Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Сайн байна уу, Баяндун нутаг минь

/Аян замын тэмдэглэл/

Ирэх жил Монголын Зохиолчдын Эвлэлийн байгуулага үүсч хөгжисний 90 жилийн түүхт ой тохионо. Энэ ажлын хүрээнд хувь уран бүтээлчид дор бүрнээ эрвийх дэрвийхээрээ утга, уран зохиолоо сурталчилан таниулж, хийж бүтээх, туурвих нөр ажилдаа үзэг нэгт ахан дүүс минь хичээж яваа сураг надад дуулдах.

Миний хувьд  үргэлжилсэн үгийн нэг ном боож, бэлдээд засвар, эх бэлтгэлийн ажилтай зууралдаж суутал утас минь дуугарч:- Дорнод аймгийн Баяндун сумын номын санч Б.Оюунгэрэл байна, таныг сумынхаа хүүхэд багачууд, залуучуудтай уулзуулмаар байна гэсэн урилга 9-р сард ирүүлвэй. Тухайн үед нь явах гэсэн боловч олон ажиллууд давхцаад болдоггүй.Гэхдээ урилгыг хүлээн авлаа, бололцоотой цагтаа очихоо амлав.Хөдөө орон нутгийн, тэр сайхан сэтгэлийн урилга буцаах эрх надад байхгүй тул сүүлийн хоёр сар Баяндун сум явахын тулд бүх л өмнөө төлөвлөсөн ажиллаа зохицуулж, дуусгаж, үргэлжлүүлж явсаар одоо л очих цаг хугацаа чөлөөтэй боллоо хэмээгээд сумын сургуулийн номын санч Б.Оюунгэрэлтэй утсаар ярьтал:-Өө ашгүй, манай сургуулийн захирал хотод яваа таныг буцахдаа аваад ирээч гээд хэлчихье!гэж байна. Удалгүй над руу сургуулийн захирал Ш.Батжав байна аа!гээд утсаар холбогдож бид нэгэн зүг, нэгэн санаатай аян замын дөрөө харшуулж, нийслэл хотоос 760 км орших Дорнод аймгийн Баяндун сумын Дондогийн Цэвэгмидийн нэрэмжит 12 жилийн сургалттай Ерөнхий боловсролын сургууль өөд хөдөллөө.Өөрийн сүүлд хэвлүүлсэн яруу найргийн “Бясалгагч шүүдэр”, “Сэтгэлийн реализм”, эссе дурсамжийн “Яруусахуйн зүг” ном, Монголчууд сэтгүүлийн сүүлд хэвлүүлсэн 3 дугаараас аваад бас болоогүй гэрэл зурагчин найз, ах Өлзийбаярын Баттайвантай цуг өвлийн эхэн сар хэдийн гарсан ч намраараа шахуу тогтуун өдөр аян замдаа гарсан билээ.

Баяндун сумын сургууль нэрт соён гэгээрүүлэгч, дипломатч, зохиолч, яруу найрагч, сурган хүмүүжүүлэгч Дондогийн Цэвэгмид гуайн нэрэмжит ажээ. Д.Цэвэгмид гэхээр Монголчууд НҮБ-д Монгол Улсаа элсүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан түүхэн хүн гэхээр мэдэж магадгүй юм. Энэ хүмүүн МУИС-ийн анхны ректор, анхны гавъяат багш гээд мөн л Монголын анхны гэсэн тодотголтой олон үйл явдлыг эх орныхоо тусын тулд эхлүүлсэн ачтан, соёл боловсролын төлөө энэ насаа зориулсаныг тэр бүр хүмүүс мэдэхгүй л дээ.Харин Баяндун сумын төвөөр гүйж яваа захын хүүхдээс асуувал түүх намтар, хийж бүтээснийг нь хэлнэ.

МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Д.Ган-ОЧИР

Их хотын аж амьдрал, мэдээ мэдээлэл, техник технологийн хөгжил дэвшил дунд өдрөөс өдөрт тогтсон хэв заншил болтлоо хотжисон мань мэтийн хүмүүн үе үе өөрөөсөө зөрөн байж ингэж хөдөөх, аглаг тийш зорин гарч, урлаг утга зохиолын сайн сайхныг соён гэгээрүүлэх ажлыг хийж явахгүй болбаас тархин дотроо тархи минь гашлах шинжтэй. Хамгийн сүүлд хэзээ би ингэж урилгаар нутаг руугаа явлаа хэмээн бодлоо. Бараг 6 жилийн өмнө Дорнод аймгийн Дашбалбар сумын залуу Б.Оюунбилэгийн урилгаар тус сургуулийн сурагчид, шүлэг бичдэг хүүхдүүдтэй уулзаж байснаас хойш удсан байна.Цаг хугацаа тухайн үйл явдлыг марталт руу л авч одчих гээд байдаг тул сэтгүүлчийнхээ үүргийн дагуу бодит баримт болгон аян замын тэмдэглэл бичиж үлдээсэн явдал одоо эргээд харахад Дашбалбар сумын түүхнээ үлджээ. Өнөөдрийн цахим ертөнц, нүүр хуудас, зорилтот цахим хуудсууд идэвхижсэн энэ үед тив, дэлхийн нөгөө өнцгөөс ч гэсэн нүүр нүүрээ хараад ярьчихдаг болсон цаг үед уулзан учрах, мэдээлэл солилцох, танилцах энүүхэнд болжээ. Энэ цахим харилцаа хөгжлийн явцдаа нэлээд төвөгтэй, мэдээллийн шууд харилцаа, шугаман дээр сөрөг үр дагаварууд гарч ирснээс одоо бидэнд хүмүүсийн “амьд харилцаа буюу нүүр тулсан” сайн сайхан харилцаа минь үгүй болж, улс төр, эдийн засагтай холбоотой буруу зөрүү мэдээлэл дунд Монгол хүний оюун санаа бохирдох, хардах сэрдэх олон муу үр дагаварууд үүсэн буй болж байна.Энэ нь эргээд итгэлцэл, Монгол хүний нинж сэтгэл, аман билиг дээр суурилсан ой санамж цөм устан үгүй болох хандлага руу орж байгаа явдал сүүлийн жилүүдэд миний сэтгэлийг эмзэглүүлж байсан билээ.Энэ л эмзэглэл дунд ийм сайхан урилга надад ирж хөдөө орон нутгийн хүүхэд багачуудтай уулзаж, залуучуудынхаа дунд орж дуулж бүжиглэн тэдний хүсэл сонирхолыг сонсох хувь таарчээ хэмээн сэтгэж миний бие нутгийн зүг явж буй хэрэг.  

Бид Багануур, Хэрлэнгийн гүүр, Хэнтий аймаг Цэнхэрмандал, Жаргалтхаан, Мөрөн сумуудаар дайран өнгөрч Чингис хот орлоо. Аяны дөрөө мулталж үдшийн Чингис хотод түрхэн саатаад л захирал Ш.Батжав шуурхай л нутгийн зүг аяны жолоо мушгилаа. Уудам хээр талыг шөнө туулж яваа ч үе үе бууж, суух зуур тэнгэрт түгсэн түг түмэн оддын чуулбар харан ангайж сансар огторгуйн дунд зугаалах мэт тийм ойрхон оддын ай тийш ширтэхэд гэрэл зурагчин Ө.Баттайван:- Бид ч их азтай хүмүүс дээ, ийм гайхалтай улсад төрж өсчихөөд одоо юугаа булаацалдаж улстөрчид нь хэмлэлдэнэ вэ? хэмээн бидний яриаг улс төр рүү хэлбийлгэх. Бид яв явсаар Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын төвөөр дайрч хойшоо Хэрлэн гол дамнуулсан урт бетонон гүүрээр гарч Цагаан-Овоо сумын нутаг руу орлоо. Эндээс машины урд гэрэлд үе үе зээрийн сүрэг буухиран өмнүүр цахилж, үе үехэн талын чандага машины гэрэлд орж, гарна.Ингээд тэртээ холд хэсэг бусаг гэрэл харагдана. Учрыг Ш.Батжаваас тодруулбал:-Энэ нөгөө “Сентерра-гоулд”,”Бороо гоулд”-ын охин компани “Степ гоулд” гэгч харийн компани техник, зэр зэвсгээ агсан ирээд “Мянган хоньт” гэдэг газрын доорхи гагнаас болсон 30 тонн алтыг минь ухах гээд өдрийн бодол, шөнийн зүүд болж байгаа юм байх. Нутгийн иргэд, ард зоны эсэргүүцэлтэй яагаад тулаад байгааг явж үзэж буй миний хувьд үнэхээрийн сониучирхмаар санагдав. Ингээд уурхай орчим, кемп орчмийг нь явж үзвэл Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 2-р багийн, нутгийн хамгийн үржил шимтэй, тойром ус булаг ихтэй, тэр дундаа үзэсгэлэнт “Гүн Цэнгэлэг” нууртай хэдхээн км-ын зайд анаж байршин хөрс шороо, байгалийн унаган тогтоцыг хөндөхөөр завдана. Хэрэвзээ энэ айхтар үндэстэн дамнасан компани ухаж, хөрс шороог минь эргүүлж тээрэмдээд гүний болоод гадаргын усаар алтаа ялган олборлоод ирвэл “Тосон хулстай нөөц газар” болоод хялганат хээр талын байгаль эколги бүрэн сүйрч мэдэхээр аюумшиг гарцаагүй болхоор байгааг хараад айдас, уур цухал зэрэг хүрч байснаа нуух юун. 

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын төвөөр орон зүүн хойш уулс даван бид явсаар Баяндун суманд орж ирлээ.Гэгээн тунгалаг цастай агаар угтан авч, анх урьсан номын санч Б.Оюунгэрэлийнд бууж цайн унд бололцохдоо тэртээ 1974 онд манайхыг Чулуунхороот сум, Эрээнцавын САА аав ээжийн минь айл болон амьдарч байсан сумын 3-р байрны айл хөрш, нутгийн минь эгч болж таарч бид бүхэн хууч хөөрөн амраад 11-р сарын 26-ны 11.40 минутад Дондогийн Цэвэгмидийн нэрэмжит Баяндун сумын сургуулийн шүлэг, найрагт дуртай эхлэн бичигч сурагчидтай уулзлаа. Хориод хүүхдүүд миний урд хийж бүтээсэн ном, сэтгүүлтэй хэдийн танилцчихсан,асуух асуулт нь ч бэлэн байгаа харагдана. Ингээд өөрийн сүүлийн үеийн уран бүтээл, танилцуулгаа хийж шууд л асуулт хариултандаа орлоо.Тэд юу асууж байгаа нь уншигч танд сонин байх болов уу хэмээн зарим асуулт хариултыг онцлон тэмдэглэж авснаа товчлон өгүүлсү.

Г.Гандолгор:- Таны хамгийн их сэтгэл хөдөлгөн уншсан уран зохиолын номныхоо тухай ярьж өгөхгүй юу?

Д.Г:- Би 7-р ангидаа “Зөвлөлтийн зохиолчдын туужис” номноос Чингиз Айтматовын “Далайн хөвөөний алаг хав толгой” хэмээх уянгын гайхалтай туужийг уншаад уйлсан шүү. Хойд арктикий анчин омгийн аж амьдрал, далайн ан гөрөөгөөр амьдралаа залгуулдаг хүмүүсийн тухай гарах бөгөөд нэг удаагийн ангийн аялал харамсалтайгаар төгсөж цэсийн бөлөгт завин дээр бяцхан хүүгээ амьд үлдээхийн төлөө эцэг, өвгөн, сэлүүрч залуу 3 гурав яаж хорвоогоос явж буй тухай гардаг. Энэ л тууж намайг хамгийн анх уран зохиолын уран яруу сайхны, үгийн урлаг ямар гайхамшигтай вэ? гэдгийг мэдрүүлсэн дээ. Энэ номыг уншихдаа би эхэр татан уйлж байсан. Гайхалтай уран зохиол гэж үүнийг хэлэх байх гэж бодож эхэлсэн шүү.

Б.Есөнцэцэг:- Та ер бичиж байхдаа шантарч үзсэн үү?

Д.Г:-Шантарна гэдэг бэрхшээх үе л дээ.Шантарч, нятарч бол үзээгүй. Зохиолч, найрагч хүний хамгийн хэцүү нь эхлэх байдаг юм байна.Шүлгийн санаа, бичих гэж буй өгүүлэл, эссен санааг хаанаас нь эхлэвэл содон сонин байх вэ? Юу нь чухал вэ? чухлаас нь эхлэх үү? Зориуд алсаас дөтлүүлж эхлэх үү? гээд өдий төдий уран санаа орж ирдэг л дээ. Энэ л их хэцүү бөгөөд ойлгомжгүй юм шиг санагддаг. Гэхдээ нэг л эхлүүлэх юм бол дуусгах гээд бичиж суух сайхан.Ер нь миний арга барил нь бичиж буй сэдвийнхээ гүехнээс гүн рүү нь орж бичих юм билээ.Бичихийн бэрхшээл үгүй, бичиж эхлэх гэдэг өөрөө хэлбэл агаар дээр онгоц буух зурвасаа хайгаад тэнгэрт эргэлдэх шиг тийм л мэдрэмж надад төрж байсан.

Б.Гэрэлтунгалаг:-Гадаадын уран зохиол, Монголын уран зохиолын төвшинг та харьцуулж үзсэн үү? Монголын уран зохиол одоо ямар төвшинд байна вэ?

Д.Г:-Их сайхан асуулт байна. Дэлхийн утга, уран зохиолын төвшинг харах юм бол хэд хэдэн утга зохиолын академийн оны шагналын шилдэг бүтээлээр хэм хэмжүүр хийж болно л доо. Жишээ нь: Нобелийн шагналын хэмжүүрээр ч гэдэг юм уу?.Ер нь сүүлийн хэдэн жилд эрхэм номын мэргэд, дуун хөрвүүлэгч Соёлын Гавъяат зүтгэлтэн Г.Аким, Ж.Нэргүй, Г.Аюурзана, Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт О.Чинбаяр ах нарын буянд овоо сайн уншдаг болоод байгаа. Учир юун гэвээс тэдний орчуулгын бүтээлүүд, тэдний цензур, сонголтоор орж ирж байгаа дэлхийн уран зохиолын шилдэг бүтээлүүдийг уншиж анталогийг нь харах мөн Герман, Английн номын дэлгүүрүүдийн бестселлер номнуудыг бас хэл дагуу нь орчуулж хальт мульт харчихаад л өөрийнхтэйгээ жишнэ л дээ. Ер нь зохиолч хүн цаг үеэ уншиж, мэдэхгүйгээр өөрийгөө агуу гэж дөвийлгөвөл харанхуйн шинж тул аль болох уншиж судлах, Монголын уран зохиол одоо ямар зэрэг зиндаанд явж байна гэдгээ харьцуулж  “бясалгадаг” шүү. Манай уран зохиолын үнэлэмж Ази тивдээ 1-2-рт гэж ярина. Үүний тод жишээ бол өнгөрсөн жил яруу найрагч, зохиолч Д.Урианхай ах Азийн тэргүүн зэргийн яруу найрагч, Долгорын Нямаа гуай Азийн шилдэг яруу найрагчийн өргөмжлөл авсан явдал юм. Мөн дуун хөрвүүлэгч Ононгийн Чинбаяр ах 20-р зууны дэлхийн шилдэг зохиолч Ирландын Жеймс Жойсын “Улисс” романыг азийн улс орнуудаас  хоёрт орчуулсан явдал Монголын оюуны бяд тэнхээ дэлхий, азидаа ямар хэмжээнд явж байгаагийн хамгийн том үнэлэмж илрэл гэж бахархаж байгаа шүү. Та бүхэн ийм л ирээдүй өөд яваа гэдэгт ах нь итгэж байна.

  Бидний ярилцлагыг чимж 9-р ангийн сурагч Б.Ундрал “Ээжээ” нэртэй шүлэг уншиж надаас зөвлөгөө авлаа.Шүлэг гэдэг бусдыг даган дуурайж шүлэглэх хэв загварыг хуулах, шүлэглэсэн хүний санааг давтахдаа биш, Монголын мянга мянган ээжүүдийн дундаас чиний ээжийн юу нь сайхан, чиний нүдээр чиний ээж ямар вэ? гэдэг үндсэн унаган санаа чинь чухал хэмээн мөхөс би тайлбар, нэмэлт санаа өгсөн билээ.

Мөн Ц.Цэвэлмаа Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Боржигоны бор тал” шүлэг уран яруу уншсан бол номын сангийн эрхлэгч Б.Оюунгэрэл багш “Нутаг” нэртэй өөрийн зохиосон сайхан шүлэг уншиж бие биенийхээ асуулт хариулт, бичсэн шүлгээ бие биендээ хэлж урам, санаа олныг авч байлаа. Энэ үеэр Улс тунхагласны баярын өдөр сумын соёлын төвд 14 бөх тойргоор барилдаж байгаа сураг дуулдана. Орой нь надтай уулзалт үдэшлэг хийх тухай зар мэдээ түгсэн тухай нутгийн дүү Г.Баяртогтох ярьж байна. Би ч анх удаа хөдөө сумын төвд өөрөөрөө овоглуулсан үдэшлэг уулзалтанд оролцож байгаадаа ихэд сэтгэл хөдлөв. Сумын соёлын төвд зохион байгуулах үдэшлэгийг сургуулийн дуу хөгжмийн багш Ш.Янжмаа хөтлөн явуулж байна. Шүлэг, уран бүтээлд дуртай, их мэдрэмжтэй авъяастай тэрээр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уугуул ч хөдөө орон нутагт ажиллаж амьдрах хүслээ дагаад авъяас билгийн өлгий нутаг болсон буриад зон олны дунд ээнэгшин дасаж, ажил амьдрал нь сумын авъяаслаг хүүхдүүдийг нээн гаргахыг зорилгоо болгон яваагаа анх танилцахад сэтгэгдлээ хуваалцаж байлаа. Бүжиг, дуу хууртай сайхан үдэш миний бие сумын номын санд 30 ном, сэтгүүл бэлэглэв. Аяншиж ядарсан бие сэтгэл хөдөөгийн сумын соёлын төвд сэргэн шөнө хагаслан тарцгаалаа. Сумын сургуулийн дотуур байрны уншлагын танихимын өрөөнд гэрэл зурагчин Ө.Баттайван бид хоёр амарч маргаашийн ургахын улаан нарнаар Ардын зураач Очирын Цэвэгжавын төрсөн нутаг сайхан уулс устай ард зон нь аясаараа амьдарсан сумын төвөөр алхаж эль хуль нутгийг бишрэн байлаа. Өдөр мөн л дунд, ахлах ангийн сурагчидтай 5 цаг ярилцлага, уулзалтаа хийж дунд нь 2 цагийн завсарлах үеэр би захирал Ш.Батжав, номын санч Б.Оюунгэрэл нарт хувийн хүсэлт тавилаа. Энэ бол тэртээ 1985 онд амарч байсан МҮЭ-ийн харъяа пионерын “Улз” зуслангийхаа буурийг очиж эргэх хүсэлт байсан юм. Энэхүү хүсэлтийг манай хоёр нэн уриалгахан хүлээн авч сумаас 11 км зайд орших Улз зуслангийн тийш хөдөллөө. Энэ зуур би тухайн үеийнхээ, хүүхэд насныхаа гэгээн дурсамжаас хуваалцсан юм. 1985 онд ээж минь хөөцөлдөн байж шинээр байгуулагдаж байгаа пионерын “Улз” зуслангийн путёвка буюу зусланд амрах эрхийн бичиг олж ирэв. Би ч бөөн баяр болж хоног тоолон хүлээж 1985 он 6 сарын 2-р ээлжээр Чойбалсан хотын хуучин нисэх буудлаас царцаа ногоон буюу АН-2 онгоцоор агаарт 45 минут нисэн байж арайхийн Баяндун сумын онгоцны буудалд газардав. Арайхийн гэдэг маань анх удаа шууд АН-2 онгоцоор нисэхэд шууд дотор муухайрч онгоцны дайвалзаанд дэргэдээ сууж явсан Болодын Марсболдын гуяыг тас атган бахирч, хөнгөн цагаан хувин тийш огиулж явснаа яриахад машинд явсан Ш.Батжав, Б.Оюунгэрэл, Ө.Баттайван нар хөхрөлдөн шоолж билээ. Бид нэгэн уул ороогоод улиас, нарсан ой дундуур явсаар очлоо. Миний хүүхэд насанд амарч байсан сайхан зуслан юу ч үгүй алга болжээ. Хэдэн бүлгүүд байсан байшин, гал тогоо аж ахуйн байр, задгай театрын буурь хонхойн үлдэснээс өөр ор мөр ч алга. 

  Сансар, Нарлаг, Гацуурхан,Одод, Сонор, Бүжинхэн ч билүү нэртэй бүлгүүд байсан байшин, байрнуудын буурь хажууд нь ургаа том нарснууд доороосоо шатаж аргаггүй л түймэрт шатсан нь илт байлаа. Ой санамжинд үлдсэн кино гаргадаг тухайн үед наддаа л өндөр цамхаг байсан байшингийн цонхны нүх л цаашаа нэвт харагдана. Би бараг нүдэн баримжаагаар тэр тэнд байсан, энд байсан хэмээн зуслангийнхаа буурийг зааж, хэлж явлаа. 1985 оны 06 сард очиж амарсан сайхан мөчүүд  2018 оны 11-р сарын 26 оны 16 цагт миний ой санамжин дунд хайр, харуусал болон байгалийн болзошгүй онцгой аюулын өмнө хүмүүн яаж ч чадахгүй хүчин мөхөсдөж, энэ сайхан зуслан минь ойн түймэрт 3-таа дайрлагт өртөөд юу ч үгүй болсныг биеэр очиж, нүдээр үзсэн билээ. “Улз” зуслан нэг ээлжиндээ 240 хүүхдийг амрааж, жилдээ 6 ээлжээр хүүхэд багачуудыг хүлээн авах чадамжтай сайхан зуслангийнхаа буурь бууцаар орж нэгэн хүсэл минь амрав.Хамгийн сүүлд 1995 онд тус зуслангийн пүрштэй орнуудыг чиргүүлтэй зил-30 машинаар яриатал нь давхарлаж ачаад аймгийн төв рүү явснаар нь зуслангийн хувь заяа дууссан болов уу даа хэмээн хамт явсан Ш.Батжав маань ярьж байлаа. Сайхан ч зуслан, сайхан ч хүүхэд насныхаа дурсамжийг сэрж сэрлээ. Эргэж сум рууга ирээд шууд орой 18 цагт багш нартай уулзалт хийж мөн сургуулийн номын санд ном сэтгүүл нижгээдийг бэлэглэв. Хамт яваа гэрэл зурагчин Ө.Баттайван гадаалчихаад орж ирэхдээ надад хандан:- Ган-Очир оо…! чи энд нэг юм анзаарсан уу? гэж байна. Би энэ суманд ирснээс хойш гудамж талбай, сургууль, соёлын төвөөр орох үед таарсан хүүхэд болгон Сайн байна уу? гэж мэндлэх юм. Чи аян замынхаа тэмдэглэлийг миний хэлснээр САЙН БАЙНА УУ БАЯНДУН гэж нэрлэх хэрэгтэй шүү. Энэ бол хүүхдийн хүмүүжил, багш эцэг эхчүүдийн сэтгэл шингээн сургасан хүмүүжил, үүнийг Монгол даяар магтах ёстой. Энэ суманд Монгол байна.Энэ сум үнэхээрийн сэтгэл хөдөлгөж байна гэж надад дүгнэлт ч юм уу? сэтгэгдлээ хэлж байнаа.Сайхан юмаа, саруулхан юмаа гэхээс ч өөр үг надад олдсонгүй. Үдэш нь сургуулийн захирал Ш.Батжавтай ажиллаа дуусасны дараа бидний байрлаж буй дотуур байрны өрөөнд ирж хойшид сумын сургуулиа яаж хөгжүүлэх, хэрхэн оюун санааны баяжилт хийх тал дээр санал бодлоо солилцлоо. Эрхэм захиралын гол бодол нь:-Баяндун сум Ардын зураач О.Цэвэгжавын төрсөн нутаг ус, энд ах дүү хамаатан садангууд нь ажиллаж амьдарч буй нутаг тул Монголдоо, тэр дундаа дэлхийн хэмжээний том уран бүтээлч зураачдыг төрүүлэн гаргах бодлоо бидэнтэй хуваалцлаа. Яах аргаггүй “Эхийн сэтгэл”, “Азарганы ноцолдоон” зургаараа Монголын шинэ үеийн уран зурагт шинэчлэл хийсэн хосгүй авъяастны өлгий нутаг тул энэ “уг-уламжлал”-ыг сэргээн үргэлжлүүлж, хойчийн хүүхэд багачуудын дундаас ийм авъяастныг нээн илрүүлж төрүүлэх явдал сургуулийн захиралын гол зорилт, зорилго болчихоод байгаагаа ний нуугүй ярилаа.

  Мөн нэмж хэлэхэд Монгол улсын төрийн далбааг зурсан Додийн Чойдог, Монголын шилдэг кино оператор УГЗ О.Мягмар гуай, зураач Ц.Лхагва нарын төрсөн нутаг. Ер нь зураачдын өлгий нутаг гэхэд хилсдэхгүй өдий олон зураачид төрөн гарсан байдаг тухай Ш.Батжав маань нэмж хэлж байна. Санаж явахад бүтнээ гэдэг шиг энэ уламжлалыг сэргээхийн төлөө мэргэжлийн урлагийн байгуулага, зураачдыг урьж Баяндун суманд хүүхдүүдийг сонгон шалгаруулах, уралдаан зарлах, сургалт явуулах зэрэг олон ажил хийхээр ярилцаж бидний 3 хоногийн аялал өндөрлөлөө. 

Төрж өссөн сум орон нутгийнхаа төлөө ажиллаж,хөгжүүлж  яваа Баяндунчуудын дунд орж явахад сэтгэл минь хөдөлж явлаа. Унаган төрөлхи зангаараа, уулзсан хүн болгон буриад хэл, ёс заншлаараа яваа энэ нутаг өнтэй сайхан өвөлжиж байна. Сайн байна уу? гэж зөрөх болгонд мэндэлсэн хүүхэд болгон энэ нутаг усыг Монгол, дэлхийд мандуулсан Д.Цэвэгмид, О.Цэвэгжав, О.Мягмар, Д.Базар, Д.Чойдог,Ц.Лхагва, энэ цагийн буурал найрагч Ц.Дугар нарын гэгээн үргэлжлэл өсөн өндийж байгаад би хувьдаа нэгээхэн ч эргэлзсэнгүй ээ.

“Эх орны минь эглийн эгэл тийш

Эв ухааны ариун ёсоор галаа манасан

Хөдөө хээрийн үзэсгэлэн дунд

Хүн зоны амар мэндийн хадагтай

Хүүхэд хөгшид нь сайн сайхны ерөөлтэй

Хөр цасан дунд өнөтэй сайхан

Дорнод Монголын зүүн хойно орших

Дотнохон сэтгэлтэй Баяндунгийн

Авъяастан, алдартангуудын үргэлжлэл

Алиахан бяцхан хүүхдүүд Монголын ирээдүй” хэмээн бардам хэлмээр сандав.

МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Д.Ган-ОЧИР

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Михаил гуай өгүүлрүүн:

    Перезвоните мне пожалуйста 8 (951) 644-95-98 Антон.

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*