Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Эргэн дурсахуй…

Одоогоос зургаан жилийн тэртээ хэвлэлд нийтлэгдэж байсан төр-нийгмийн нэрт зүтгэлтэн Ц.Шинэбаяр агсаны хөрөг нийтлэлийг дахин толилуулж байна. Энэхүү нийтлэлд түүний улстөрийн амьдрал бус хөдөлмөр зүтгэл, авъяас чадвараа дайчлан баялаг бүтээж, амжилтад хүрч чадсан бодит түүхийг өгүүлжээ. 

Монголын авъяаслаг бизнесмэнүүдийн нэг Цэндийн Шинэбаяр

“Найнги” ХХК-ийг үүсгэн байгуулагч. “Өвөр-Эрээн”, “Чандмань тал”, “Адуунчулуун”, “Ган хэрлэн” зэрэг хувьцаат компаниудын дийлэнх хувьцааг хянаж Америк маягийн фермерийн аж ахуйг Монголд нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн.

Бартаа саад багатайгаар амжилт гаргасан бизнесмэнүүдийн түүхийг сөхөж үзвэл хар багаасаа л хөдөлмөрийн амт шимтийг бүрэн дүүрэн мэдэрч, мөнгөтэй харьцаж сур­сан байдаг. Энэ нь хожим учрах алдааг тойрох, ашигтай салбарыг сайтар судлаж байж ордог хашир, аливаад үрэлгэн зангүй, наадам наргиа, зугаа цэнгэлийг урьтал болгодоггүй хүн болж төлөвшихөд нь нөлөөлсөн биз ээ. Ер нь ч тэгээд халуун дулаан, эерүү зөөлөн орчинд өсч хүмүүжсэн бизнесмэн хүн харьцангуй шударга, цэвэрхэн бизнес эрхэлдэг нь амжилтанд хүрсэн хэн хүний намтраас тодорхой  харагддаг юм.
Яг энэ тодорхойлолтод бүрэн дүүрэн  нийцэх  хүн бол тат­вараараа Дорнод аймгийн төсвийн 40-60 хувийг дангаараа бүрдүүлдэг орон нутгаас төрсөн шилдэг бизнесмэн Цэндийн Шинэбаяр юм.Түүний хяналтанд “Найнги”, “Ган Хэрлэн”, “Адуунчулуун” хувьцаат компани, америк маягийн аж төрөх ёсны загварчлал болсон фермерийн аж ахуй гээд олон компани маш амжилттай ажиллаж байна. Өдгөө төрийн албанд зүтгэж буй Ц.Шинэбаяр нь 1960 оны 08-р сарын 03-нд Дорнод аймгийн Чойбалсан суманд нягтлан бодогч мэргэжилтэй Цэндийн гэрт ууган хүү нь болон мэндэлжээ.Гурван эгчтэй, араасаа 9 дүү дагуулсан гээд бодохоор үнэхээр өнөр өтгөн гэр бүл болох нь ойлгомжтой. Дөрөвдүгээр ангийн боловсролтой, 45 хоногийн дамжаа дүүргэж ня-бо мэргэжил эзэмшсэн эцэг Цэнд нь тосгоны жижиг үйлдвэрээс аймгийн худалдаа бэлтгэлийн удирдах газрын ерөнхий нягтлан бодогч хүртэл өсч дэвжиж чадсан төдийгүй үр хүүхдээ хүмүүжүүлэхдээ ч гайхалтай удирдагч байж чадсан юм. Социализмын үед жилдээ ганц удаа олгогддог байсан хүүхдийн мөнгийг авахаараа 13 ширхэг хадгаламжийн дэвтэр ширээн дээр тавьж байгаад мөнгөө хувааж хийн, хүүг өөрсдөөр нь бодуулдаг байсан нь бизнесийн цагаан толгойн “А” үсэг заасан явдал байв. Ц.Шинэбаярын хүүхэд нас бусдаас арай л өөрөөр өнгөрч байлаа. Үеийнх нь охид, хөвгүүд халгин инээж, хөөцөлдөн гүйж явахад мань эр хэдэн дүүгээ дагуулан цэцэрлэг, сургууль, захиргаа, эмнэлэг зэрэг байгууллагуудын түлшний модыг хөрөөдөж мөнгө олно. Бүтэн машин модыг хугас өдөр хөрөөдөөд л 40 төгрөг олдог байсан нь хөлсний дусал зоос болон шаржигнадаг гэдгийг тэрбээр яс махандаа шингэтэл ойлгосон байх гэж бодогдоно.

Айлын ууган хөвгүүн учраас эцэг нь “Чи л эгч, дүү нараа авч явах болно” гэж зүрхнийх нь ховдолд шингээж өгсөн нь аливаад удирдагч, зохион байгуулагч байж чадахынх нь үндсийг тавьж өгчээ. Үнэхээр ч тэр дүү нарынхаа “дарга”-ас бага, дунд, дээд сургууль хүртлээ ангийн дарга, Дорнодын ДЦС-ын дарга, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга гээд л дандаа удирдах ажил хашихынх нь эхлэл тавигдсан юм шиг санагддаг.

Дунд сургууль төгстөл аав нь олон газар оронд шил­жин суурьшиж ажилласан нь шинэ орчинд маш хурдан дасан зохицох, хэн нэгэнтэй төвөггүйхэн хэл амаа ололцох зэрэг дадалд сургасан байхыг үгүйсгэх аргагүй. Түүний өсч торнисон “Эрээн хороо” тосгонд орон нутагтаа 24 цагаар ажилладаг модны цөөхөн үйлдвэрийн нэг “Эрээний тэрэгний үйлдвэр” байсан бөгөөд хожмоо уг үйлдвэр уналтанд орсон үед худалдаж аван босгох санаа төрсөн нь түүний бага насных нь дурсамжийг сэргээжээ. Угтаа бол байнга онц сурдаг байсан тэр бяцхан хүү “Ундрах инженер” номыг уншсанаар геологиор өвчлөв. Харамсалтай нь, 10-р анги төгсөхөд нь геологийн хуваарь ирсэнгүй. Ингээд л 1978 онд Политехникийн дээд сургуулийн Уул уурхайн ангид элсэн оржээ. Хадгаламжийнх нь дэвтэр дэх мөнгө 1500 төгрөгт хүрсэн байсан нь гэр бүлийг нь мөнгөний гачаалд оруулсангүй. Дээд сургуулиа төгсөхөд нь гайхалтай хуваарилалт гарсан нь ангийнх нь оюутнуудыг “шок”-д орууллаа. Түлш, эрчим хүчний яамнаас Ц.Шинэбаярыг ганцааранг нь хотод үлдээж Дөрөвдүгээр цахилгаан станцад хуваарилах нь тэр. Гэвч аав нь “Аймагтаа ирж ажилла, дүү нартаа үлгэр дууриал үзүүл” гэж шавдуулсан нь өрхийн тэргүүний “үүрэг гүйцэтгэгч”-ээр томилсон явдал байв. Ийм давхар томилгоо өвөрлөсөн залуу инженерийг 1983 оны зун Дорнод аймгийн ДЦС-д очиход мэргэжлийнх нь бус ажил угтлаа. Энэ үеэр бас чиг эхнэртэй болчихсон байсан нь социалист аж төрөх ёсны шалгуурын нэгийг нь ч болов хангаж байлаа.

Хэдийгээр инженер ч гэлээ уул уурхайн чиглэлийнх учраас дулаан, цахилгааны талаар ямар ч мэдээлэлгүй байсан нь чухам л харь гаригийн хөлөгт ороод суучихсанаас онцын ялгаагүй байв. Удирдлагууд нь аль болох мэргэжилд нь ойрхон байлгая гэж бодсон уу, юутай ч Түлш дамжуулах цехэд хуваарилсан бөгөөд станцын ажилчид “жинхэнэ мэргэжлийн хүн ирлээ” гэсэн андуу ташаа ойлголт авч халуунаар дэмжсэн нь уул уурхайн инженерт урамшуулал бас том хариуцлага оногдууллаа. Гэвч тэр маш овжин арга бодож олсон байв. Хэн нэгнийг дуудаж огт санамсаргүй мэтээр ажлыг нь шалган мэддэг чаддаг бүхнийг нь яриулж, түүнийг нь тоть шиг цээжилж байлаа. Ингэснээрээ дараа дараагийн жилүүдэд олж авах мэдлэгийг ерөнхийд нь хэдхэн долоо хоногт гадарлаж дөнгөсөн гэдэг. Хоёр жилийн дараа үйлдвэрийнхээ МХЗЭ-ийн үүрийн дарга, цехийнхээ дарга болон дэвшиж ажиллав. Ингэж байтал 1990 он гарч ардчилсан хувьсгал өрнөсөн нь мань эрийг жинхэнэ “удирдагч” болгон тодруулах нөхцлийг хангаж өгсөн юм.

Тэр үеэр Улсын үйлдвэрийн газрын тухай хуулинд удирдлагаа хамт олон нь өөрөө сонгоно гэсэн өөрчлөлт орсон учраас Монгол орон даяар удирдлагаа шинжих кампанит ажил өрнөлөө. Хачирхалтай гэмээр явдал болж станцын бүх ажилчдын хурлаас Ц.Шинэбаярыг даргаар сонгосон нь түүнийг баярлуулах биш сандралд оруулсан гэдэг. Ингэж Чойбалсан хотын 50 мянган хүнийг гэрэл цахилгаантай байлгах, даарч хөрөх асуудалд оруулахгүй байх өндөр хариуцлагатай ажилд зүтгүүлсэн юм. Ийнхүү чухам тэр том үйлдвэрийг зах зээлийн шилжилтийн хүндрэлтэй он жилүүдэд өөр менежментээр удирдаж авч гарч чадсан нь өөрт нь томоохон сургууль болсон аж. Тэрбээр шөнийн ээл­жийн ажилчин шиг ажиллаж, цех, дамжлагуудаа шалгаж яв­даг байсан нь инженер техникийн ажилтнуудаа хөлдөө чирэх шахдаг байж билээ гэж түүний удирдлаганд нь ажиллаж байсан хүмүүс ярьдаг юм билээ.

Ингэж таван жил ажилласны дараагаар 1996 онд Удирдлагын академид суралцаж бизнесийн боловсрол эзэмшсэнээр хувиараа бизнесийн салбарт хүч сорих түүхэн хуудсаа нээсэн юм. Тэр үнэндээ Монгол оронд шинэ тутам хөгжиж байсан зах зээлийн эдийн засгийг маш гярхай, бас нухацтай ажиглаж байлаа.

Үүний үндсэн дээр гурван ч дүүгээ Солонгост анхлан хөл тавиулан ажиллуулж эхэлжээ. Дүү нарынхаа илгээсэн мөнгийг тэр сул хэвтүүлэхийг бодсонгүй. Ингээд л уг мөн­гөөр “Найнги” гэдэгт компани байгуулахаар шийджээ. Тэр компанийнхаа тамга тэмдгийг авахаасаа өмнө чухам аль сал­барт хүч сорихоо маш нухацтай бодож байв. Ийм ч учраас хоёр салбарт хүч үзэхээр шийджээ. Эхнийх нь хүний байнгын хэрэглээ болсон хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх, удаах нь хүний нийгмийн мөнхийн үнэ ханшийг тодорхойлогч алт олборлох уул уурхайн ажиллагаа. Хэн ч харсан уул уурхай нь түүнд дөхөмтэй. Гэвч томоор ашиг олохгүй ч хүнсний бүтээгдэхүүнээ зэрэг үйлдвэрлэжээ.

Эрэлт хэрэгцээ, нийлүүлэлт, хэрэглэгчийн хүсэлт гэсэн алтан зарчмуудыг баримталсан нь олны анхаарлыг татаж чадсан алхам болсон юм. Мэдээж мэргэжлийн хүн хойно багавтархан нөөцтэй алтны уурхайгаас шинэ тех­ник, технологи нэвтрүүлэн, бага зардлаар олборлолт явуулж чадсанаар багагүй хэмжээний мөнгөн хуримтлалыг бий болгож чадлаа. Хэдийгээр мөнгөн  хуримтлал бий бол­госон ч зах зээл дээр хэрэндээ тохирсон үйл ажиллагаа явуулан хөл дээрээ бүрэн зогсож чадах явдал гол нь байлаа. Цаашдаа хөрөнгийн зах зээл дээр ажиллах нь зүйтэй гэж үзээд судалгааныхаа ажилд оржээ. Нэн тэргүүнд хувьцаа цуглуулах ажлыг брокерийн пүүсүүдээр амжилттай явуулж эхэллээ. Бүхэл бүтэн аймгийг бүрэн хамарсан өргөн сүлжээ бүхий “Дорнод худалдаа” хувьцаат компанийн төрийн мэд­лийн 60 хувийг дуудлага худалдаагаар арилжихад үнэ хаян авч чадлаа. Үүнд нь бараан зах, дэлгүүр, нийтийн хоолны салбар, томоохон агуулах савнууд багтсан нь бизнес өргөжихийн эх үндэс болно гэдгийг гярхай харж чадсанд байгаа юм. Дашрамд сонирхуулахад, зах зээлд шилжсэн эхэн үед дуудлага худалдаа тун ч өвөрмөц хэлбэрээр яваг­даж байсан билээ. Америкийн “шударга өрсөлдөөн” гэдэг программаар дуудлага худалдааг зохион явуулж байсан нь тэр үедээ бусармаг үйлдэл гарахаас сэргийлж чадаж байсан гэдэг.

Нэгэнт өргөн сүлжээг эзэмшиж, зөвхөн аймаг төдийгүй зүүн бүсийн хэрэгцээг хангаж чадахуйц болсон учраас ОХУ, Хятадын компаниудтай өргөн харилцаж, чөлөөт худалдааг харилцан ашигтай хэлбэрээр хийн, томоохон мөнгөн дүнд харьцаж чадах болов. Үүнээс үүдэн компанийн хөрөнгө санхүү тогтворжиж тэр хандлагаараа бусад салбарт анхаар¬лаа хандуулахуйц тэнхээтэй болж эхэлсэн юм.

Яг энэ үеэр түүний өсч төрсөн “Эрээн хороон”-ы мод­ны үйлдвэр зах зээлийн шударга өрсөлдөөний шуурганд цохигдон уналтын байдалд ороод байв. Тиймээс “Өвөр эрээн” нэртэй болоод байсан уг компанийн хувьцааны 55 хувийг худалдаж авах шийдвэрийг гаргав. Үүнийг нь зарим хүмүүс, хамтран зүтгэгчид болон нөхөд нь “солиотой гэмээр алхам” хэмээн дүгнэж байсан гэдэг. Гэвч тэр уг алхамаа зоосны нүхээр бус бага насаа эргүүлэн авах зорилгоор хийсэн гэж хожмоо ярьсан байдаг.

Үнэхээр ч тэр гэнэн насныхаа дурдатгал болсон хөрөө рамны дуу, шинэхэн банзны сэнгэнэсэн үнэр, хүмүүсийн инээд, түм түчигнэж бум бужигнасан их үймээнтэй бага насаа “эргүүлэн” авч чадсан юм. Нэгэнт зогсчихсон байсан үйлдвэрт ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтыг зоригтой хийж чадсанаар хэвийн ажиллагаанд нь оруулж, ашигтай ажиллах нөхцөлийг нь хангаж чадлаа.

Дээр өгүүлсэнчлэн “Эрээн хороо” тосгоны амин зуулга болсон үйлдвэрийг зоосны нүхээр хараагүйнх нь нэгэн тод жишээ нь хүмүүсийг ажлын байраар хангах зорилгоор нэг мод огтлоод гурван мод суулгах хөтөлбөр боловсруулсан нь байгаль хамгаалах талаар Монголд хийгдсэн хамгийн оргил ажил гэж хэлж болох байх.

Уг үйлдвэр өнөөдөр мод, модон материал үйлдвэрлэн ашигтай ажиллаж байгаа юм. Үүнээс гадна говь, тал хээрийн бүс нутагт мал сүргээ адгуулан аж төрдөг нүүдэлчдийн хувьд ус гэгч зүйл чандмань эрдэнэ болохыг ухварлан ойлгосноор худаг, ус гаргах чиглэлээр олон арван жил ажилласан “Чандмань тал” ХК-ийн багагүй хувьцааг худалдаж авсан нь өнөөдөр нэгэнт хэн хэндээ үр өгөөжөө өгөөд эхэлчихсэн, найдвартай ажиллаж байна. Уг компани нь барилгын сал­барт ч гэсэн ахицтай ажиллаж байгаа нь зүүн бүс нутагт бүтээн босголт явуулахад ихээхэн хувь нэмэр болж байна.

Хэдийгээр компани олшрон хөрөнгө санхүү нь зузаарч байсан ч мэргэжлийнхээ ажлыг хийх “юм” хатгаад суулгахгүй байлаа. Тэр үеэр Дорнод аймгийг бүхлээр нь нүүрсээр хангаж байсан “Адуунчулуун” ХК-ийн төрийн мэдэлд байсан 90 хувийг дуудлагаар хувьчлах болоход өмнө нь хамтран ажиллаж байсан Б.Шатар гэдэг хүнтэй нэгэн баг болж орол¬цохооор шийдлээ. Ингээд дуудлага худалдаанд оролцож үнэ хаялцсаар 872 сая төгрөгөөр авсан байна. Гэхдээ энэ дуудлага худалдаа тэр үед хамгийн шударга бөгөөд үр өгөөжтэй болсон гэж дээр дооргүй шуугиж байсан юм. Учир нь төлбөрүүд нь бараг л хуурамчаар шахам хийгддэг байж. Дуудлага худалдааны ялагч нэгэн банкны чек үзүүлж бичиг баримтаа нэр дээрээ болгон түүнээ барьцаалан зээл авч төлбөрөө хаадаг арга хэрэглэж байв. Гэтэл Ц.Шинэбаяр, Б.Шатар нар 872 сая төгрөгөө бэлнээр нь тушаасан гэдэг. Хэдэн шуудай мөнгө тушаасан гэж сонсоод зарим нэгэн этгээд “тэнэг”-ийг нь гайхаж байсан гэлцэх юм билээ.

Тэр үед тэтгэвэр, тэтгэмжийг олгож чадахгүй хүндрэл­тэй байсан цаг учраас уг хувьчлалыг Монгол улсын Ерөн­хий сайд байсан Р.Амаржаргал “Энэ л ганцаараа үр дүнтэй хувьчлал боллоо” хэмээн дүгнэж байсан ярилцлага сонин хэвлэлээр гарч байжээ. Нэгэнт Дорнод аймгийг дангаар нүүрсээр хангаж, гадагшаа экспортлож болохуйц том уурхайг мэдэлдээ оруулсан учраас аль болох ашигтай ажиллуулахын үүднээс менежментийн дорвитой өөрчлөлт хийж эхлэхээс аргагүй болов. Нэн тэргүүнд ашиггүй урсгал зардлыг багасгах талаар бодлого явуулав. Гэхдээ орон тооны цомхотголоор бус, зардал бууруулах чиглэлд ажиллах нь ашигтай байв. Мөн техник, технологийн шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай байснаас нилээд мөнгө зарцуулан “Камаз” машин авлаа. Эхний ээлжинд уурхайтайгаа танил­цаад инженер, техникийн ажилтнуудынхаа мэлмийг нээх бодлого явуулахаар шийджээ. Уг уурхайн инженерүүд нь ихэнхдээ ТИС-ийг төгсч байсан учраас багш нарыг нь урьж аялал зохион байгуулахаар шийджээ. Эхний ээл­жинд Монголын бүх уурхай, удаад нь ОХУ, БНХАУ-ын нүүрсний уурхайнуудаар оруулж туршлага судлуулсан бай­на. Үүнийхээ дараагаар инженерүүд нь багш нартайгаа зөвлөлдөн чухам ямар арга барил, техник, технологи нэвтрүүлэхээ шинэчлэн боловсруулжээ. Мэдээж хэрэг, тэр мэр­гэжлийн хүний хувиар уурхайгаа гардан удирдаж эхэлсэн юм. Нүүрснийхээ олборлолтыг нэмэгдүүлснээр ОХУ-д бүтээгдэхүүнээ экспортлох ажлыг эхлүүлж улмаар 1999 онд Монголын шилдэг 50 татвар төлөгчийн нэгнээр шалгарч Ерөнхий сайдаас өргөмжлөл гардав. Энэ үеэр аймгийнхаа төсвийн 56 хувийг түүний мэдэлд байдаг компаниуд бүр­дүүлж, тэр чинээгээрээ ашиг орлого нь өндөрссөн юм. Мөнгийг олох амархан, үрэх хэцүү гэсэн зарчим байдаг. Тэгвэл Ц.Шинэбаяр олсноо олонтойгоо хувааж, нийгэм рүүгээ хандсан ажлыг өрнүүлэхээр шийдсэн юм. Бараг л таван жил дараалан эмзэг давхаргынхан болон тахир дутуу хүмүүст нүүрсийг үнэгүй олгож, мөн заримд нь 40 хувийн хөнгөлөлттэйгээр өгөх ажлыг одоо ч хийсээр байна. Тэр ч бүү хэл “Харанхуй” гэгдэж байсан  Чулуунхороот тосгоныг ОХУ-ын Соловьёвск хотоос найман километр өндөр хүч­дэлийн шугамыг хувийнхаа зардлаар татуулан 24 цагийн цахилгаантай болгосон нь энэ салбарт хөрөнгө оруулалт хийсэн Монголын цорын ганц бизнесмэн гэж хэлж болно.

Түүнчлэн бизнесийн зарим салбарт хүч сорих санаагаа аймаг, цаашлаад улс орныхоо нүүр царайг бусдын өмнө улайлгахгүйн үүднээс сэдэж олсон гэдэг. Чойбалсан хотод ирсэн орос, хятадууд түүнд нэг л “хүсэлт” нэртэй шаардлага тавих болов. Энэ нь зочид буудлын асуудал ажээ. Хэдий­гээр аймгийн төв дээр “Ган Хэрлэн” гэдэг нийслэлд ч голог­дохооргүй томоохон зочид буудал байвч алдагдалтай ажилладгийн улмаас хаалгаа барьчихсан байлаа. Шинийг барьснаас социализмын үед мөнгө, материалаар “зодож” босгосон том цогцолборыг балгас болохоос өмнө өөд нь татах хавьгүй амархан байсан учраас 51 хувийг хувьчлаад авчихсан хүмүүстэй уулзлаа.

Ингээд судалж үзэхэд ус, дулаан, цахилгааныхаа үнийг төлж чадаагүйн улмаас буудал 100 сая төгрөгний өртэй болчихсныг олж мэдэв. Эзэдтэй нь уулзаж санаа оноогоо цухуйлгахад өндөр үнэтэй л гэсэн болохоос биш зарна гэдгээ илэрхийлжээ. “Ган Хэрлэн” ХК-ийг худалдаж авав.  Чухам ямар менежмент, хөрөнгө оруулалт хийхээ нэгэнт төлөвлөчихсөн байлаа. Энэ нь “итгэлцэл” гээч арга байсан юм. Өөрөөр нь ашигтай ажиллуулж төлөх бодлого баримталжээ. Үүний тулд ДЦС, орон сууцны конторуудтай гэрээ хийж “Ус, дулаан, цахилгаанаа өгчих. Бид тодорхой хугацаанд төлж барагдуулъя” гэсэн санал тавив. Эдгээр байгууллагууд ч түүнд итгэснээр зочид буудлаа сэргээн засварлаж, хөрөнгө оруулалт хийж шинэ менежментээр ажилласнаар алдагдал болоод өрнөөс гаргаж чаджээ. Өнөөдөр түүний мэдэлд байдаг компаниуд бүгдээрээ ашигтай ажиллаж, олон мянган хүнийг ажлын байраар ханган төсөвт ихээхэн хэмжээний мөнгө төлж чадаж байгаа нь хар нялхаасаа хэрсүүжсэнийх нь гавъяа ажээ.

Тэрбээр бас л “зүгээр”-ийг хийж чадсангүй. Социализмын үед эрдэмтэд Монгол орны өнцөг булан бүрээс мухар үхэр цуглуулж “Талын улаан” хэмээх махны чиглэ¬лийн үүлдэр гарган өсгөсөн сүрэг нүдэн дээр нь сөнөх аюул тулгарсан учраас хайрлаж бас чиг авран хамгаалахаар шийдэв. Энэ нь хобби болж эцэстээ түүнийг энэ чиглэлийн фермерийн аж ахуй эрхэлж, ХАА-г судлах нөр их ажил руу түлхсэн аж. Эхэндээ сөнөж мөхөж буй “Талын улаан” үүлдрийн үхэр талаар нэг тарсныг худалдан авч цуглуулснаар 400 толгойд хүргэж чадсан нь “Улаан ном”-д орохоос нь аварсан гэлтэй. Энэ завсар сүүний чиглэлээр ферм байгуулах санаа төрөн америк маягийн фермерийн аж ахуйг сонирхлоо. Төв аймгийн Батсүмбэр суманд америк эр цөөхөн үнээнээс арвин их сүү авч байгаа тухай сонсоод аяны жолоо чиглүүлэв. Очиж үзээд л тэр “Ийм л байх ёстой ш дээ” гэж дуу алдсан гэдэг. Билл Ёдер гэгч америк эр зургаан хүүхэдтэй агаад хоёр давхар хауст аж төрж, үнээнүүд нь ч “тансаг  харш”-ид заларч байх нь тэр. Үнээнийх нь байранд ханын цаг өлгөөтэй байсан нь цаг бол алт гэдгийг сануулсан аж. 20 үнээнээс өдөрт 400 литр сүү авдаг агаад энэ ажилдаа өдөрт ердөө хоёр цаг 30 минут л зарцуулдаг нь гайхалтай санагдаж туршаад үзэхээр шийджээ. Билл Ёдер түүнд “Та чадахгүй биз дээ. Маш олон хүн оролдоод бараагүй юм шүү дээ” гэсэн нь хор шарыг нь хөдөлгөж орхив. Тэр нутагтаа очоод хэдэн хоногийн дотор энэ бүхнийг бий болгож, ОХУ-ын Чита мужаас 32 үнээ худалдаж аван түүнийхээс ч илүүг хийж дөнгөжээ. Ер нь тэр энэ цагаас эхлэн зөгийн аж ахуйг хөгжүүлж, үхрийн талаар судалгаа хийж эхэлсэн аж.

2006 онд Улаанбаатар хотод болсон ХАА-н үзэсгэлэн худалдаанд оролцсон бух нь 890 кг жин татсанаар тэргүүн байр эзлэв. Түүгээр ч үл барам Францад болсон үхрийн үзэсгэлэн яармагт оролцож ихийг үзэв. Тэнд доод талын үхэр 1300 кг, дээд тал нь 1560 кг татсан нь сонирхлыг улам бүр өдөөж, наашаагаа бухын хөлдөөсөн үр “импорт”-лоход хүргэсэн гэдэг. Өдгөө тэр ажлынхаа чөлөө заваар шинэ үүлдрийн үхэр гаргах туршилт хийж байна. “Таныг аав чинь зөв хүмүүжүүлж. Харин та хүүхдүүддээ энэ арга барилыг хэрэгжүүлж чадаж байна уу?” гэсэн асуултанд маш өндөр түвшний хариулт өгсөн нь Ц.Шинэбаяр хүүхдүүдээ Хятад, Англи зэрэг улсуудад боловсрол эзэмшүүлж байгаа бөгөөд тэдэндээ зээл олгосон байна. Энэ нь хүүхдүүддээ сургалтын төлбөрийг бага хүүтэйгээр зээлдүүлсэн хэрэг бө¬гөөд хожмоо эргэж төлөгдөх учиртай гэнэ. Тийм ч учраас хүүхдүүд нь сурахын зэрэгцээ ажиллаж мөнгө олдог. Ер нь тэр ах, дүүсийнхээ хүрээнд дэлхийн хэмжээний хүн төрүүлэх зорилт тавьж байгаа билээ. Түүний бизнесийн нууц маш энгийн. Ердөө л дүү нараа зөв удирдах. Яагаад гэвэл, дүү нар нь бүх компанид нь хувь оруулж, гардан удирддаг учраас тэр.

Улаан цурав олон дүү нараа удирдаад мод хөрөөдөж чадаж байсан юм чинь насанд хүрсэн хойно нь хэл амаа ололцох амархан байж таараа. Тэр бизнесээ гэр бүлээ л гэж боддог. Тиймээс сайн аав болж чаджээ.

Ж.Батсүх, О.Чинзориг
Монголын авъяаслаг бизнесмэнүүдийн нууц

http://www.wikimon.mn/

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*