Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | 6 дахь жилдээ

Төрсөн нутаг аминаас ч үнэтэй

Манайх Дорнод аймгийн Халхгол сумын айл билээ. Халхголын дайн болохын өмнөхөн манай сумыг нүүлгэж нутгийн гүнд шилжүүлсэн юм. Тэр жил маш их зудтай өвөл болж айлуудын мал ихэд хорогдов. Нэг хүчтэй цасан шуурганд аав маань малаа тогтоож дийлэлгүй малтайгаа шуурганд урууджээ. Мал маань цуварч үхсээр байж… аав үлдсэнтэй нь уруудсаар олон хоногийн хүчтэй шуурганд бүх мал үхэж дуусахад аав маань буцаад явжээ. Унаж явсан морио эцэж цуцахад нь хөтлөөд л яваад байж. Морио бүр явж чадахгүй болон зогсоход эмээл хазаараа мултлан авч тохмоороо нэмнэн орхиод эмээлээ үүрч өдөржин шөнөжин явсаар үдшийн бүрийгээр гэртээ орж ирсэн билээ. 
Хүчтэй цасан шуурганд олон хоног өл хоолгүй даарч хөрч ядарч сульдсан аав минь гэрийнхээ босгыг давмагцаа сөхрөн унахад, аавын хойноос санаа зовон шаналж байсан ээж бид хоёр зэрэг ухасхийн аавыг өргөн тосч авав. Аав минь “Би ч яахав амьд мэнд гэртээ орлоо. Хэдэн мал маань бүр дуусч шуурганы дараа малын эрэлгүй болсондоо. Унаж явсан морио явж чадахгүй болохоор нь тохмоороо нэмнээд орхилоо” гэж ярихад ээж маань “Та минь эсэн мэнд яваад ирлээ элэг бүтэн байгаа хойно болох байлгүй дээ” гэж байв.
Хэд хоноод аав маань мориндоо очсон чинь морь нь тэндээ үхчихсэн байжээ. 
Ингээд манайх нэг ч малгүй болов. Цаг тайван болж, айлууд Халхгол руугаа нүүх болов. Хөллөх хөсөггүй болсон айл олон, зарим айлууд үнээ бяруугаа хөллөн хөдөлцгөөв. Манайх тэргэнд хөллөх малгүй болсон тул гэр орон, эд хогшил, авдар сав, сүйх тэрэг, чингэлэг тэрэг ер нь бүх юмаа нутаг дээрээ орхиод бурхан тахил хучлага дэвсгэр, солих хувцас, хоол хүнсээ нэг тэргэнд ачаалан аав ээж хоёр маань тэргэнийхээ хоёр сумнаас нэг нэгээрээ түрэн төрсөн нутгийнхаа зүг хөдлөж билээ. 
Өдөржин яваад үдшийн бүрийгээр хооллон амарна. Өглөө босоод харахад өчигдөрийн хөдлөсөн газар харагдаж байх нь даан ч урамгүй. Зам зуур шуурганд үхсэн мал олноор тохиолдох боловч махыг нь идэхийн аргагүй зовлого болсон байх ба харин хэл нь чанараа алдаагүй амттай сайхан байдаг ажээ. 
Ийнхүү хаваржин тэргээ түрэн зүтгэсээр эцэг дээдсээс тахин шүтсэн Вангийн цагаан уулаа их талын дундаас торолзон харагдахад, аав ээж хоёрын минь нүдэнд нулимс мэлтэрэн байснаа хацрыг нь даган урсаж билээ. Хүний төрсөн нутаг гэдэг гэр орон, эд хогшил, тэр ч байтугай амь наснаас ч үнэтэй гэдгийг зургаахан насны балчирхан оюундаа гүнзгий ойлгосонсон. 
Аврал ачлал ихт шүтээн ууландаа мөргөж даатгаад хөдлөхөд хүч чадал нэмэгдэж түрж явсан тэрэг маань хөнгөн юлган болсон шиг санагдаж байлаа гэж Халхгол сумын хүндтэй сайхан өвгөн Жигмэд гуай маань хуучилж билээ.
АЛТАН ХОРЛУУД ОВОГТ ДУГАРЫН ПҮРЭВ

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*