг хэрхэн үнэлдэг  байсан бэ?

-Мэдээж хоёр орны загварын ертөнц дэх үнэлэмж өөр. Монголоос Австрали улс руу явахад миний карьер яг ид үедээ байсан. Тийм учраас Монголд ар араасаа ажлын санал орж ирдэг, тэр болгонд өөрийн үнэлэмжээ улам дээшлүүлэх боломжтой байсан. Жишээлбэл, дунджаар 1500 ам.доллар ч юм уу. Гэтэл Австрали улсад анх очоод нэг зураг авалтыг 200 ам.доллараас эхэлсэн. Ер нь  Австралид өдөр тутмын брэндүүд гэхэд 500-1000 ам.доллар хүрэх нь ч бий. Тухайн моделийн ажилласан цагаас хамаарч, харилцан адилгүй төлбөр авдаг. Австрали улс тэр чигээрээ долоо хоногийн системтэй учраас цагийн үнэлэмжээр үнэлдэг. Би усанд ороод, зураг авалт хийх газарт нүүр будаггүй очно. Тэнд очиж, суугаад нүүр будаг, хоол идэх, үс засах, амрах хүртэл нь ажлын цагтаа ордог. Модель ажлаа хийж дуусаад зураг авалтаа дуусахад л миний ажлын цаг дуусна. Хамгийн гол нь манай улс зах зээл жижиг, эрэлт хэрэгцээ бага байгаа учраас өнөөгийн загварын ертөнцийн үнэлэмжийн асуудал тааруу байгаа. Тэгэхээр Монголын загварын салбарын алдаа дутагдлыг нөхөх хүмүүс нь бид өөрсдөө учраас анхаарч ажиллана.

-Мисс Т.Туяамааг гэр бүлтэй болсон гэж дуулсан. Нууц биш бол гэр бүлээ танилцуулаач?

-Австрали улс надад их өгөөжтэй байсан. Би тэнд суралцаж байх хугацаандаа гэр бүлтэй болж, хөөрхөн охинтой болсон. Одоо охин маань хоёр ой гарантай. Миний хувьд монголынхоо залууст өөрийн сурч мэдсэнээ хуваалцахаар эх орондоо  түр хугацаагаар ирээд байна. Нөхөр маань Австрали улсад үргэлжлүүлэн олон улсын бизнесийн чиглэлээр суралцаж байгаа.

-Мисс Т.Туяамааг нэг хэсэг Монгол бадарчин Амай буюу Ж.Золбаяртай холбон хэвлэлээр бичдэг байсан. Амайтай үерхдэг байсан юм уу?

-Амай бид хоёр анхнаасаа их сайн найзууд байсан. Тухайн үед 2011 онд байна уу, “UBS MUSIC” хөгжмийн авардс дээр хамт очсоноос хойш хэвлэлээр ийм мэдээлэл бичих болсон байна лээ. Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай сайн найзууд хамтдаа нэг арга хэмжээнд очих үе байдаг шүү дээ. Одоо ч гэсэн найзтайгаа хамтарч ажилладаг.

-Энэ олон ажлын хажуугаар чөлөөт цаг гарч байна уу. Цаг, зав гарвал хэрхэн өнгөрүүлдэг бол?

-Өмнө нь ээж болоогүй байхад чөлөөт цаг гарвал найзуудтайгаа гадуур гарах ч юм уу, сонирхолтой үйл ажиллагаанд оролцдог байсан. Харин одоо чөлөөт цагаа гэр бүлтэйгээ, охинтойгоо л өнгөрүүлэхийг их чухалчилдаг. Охин маань жаахан учраас миний хайр, халамж илүү хэрэгтэй байгааг мэдэрдэг. Тиймээс цаг, зав гарвал охинтойгоо, ээжтэйгээ хамт байхыг боддог.

-Загвар өмсөгч бүсгүйчүүдийг төрсний дараах жингээ хэрхэн хассаныг хүмүүс ихээр сонирхдог. Таны хувьд жирэмсэн байхдаа хэдэн кг жин нэмсэн бэ?

-Би жирэмсэн байхдаа 22.5 кг жин нэмсэн. Миний биеийн жингийн норм 54 кг л даа. Тэгсэн охиноо гэдсэнд байхад 76.5 кг жинтэй болж байсан. Тэгээд охиноо төрүүлсний дараа бүтэн жилийн хугацаанд 68 кг дээр гацчихсан. Өмнө нь миний амьдралд хэзээ ч турах тухай стресс тохиолдож байгаагүй. Тэгээд л хүмүүс турна гэж стресстээд байдаг чинь ийм учиртай юм байна гэдгийг биеэрээ мэдэрсэн. Охиноо төрүүлчихээд байхад ээж маань Австралид очиж надад тусалсан юм. Би энэ хугацаанд фитнесст явж, давсгүй хоол идсэн. Ер нь илүүдэл жингээ хаяхад хөдөлгөөн, хоол хүнс л маш чухал юм билээ. Удалгүй Австралид моделийн ажилдаа эргэн орсон болохоор маш шахуу цагийн хуваарьтайгаар ажиллаж эхэлсэн. Заримдаа бүтэн сарын хугацаанд нэг ч амралтгүй ажиллах тохиолдол ч гарч байлаа. Тэгээд маш их ядаргаанд орсон учраас ажлаа хийхээ больсон л доо. Тэр үед л амралтын өдрийг гэр бүлийнхэндээ зориулж, цагийг хамт өнгөрүүлэх нь чухал юм байна гэдгийг ойлгож авсан. Ингэснээр илүү амарч, эрч хүчийг авч, ажлын таван өдөр илүү үр бүтээлтэй ажилладаг болохыг ойлгосон.

-Сүүлийн үед загвар өмсөгчид кино урлагт хүч үзэх болжээ. Ер нь кинонд тоглох санал хэр ирдэг вэ. Кинонд тоглох бодол бий юу?

-Намайг Австрали явахын өмнө кинонд тоглох санал их ирдэг байсан. Харин эх орондоо ирснээс хойш тийм санал хараахан ирээгүй л байна. Надад өмнө нь “Хар сувдны нууц” уран сайхны киноны гол дүрд тоглох санал ирж байсан ч би тоглож чадаагүй. Тухайн үед Австралид их сургуульд суралцахаар хөөцөлдөж байсан юм. Бас Вьетнамд нэг сар зураг авалтад оролцоно гэсэн болохоор удаан хугацаанд гадагшаа явах боломжгүй байсан учраас тоглоогүй. Тэгээд киноны уран бүтээлчид заавал чамайг кинондоо тоглуулна гэхээр нь хатны дүрд нь тоглож байсан. Тухайн үедээ надад хэд хэдэн кинонд тоглох санал ирсэн ч өөрийгөө бэлэн биш гэж бодсон. Одоо тийм санал ирвэл гоё түүхэн кинонд хатны дүрд тоглохыг хүсэж байна. Тэрнээс биш жүжигчин болоод л карьераа хөөгөөд явна гэж байхгүй л дээ.

-Загвар өмсөгч бүсгүйчүүдээс бүрдсэн “Catwalk хамтлагийн гишүүн шүү дээ. Одоо хамтлагийнхаа охидтой холбоотой байдаг уу. Яагаад хамтлаг тарах болов?

-Манай “Catwalk” хамтлаг анх Монголд байхгүй шинэлэг өнгө төрхөөр гарч ирсэн шүү дээ. Бид электроник чиглэлээр дуулдаг охидын хамтлаг байсан. Бас дандаа олны танил моделиуд бүрдсэн гэдгээрээ онцлог. Хамтлагийн хувьд тухайн үедээ стиль имиж дээрээ маш их анхаарч, дууныхаа клипэнд маш их мөнгө зарцуулж байсан. Өөрсдөө ч бас сэтгэл, зүтгэлээ уран бүтээлдээ зориулж байсан л даа. Хамтлагийн маань хувьд зарим гишүүн гэр бүлтэй болсноор тарсан юм. “Киви” хамтлаг шиг маш сайн продюсер хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Манай хамтлаг продюсер гэхээсээ илүү менежертэй, бор зүрхээрээ л дуулдаг байсан.

Анх О.Пүрэвдулам, Э.Тунгалагтамир хоёр маань надад “Чи их авьяастай юм. Гурвуулаа хамтраад шинэлэг өнгө төрхтэй хамтлаг байгуулъя” гэдэг санал тавьж байлаа. Бид гурвуулаа өөр өөр агентлагийн модель байсан. Би багадаа дуулдаг байсан тухай ярьсан шүү дээ. Тэгээд л дуу, хөгжимд сонирхолтой байсан учраас хамтлагтаа орсон. Тэр бас карьерт маань их том алхам болсон. Одоо О.Пүрэвдулам эгч маань ээж болсон бол харамсалтай нь Э.Тунгалагтамир маань жил гаруйн өмнө гэнэтийн байдлаар бурхан болсон байгаа. Эргээд харахад хамтлагийнхаа охидтой хоёр жил хамтдаа амьдарч, уран бүтээл хийгээд л их сайхан санагддаг. Бид бас “Mongolian music awards” наадмаас “Шилдэг электроник хөгжим” шагнал хүртэл авч байлаа.

“Mongolian music awards” наадмаас “Шилдэг электроник хөгжим” шагнал хүртэл авч буй.

А.Цээсүрэн News.mn

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Dornod гуай өгүүлрүүн:

    Nutgiin huurhun ohinoo zuv yvaarai gej l zahiy daa> Amjilt busgui mini

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*