Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Монголыг Монголоор нь авч үлдэхийн тулд

Их хүмүүний үйл хэргийг энгийн нэгэн шүүх эрхгүй л гэдэг. Гэхдээ Маршал Х.Чойбалсангийн амьд ахуйдаа өөрийнхөө алдаа гэж үзсэн, ар хойчдоо хэлж үлдээсэн цөөхөн үгсийн нэг юм болов уу гэж бодлоо. Х.Чойбалсан алдар гавьяа, цол гуншингаар ар Монголдоо эгнэшгүй нэгэн байлаа. Тиймийн учир тэрбээр өөрт бурууг өгдөггүй, “миний алдаа” гэх үг амнаасаа унагадаггүй байсан бололтой юм билээ.
Дэлхийн II дайнд Монгол ардын хувьсгалт цэрэг гагцхүү ах дүү Өвөрмонголын ард түмнийг чөлөөлөх гэж орсон тухай олон эх сурвалжид өгүүлдэг. “Бид энэ дайныг хожоо /улсынхаа тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх их гүрнүүдийн тохироо/-той үдсэн ч, улс орны удирдлагын хувьд хойч үедээ хэлэх үгтэй үлдэх гэж бодсон нь бүтсэнгүй” гэх маршалын үг ч байдаг. Нэгэн удаа Х.Чойбалсан дээрх үгээ дэлгэрүүлэн “Дэлхийн дайны голомт руу цэргээ аваад орж явахдаа би Дэ Ван /ар, өвөр Монголыг нэгтгэхийн төлөөх өвөр Монголын тэмцэгч/-г өөрөөсөө түлхсэн нь миний алдаа болсон юм. Эс тэгсэн бол эх Монгол нутгийн минь газрын зураг өнөөдөр өөр байхсан” гэж хэлэн бодлогоширсон тухайд тэмдэглэн үлдээжээ. Монголын газрын зураг шүү.
Мал, тариалангийн яамны сайдаас Сталины “хүчирхэг гар”-аар суга татуулан дэвшсэн гэж шүүмжлүүлдэг Чойбалсан хойд хөршийн удирдагчийн өмнө дандаа сөгдөөд байдаггүй байж. Тэрээр Сталины 70 насны ойд соц орны удирдагчдаасаа ганцаараа очоогүй гэдэг. Мөн Гэндэн шиг Сталиныг алгадаагүй ч, “Би коминтернийг бүхий л зүйлээр дагахаа илэрхийлнэ. Харин улс үндэс язгуурын асуудал дээр өөрийн бодолтой явна” гэж хэлж байжээ. Зарим хүн маршал Х.Чойбалсангийн алдаа оноог, нүгэл буяныг дэнслэх гэдэг. Гэхдээ Чойбалсан бол хүнд хэцүү цагийн ороо бусгаа үед хүчтэний өмнө бөхийсөн мэт явавч, эцэст нь Монголыг Монголоор нь авч үлдэхийн тулд цаг ямагт эх оронч сэтгэлтэй явсан том улстөрч гэх нэгэн академичийн дүгнэлт их оносон санагдав.

Г.Отгонбаяр

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*