Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Аймгийн нэмэх начин Б.Батдорж түрүүлж Арслан цол хүртлээ

Ардын хувьсгалын 97 жил, Дорнод аймаг байгуулагдсаны 87 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улс, аймаг, сумын цолтой хүчит 256 бөх зодоглож, эр бяр, авхаалж самбаа, ухаан мэхээ уралдуулан наадамчин олноо баясгалаа.

Улсын цолтой бөхчүүдээс Д.Анар начин дөрвийн даваанд Дашбалбар сумын начин Бат-Эрдэнэд тахимаа өгч, Үндэсний их баяр наадамд оролцохоор Улаанбаатар хотыг зорин гарсан бол Ж.Гансүх, Д.Цогзолдорж начингууд тавын даваанд өвдөг шороодсон. Энэ жилийн төрийн их баяр наадамд хүч үзэх Дорнод нутгийн бөхчүүд дийлэнх нь аймгийн наадамдаа зодоглож, наадмыг илүү сонирхолтой болгож байлаа.

Наадмын их шөвөг буюу долоогийн даваанд Баян-Уул сумын харьяат Аймгийн арслан Ганболдын Төрмөнх, Булган сумын харьяат Аймгийн харцага Ганбаатарын Эрхэмбаяр, Халхгол сумын харьяат Аймгийн нэмэх начин Бямбадоржийн Батдорж, Баян-Уул сумын харьяат аймгийн начин Ганболдын Төрболд нар үлдсэн.

Долоогийн даваанд Г.Төрмөнх арслан өөрийн ах Г.Төрболдыг амлан авч, улмаар тахимаа өгснөөр зургаагийн даваанд харцага цолны болзол хангасан Г.Төрболд начин амжилтаа ахиулж, Аймгийн заан цолны болзол хангасан юм.

Энэ даваанд тунаж үлдсэн хоёр бөхийн барилдаанд Б.Батдорж начин давснаар аймгийн заан цолны болзол хангасан бол Б.Эрхэмбаяр харцага цолоо баталсан наадам боллоо.

Баяр наадмын үзүүр түрүүнд заан цолны болзол хангасан хоёр начин хүч сорин өрсөлдсөн. Барилдааны цаг удааширсан тул Монгол бөхийн дүрмийн дагуу дан шуудагны барьц сонгуулахад Б.Батдорж начин давлаа.

Ийнхүү Халхгол сумын харьяат, Үйзэн тал ХХК, ХСИС-ийн Соёл, спорт сургалтын төвийн бөх, Аймгийн нэмэх начин Б.Батдорж найм даван түрүүлж, Аймгийн арслан цол хүртэж, Баян-Уул сумын харьяат, Женко, Тулгат бөхийн дэвжээний бөх, Аймгийн начин Г.Төрболд долоо даван үзүүрлэж Аймгийн заан цол хүртлээ.

Ийнхүү энэ жилийн аймгийн наадмаас 1 арслан, 1 заан, 3 начин шинээр төрлөө.

 

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. мөнхэрдэнэ гуай өгүүлрүүн:

    бүх хүчтэнгүүддээ баяр хүргэе

  2. Зочин гуай өгүүлрүүн:

    бүх хүчтэнгүүддээ баяр хүргэе

  3. D.Oyunbaatar гуай өгүүлрүүн:

    Batdorj-d ikh itgel naidvar tavyj baigaa, gemtel avakhaas omno 2016 ky; zaalny barildaand tun sain barildaj nutgiinkhaa neriig olon gargaj talarkhaj, tuuness khoish kharj, demjij yavakh bolson

  4. Зочин гуай өгүүлрүүн:

    Бөөн найраа махан толгойнууд

  5. Sergelen гуай өгүүлрүүн:

    Баяяр хүргэе. Цол дагаж бяр, бас хариуцлага

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*