Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Ж.Нэргүй: Зөв уншиж, зөв ойлго гэж яншаад байгаагийн учир энэ…

Жигжидсүрэнгийн Нэргүй гэж эрийн “сахалтай үгс”-ийг сонсож суух нь өөрөө уран зохиол билээ. Хууч эртийн үгээр зориуд юм шиг жийрэглэнгээ, Хүннү Сүннүгийн үеэс одоох цагийн явдлыг углуургатайхан өгүүлэх энэ эрхэмд таван асуулт тавиад, таван цаг ярилцсанаа таван хуудсанд багтаан цэгцэлсэн маань энэ.

1985 ОНООС МОНГОЛЫН ЯРУУ НАЙРАГ АМЬ ОРООД ЯВЧИХСАН ЮМ

– Дорнод нутаг, Дорнодын утга зохиолын нэгдэлтэй та хувь заяаны холбоотой хүн. Утга зохиолд анхны алхам хийсэн тэр өдрүүдээс тань яриагаа эхлэе дээ…

– Дорнодын утга зохиолын нэгдэл бол Монголын хамгийн ууган нэгдэл гэж явдаг. 1935 онд Өвгөөдэй Цэндийн Дамдинсүрэн гуай Дорнод аймгийн намын хорооны дэд дарга байхдаа байгуулсан гэдэг юм. 1935 он гэдэг чинь хотод зохиолчдын бүлгэм байгуулагдаад зургаахан жил өнгөрч байсан үе шүү дээ. Тэр нэгдэлд Дондогийн Цэвэгмид, Санжмятавын Дашдэндэв зэрэг хүмүүс багшилж байсан гэдэг. Өвгөөдэй Цэндийн Дамдинсүрэн гуай аймгийн намын хороонд томилогдох болсноо Хатагин Цэндийн Дамдинсүрэн гуайд хэлж очиход, орон нутагт очоод зохиолчдын бүлгэм байгуулахыг зөвлөсөн байдаг. Дорнодод утга зохиолын нэгдэл байгуулагдсанаас нэлээд хойно Д.Сэнгээ гуай хойно суралцаж ирснээр 1950-иад онд аймгуудад зэрэг зэрэг Утга зохиолын нэгдэл байгуулсан байдаг. Дорнодоос ер нь Монголын олон том сэхээтнүүд төрсөн. Дээр дурдсан хоёр Дамдинсүрэн гуай, Д.Тарва гуай, С.Дашдэндэв гуай, Ж.Лодой, “Дөлгөөн Дон”-ыг орчуулдаг Б.Дашцэрэн гуай, их гүүш Г.Амар гуай, ш Жамсранжав гуай гээд явж өгнө. С.Дашдэндэв гуай л гэхэд 1956 онд Утга зохиол сониныг үүсгэн байгуулж, эрхлэгчээр нь ажиллаж байсан хүн. Хараад байхнээ Дорнод орчуулагчид олонтой. Хэнтийд том зохиолч, яруу найрагч олонтой бол Дорнодоос орчуулагч, зураач олон төрсөн байдаг. Би бол Дорнод гэж нутгархаад байхаар хүн биш л дээ. Зургадугаар ангидаа л тэр нутагт Хэнтийгээс шилжиж очсон хүн.

“Зэс бөгж” гэдэг шүлэглэсэн романтай, Р.Чойномын их сайн найз Нацагийн Гомбодоо гэж хүн надад анх Дорнодын Утга зохиолын нэгдлийг зааж өгсөн юм. Н.Гомбодоо гуай арга хэмжээ авхуулж Дорнодод “цөлөгдсөн”, айхтар бэлэн цэцэн үгтэй хүн байсантай би ангийнхаа хүүхдээс сонсож очиж уулзаж билээ. Яг одоогийн над шиг эвлээгүй гурил шиг царайтай тэр хүнтэй наймдугаар ангийн хүүхэд очиж уулзахад, “Хэрлэн голын хөвөөнд хүүхэн богтолсон шастир” гэж эхэлдэг “Зэс бөгж” романаа үзүүлж, аймгийн намын хороон дээр Залуу зохиолчдын нэгдэл гэж хичээллэдэг, бичсэн юмаа бариад яваад оч гэж зөвлөсөн юм. Би ч яахав хэдэн шүлэгтэй, Владимир Ильич Ленин” гэж найраглал биччихсэн байлаа. Нэгдэл дээр явж орвол, нэг жижгэвтэр өрөөнд хорь гучаад насны хүмүүс голчлон цугларсан, Дөлгөөн Хэрлэнг бичсэн Туваансүрэн нарын ахмадууд ч байсан. Найраглалаа унштал зангидсан гар шиг хамартай нэг нөхөр босож ирээд “Наад найраглалаа чи Ц.Гайтавын Владимир Ильич Ленинг яг дуурайлгаад биччихсэн байна шүү дээ” гэж хэлдэг юм байна. Тэгтэл нэгдлийн эрхлэгч Үнэн сонины сурвалжлагч Дашням гэж хүн “миний өрөөнд Ц.Гайтавын ном байгаа аваад ирье” гээд гараад явчихлаа. Бариад орлоо ирлээ. Тэгээд л намайг чинь бут авсан даа. “Чи нэгдүгээрт, наймдугаар ангийн хүүхэд байж ийм юм бичиж зүрхэлдэг, хоёрдугаарт, ийм том хүний юмыг дуурайж бичсэн байна” гэж ирээд л… Тэр зангидсан гар шиг хамартай нөхөр нь одоо “Ноцтой мэдээ” сонин энэ тэрд юм бичээд байдаг Д.Хүдэрмөнх. Д.Хүдэрмөнх, Нанжидгүнтэв гэх зэрэг олон хүн байсан. Миний хамаг биеийн хөлс гарчихсан, төмөр замын дагуул сууринд байдаг, аймгийн төв бараг орж үзээгүй амьтан чинь шалгалтанд унасан хүүхэд шиг л гарлаа. Сууж шүлэг сонсож болно л гэсэн л дээ. Юун хүний шүлэг сонсох. Ухаан зулаггүй л гарсан даа. Тэгээд наймдугаар ангиа төгсөөд сургуульд явж, буцаж ирээд селасариас ажлын гараагаа эхэллээ. Тэр үед ямар ч инженерийг селасарь гэх мэт хамгийн доод гүйцэтгэх ажлаас эхлэн дадлагажуулдаг байлаа. Ажил дээр маань Баттөмөр гээд шүлэг уншдаг залуу байсныг дагаад утга зохиолын дугуйлан явав. Яг нөгөө өрөөндөө яваад орлоо. Нэлээд хүн нэмэгджээ. Өнөө Д.Хүдэрмөнх маань ёстой атаман болчихож. Тэгээд нэг шүлэг уншаатахсан чинь бас л шүүмжлүүллээ. Хар далайн тухай шүлгэндээ, “Усан онгоцны хар утаа” гээд биччихсэн чинь, Хар далайд хөвж яваа цагаан онгоцыг хар утаатай гэж бичлээ гэж байна. Үгүй ээ тэр чинь утаатай байдаг юм аа гэлээ. Чи түүнийг нь заавал шүлгэндээ оруулахдаа яадаг юм гэлцэж байна. Бидний уран зохиол нэг иймэрхүү. Бид чинь тавдахиас тав дахь өдөр хүртэл амьд явдаг байлаа. Яагаад гэвэл утга зохиол урлаг сонин манай аймагт тав дахь өдөр ирдэг байсан юм. Ганц шүлэг явуулсан бол сонин болгоныг аваад л өнөөх маань гарсан болов уу гээд харна. Хоёр гурван сар харна. Байхгүй ээ. Тэр үед Хонхэрээдийн Б.Энхбатын аав Банзрагч гэж сайхан буурал өвгөн манай дугуйланд байсан. Монголын зохиолчдын анхны их хурал болоход гишүүн нь байсан хүн л дээ. Дандаа орос номоос бүтсэн маш сайхан номын сантайсан. Б.Энхбат болохоор гозойсон борц шиг хар, цэргийн ахлагч залуу байж билээ. Барамсай энэ тэртэй цуг главлитад ажиллаж байгаад, улс төрийн алдаа гаргаж, аймгийн сониндоо очиж ажиллах болсон Л.Хэрээ гуай харин бидний дугуйланг шинэ шатанд гаргасан. Д.Нямсүрэн бид хоёр дугуйланд 1977 онд зэрэг шахуу орсон. Л.Хэрээ гуай айхтар онол заагаад байхгүй. Тэгсэн мөртлөө шүлэг гэдэг чинь ийм юм байдаг гэх мэтээр их зүйл сургана. Ер нь бол главлитийнхээ занг тавихгүй. Тэр нь тухайн үед бидэнд их хэрэг болсон шүү. МЗЭ-ийн залуу зохиолчдын секцийн эрхлэгч байсан Батын Нямаа, Сэнгийн Эрдэнэ, Хар Ж.Зана гэсэн ах нарт хотод хааяа орж ирэхдээ бас шүлгээ үзүүлнэ. Тэд шүлгийг маань тийм ч амархан гаргаж өгөхгүй. Тэр нь болохгүй байна, энэ нь ч болохгүй байна гээд л буцаана. Тэрний хүчинд одоо бид үгүй ядахнаа үг үсэг, учир шалтгааны алдаагүй юм бичиж сурсан байхгүй юу. С.Эрдэнэ гуай миний шүлгийг нүүр лүү шидэж байсан. Тэгэхээр нь би танай сонинд гаргаж болохгүй юм бол Улаан Одод гаргана даа гэж бодоод гарч байгаа юм. “Ус уулаа” гэдэг мөрийг минь “уул”-тай андуурч уурлахаар нь хэгжүүрхэж яваа нь тэр. Тэр үед би Халх голын тухай их бичих дуртай байлаа. Өмнө нь Ш.Дулмаа гуайтай танилцтал, шүлгийг маань тоож, “Улаан Од” сонины орлогч эрхлэгч Да.Дамдиндорж гэж хүнийг зааж өгч,чиний цэргийн тухай шүлгүүд тэнд яг таарна гэж байсан нь санаанд орсон юм. Тэгээд л “Улаан-Од”-д олон шүлгээ хэвлүүлсэн дээ. 1985 онд Дорнодын утга зохиолын нэгдлийн 50 жилийн ойг хийлээ. Я.Хэрээ гуай Ц.Дамдинсүрэн гуайтай нэг нутаг болохоор урьчихсан, Өвгөөдэй Ц.Дамдинсүрэн гуайг бас урьсан гэлцэж байлаа. Гэтэл хоёулангийнх нь бие тааруу гээд очиж чадаагүй юм. Гэхдээ Ц.Дамдинсүрэн гуай монгол бичгээр захиа бичээд, “Өвгөн багшийн зүүд” гэсэн шүлэг бичсэнээ хавсаргаж, бидэнд явуулж байсан. Тэр захиа одоо Дорнодын музейд байгаа. 50 жилийн ойд хотынхон томроод очоогүй юм . Бид яахав тэндээ шүлгээ ч уншиж, архиа ч ууж, хэрэндээ л хөл хөөрцөг болж билээ.

Дорнодын утга зохиолын нэгдлийн бидний сүүл үеийнхэн гэвэл Б.Бат-Орших, Т.Содномнамжил, Б.Тайван, Г.Хүрэлчулуун, Ц.Төртайван, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан П.Алтангэрэл гэсэн нөхдүүд байна. Дөнгөж төгсөж очоод сургуулийн хичээлийн эрхлэгчээр ажиллаж байсан П.Алтангэрэл Утга зохиолын нэгдлийн 50 жилийн ойг хийхэд тун идэвх санаачилгатай оролцсон. Ойн хүрээнд Уран үгсийн чуулган хийхээр заалыг нь гуйх гэж очихдоо П.Алтангэрэлтэй анх танилцаж байлаа. Тэгээд л манай хүн Д.Нямсүрэнг дагаад шүлэг бичиж эхэлсэн. Одоо л гаргадаггүй болохоос сайн шүлэгтэй шүү. Харин Ц.Төртайван маань Өмнөговийн хүн. Сүүлд 2009 онд гарсан “Шүүрс” гэж ном нь Комсомолын дээд сургууль төгсөж ирээд сумын Эвлэлийн үүрийн дарга хийж байх үеийнхээс нь шал өөр болчихсон байна лээ. Говийн хүн болохоор мэдрэмж нь арай өөр байдаг байх л даа. Сүүлд нэг хэсэг “бурханы ундаа” нэлээд гайгүй хүртэж байх үеийнх нь шүлэг бүр ч сайн. Тэр үед чинь Д.Төрбатын “Улаан жигүүр”, Б.Лхагвасүрэнгийн “Уянгын тойрог”, Д.Нямсүрэнгийн “Хаврын урсгал” номууд бараг нэг зэрэг гарч, Монголын яруу найраг шууд л толгой өндийж эхэлсэн. Өмнө нь бол яахав дээ. Байдаг л нэг утга зохиолын шүлгүүд зонхилж байлаа даа. 1984-1985 оноос эхлээд гэнэт амь орж, шал өөр болоод явчихсан юм.

“…МИНИЙ БИЧЛЭГИЙН ШАГНАЛЫГ Ц.ГАЙТАВ ГУАЙ ТА АВЧИХААРАЙ…”

– Сэнгийн Эрдэнэ баавайн “Халхын заяат харгуй” гэж сайхан дурсамжийн ном бий. Тэр номон дээр таныг “Улсын чанартай яруу найрагч” гэж үнэлсэн нь бий. Ер нь та уран бүтээлчийн хувьд хэдий үеэс үнэлэгдэж эхлэв ээ?

– Би 1984 онд ЦОГ сэтгүүлийн “Оч” булан дээр гарч байсан. Гэхдээ наймдугаар ангиа төгсөж ирээд, хойш сургуульд явахдаа “Үнэн” сонин дээр анхны шүлгээ хэвлүүлсэн юм шүү. 1972 онд наймдугаар ангийн нэг муу хүүхэд “Үнэн” сонин дээр шүлгээ хэвлүүлсэн гэдэг чинь Ц.Гайтав гуайн ач. Яахав зүгээр л нэг ээжийн тухай шүлэг л дээ. Василь Ганболд гэж одоо тэтгэвэртээ гарчихсан хилийн цэргийн хүн бий. Тэр бид хоёр наймдугаар ангид байхдаа толгойгоо нийлүүлээд захидал бичлээ. Би Ц.Гайтав гуайд “Яаж яруу найрагч болох вэ?” гэж захиа бичлээ. Ганболд маань Батлан хамгаалах яамны сайд, армийн генерал Б.Доржид, “Яаж офицер болох вэ?” гэж бичсэн. Тэгээд Ц.Гайтав гуайг долоо хоногийн дотор л надад хариу бичих юм шиг зүүдлээд л. Хоёр сар хүлээлээ. Гурван сар хүлээлээ. Байдгүй ээ. Ганболд маань Дорж генералаас ч бас хүлээж байдаг. Хариу ирдэггүй ээ. Наймдугаар ангиа төгсчихөөд хотод конкурсанд орох гэж ээжийгээ дагуулаад ирлээ. Ээжийгээ гадаа нь зогсоочихоод Зохиолчдын хорооны хаалгаар орсон. Сэмээрхэн онгойлгоод, зөөлхөн гишгээд, үнэр нь хүртэл шал өөр. Тэр үед тийм агуу нэр хүндтэй байлаа. Ц.Гайтав гуайг сураглатал гурван давхарт байгаа л гэлээ. Одоо санахад миний орсон өрөөнд С.Дашдооров гуай, Б.Явуухулан гуай лав байсан юм. “Ц.Гайтав гэдэг хүнтэй уулзая” гэтэл нэг нь “За, нэг залуу яруу найрагч орж ирлээ дээ” гэж байна. Миний ч хамаг биений хөлс асгарч байна. “Би байна” гээд нэг шармийсан шар нөхөр гараа дугуйруулж ирээд л гар барилаа.

Би “Танд Дорнодоос захиа бичсэн Нэргүй гэж хүүхэд байна аа” л гэлээ. Захиаг минь ямартай ч авсан гэж байна шүү. Дэвтэр дээрх хэдэн шүлгээ үзүүллээ. Ц.Гайтав гуай хэсэг үзэж байснаа, “Надад орхиод яв. Гэрийн утас бичиж ав” гэлээ. Би наадмаар хотод ирээд, наймдугаар сарын 26-нд хойшоо явах вагонд суусан юм. Сар гаруй хугацаанд таньдаг мэддэг айл, хамаатан саднаар толгой хоргодов. Нэг их халуун өдөр Сүхбаатарын талбай дээр сууж байтал хажуу талд нэг хүн “Үнэн” сонин уншиж байна. Нэг өнгийгөөд хартал утга зохиолын нүүр гарчээ. Ахиад нэг өнгийгөөд хартал нэг нарийн баганан дээр “Ээж минь багш”гэсэн миний шүлгийн нэр байна шүү. Доошлуулаад хартал яах аргагүй миний нэр байна аа. Ахаас гуйж аваад харлаа, бөөн баяр. 1972 оны наймдугаар сарын 19-ний сонин байсан юм. 27-нд би хойшоо вагонд суух байдаг. Бичлэгийн шагналаа авна гэж бодлоо доо. Аягүй том шагнал өгдөг гэж сонсоод байсан юм. Хойшоо явах гэж байгаа хүн хэдэн рубль болгочих юм бодсоор Зохиолчдын хороон дээр очоод Ц.Гайтав гуайг сураглатал байсангүй. Маргааш нөгөөдөргүй вагонд суух билетээ авчихсан байдаг. “Олигтойхон хэдэн төгрөг гарвал тэр хүн чинь өөрөө аваг хөөрхий минь” гэж ээж маань хэлсэн юм. Тэгээд Ц.Гайтав гуайн гэр лүү утасдлаа. “Би нөгөө Нэргүй байна аа. Та миний шүлгийг Үнэн сонин дээр гаргаж өгсөн дөө. Би нөгөөдөр явахаар болчихлоо. Миний бичлэгийн шагналыг Ц.Гайтав гуай та авчихаарай” гээд хэлээд тавьчихлаа. 12 мөр шүлгэнд таван төгрөг л тавигддагийг мэдэхгүй, ичих ч үгүй их том юм өгч байгаа юм шиг л ярьсан байгаа юм даа.

Харин 1984 онд С.Дашдооров гуай миний шүлгийг ЦОГ сэтгүүлийн “Оч” буланд гаргаж өгсөн юм даа. Мөн дараа жил нь Д.Одонхорлоо гуайтай хамтарч, Халх голын 45 жилийн ойд зориулж хоёр талаасаа эхэлдэг ном гаргасан. Д.Одонхорлоо гуай л хөөцөлдөж, хотоос зөвшөөрөл авч, аймгаас мөнгө гаргуулж хэвлүүлсэн ном л доо. Түүнээс хойш нэлээд олон жилийн дараа 2005 онд “Сэтгэл хазгар биш бол” түүврээ гаргасан.

1979 оноос эхлээд Дорнод руу зохиолчид их очих болсон юм. Я.Хэрээ гуайн л нөлөө л дөө. Тэр байтугай Зохиолчдын хорооны нарийн бичгийн дарга нарын явуулын зөвлөгөөнийг Дорнодод хийж, хөдөөгийн зохиолчдын бүтээлийг чанаржуулах талаар том тогтоол гаргаж байлаа. Том зохиолчид очино гэдэг чинь бидэнд асар их нөлөөлж байсан. Шүлгээ үзүүлнэ, нэг юм хэлнэ. Жишээлбэл, нэг мөрөө тав дахин үзэж байхыг зөвлөнө. Бичсэн бадаг бүхнээ аман дотроо уншиж бай, хэрхэн хэлэгдэж байнав гэдгийг нь мэд гэх мэтээр олон зөвлөгөө өгдөгсөн. Манай Д.Нямсүрэн бол дүнгэр дангар уншдаг байсан. Бичиж байгаад дүнгэр дангар хийсээр босож тэлээгээ сугалаад, пин рүүгээ орж хүүхдүүдээ гөвшчихөөд гарч ирээд дүнгэр дангар хийсээр л үргэлжлүүлээд бичдэг байлаа. Тэгж байж л аманд наалддаг, хэлэнд наалддаг, сэтгэлд наалддаг байх нь л дээ. Тийм ч учраас шүлгүүд нь, зохистой, уянгатай гардаг ч юм уу бүү мэд. Томчуудаасаа хатуу үг дуулж явсныхаа ачаар бидний насныхан үгүй ядахнаа нийтлэл аятайхан бичдэг болсон байхгүй юу. Бидний насныхан гэдэг нь Бороохойн Батхүү, Ц.Жамбалгарав, Д.Алтангэрэл, Ишхүү, Дан.Нямаа, Сумъяа гэсэн улс байна.

УРАН ЗОХИОЛ ТОСОН ДЭЭГҮҮР ГУЛГАЖ БАЙГАА ЮМ ШИГ УНШИГДАХ ЁСТОЙ

– 1999 онд Михаил Веллерийн орчуулга гарсанаас хойш 17 жил өнгөрөхөд та 20 гаруй ном орчуулжээ. Орчуулга хийе, барчих юм байна гэсэн бодол хэдийнээс төрж, хэрхэн бат суув?

– Би наймдугаар ангидаа Сергей Есениний “Белая берёзка”-г орчуулж л байсан. 2009 онд түүврийг нь гаргахдаа түүнийг нь би бараг өөрчлөөгүй. Гэхдээ насны ухаарлаар ганц нэг сольсон л байх л даа. Хойно сурч байх 1972 оноос хойш Есенийг барьж тавьж, 40 жил шаналчихаад, яг бариад суухад 10 хоногт л буулгасан. Гэхдээ би наймдугаар ангид Есенинг орчуулж суухдаа сайхан орчуулагч болох юмсан гэж бодоогүй.

Михаил Веллерийн “Авсанд хэвтээ хүн” бол тухайн үедээ зөвлөлтийг шуугиулсан зохиол. Анх Огонёк сэтгүүлээс уншчихаад, үүнийг заавал монголчууд унших хэрэгтэй, ингэж бичиж байж л манай зохиолчид олигтой болно шүү дээ гэж бодсон. Би хойно сурч байхдаа багагүй юм уншиж, ухаан задраагүй юм гэхэд зохиол гэж нэг иймэрхүү юм байх ёстой юм байна гэсэн бодол суусан. “Авсанд хэвтээ хүн”-ийг уншаад энэ хүн яасан зоригтой, задгай бичдэг юм бэ, ингэж бичдэг зохиолч бас байдаг байхнээ гэж бодож байлаа. “Иван Денисовичийн нэг өдөр”-ийг машинаар цохисноор нь уншиж байлаа. Тухайн үед хориотой зохиолыг бичгийн машинаар цохиж тараадаг байлаа. Хүнээс авсан зохиолоо бичгийн машинаар дөрвөн хувь цохиод цааш тараана. Надаас авсан хүн бас дөрвөн хувь цохиод цааш тараана. Тийм замаар тарсан нэг хувийг би үйлдвэрийн дадлага хийж байхдаа танил оюутнаасаа олж уншсан. Тэр бол тухайн үедээ нэг хүн зовлон шаналалаа бичсэн, нойр хүргэсэн эд. Задгай бичсэндээ биш нууж хааж байсан юмыг хүүрнэж, дамжуулсан л төдий болохоос сүртэй зохиол биш шүү дээ. Зохиолыг ер нь зөв уншиж сурах хэрэгтэй. Зөв ойлгож сурах хэрэгтэй. Тэгснийхээ дараа өөрөө зөв бичиж сурах хэрэгтэй. Зохиолыг зөв бичиж сурна гэдэг чинь ямар стил, ямар төрлөөр бичих тухай асуудал.


Яруу найрагч Д.Нямсүрэнгийн хамт. МЗЭ-ийн 70 жилийн ойн үеэр. Төрийн ордон 1999 он

Телевизэд ажилладаг Ж.Эрдэнэцогт (Томоо) намайг сэтгүүлзүйд хөтөлсөн. Дорнодод 10 гаруй жил Ус сувгийн ерөнхий инженер хийчихээд, ардчиллыг дэмжсэн хэргээр хавчаад байхаар нь өргөдлөө өгөөд, 1027 төгрөгний цалинтай ажлаасаа гарч, маргааш нь 650 төгрөгний цалинтай “Дөл” сонины сэтгүүлчээр очиж байлаа. Тэгэхэд Ж.Эрдэнэцогт, Туяа гэдэг сэтгүүлч хоёр надад макет гэж юу байдгийг зааж өгсөн. Тэр үед Ж.Эрдэнэцогт 1912 онд болсон нэг том хөлөг онгоцны ослын тухай юмыг намайг харсаар байтал өөрөө орчуулаад сонин дээрээ тавьчихсан юм. Ж.Эрдэнэцогт маань МУИС-ийн сэтгүүлчийн анги л төгссөн хүн шүү дээ. Тэр хүний орос хэл гэж юу байхав дээ. Тэгсэн хэрнээ орчуулга нь сайхан болчихсон байхгүй юу. Тэгэхээр нь би, энэ муу Эрдэнэцогт орчуулж байхад би ер нь яахаараа чаддаггүй юм гээд “Авсанд хэвтээ хүн”-ийг “хусаад хаячихсан”. Хойно сургуульд сураагүй хүүхэд ингэж орчуулж байхад би яагаад чаддаггүй юм гэсэн цагаан атаа л даа. Ер нь орчуулга хийхэд цаад зохиол нь хүнд түлхэц болох сайн зохиол байх ёстой байхгүй юу. Би ялангуяа онцгой юм эрэлхийлж явдгийг хэлэх үү. Ер нь дан ганц орчуулга ч биш, ерөөс уран зохиол тосон дээгээр гулгаж байгаа юм шиг уншигдах ёстой. Манай ардын дууны үг яахаараа тийм сайхан байдаг юм. Тосон дээгүүр гулгаж байгаа юм шиг болохоор л тэр. Мөсөн дээгүүр биш, тосон дээгүүр шүү. Сэтгэлээсээ хийсэн юм тийм байдаг. Угаасаа орчуулагчийн нэр үлддэггүй юм шүү дээ. Жишээлбэл чи “Морь унасан толгойгүй хүн”-ийг хэн орчуулсаныг мэдэх үү?

– Мэдэхгүй.

– Ингэдэг л байхгүй юу. Д.Лодойдамба гэж хүн орчуулсан. Манайхан А.С Пушкиныг монгол дээр уншчихаад Пушкин өөрөө монголоор ингэж сайхан бичсэн юм шиг боддог улс. Манай Монголчууд орчуулгын зохиолыг үнэлж мэддэггүй юм. Үнэлнэ гэдэг чинь нэг өөр. Ж.Нэргүйд Соёлын гавьяат зүтгэлтэн өгч байгаа чинь нэг юм. Уншигчид Ц.Дамдинсүрэн гуайн орчуулгаар Пушкиныг цээжилнэ гэдэг чинь соёлын гавьяатын шагналаас шал өөр юм байхгүй юу. Миний Дагестаныг орчуулсан Мишигийн Цэдэндорж Соёлын гавьяат зүтгэлтэн байтугай сайн бичээч гэсэн тэмдэг байхгүй. Гэтэл “Миний Дагестан”-ыг уншихад, гадаад нэрүүдийг нь аваад хаячихад монгол хүн биччихсэн юм шиг санагдаад байдгийн учир нь юу юм бэ? Эсвэл Хятадын салхин сарны үлгэр, Эрт эдүгээгийн гайхамшигт сонин явдалуудыг уншихад, хятад нэрүүдийг нь аваад хаячихвал монгол хүн биччихсэн юм шиг уншигддагийн учир нь юу юм бэ? Жишээлбэл манай яруу найрагч Ж.Баяржаргалын салхин сарны шүлгүүд агуу шүү дээ.

“Бие сэтгэлийн төвгийг ариусгаж
Бишрэлт лянхуан дэлбээнд хүж хатгаюу…” 

Тэгтлээ нууцалсан байгаа юм шүү. Ер нь аливаа зохиолыг сайн байна уу, муу байна уу гэдгийг юугаар шалгадаг юм бэ? Нэгдүгээрт зүйр цэцэн үг, хараал, ерөөлийг хэрхэн хэрэглэж байна вэ? Хоёрдугаарт, энэ ариун явдлыг яаж бичиж байна вэ? Хамгийн нандин юм хамгийн нууц байдаг. Хамгийн нууц юмыг хамгийн гоё юмаар далдалдаг. Яахаараа Декамерон өнөөг болтол гайхамшигтай санагддагюм, яахаараа Ромео, Жульетта хоёр тийм гайхамшигтай байдаг юм, яахлаараа Хятадын “Эрт эдүгээгийн гайхамшигт сонин явдалууд” тийм сайхан байдаг юм? Яахлаараа сүүлийн үед дэлхийд олигтой зохиол гарахаа больчихов? Яахлаараа японд 1Q84 мэтийн тийм тэнэг зохиол гараад байгаа юм? Японы сэтгэлгээний уран зохиолоос Д.Дашмөнх орчуулсан даа. Сүүлд Алтанхуяг гэж хүүхдийн өгүүллэгийн түүвэр уншсан. Японы солиотнууд талдаа юм билээ. Тэр хүүхдийн тэгж бичиж байгаа нь буруу биш шүү дээ. Нэгэнт л Жек Лондон шиг, Ги Дө Мопассан шиг бичиж чадахгүйгээс хойш тэр хэв маягаа дагахаас яахав. Гэхдээ Алтанхуягийн тэр ном нь тун сайн болсон байна лээ. М.Цэдэндорж гуай Ломбын Нямаа гуайд өнөөгийн зохиолчид гадаад уран зохиолоос сайн унших хэрэгтэй гэж захисан байдаг биз дээ. Түүн лүгээ адил Алтанхуяг их сайн уншиж байгаа юм билээ.

С.Пүрэв гуай байна. С.Пүрэв гуайн зохиолууд яагаад сөрөг баатруудгүй хэрнээ зүрх хөдөлгөөд байдаг юм? Ги Дө Мопассан шиг, Стендаль шиг, эсвэл миний сүүлд орчуулсан “Цэрэг Чонкин”-ы Войнович шиг дүрийг босгож чадахгүй бол зохиол бичээд хэрэг байхгүй. Зүгээр л сайхан дүрслэлээ бичиж хэрэгтэй. Нүүдэлчин ахуйгаа хадгалсан юмаа л бичээд байх хэрэгтэй. Хөдөө талын баясгалан гэдэг шиг. Д.Нацагдоржийн Хөдөө талын баясгалан, Хуучин хүү чинь тосон дээгүүр гулгаж байгаа юм шиг л уншигддаг даа.

Гэтэл манайхан Расул Гамзатов өөрөө, Ф.Оссендовский өөрөө монголоор биччихсэн юм шиг боддог. “Хүн, араатан, бурхад” дээр “Морьдын туурайд цасны цой шажигнана” гэж гардаг даа. Тэр “цасны цой” гэдэг үгийг Оссендовский өөрөө сонгоод тавьчихсан юм шиг манайд ойлгодог. Тийм учраас манайд орчуулагч нь үлддэггүй. Жинхэнэ соёлтой оронд сайн орчуулагчийг сайн зохиолчоос илүү гэж үздэг. Учир нь юу гэхээр цаад хэл дээр бичигдсэн юмыг нааш нь орчуулахын тулд заавал сайн юмыг нь олох ёстой болдог. Тэр үндэстэндээ гайхагдчихсан, өөр хэд хэдэн орон дамжаад гайхагдчихсан бүтээлийг сонгодог. Тэндээ үнэлэгдчихсэн юмыг энд үнэлэгдтэл нь буулгана гэдэг орчуулагчийн үүрэг. Өмнө нь зохиолч, орчуулагч хүмүүс коммунист ёс суртахуунд хүмүүжүүлэх, үзэл сурталд үнэнч байх, бие бялдарын хүмүүжил олгох гэх мэт юмыг сурталчилсан зохиолыг бичиж, орчуулах ёстой байж. Тэр нь бас үүргээ гүйцэтгэж. Жишээлбэл, манай Д.Содномдорж гуайн шүлгүүд байна.

“Дэгээ төмөр шиг хоёрын тоо
Дэгдээд ирлээ цаанаас чинь
Гүйцлээ шүү, гүйцлээ шүү,гүйгээрээ…”
гэхээр л эргээд харах нь холгүй зарсхийдэг байлаа шүү дээ. Энэ чинь л социалист уран зохиолын хүмүүжлийн ач холбогдол шүү дээ.

Д.Нацагдорж харанхуй бүдүүлэг, бөөс хуурстай гэгддэг нийгмээс сугарч гараад Европ ороод л ирсэн шүү дээ. Тийм сүйдтэй олон жил болоогүй. Тэгсэн мөртөл тэр Харанхуй хадыг нь бод л доо. Алтан цохоос эхлээд тийм хэлбэрийн зохиолыг маш их уншсан нь Харанхуй хаднаас харагддаг шүү дээ. Д.Сүхбаатар 31-хэн насандаа хувьсгал хийгээд алуулсан. Д.Нацагдорж дэлхийн уран зохиол гэж ийм юм байдгийг монгол хэл дээр харуулчихаад 30 гаруйхан насандаа яваад өгсөн.

МАНАЙ НИЙГЭМД ТҮҮХИЙН ЦАГААН ХУУДАС МАШ ИХ БАЙНА

– Таны орчуулгын сонголт тун өвөрмөц байдаг. Монголтой холбоотой аян замын тэмдэглэлүүд ч гэх юм уу, яруу найргийн орчуулга ч гэсэн. Жишээлбэл Саддам Хусейн удирдагч байж байгаад, нутагт нь Америкийн цэрэг ороод нохойн үхлээр үхсэн. Түүнийг аймшигтаймангас болгох ажил барууны хэвлэл мэдээллээр хүч авч байхад та Саддамын зохиолыг орчуулж байсан…

– Би Саддамыг үхэхээс өмнө “Забиба, Хаан хоёр”-ыг орчуулсан. 2006 оны наймдугаар сард орчуулж дууссан. Намайг орчуулаад эхэлчихсэн хойно Японд Саддам Хусейны нэг шүлэглэсэн роман хэвлэгдсэн юм. Би урьд нь Саддам Хусейнийг зохиол бичдэгийг нь сонссон. Улс төрийн талаар эсэргүүцэгчид нь Саддам Хусейн хүнээр бичүүлчихээд өөрийнхөө нэрийг тавьдаг юм гэсэн ойлголт өгдөг байсан юм.“Забиба, Хаан хоёр”-ын хувьд өөрийнхөө амьдралыг биччихсэн эд шүү дээ. Хайр сэтгэлийг төр барих ухаантай холбож, дорнын ухаанаар сүлжчихсэн юм л доо. 2005 оноос өмнө “Авсанд хэвтээ хүн”, Эдуард Тополийн “Кремлийн эзэгтэй”, Фердинанд Оссендовскийн “Хүн, араатан, бурхад”-ыг орчуулсан. Намын ажил хийж байгаа гээд улс төр хийгээд л солиороод, архи уугаад явж байсан. Тэгээд 2005 онд М.Энхсайханыг өмөөрсөн хэргээр намаас хөөгдөөд ажилгүй суухдаа л Айн Рендийн “Капитализмыг өмөөрөхүй”-гээс эхлэн идэвхтэй орчуулгаар дагнасан. Над шиг хазгар доголон, тамхи татах, архи уухаас өөр юм хийж чаддаггүй, сайн хэлбэл цаг, телевиз, бичгийн машин л засаж чаддаг хүн чинь хотод цаас нухаад байвал мөнгө олж болох юм биш үү гэсэн бодол төрсөн. Үүнээс хойш зургаан жил ажилгүй суухдаа жилд заримдаа гурван ном гаргаж байлаа.

Орчуулгын сонголтын хувьд нэгдүгээр өөрт таалагдсан байх ёстой. Чиний сэтгэлийн утсыг тонхийлгэх ёстой. Хоёрдугаарт, уншигч маань хэн билээ гэж бодох ёстой. Нөгөө талаас нь харвал манай нийгэмд түүхийн цагаан хуудас маш их байна. Ялангуяа намайг орчуулгаа эхлэх үед юун ч мэдэгдэхгүй үйл явдал маш их байсан. Жишээлэхэд, миний “Алтан ордны яруу найраг” номын өмнөтгөлд Алтан ордны үеийн түүх бий. Бавуугийн Лхагвасүрэн хэлсэн юм. За яахав ээ, чи тэртэй тэргүй шүлгийг нь сайн орчуулдаг юм чинь, перс шүлгийн хэлбэртэй л сайхан шүлгүүд байна лээ. Харин өмнөх үг нь айхтар юм билээ гэж. Алтан ордны түүхийг манайх ердөө мэдэхгүй. Хөдөөгийн Пэрлээ гуай 1940-өөд оны сүүлээр хойно оюутан байхдаа судлаад эхэлсэн чинь буруудсан. Алтан ордны түүхийг судалсан учраас тэндээс 1953 онд хөөгдөж ирсэн. Тэр үед шинэхэн Их сургуулийн дэргэд эрдмийн зөвлөл байгуулагдаад байж. Эрдмийн зөвлөлийнхөн монгол хүнээрээ эрдмийн зэрэг хамгаалуулахаар ярилцаж байгаад, Хөдөөгийн Пэрлээ хөөгдөөд ирж байгаа, түүгээр хамгаалуулъя гэж тогтсон гэдэг юм. Тэгээд Пэрлээ гуайгаар хамгаалуулсан. Тэгэхээр бид тэр цагаан толбыг олох ёстой. Манай дундад зууны үеийн түүх юу нь мэдэгдэхгүй үе байлаа. Зөвлөлтийн Коммунист төв намын хорооны түүхийн хүрээлэнгээс даалгасан юмыг л орчуулж болно, уншиж, судалж болно. Манжийн түүх, Алтан Ордоны Улсын түүхийг судлах эрхгүй үе байлаа.

Бид чинь албан ёсоор хүлээсэн үүрэггүй боловч, хүн болж төрсний, орчуулагч болж төрсний, хэдэн төгрөг чангааж буйн хувьд үүрэг гэж байх ёстой шүү дээ. Жишээлбэл, Цэрэг Чонкины адал явдалыг дүр гэж юу байдаг юм бэ, нийгмийг яаж шоолж болдог юм гэдгийг залуучуудад харуулахын тулд орчуулсан. Өмнөх нийгмийн үед нийгмийг шүүмжиллээ гэж Р.Чойном шоронд орсон. Тэгвэл өнөөдөрийн эрх чөлөөтэй нийгэмд тийм шүүмжлэл гарахгүй байна. Өнөөдрийн нийгэм шиг шүүмжлэл хэрэгтэй нийгэм хаана байна? Өнөө агуучуул, мундагчуул, уран үгийн мастерууд маань хаана байна? Үгүй ядахнаа дээр үеийн Тоншуулын шүүмжлэлийн дайтай бичиж чадахгүй гэхэд Чонкины дайтай анекдот болгоод биччих л дээ. Онигоо онигоо чигээрээ уран зохиол болдоггүй. Уран сайхны хэв маяг, хэлбэр дүрсэд орсон хойноо уран зохиол болдог. Тэгж л бодож орчуулсан. Үүний хажуугаар Монголд огтоос танигдаагүй том зохиолчид, нийгэмд шүүмжлэлтэй хандаж, хөөгдөж, шоронд орж явсан хүмүүсийг гаргахыг боддог. Ф.Оссендовский ч юм уу, Э.Тополь ч бас гадагшаа хөөгдөж явсан хүн. М.Веллер ч маш их хавчигдсан хүн. Войнович хөөгдөж гараад гадаадад 12 жил болоод ирсэн хүн. Э.Тополь 1978-1992 он хүртэл 24 жил болоод эх орондоо ирсэн хүн. Ухаандаа ийм л хоёр гурван гол ач холбогдлыг бодож байгаа юм л даа.Нэгдүгээрт, Монголын түүх. Манай нүүдэлчид чинь үнэндээ юмаа бичиж үлдээсэнгүй. Манайд түвд хэлтэй их мундаг соён гэгээрүүлэгчид байсан. Тэд маань түвд хэл дээр шашны зохиол бичиж байснаас биш, монгол ахуйгаа бичиж үлдээсэн юм байхгүй байна. Их л үсэрч нэг ардын дуу бүтээдэг, жалгын ерөөл хэлдэг. Нүүдэлчид, аман юм гэдэг тийм байдаг юм байна. Түүхийг заавал цаасан дээр бичилгүй амаар дамжуулаад байна гэсэн чинь өнөөх нь ач гуч дээр очоод худлаа юм болоод дуусдаг.

Манайх чинь Д.Нацагдоржоо ч яаж үхсэнийг өнөө болтол мэдэхгүй байгаа шүү дээ. Мэддэгүүд нь үхээд дуусахаар тухайн үед нь цаасан дээр л юм бичиж үлдээгээгүй бол тэгээд дуусна. Үгээр бичсэнийг сүхээр цавчиж болохгүй гэж орос ардын үг байдаг юм. Гэхдээ цоорхой бор гэртэй нүүдэлчид номоо хаанаа ч хадгалах юм. Би түрүүн хэлсэн дээ. Бөөс хуурстай монголчуудын дотроос гарсан Д.Нацагдорж гэж. Тэр байтугай, хэзээ хойно 1940-өөд онд Л.Дандар баатар өрөө, гэртээ цэрэг оруулдаггүй байсан гэдэг. Бөөсөө үлдээчихнэ, үүдэн дээрээс ярь гэж загнадаг байж л дээ. Л.Дандар аргагүй шүү дээ. Хойно Тамбовын морин цэргийн сургууль төгсөөд соёлжчихсон, орос авгайтай байсныг хэлэх үү. Үнэндээ ийм шүү дээ. Үнэн юмны нүд рүү эгцлэн харах ёстой, үхлийн нүд рүү эгцлэн харах ёстой гэдэг. Энэ л хоёр юмны нүд рүү эгцэлж хар гэдэг. Түүнээс биш даргынхаа нүд рүү эгцэлж харах гээд байх шаардлага байхгүй.

Сонголтоо одоо ухаалаг хийх цаг болсон. Надад таалагдсан гээд л дандаа “Ор хөнжлийн Орос орон” шиг юм орчуулаад байж болохгүй. Гэхдээ энэ номыг их ухаантай бичсэн юм гэнэ лээ. Америкийн конгресс эрэгтэй хүний бэлгийн чалх хүн төрөлхтөн анх буй болсноос хойш хэрхэн өөрчлөгдсөнийг нууцаар авч хэлэлцсэн байдаг. Түүний үндсэн дээр бэлгийн чалх сайжруулах эм тан гаргахыг зөвшөөрсөн байдаг. Түүний хажуугаар хүний бэлгийн дур хүслийг өдөөх уран зохиол бичих, кино хийхийг бас зөвлөсөн байдаг. Манайхан энгэр зөрүүлэх төдийхнөөр ойлгоод байдаг. Энэ чинь цаанаа их учир шалтгаантай. Олиггүй хийсэн үүлэн борооны ажлаас олиггүй л үр төрдөг гэнэ. Энэ л үндсэн дээр тэр номоо Э.Тополь Америкт байхдаа бичиж, дэлхийд алдаршсан ном.

ОРЧУУЛГА ХИЙХДЭЭ ӨӨРИЙГӨӨ БУСДААС БҮРЭН ТАСАЛДАГ

– Таны түүхэн номын орчуулга чамгүй зузаарчээ. Бараг л Монголын түүхийн бүх үеийг шүргэсэн бүтээлүүд байх шиг?

– Манайхан түүхээ мэдэхгүй бол ойд төөрсөн сармагчинтай адил гэдэг. Төөрсөн биш “ойд төрсөн” гэх байх шүү. Хүн гишгэсэн мөрөө эргэж харж байж алдаагаа засдаг. Төр барих ухаан дээр ямар алдаа гарсан юм гэж.

Саяхан манай нэг хамтлаг, Улаан туг гэдэг дууны аянд “Урвасан хулгай Барон Унгерныг ураа хийгээд дарлаа” гэж д Саяхан манай нэг хамтлаг, Улаан туг гэдэг дууны аянд “Урвасан хулгай Барон Унгерныг ураа хийгээд дарлаа” гэж дуулж байна лээ. Уг дуундаа бол “гамин” гэдэг л дээ. Манайхан гамин гэхээр л Хятад хүн гэж ойлгодог. Гамин гэдэг чинь тухайн үеийн Хятадын хувьсгалт нам буюу Гоминдааны цэргийг л хэлсэн ойлголт. Манай Монголчууд юуг магтахгүй юм гэхэд, юуг муулахгүйгээ сайн мэддэг юм. Дуугай болчихдог. Монголд Барон Унгерныг муулсан дуу байтугай, онигоо байдаггүй юм.

Үзэл суртал ороогүй нийгэмд үе цагийн хүмүүс нь үнэн мөнийг бичиж үлдээдэг. Жишээ нь А.С Пушкины тухай лицейд хамт сурч байсан улсууд нь хамгийн үнэ цэнэтэй дуртгалыг бичиж үлдээсэн. Гэтэл үзэл суртал орсон үед Сүхбаатарын цэргүүд гурван настай галзуу улаан баатар шиг худлаа юм зохиогоод ярьчихдаг.1248 онд Монголоор тэнэж явсан хятад ноёны үзэл суртал гэж юу байх вэ. Ийм нэг сонин тэмдэглэл байсныг Кафаров орчуулсаныг би Монгол хэлэндээ буулгаж, саяхан хэвлүүлсэн Нууц товчооны Палладий Кафаров номондоо оруулсан. 1870 онд Монголоор явж байсан Прежвальскийн үзэл суртал гэж юу байх юм бэ. Их гүрний дээрэнгүй явдал харагддаг л байх л даа. Муухайг нь доош нь хийж, сайныг дээш татдаг ч юм уу, тухайн үеийн хандлага тусах нь бий. Хүн сэтгэл нь хөдөлсөн юмыг аян замын тэмдэглэлдээ бичдэг. Хамгийн гоё сэтгэгдэл, үгээ хайрлахгүй гаргана. Ф.Оссендовский тухайлбал зурам унаад давхиж явсан чогчигын талаар бичсэн байдаг даа. Гэтэл Оссендовскийг Европчууд худлаа бичсэн, санаанаасаа зохиосон гэх нь их байсан. Дорно дахины увидаслаг шинэ чанартай сэтгэлгээ өрнийхны сэтгэлд ердөө буухгүй байсан хэрэг. Гэтэл юм мэддэг улсууд нь Оссендовскийг ХХ зууны Марко Поло гэдэг. Ийм орчуулгын ном худалдаж авдаг хүмүүс бол тэтгэвэрийн биш гэхэд дөчөөс дээш насны, эсвэл яах аргагүй идэвхтэй оюутнууд байдаг. Ямар мэргэжлийн анги нь хамаагүй оюутнууд их сайн уншиж байгаа. Үүнд нь би баярлаж бахархаж явдаг юм. Номын яармагаар хямдралтай ном зардаг гэдгийг мэддэг болчихсон улс гарын үсэг авна, ном олноор нь авна гээд шуурдаг болчихсон байна лээ. Би түүнд үнэхээр баярлаж байгаа. Талх таллаж авч байгаа хүмүүс яахаараа мөнгөө гаргаж, тоолж үзэж байгаад Оссендовскийн хэвлэлүүдээс хатуу хавтастай, өндөр үнэтэйг нь сонгож аваад байгаа юм бэ? Дээр нь хүүхдээ оюунлаг болгохыг байнга хүсэх болж. Чөдөр яаж зангидахыг зааж өгч байгаа чинь хүүхдээ оюунлаг л болгож байгаа хэрэг шүү дээ.

– Яруу найраг орчуулах, үргэлжилсэн үгийн зохиол орчуулах, уран зохиолын бус бүтээл жишээлбэл аян замын тэмдэглэл орчуулахын хооронд ялгаа нь юу вэ?

– Яруу найраг орчуулах нь амархан. Онгодоо бичсэн юмыг сэтгэл нь хөдөлвөл онгодоор л явуулах юм л даа. Яруу найргийн орчуулгыг тэтгэвэрт гарчихаад эхэлдэггүй юм. Хэрэв сайн хэлтэй бол дурсамжийн номыг 60 байтугай 70 настай ч орчуулж болно. Яруу найргийн орчуулгыг 60 насандаа эхэлдэггүй, хамгийн хөгшиндөө 30-тайдаа эхэлдэг юм. Яруу найргийн орчуулгыг онгодоор хийдэг. Онгод нь орохгүй юм гэхэд залуудаа хийгээд дасчихсан, сурчихсан, мэргэшчихсэн хүн хийдэг. Сергей Есенинийг надаас илүү орчуулсан гэж онгирдог өвгөцүүл зөндөө бий. Яахав үсэг өрчихсөн байдаг юм. Шүлэг болоогүй байдаг юм. Гэтэл Их сургуулийн багш, химич С.Дондог гуай 70 хол гарсан насандаа яагаад тийм агуу орчуулж байна гэхээр хар залуугаасаа А.С Пушкиныг орчуулсандаа байна. А.С Пушкины ихэнх том юмнуудыг нэг бол С.Дондог гуай орчуулсан, эсвэл оролцсон байдаг. Р.Чойномтой андалдаж, архи ууж, авгай хүүхэн хамт эргүүлж явсан хүн юм гэсэн шүү. Тэгэхээр орчуулахгүй яахав дээ. Түүнээс биш 60 гарсан хойноо л яруу найраг орчуулж эхэлнэ гэдэг чинь шар сэмжилж 16-тай охин эргүүлж байгаатай адилхан.

– Орчуулагчийн хөдөлмөр гэдэг чанад дэг, нууцтай байдаг уу? Ер нь лабораторийн нууцаасаа хуваалцаач гэж хэлэх гээд л байна.

– Өрнө дахинд лабораторийнхоо нууцыг битгий задалж бай гэсэн бичигдээгүй хууль байдаг. Тэр нь Монголд хэр нэвтэрснийг мэдэхгүй. Ялангуяа хүн нас явах тусам л лабораторийн байтугай зөв амьдрах, зөв гишгэх хамаг нууцаа үр хүүхэд, нутаг усны залуустай зааж өгдөг монгол ёсон бий. Надад бол нууц гээд байх юм байхгүй. Орчуулга шиг хамгийн ганцаарчилсан уран бүтээл байхгүй. Архины ард ч, тамхины ард ч шүлгийн мөрүүд орж ирдэг. Тэгээд хэлчихсэнийг ингээд хэлчих нь яасан юм гэх мэтээр хажуунаас найз нөхөд мөр засах тохиол зөндөө байдаг. Тэгвэл үгүй ядахнаа манайд орчуулгын талаар шүүмж гардаггүй. Номтой, соёлтой орнуудад бол орчуулгын шүүмж, орчуулгын хэл судлал гэж байдаг. Манайд бол Г.Аким гуайн эрхэлж байсан “Орчуулах эрдэм”гээд цуврал ном бий. Б.Ринчен гуай бас нэлээд зүйл хэлж байсан. Одоо ч хүн хүнд юм хэлэхэд хэцүү болчихсон цаг шүү дээ. Эрдэмтэн бүхэн нь өөрийгөө Ц.Дамдинсүрэн гээд бодчихсон, яруу найрагч бүхэн нь өөрийгөө Б.Явуухулан гээд бодчихсон, зохиолч бүхэн нь өөрийгөө С.Дашдооров гээд бодчихсон ийм үе юм.

Миний хувьд бол орчуулга хийхдээ өөрийгөө бусдаас бүрэн тасалдаг. Тамхиа гайгүй сайн бэлдэж аваад, өрөөндөө ороод суучихдаг. Энэ 20 хуудсыг өнөөдөр дуусгана гэсэн бол дуусгахаас нааш унтахгүйг боддог. Хүн зохиол бичиж байгаад гацчихаад зургаан сараар ч хаячихсан үе байдаг. Роман байтугай өгүүллэгээ хаячихдаг. Харин орчуулга бол хүний юмыг дамжуулж байгаа учраас тэгж хаях эрхгүй. Учир нь нэг нэр томъёог, тухайлбал, “анзааргагүй” гэсэн үгийг дахин дахин хэрэглэх нөхцөлд тэр үгээ л хэрэглэхгүй бол болдоггүй. Гэтэл түүнийг чинь хэдэн сар хаячих юм бол өнөө үгээ мартчихаад өөр үг хэрэглэчихсэн байдаг. Тэгэхээр нөгөө зохиолын чинь амт шимт нь алга болчихно. Орчуулгыг бол ер нь тасралтгүй сууж байгаад, дундуур нь өөр юм оруулахгүйгээр дуусгахгүй бол стиль, хүүрнэлийн өнгө аяс нь хадгалагдахгүй. Одоо ухаандаа Э.Тополийг орчуулж байснаа дундуур нь Войновичийг аваад орчуулчих юм бол нэгэнд нь нөгөөгийн өнгө аяс ороод ирдэг. Хүүрнэлийн өнгө аяс гэдэг чинь шүлгийн хэмнэлтэй их адилхан шүү дээ. О.Цэнд-Аюушийн шүлэг, Ц.Доржсэмбийн шүлэг, Я.Баяраагийн шүлэг өөр өөрийнхөө аяар уншигддаг. Үүн шиг хүүрнэл зохиолын өнгө аясыг алдчихаар зохиолын гол судас нь тасарчихдаг. Би тухайлбал Айн Рэндийн “Атлантын нуруу тэнийв”-ийг орчуулж байхдаа шөнөдөө хоёрхон цаг унтдаг байсан. Авгай өглөө найман цагт хичээлээ заах гээд хотын төв рүү гарна. Тэгэхийн тулд зургаан цагт босно. Би цуг босно. Хүн ажилдаа явахдаа баяртай гарч, орой гэртээ баяртай орж ирэхийг чинь л аз жаргал гэж байгаа шүү дээ. Дөч гаруй шушмаад ном заах гээд гарч байгаа хүнийг унтаад, хурхираад үдвэл ямар байдалтай гэрээс гарах билээ? За тэгээд л сууна даа. Өдөржингөө сууна. Орой авгай иртэл дураараа сууж байгаад хоолоо идээд ахин сууж, үүрийн дөрвөн цаг хүртэл ажиллана. Тэгж байж л улаан шугам нь, судас нь тасрахгүй. Хоёрдугаарт, дээр дурьдсан Д.Нямсүрэн шиг бичсэнээ амандаа байн байн уншдаг. Номын нэр, гарчиг, дэд гарчигийг нь ч хамаагүй унших хэрэгтэй. Хоолойд торохгүй амархан л хэлэгдэж байвал сайн. Үг сонголтыг ч мөн адил. Одоо болтол буруу орчуулчихжээ гэсэн тохиолдол надад зөндөө таардаг. Тухайлбал В.Высоцкийн “Нервы” гэдэг шүлэг, дууны үгийн түүврийг би “Бухимдал” гэдэг нэрээр гаргасан. Одоо ингээд бодоод байхад Бухимдал биш Бачуурал гэдэг байж гэж санагддаг. Энэ их сайхан үг байна энүүнтэй чинь ижил утгатай ямар үг байдаг билээ гэдгийг нэгжиж бодох хэрэгтэй. Дараагийн нэг чухал зүйл нь орчуулах гэж байгаа номоо эхлээд заавал бүтнээр нь унших. Нэгээс хоёр удаа унших хэрэгтэй. Тэгж байж амин сүнсийг нь ойлгоно. Ямар хэв маягаар орчуулах вэ, шууд хөнгөхөн бүжиглэж байгаа юм шиг явчих уу, аль эсвэл Ф.М Достоевский шиг хүндээр явах юм уу гэдгээ тогтоно. Сайхан ном гэж дуулаад шууд бариад авдаг хүн байдаг л гэсэн. Тэгж ердөө болохгүй. Амин судсыг нь ойлгож, амин судсыг нь барьж, бодолд орж байж эхэлнэ.

Орчуулагчийн ганц зөвлөгчбол толь бичиг. Эргэлзээтэй үг байвал заавал харж байх ёстой. Оросууд “В тихом болоте черти сидят” (Чимээгүй намаг дотор ч өтгөрүүд сууж байдаг) гэж хэлдэг. Үүнийг дүйлгээд монгол хэлээр “Дуугай хүний доодох нойтон” гэж орчуулахаас аргагүй. Иймэрхүү зүйр цэцэн үг, хуучин үгсийг айхтар том орчуулагчид үгчилээд буулгачихсан инээд хүрмээр байтугай уур хүрмээр тохиолдолууд байдаг. Гэхдээ монгол ахуйтай холбож байна гээд байцайтай шөлийг таван цулын шөл гэж орчуулаад байх нь бас хаашаа юм. Орчуулгаар дамжуулаад цаад үндэстэн, ард түмний ахуйг бид мэдэж авч байгаа. Дээрх шиг орчуулгаас монгол уншигчид “Оросууд чинь бас манай Монголчууд шиг хонины гэдэс иддэг юм байна шүү дээ” гээд ойлгочихвол яах юмб.

– Сүүлийн үед гарч байгаа орчуулгуудын гол алдаа нь үгийн оронд үг зоохоос биш, утга агуулга, мэдрэмжийг харгалзахгүй байх шиг санагддаг…

– Тийм. Тухайлбал би Алтан ордны яруу найраг номын өмнөтгөл доторх Христийн шашны санваартнуудад зориулж гаргасан зарлигийг “за нэг иймэрхүү хэв маягтай байх болов уу, хуучны Марко Пологийн орчуулга нэг иймэрхүү хэв маягтай байдаг даа” гэж бодож орчуулсан. Марко Полог гэтэл хэн эхэлж орчуулсан билээ? Өнөөх л Д.Нацагдорж маань. Бид түүнээс цаашихыг мэдэхгүй. Ц.Дамдинсүрэн хуучин монгол хэлнээс шинэ монгол хэлнээ орчуулав гэсэн байдаг даа. Түүнээс биш 13 дугаар зууны тухай түүхэн кинон дээр “энэ асуудлыг дараа авч хэлэлцье” гэх мэтээр яриад байж болохгүй. Эртний зохиол орчуулахдаа улаан цайм сүүлд орж ирсэн, утга шилжсэн үгийг хамаагүй хэрэглэсэн байдаг. Энэ бас л оновчгүй юм. Ер нь манай уран зохиолд судалгаа хэрэгтэй байна. Шүүмжлэх яахав. Шүүмжээр юм олохгүй. Залуучууд судалгаа уншиж байж л монгол хэлтэй зохиолч болно. Манайд уран зохиолын судалгаа өндийж ирэх гээд л байна. Уг нь манай дээр үеийн сайн орчуулгуудын олзыг нь ялгаад тавьчихсан байвал шинээр орчуулж байгаа улсад их хэрэгтэй дээ.

Нөгөөтэйгүүр редакторын асуудал босож ирлээ. Юуны төлөө манай Монголчууд редактор гэдгийг ариутган шүүгч гэж нэрлэсэн юм бэ? Мөн ч сайхан нэр шүү. Гэтэл манайд одоо редакторт өгөх хөлс мөнгөний боломж ч муу байна, хоёрт, редакторын ажлыг төдий л ойшоохоо больж, редакторууд нь ч гэсэн хүнийрхүү ханддаг болсон байна. Их сайн найзынхаа хүүхдийн орчуулгыг редакторлосон нэг том зохиолчийг би мэдэх юм. Дэндүү хүнийрхүү хандсан байдаг. Үгүй ядахнаа үг үсгийнх нь алдааг засаад өгч болно биз дээ? Ер нь бол нас ахисан мань мэтэд хүний юмыг засаж суухаас өөрийнхөө юмтай зууралдаж суух нь дээр л дээ. Гэхдээ редакторын хувьд нэг ийм тусгүй хандлага хаана хаанаа байна аа.

ШҮЛЭГ ЧИНЬ ҮЛДЭХГҮЙ БАЙВАЛ ЯАХ ЮМБ?

– Үндэстний уран зохиолд үгүйлэгдэж буй зүйлсийн талаар хэлэх хүний нэг нь та мөн байх аа…

– Аливааг үнэн төрхөөр нь, мөн чанараар нь ухаарч, хэрэгжүүлэх явдал дутмаг санагдах юм. Айн Рэндийн мөн чанарыг ойлгохгүйгээс болж Америкчууд хэд хэдэн кино хийсэн нь амжилтгүй болсон. Манайхан Рэндийн зохиолыг хувиа хичээх үзэл, аминч үзэл гэж ойлгоод байна. Угтаа бол ухаалгаар биеэ даах үзэл юм л даа. Аливаа нэр томъёог буруу орчуулах юм бол үйлдэл нь буруу болдог. Ойлголт нь буруу болдог. Бие дааж амьдрах, хөл дээрээ босох тухай үзлийг Б.Батчулуун нь ч, Д.Сосарбарам нь ч аминч үзэл гэж төөрөөд байгаа юм. Зөв уншиж, зөв ойлго гэж яншаад байгаагийн учир энэ. Жишээ нь, “Ор хөнжлийн Орос орон”-ыг хормой хотны талаас нь уншчихвал хүчин хийх л хэрэг болно. Нөгөө талаас нь, тэр тансаг үг, үйл явдлын өрнөл, төгсгөл, ер нь хүний харилцаа ямар байдаг юм, ямар үед бууж өгдөг юм, ямар үед бардам байдаг юм гэдэг талаас нь эргэцүүлүүштэй. Ер нь аливаа зохиолыг хамгийн сайн ойлгодог хүн гэвэл нэгдүгээр зохиолч нь, хоёрдугаарт орчуулагч нь байдаг.  Манайхан дэлхийн жишгийг дагах л байлгүй. Гэхдээ дэлхийн уран зохиол шаржигнасан хатуу ааруул шиг болчихоод байхад, ер нь уран зохиол биш утга зохиол голлоод байгаа энэ цаг үед С.Эрдэнэ гуайнх шиг гүн ухаанлаг, амьдралын эргэцүүллээр дүүрэн биш юм гэхэд, Д.Нацагдорж шиг сайхан уран үггүй юм гэхэд ядахнаа нүүдлийн ахуйгаа авч үлдээсэй гэж боддог. Яагаад өнөөдөр “Тунгалаг тамир” шиг роман гарахгүй байна? Нийгмийн өөрчлөлтөд хүний харилцаа яаж өөрчлөгдөж байна, зан ааш хэрхэн хувирч байна гэдгийг “Тунгалаг тамир”-т бүгдийг нь буулгачихсан, хүний дүрийг маш сайн хийсэн байдаг. Үгийн хувьд гологдох нь яахав. Дүрээ их сайн боловсруулсан учраас мундаг туульсын роман болчихож байгаа юм. Дахиад дөрөв, тавдугаар дэвтрийг нь биччихсэн бол мөн ч сайхан зохиол болох байсан байхдаа гэж би боддог.


Зохиолч Готовын нямаагийн хамт. МонЦАМЭ агентлаг. 2003 он.

Манай залуучууд цоо шинээр бичиж, цоо шинээр төлөвшиж байна. Социализмын үеийн чиг шугам алга болоод өөрсдөө жинхэнэ уран зохиолыг төлөвшүүлэхийн төлөө зүтгэж байгаа учраас одоо залуучуудыг буруутгах ямар ч арга байхгүй. Ямар урсгал нь орж ирнэв, тэр нь орж ирэг. Гагцхүү жаахан чанартай бодож хийх. Нэг өгүүлбэрээ үгүй ядахнаа тав дахин уншаасай. Би л гэхэд “Хүн, араатан, бурхад”-ыг зургаа дахь удаагаа хэвлэсэн. Зургаа дахь удаагаа засвар хийж байгаа. Манайхан гэтэл зургаа дахь хэвлэл гэхээр хавтасыг нь л сольсон байна, өөр юу байгаа юм гэдэг. Би номоо зарж мөнгө авах гэж л байгаа бол чанартай юм өгөх ёстой шүү дээ. Ингэж л хандах ёстой учраас одоо хүртэл засаад байдаг юм.

– Таны “Хүмүүсийн тухай роман” гэж бий. Хүмүүсийн тухай хөрөг дурсамжуудаа нэгтгэж роман болгон зангидах санаа яаж төрсөн бэ? Яагаад заавал романгэж нэрлэсэн юм бэ?

– “Хүмүүсийн тухай роман” гэдгийг чинь зүүдэлсэн юм. Дорнодод инженер байхаасаа л сонин сэтгүүлд хөрөг таталбар бичиж байсан. Аймгийн сонин, “Ил товчоо”-нд ч бичиж л байсан. Хүний хөрөг бичихэд заавал сул талыг нь оруулах хэрэгтэй гэсэн яриа бий. Горький ч тэгж хэлсэн байдаг. Манайхан бас түүнийг нь их дуурайсан. Авгай хүүхдээ сольсон ч юм уу, найз нөхдөдөө муухай аашилдаг, архи уухаараа агсамыг нь ч юмуу заавал бичээд яах юм гэж би бодсон. Хүнийг муулах түмэн шалтгаан бий. Харин магтах, авч үлдэх, төлөөнөөс нь баярлах ганц хоёрхон шалтгаан байвал тэрнийг нь олж харах ёстой. Тэгээд надад нэлээд хөрөг цуглачихсан юм. О.Дашбалбарын тухай амьдад нь хоёр ч хөрөг бичсэн. Өнөөх хөргүүдээ боогоод ном болгохоор шийдлээ. Юу гэж нэрлэе дээ гэж нэлээд бодсон. “Нөхөд гэдэг ноход” гэж нэр бодож олов. Араатны дотроос хамгийн үнэнч нь нохой. Манай ноёд нохойгүй байсан. Борчуул нь л нохойтой байдаг. Ноёдын хувьд ноход нь хамжлагууд. Нөхөд гэдгийг би тийм утгаар нь аваад номоо нэрлэе гэтэл Готовын Нямаа ах хэлж байна:  “Наадахыг чинь хүмүүс ойлгохгүй. Нэг муу урдаг хаздаг нохойны дайтай ойлгочихно, хэрэггүй гэлээ. Готовын Нямаа гэж сайхан богино хэмжээний зохиолын мастер хүн байлаа. Хүүрнэж байгаа, хүний сэтгэлийн шаналанг гаргаж байгаа нь Чингиз Айтматовтой дүйж очно. Тэгээд л шаналаад л яваад байсан. Сүүлд нь хэд хэдэн хөрөг ч нэмээд хийчихлээ. Гэтэл нэг шөнө зүүдэллээ. Бүр оросоор зүүдэлсэн. “Роман о людях” гэж зүүдэлсэн. Хүмүүсийн тухай роман гэж яг энэ үгний орчуулга биш. Гэхдээ арай илүү элгэмсүү болсон болов уу гэж би боддог юм. Зүүдэлсэн юм их сайхан. Их шаналж яваагийн шинж юм байх л даа. Бурхан хэлж өгч ч байгаа юм уу. Бүү мэд. Энэ номын хөрөг бүхэн нийлээд нэг роман болж байгаа. Бас үргэлжлэлтэй. Нэг байтугай хоёр ч ном болчихоор хөрөгнүүд одоо надад байна. Сайн болсон нь ч байна. Шар Мийгаагийн тухай, Хар Бат-Оршихынхоо тухайг гайгүй болсон гэж боддог. Гэтэл хажуугаар нь орох юмнууд нь гологдоод байгаа. Хоёрдугаартаа одоо дахин биччихмээр хэд хэдэн сайхан хүмүүс байгаа юм. П.Мэлс гэж миний найз байсан, Монголын уран зурагт тод мөртэй зураач. Зураач А.Бат-Эрдэнэ байна, дуучин Ш.Чимэдцэеэ байна. Энэ хэдэн айхтар хүний тухай заавал босгоно гээд өөртөө амлачихсан. Тэгээд хийж ч чадахгүй, дараачийнхыг нь гаргаж ч чадахгүй яваад байна. Гуравдахид нь оруулна гээд хойшлуулчихвал, бичиж амжилгүй мажийчихвал хайран биз дээ?

Их юм хийнэ гээд зорилго тавьчихвал үхдэггүй юм гэсэн. “Хүмүүсийн тухай роман”-ы хамгийн отгон хөрөг нь Б.Галсансүхийнх. Б.Галсансүхийг саяхан хүртэл төдий л сайн таньдаггүй байсан. Өмнө нь би Б.Галсансүхийн тухай “Н.Нямдорж гуайн орчуулсан сайн франц шүлэг байсан байх, эсвэл өөрөө франц хэл үздэг байх. Түүний шүлгүүд яах аргагүй франц байна” гэх утгатай зүйл нэг юман дээрээ дурдчихсан байсан юм. Тэгээд 2008 оны үед Д.Ган-Очироос Галсансүхийг сураглатал өөрөөс нь хоёр гурван номыг нь аваад ирлээ. Тэр номуудыг нь тэр шөнөд нь сууж уншаад, маргааш шөнө нь сууж бичээд, Б.Золбаярт өгтөл Өдрийн сонинд тэр дор нь гаргачихсан. Сонин гарсан орой Б.Галсансүх утасдаж байна. “Нэргүй ах аа, би өөрийнхөө агууг таниас л мэдлээ” гэж байна. Тэр шүүмжийг Ч.Билэгсайхан ах “гайхалтай задлал” гэж үнэлж бичсэн, Барын Цэдэв гуай “Ж.Нэргүйг зүгээр нэг яруу найрагч гэж бодсон чинь судлаач юм байна. Даанч анхнаас нь яваагүй байна” гэсэншүү үнэлгээ өгсөн. Үүгээр би өөрийгөө магтах гээд байгаа юм биш. Хамгийн гол нь өөрийнхөө агуу юм хийснийг Галсансүх шиг мэдээгүй яваа хүн байдаг гэж л хэлэх гэсэн санаа.

– Таны их юм хийх зорилго зөвхөн орчуулга биш байх аа. Өөрийн уран бүтээлдээ юуг төлөвлөж байна ?

– Байлгүй яахав дээ. Дандаа л хүний юм дамжуулж явна гэж юу байхав. Нутагтайгаа холбосон ёстой нэг сайхан туульсын роман хар багаас тархинд бичигдчихсэн яваад байдаг. Тэгээд арай хурдан мөнгө олох нь орчуулга юм даа гэж бодох юм. Би хэзээ хүүрнэл зохиолчийн хувьд нэрд гараад, хэзээ тэрүүгээрээ мөнгө чангаагаад, ном маань олон хувь хэвлэгдээ билээ…

– Мөнгө чангаах яах вэ. Бичих нь чухал биш үү?

– Үгүй. Тэгж болохгүй. Нэгэнт цаг зарж л байгаа бол мөнгө чангаах давхар санаа хажууд нь явахгүй бол болохгүй шүү дээ. Би яруу найргаа бичсээр байгаад ядуу чигээрээ үхнэ гэдэг чинь залуу насны хангал бодол. Шүлэг бичих гэж тархин доторхи саарал бодисоо ажиллуулж л байгаа бол, цаг зарж л байгаа бол түүнийхээ хажуугаар мөнгө олох ёстой биз дээ? Мөнгө олох гол нь биш гэж ирээд л хүмүүс ярьдаг юм. Би тэрэнд дургүй. Юмаа л үлдээж байвал болоо гэдэг юм. Шүлэг чинь үлдэхгүй байвал яах юмб?

Ярилцсан: Б.Баясгалан, Я.Баяраа

Эх сурвалж: Монголын Зохиолчдын эвлэлийн ЦОГ сэтгүүл

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Noyon soliotiin udriin temdeglelerhuu yum yarijee

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*