Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Хайлаар, Чита, Чойбалсанг холбосон аялал жуулчлалын коридор байгуулна

Монгол, Хятад, Орос улсын “Тинк Танк” холбоо байгуулагдаад дөрөв дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Энэхүү холбоо нь гурван улсыг холбосон аж ахуй, эдийн засаг, хүмүүнлэг, экологи, дэд бүтэц, бүс нутаг гээд бүхий л чиглэлийн үйл ажиллагаанд зөвлөн туслах зорилготой юм. Тус холбоо жил бүр үр дүнгийн хурал хийдэг аж. Анхны үр дүнгийн хурал 2015 онд Монгол Улсад зохион байгуулагдсан бол дараагийн жилүүдэд Орос, Хятад улсад хуралдаад, энэ жил Монгол Улсад хуралдаж байна. Гурван орны эрдэмтэн, судлаачид Монгол Улсын их сургуулийн төв номын санд чуулж байгаа юм.

Ингээд өнгөрсөн гурван жилийн ажлаа энэ удаад дүгнээд, “Тинк Танк” холбоонд шинэ төлөөлөгч нэмэх нь зүйтэй гэж холбооны удирдлагууд үзсэн байна. Тиймээс Монголын талаас Үндэсний хөгжлийн газар, Хятадын талаас хэд хэдэн мужийн захирагчийг, ОХУ-аас Чита мужийн орон нутгийн удирдлагыг “Тинк Танк” холбоонд нэгтгэжээ. Хөрөнгө оруулагч, орон нутгийн удирдлагууд, эрдэмтэн судлаачид нэг зорилготой болсноор холбооноос гарч буй шийдвэр илүү бодитой ажил болоход түлхэц өгнө гэж уг холбооныхон төлөвлөж байгаа аж.

МУИС-ийн Газар зүйн тэнхимийн эрхлэгч В.Батцэнгэл:

-“Тинк Танк” холбоо Монгол Улсад хэрэгжих боломжтой хоёр төсөл дээр төвлөрч байна. Нэгд, босоо тэнхлэгийн дагуу Монгол Улсын дамжин өнгөрөх тээврийн коридор байгуулах тухай. Хоёрт, Хайлаар, Чита, Дорнод аймгийн Чойбалсанг холбосон аялал жуулчлалын коридор байгуулах төсөл дээр анхаарч байна. Ялангуяа аялал жуулчлалын коридор байгуулах тал дээр Хятадын тал ихээхэн санаачилга гаргаж байгаа. Гэвч Монгол Улс дэд бүтцээ сайжруулах зайлшгүй шаардлага байна. Дэд бүтэц байхгүй учраас жуулчид Буйр нуурт тулаад буцаж байгаа. Дорнод аймагт байгалийн түүх дурсгал, өвөрмөц сонин тогтоцтой газрууд байгаа боловч зочид буудал, жуулчны компани, зам тээвэр хангалттай хөгжөөгүй тул нөөц боломжоо төдийлөн ашиглаж чадахгүй байна. Угтаа “Буйр” нуурт ирж байгаа жуулчдын их урсгалыг монголоор дамжуулах юм бол эдийн засагт ч эерэг дүн авч ирнэ.

Монгол, Хятад, Орос улсын “Тинк Танк” холбооны ОХУ талын удирдагч В.О.Бацаров:

-Өнгөрсөн дөрвөн жилд гурван улсын шинжээчид хоорондоо нарийн холбоо тогтоож чадсан. Гурван улсын эдийн засгийн коридор байгуулахын тулд Монгол Улс хохирол амсахгүй, эрсдэл үүрэхгүй байх ёстой.

Монгол, Хятад, Орос улсын “Тинк Танк” холбооны Хятад талын удирдагч Ян Чэн Хуа:

-Би хоёр дахь удаагаа Монголд ирсэн. Энэ форумд оролцсоны дүнд олон эрдэмтэн, судлаачидтай танилцлаа. Гурван улсын форумаар дамжуулаад эдийн засаг бизнесийн ажиллагаанд түлхэц өгч байна гэж би хувьдаа дүгнэж байна. Хайлаар, Чита, Дорнод аймгийн Чойбалсанг холбосон аялал жуулчлалын коридор байгуулахад анхаарал хандуулж байна. Мөн “Нэг бүс, нэг зам” санаачилгыг хэрэгжүүлэхэд түлхэц өгөх эдийн засгийн коридор байгуулах тал дээр ч анхаарч байна.

Төмөр замын ачаа тээврийг 48 сая тоннд хүргэх боломжтой

Хэлэлцүүлэг мөн “Хятад, Монгол, Орос: Тээврийн дэд бүтцийн тэргүүлэх ач холбогдол бүхий төслүүдийн хэрэгжилт” сэдвийн дор өрнөсөн юм.

Гурван улсыг холбосон эдийн засгийн коридор ажиллаж эхэлснээр Улаанбаатар төмөр замаар тээвэрлэх ачаа 2020 онд 48 сая тонн, 2030 онд 76 сая тоннд аваачих боломжтой ажээ.

Академич, шинжлэх ухааны доктор, МУИС-ийн профессор Т.Дорж “Энэхүү форум нь харилцан ашигтайгаар хамтдаа хөгжих боломж бололцоог эрэлхийлж байгаа юм. Хятад, Монгол, Оросын Тинк танк олон улсын холбоо нь дотроо эдийн засаг, тээврийн бүс, хөдөө аж ахуйн гэх зэрэг олон чиглэлтэй. Эдийн засгийн коридорыг байгуулахад эрдэмтэн, мэргэжилтнүүдийн оролцоо нэн чухал. Энэ үүднээс уг Тинк танкуудын форумыг зохион байгуулдаг.

Монгол, Орос, Хятад гурван улсын төрийн тэргүүдийн уулзалтын үеэр хөгжлийн асуудлыг судлах, хэрэгжүүлэх, үйл ажиллагааг бэхжүүлэхээр 32 хөтөлбөрийг баталсан. Эдгээрийн 13 нь тээврийн дэд бүтцийн төсөл, тэр дундаа долоо нь зөвхөн Монгол улсын тээврийн дэд бүтэцтэй холбоотой. Бид эрдэс, түүхий эд, хөдөө аж ахуйн бараа, бүтээгдэхүүнээ гадагш гаргахад тээврийн хэрэгсэл гол үүрэгтэй байх нь ойлгомжтой. Монголд тээврийн гурван дэд бүтэц байна гэж үздэг. Одоогийн Алтанбулаг-Замын Үүдийг холбосон дэд бүтэц, баруун дэд бүтцийг Орос, Хятадын дэд бүтэцтэй холбох, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийг хамарсан зүүн дэд бүтцийг хөгжүүлэх боломжтой.

Манай улс жилд 25 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай. Цаашид тээвэрлэлтийн ачааны хэмжээ улам өсөх хандлагатай байна. Гурван улсын Ерөнхийлөгч нарын уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монголын дэд бүтцээр 100 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой гэж үзсэн.

Хамгийн сүүлд Монголын эрдэс баялгийн бүтээгдэхүүнийг Оросын хилээр хөнгөлөлттэй үнээр тээвэрлэх боломжийг авч ирсэн. Удахгүй зүүн бүсийг Хятадтай холбосон боомт ашиглалтад орох гэж байна.

МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар “Тинк танкын форумын ач холбогдол нь шинжлэх ухаанд үндэслэсэн шийдвэрийг гаргах, гурван улсын ашиг, сонирхлыг харгалзан үзэж, эдийн засгийн коридорыг байгуулах явдал юм. Эндээс гарсан шийдвэрийг холбогдох дээд байгууллагуудад уламжлан хүргүүлдэг. Өнгөрсөн хугацаанд судалгааны болон хамтарсан гурван төслийг хэрэгжүүлсэн. Холбоо маань өөрөө хэрэгжүүлдэг бус шийдвэр гаргадаг байгууллага. Үүнийг практикт холбохын тулд энэ удаад бизнесийн байгууллагуудыг оролцуулж байгаа. Судалгаа, үйлдвэрлэл, бодлого гэсэн цогц асуудлыг хөндөж байна.

Маргааш  гурван улсын эрчим хүч ба нөөцийн ашиглалт, хамтын ажиллагааны талаар үргэлжлүүлэн ярилцана.

С.БАЯРМАА

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*