Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | 6 дахь жилдээ

Баянтүмэн хан уулын домог

Сэцэн хан аймгийн Чин ачит бэйсийн хошууны гол тахилгат уул юм. Хан уул нь эдүгээгийн Дорнод аймгийн Чойбалсан хотоос урагш 20 гаруй км, Хэрлэн голынхоо урд дэнжид оршино.
Дээр үеэс Хан уулын оройгоос тахилга шүтлэгтэй 100 уул овоо харагддаг гэж яригддаг байсан ба одоо цагт 
Хан хөвгүүн эзэнтэй, хаан төрийг тэтгэгч, хамаг амьтан бүхнийг аюул бүхнээс аврагч, халх зүүн хошууны Хан батхаан ууландаа хотол олон бүгдээр бишрэн залбиран мөргөмүй
хэмээн цай идээнийхээ дээжийг өргөн залбирдаг билээ. Эдүүгээ Хан уулыг зуны эхэн сарын шинийн 3-нд тахиад бусад уул овоодоо дараа нь тахидаг уламжлал тогтжээ.
“ХАН УУЛЫН ДОМОГ”

Хан уулын эзэн савдаг нь тэмээ унасан, төмөр шилбүүр барьсан айхавтар догшин эмэгтэй байсан гэдэг. Тэр цагт Хан уулын бараа харагдах газарт хээр хонох хэрэггүй, ялангуяа эрэгтэй хүнд бүүр ч муу гэж настангууд болгоомжлуулан захидаг байжээ. 
Тэр үед Өвөр бичигтийн хүрээ, Ар бичигтийн хүрээ хоёрын хоёулангийх нь тэргүүн хамба лам нарын багш Даржаа унзад гэдэг их эрдэм номтой лам Хөгнөөс Ар бичигтийн хүрээ орохоор яваад оройтож Хан уулын ойролцоо хээр хоноход Хан уулын савдаг түүнийг эзэмдэн нөхцсөн ажгуу. 
Хан уулын савдаг нь бурхны шажинд маш дургуй 
Бурхан бурхан гэдэг нь
Будаг шунх хоёр юм
Лам лам гэдэг нь
Лай ланчиг хоёр юм гэж доромжилдог, өөрийн эрхшээл орсон Даржаа унзадаар дээрхи хоёр хүрээний аль эрдэм номтой лам нарыг хараал жатга хийлгүүлэн хороодог болсон байна. Лам нар Даржаа унзадын хараал жатга хийгээд байгааг мэддэг боловч “Сэрээ Даржаа” хэмээн муучлахаас өөр юу ч хийж чадахгүй байсан тул Түвд орноос хараал жатга хариулдаг их чадалтай лам залж ирүүлэн Сэрээ Даржааг Хан уулын эзэн савдагтай нь хамт устган даржээ.
Хоёр хийдийн лам нар хараал жатгын хорлолгүй амар тайван болсон боловч ган зудын аюул, хүн малын өвчин тахал нүүрлэн хошуу хотлоороо гамшиг зовлонд нэрвэгдэх болов. Үүний учир шалтгаан юу? Хэмээвээс Хан уулын эзнийг устган үгүй болгосоны золиосонд дээд тэнгэрийн гэсгээл цээрлэл болсон амуй. 
Энэ үед Алтай таван Богд уулсын нэгнийх нь эзэн Ойрадын хар бөөтэй тэрсэлдэн тэмцэлдэж ялагдаад байсныг их талын дунд сүмбэрлэн тогтсон Хан ууландаа урин дуудахад улаан бор морь унасан өндөр шар хүний дүрээр баруун хойт зүгээс морилон ирсэн гэх бөгөөд баруун аймаг хошуудаас ирсэн хүмүүсийг Хан уулын эзэн нэн ихээр таалан болгоож хишиг буянаа харамгүй хайрладаг хэмээн ярилцдаг бөлгөө. 
Энэ цагаас хойш Хан ууландаа улаан бор зүсмийн морь сэтэрлэдэг болсон гэдэг юм… хэмээн хуучин Хөгнө сумын харьяат Ар бичигтийн хүрээний шавь явсан Төгөр гэдэг өвгөн 1986 онд хуучилж билээ хэмээн Завхан аймгийн Шилүүстэй сумын уугуул Шинэн овогтой Чунаг саяхан надад ярьсаныг сийрүүлэн тэмдэглэв. 

Дорнод аймгийн Чойбалсан сумын уугуул 
Алтанхорлууд овогт Дугарын Пүрэв
2016.01.10

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. зочин гуай өгүүлрүүн:

    Бид эртнээс мөн тахиж шүтэж ихсэн Түмэн-Өлзий уулаа дахин сэргээж тахих хэрэгтэй байна ЗДТГ-аас хөрөнгө мөнгө гаргаж тэнд байгаа шарлыг зайлуулан суврага босгох хэрэгтэй Эрт цагт урд хойт хүрээний лам нар тахиаж байсан ариун дагшин газар юм түүнийг сэргээн тахиваас аймаг орны хүн зон бүхэнд ээлтэй сайхан байх болно

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*