Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Эрдэмтэн зохиолчийн 110 жилийн ойг тэмдэглэж байна

Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, Ардын уран зохиолч, Төрийн гурван удаагийн шагналт зохиолч, академич Цэндийн Дамдинсүрэн бол орчин цагийн соёл боловсролыг олон мянган жилийн уламжлалт соёлтойгоо зохистойгоор хослуулан хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан шинэ цагийн шилдэг сэхээтний нэг, эгнэгт дурсагдах их эрдэмтэн билээ.

Тэрбээр “Гологдсон хүүхэн” туужаа бичиж монголын орчин цагийн уран зохиолд эгэл жирийн хүний дүрийг анхлан оруулж уламжлалт утга зохиолын дүрслэлийн арга, дүрийн бүтцэд шинэчлэл хийж бясалган номлогч номой дүрээс хувьсган өөрчлөгч тэмцэгчийн дүрийг товойтол гаргаж тавьсан билээ. Түүнчлэн А.С.Пушкины “Үүл”, “Хүрэл хөшөө”, “Полтав”, “Омтгойрон гудамжны үймээнд явагч”, “Алтан загасны үлгэр”, “Олег сэцний дуулал”, М.Лермонтовын “Далбаа”, “Оросын туульсийн их найраглал “Игорын хорооны тууж”, унгарын Ш.Пөтөөфийн “Сүв бүгдээр шургаж”, чехийн Ян Нерудагийн “Зүүн зүгээс гэгээрлээ”, төвд хэлнээс монгол хэлнээ “Янагийн дуулал”, санскрит, төвд хэлнээс “Үүлэн элч” /эхний зургаан бадаг/ зэрэг, өрнө дорнын олон хэлний уран зохиолын бүтээл орчуулжээ. Энэ мэтчлэн олон тооны орчуулга хийсний дээр Ц.Дамдинсүрэн нь шинэ үеийн уран сайхны орчуулгын туршлагыг буй болгосон төдийгүй орчуулгын онолыг хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулсан нь монголын орчуулгын түүхэнд онцгой байр эзэлдэг.

Тэрбээр “Монголын нууц товчоог” өргөн олон уншигчдад танилцуулах зорилгоор утгыг алдахгүй, зохиолын хэл найруулгын онцгой шинжийг гээгдүүлэхгүйг гол болгож, ардын аман зохиолын баялаг уламжлалыг түшиглэн орчин цагийн монгол хэлэнд буулгасан билээ. Энэ нь сурвалж бичгийг эрдэм шинжилгээний үүднээс боловсруулсан арга, орчуулгын хувьд ч чухал ач холбогдолтой бүтээл болсон юм.

Ц.Дамдинсүрэнгийн зохиол бүтээлүүд монгол туургатнаас гадна орос, англи, герман, франц, хятяд, солонгос, чех, мажар, болгар, польш зэрэг олон хэлээр удаа дараа орчуулагдан гадаадын уншигч орчуулагч судлаач олны талархал хүндэтгэлийг хүлээсний дээр шинэ цагийн монголын утга зохиолын туршлага, уран сайхны сэтгэлгээний баялаг уламжлал, түүх, соёлын зангилаа асуудлыг авч үзэхэд судалгааны гол хэрэглэглэхүүн болсоор байна.

Түүний мэндэлсний 110 жилийн ойг өнөөдөр Дорнод аймаг, Улаанбаатар хотод нэгэн зэрэг тэмдэглэж байгаа юм. Аймгийн төв номын сангийн өмнөх түүний хөшөөнд цэцэг өргөх, Монгол хэлний цагаан толгойн 35 үсгийн хүндэтгэлийн самбарын нээлт, Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит Оюуны ундарга шагнал гардуулах ёслол, Номын ертөнц дүрийн тоглолт, Яруу эгшиглэн уран уншлагын уралдааны шагналтнуудын гала тоглолт, Ц.Дамдинсүрэн болон Дорнод нутгийн уран бүтээлчдийн номын үзэсгэлэн, Зохиогч-Уншигчдын уулзалт зэрэг арга хэмжээ болж байна. Харин өнөөдөр Улаанбаатарт Ц.Дамдинсүрэнгийн мэндэлсний 110 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал Улаанбаатар зочид буудлын “Хөх асар” хурлын танхимд болж байгаа ажээ.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Дорнод гуай өгүүлрүүн:

    их зохиолч Ц.Дамдинсүрэнгийн багын анд, Цэнд бичээч гэдэг хүн байсан. Ц.Дамдинсүрэн гуай түүнийг ихэд хүндэлдэг, Цэнд бичээч түүнд их зүйл зааж сургасан гэдэг. Ингээд бодохоор манай Дорнодчууд эртнээсээ бичгийн алдартнууд олонтой байжээ.

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*