Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Засгийн газрын зөвшөөрлөөр хилийн зурвас бүсэд хайгуул хийжээ

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан энэ сарын 22-ны өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр “ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу Монгол Улсад айлчлахдаа танк, зэвсэг өгсөн. Энэ зэвсгийг яах гэж байгаа юм” мэдэгдсэн нь олны анхаарлыг татсан. Үүнийх нь хариуд Зэвсэгт хүчин жанжин штабаас УИХ-д тайлбар хүргүүлж, “УИХ-ын дэд даргын хэлсэн энэ үг нь хоёр улсын батлан хамгаалах салбарын цаашдын хамтын ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй тулд чуулган дээр залруулга хийхийг хүсч байна” гэдгээ илэрхийлсэн юм.
УИХ-ын дэд дарга Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд сөргөөр нөлөөлөх ор үндэслэлгүй мэдэгдлийг ямар ч баримт нотолгоогүй мэдэгдснээрээ олны шүүмжлэл хүртсэн. Тэгвэл үүнээс хэдхэн хоногийн дараа Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, хошууч генерал Ш.Лхачинжав нь БНХАУ-ын 18 иргэнд хилийн зурвас бүсэд өрөмдлөг хийх зөвшөөрөл олгожээ гэх мэдээлэл цацагдсан юм. Уг мэдээлэл нь ТВ-9 телевизийн “Монгол коммент” нэвтрүүлгээр анх гарч, улмаар цахим орчинд цацагдсанаар олны анхаарлыг татаж, “Хилчид эх орноо худалдлаа”, “Урвагч” зэргээр дургүйцлээ илэрхийлсэн юм. Тэгвэл ХХЕГ-аас дээрх мэдээлэлд дурьдагдсан “Макс-ойл” компанийн ажилтан гэх БНХАУ-ын иргэдэд хилийн зурвас бүсэд хайгуул хийх зөвшөөрөл олгосон эсэх болон ашигт малт­малын тусгай зөвшөөрөл олгох эрхийг хуулиар эдэлдэг эсэхийг тодруулахыг хичээсэн юм.

Хил хамгаалах тухай хуулийн 26.3.1-д улсын хилийн зурваст газар өмчлүүлэх, эзэмшүүлэхийг, 26.3.5.д улсын хилийн хамгаалах байгууллагын зөвшөөрөлгүйгээр хил хамгаалахад саад учруулсан үйл ажиллагаа явуулах, улсын хил хамгаалах байгуулагад урьдчилан мэдэгдэхгүйгээр тэсэлгээ хийхийг хориглодог юм байна. Харин тус хуулийн 26.2.2-д улсын хилийн зурваст хил хамгаалалтын зориулалтайгаас бусад барилга байгууламж барих, үйл ажиллагаа явуулах, газар ашиглах асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ гэж заажээ. Эндээс үзвэл, хилийн зурвас бүсэд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших, үйл ажиллагаа явуулах эрхийг Засгийн газрын тогтоолоор шийдвэрлэж, эрх олгодог болж таарах нь.

Өөрөөр хэлбэл, газрын тосны хайгуулын “Ар булаг-XXIX” талбайд Ашигт малтмал, газрын тосны газар болон “Макс” группийн охин компани болох “Макс-ойл” компани хооронд Засгийн газрын 2016 оны зургадугаар сарын 20-ны өдрийн 337 дугаар тогтоолоор бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулахаар болсон байна. Гэрээ байгуулах эрхийг Ашигт малтмал, газрын тосны газрын дарга асан Г.Өлзийбүрэнд даалгасан байдаг. Засгийн газрын  тогтоолын дагуу бүтээгдэхүүн хуваах гэрээг 2016 оны долдугаар сарын 6-ны өдөр байгуулсан бөгөөд хайгуул хийх хугацаанд 26.4 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ.

Ингээд 2017 оны наймдугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт орших газрын тосны хайгуулын “Ар булаг-XXIX” талбайд газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулах 114 тоот дугаартай тусгай зөвшөөрлийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас “Макс-ойл” ХХК-д найман жилийн хугацаатай олгосон байна. Хайгуулын талбай нь А болон Б хэсгээс бүрдэх бөгөөд А хэсэг нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт хамрагдах бөгөөд талбайн хэмжээ нь 875 ам.км аж. Харин Б хэсэг нь Дорнод аймгийн Халх гол сумын нутаг дэвсгэрт хамрагдах бөгөөд талбайн хэмжээ нь 894 ам.км юм байна.

Харъяа яамнаас зөвшөөрөл авч, Засгийн газрын тогтоолоор бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан “Макс-ойл” компани өрөмдлөгийн ажлаа эхлүүлэх гэтэл мэргэшсэн боловсон хүчин дутагдалтай байж. Тиймээс 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай тогтоолын дагуу 15 ажилтан, мөн оны тавдугаар сарын 16-нд батлагдсан тогтоолын дагуу найм гээд нийт 23 ажилтанг БНХАУ-аас Монгол Улсад ажиллуулах зөвшөөрөл авчээ. Гэрээний дагуу ажилчид Монголд ирж өрөмдлөгийн ажлаа эхлүүлэх гэтэл хайгуулын талбайн нэгээхэн хэсэг хилийн зурвас бүсэд хамаарах учир Хил хамгаалах ерөнхий газраас зөвшөөрөл авахаас өөр аргагүй болж. Ингээд хуульд заасны дагуу хүсэлтээ гаргахад нь ХХЕГ-аас хилийн зурвас бүсэд өрөмд­лөг хийх зөвшөөрлийг олгосон нь энэ юм байна.

Тодруулбал, дээр хэлсэнчлэн хилийн зурвас бүсэд хайгуулын болон  олборлолтын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох эрх нь зөвхөн Засгийн газарт байдаг. Засгийн газраас тогтоол гаргаж, холбогдох байгууллагаас тусгай зөвшөөрөл олгосон тохиолдолд Хил хамгаалах байгуулагаас хилийн зурвас бүсэд тодорхой хугацаагаар нэвтрэх зөвшөөрөл олгодог гэсэн үг юм. Энэ дагуу Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, хошууч генерал Ш.Лхачинжав “Макс-ойл” компанийн 26 монгол иргэн, 14 тээврийн хэрэгсэл болон туслан гүйцэтгэгч “Датон петролиум инженеринг энд ойлфийлд” компанийн хоёр монгол иргэн, БНХАУ-ын 15 иргэнд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт байрлах “Ар булаг-XXIX” талбайд 2018 оны долдугаар сарын 19-нөөс 2018 оны аравдугаар сарын 19-нийг хүртэл 90 хоногийн хугацаанд өрөмдлөгийн ажил хийх зорилгоор хилийн зурвас бүсэд ажиллах зөвшөөрөл олгосон байна. Ингэхдээ зөвхөн хилийн ангиас тогтоож өгсөн хэсэгт үйл ажиллагаа явуулахыг анхааруулж, зөвшөөрчээ.

Эндээс үзвэл, Хил хамгаалах байгууллагын алба хаагчид дур мэдэн хилийн зурвас бүсэд хайгуулын өрөмдлөг хийх эрх олгоогүй болж таарах нь. Нөгөөтэйгүүр ийм хэмжээний бүрэн эрх дарх хилчдэд байдаг ч үгүй юм байна. Хилчид зөвхөн хуульд заасан эрх, үүргийнхээ дагуу ажлаа гүйцэтгэж яваа эгэл жирийн цэргүүд. Тиймээс ор үндэслэлгүй, ташаа мэдээлэлд итгэж, эх орныхоо дархан хилийг хамгаалж, сахиж яваа хилчдийнхээ нэр төрийг унагааж, сэтгэлийн хатыг нь мохоохгүй байхыг хүснэм.
Энд нэг зүйлийг нэмж хэлэхэд, Засгийн газрын тогтоолоор “Макс-ойл” компаниас гадна газрын тосны олборлолт хийж буй “Петрочайна Дачин тамсаг”-аас эхлээд цөөнгүй компани хилийн зурвас бүсэд олборлолтын болон хайгуулын үйл ажиллагаа явуулдаг юм байна.

Г.НАЦАГ-ЭРДЭНЭ
Үндэсний шуудан

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*