Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Энгэр шандын отряд /Одоогийн ХЦ 0132- р ангийн тухай/

Хэрлэнгийн сангийн аж ахуйн 1-р фермийн төв татан буугдаж байгааг сонсоод ээж минь 
– Өө хөөрхий тэгээ юу? Цагийн аясаар янз бүрийн юмыг үзэж, сонсох юм даа. Цаг төр өөрчлөгдөн, сүм хийдүүдийг нурааж зөөгөөд “Энгэр шанд”-ын отрядыг барьсан юм. Дайн дуусаж, энх тайван цаг ирэхэд, отрядыг татан буулгаж,”Хэрлэн цагаан талбай нэгдэл”-ийн төв болгосон. Сүүлд нь нэгдэл “Хэрлэнгийн сангийн аж ахуй-”тай нийлэхэд 1-р фермийн төв гэх болсон юм. Одоо ч юу ч үгүй болж дээ гээд:
Манайх Тосонгийн овооноос нэлээн баруун урагш голын талд нутаглаж байлаа. Дэчин гэгээний хийдийн тэргүүн хамба 74 настай ширээт лам Жамъянтив ламтанг баривчилж, цаазласан тухай сонсоод цочирдон балмагдаж байтал 8-р дүрийн хувилгаан 21 хэн настай Эрдэнэялгуусан хутагт лам Лувсанданзанням хувилгааныг М бекап машинтай хүмүүс баривчилж аваачаад мөн л цаазлан хороов. Сүсэгтэн олон ихэс лам нарынхаа хойноос зул өргөн залибарцгааж, бурхан шүтээн, ном судраа нуух хийх газраа олж ядан тэвдэцгээж энэ үеэс лам нар тарж, гэр гэртээ харицгаан сүм хийдүүд эзэнгүй боллоо. Тэгтэл сүм хийдүүдийг буулган, цэргийн анги барих юм гэж ярьцгаах болов. Энэ нь ч үнэн болж, манайхнаас хойгуур олон үхэр тэрэг өдөр шөнөгүй цувж, цэргүүд хөсгөө хөтлөн явцгааана. Ийнхүү их ажил өрнөж, “Энгэр шанд”-ын отрядыг барьсан юм. Японы түрэмгийлэгчид зүүн хилийг байн 2 зөрчиж улам түгшүүртэй болоход нам засгаас ардын цэрэгтээ бүх талаар туслахыг уриалав. Эх орны тусгаар тогтнолд аюул нүүрлэсэн хүнд бэрх цаг үед ард түман амь бие эд хөрөнгө ер нь юу байгаагаа зориулахад бэлэн байдаг юм билээ . Манай зүүн багийн Мажиг тайж гуйанх гэдэг сум орон нутагтаа л дээгүүр орох айл байлаа. Мажиг тайж гуай “Энгэр шанд”-ын отрядад түлээ хүргэж очихдоо, цэргүүд нь хоол хүнс муутай, байр сууц нь хүйтэн зэврүүн байгааг анзааран, отряд заставууд нь малтай байдаг бол юунд ийм тарчиг зутруу байхав дээ гэж бодоод, отрядын орос сургагч нартай уулзан танай отрядад цай сүлэх хэдэн үнээ өгье гэжээ. Өөртөө сэлж унах хэдэн морь, цай сүлэх хэдэн үнээ үлдээж, бүх малаа отрядад өгч, хамжлага зарц нараа тараагаад, энгийн ардын амьдралаар амьдрах болжээ. Ингэж “Энгэр шанд”-ын отряд өөрийн мал баазтай болж, Тугал шанд гэдэг газар төвлөрүүлж, хүнс болон түлшнийхээ хэрэгцээг хангаж эхлэсэн. Мал баазын даргаар манай сумын Хоролын Алтангэрэл болон, өөр хэн хэн ч билээ ажиллаж байсан даа. Мажиг тайж гуайг хамжлага зарц олонтой, баян чинээлэг харгис этгээд гэж баривчлан хорьж, байцаан шийтгэж байхад нь отрядын дарга орос сургагчийн хамт очиж, – батлан хамгаалахын их үйлсэд бүхнээ зориулсан эх орондоо үнэнч хүн гэдгийг нь нотлон тодорхойлж хэлмэгдэхээс аварсан гэдэг. Мажиг тайж гуйн халуун сэтгэлийн бэлэг тэр олон /олон мянга ч байж магадгүй / малнаас манай аймгийн хилийн цэргийн мал үүсэлтэй гээд хэлчихвэл үнэнээснэг их зөрөхгүй байх. Мажиг тайжийн охин Сосороос төрсөн Лхамсүрэнгийн Дагва (манай ангийн ) Лхамсүрэнгийн Долгор нар одоо сумандаа амьдарч байна.
Би тэр үед хорин хэдхэн настай том нь сургуульд ороогүй, бага нь хөхнөөс гараагүй2 хүүхдээ гэртээ орхичихоод, цээж хөндүүрэлтэл чинэрч хатуурсан хөхөө хүмүүсээс нуугдаж байж саачихаад л, хий гэсэн ажлыг нь хийгээд, яв гэсэн газарт нь явдаг байсан. Нутгийн ард олон бид отряд заставуудыг түлээ түлшээр тасралтгүй хангаж, өвөл зунгүй түлээ түлш зөөдөг байв. Халхын таван уулын застав, үнэгтйн застав, авдар хараатын застав гэх мэт холын заставуудад үхэр тэргээр түлээ хүргэнэ. Үхэр тэрэг газар хороох бишдээ. Газрын холд
Хөхрөөд байгаа хөндийг 
Хөндлөн яаж туулна даа
Манараад байгаа шилийг 
Маргааш яаж л давнадаа гэж зохиогоод л ардын дууны аяар дуулан сажлуулдагсан. Заставуудад түлээ хүргэнэ гэдэг 3-5 хоногийн аян болно шүү дээ.

Мөн 200-300 км ийн алсад хөсөг хөдөлгөн жин тээж, хөвчид бэлтгэсэн холбооны шугамын гуалин моднуудыг отряд заставуудад хүргэх ажлыг эрчүүд гүйцэтгэдэг байв. Эдгээр ажлуудад манай сумыхан чөлөөлөх дайн дуустал 10-д жил зүтгэсэн дээ. Дайн байлдааны тэр цаг үед улс орон тэр аяараа Бүхнийг фронтод ! Бүхнийг ялалтын төлөө ! гэсэн уриатай ажиллаж байлаа шүү дээ гэж миний ээж Жамьянгийн Дугар 1970 хэдэн онд дурсан ярьж байсныг тэмдэглэн үлдээв.
Отрядын төвийн хойд талд хэдхэн зуун метр зайд орших намхан толгодын хоорондох дөрвөн талаасаа юу ч харагдахгүй нууцгай газрыг ” Тавын ам” гэж нэрлэнэ. Энд отрядын тагнуулчид байрладаг байжээ. Тэнд дүнзээр доторлосон маш гүнзгий худаг болон, 5 газар гэр ( землак ) байсан. Уулын хажууг ухаж дүнзээр байшин бариад зөвхөн нүүрэн талыг нь ил гаргаж, шороогоор хучиж өнгөлөн далдалсан газар гэрийг земляк гэж нэрлэх ба энэ нь дайны зориулалт бүхий сууц юм. Отряд татан буугдаж нэгдлийн төв болоход эдгээр землякуудад Должины Гилэг гуайнх, Доондойн Даваа гуайнх зэрэг айлууд амьдардаг байж билээ.
АЛТАНХОРЛУУД ОВОГТ ДУГАРЫН ПҮРЭВ
УТАС: 89236090

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Пүрэвийн Амараа гуай өгүүлрүүн:

    Төрж өссөн нутгийнхаа тухай танил газруудынхаа талаар мэдэхгүй зүйлээ унших ямар сайхан нийтлэл вэ танд баярлалаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэе

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*