Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Цэвэр усны нөөцөд “Шинь шинь” халдаж эхлэв үү

Дорнод аймгийн Дашбалбар сумын улааны холимог металлын гэхээсээ илүү Мардайн ураны бүлэг орд гэхээр төдийгүй дэлхий дахин мэдэх ашигт малтмалын нөөц бүхий газрыг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинь шинь” гэх компани эзэмшээд, уурхай байгуулан ажиллаад удаж байна. Мордохын хазгай гэгчээр тусгай зөвшөөрөл авахаасаа эхлээд нэлээд хэл ам дагуулж, химийн хортой усаараа Сэвсүүлийн хөндийн цэвэр усны нөөц газрыг бохирдуулдаг хэмээн нутгийн иргэд үзэж, тэмцэж буй билээ. УИХ-ын гишүүн асан, “Мон-Атом” компанийн захирлаар ажиллаж байсан Р.Бадамдамдин “Шинь шинь”-ийн хятадуудад тусгай зөвшөөрлийг нь авч өгсөн гэдэг. Ингэхдээ Улааны орд газарт лиценз эзэмшигч “ДСД Жаргалант” компанийн эрх бүхий албан тушаалтны гарын үсгийг хуурамчаар үйлдсэн тухай мэдээлэл ч сөхөгдөж байсан юм. Энэ бүхнийг хууль хяналтын байгууллага шалгаж, “ДСД Жаргалант” компанийн тусгай зөвшөөрлийг хуурамч баримтаар авсан болохыг 2011 онд Баянгол дүүргийн шуүхийн 1465 дугаар шийдвэрээр тогтоож, “Шинь шинь”-ийн лицензийг хүчингүй болгохоор шийдвэрлэж байжээ.

Хятадын тал шүүхэд хандсан ч “Шинь шинь” компанийн тусгай зөвшөөрлийг сэргээх үндэслэлгүй гэж үзсэн юм. Гэвч үүнийг үл тоосоор өдий хүрчээ. Уг нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 102/Ш32016/25283 дугаартай захирамж 2016 оны аравдугаар сарын 18-нд гарч, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх болсон юм билээ. Харамсалтай нь, үүнээс хойш бүтэн жил өнгөрсөн ч АМГТГ-ын Кадастрын хэлтсийнхэн шүүхийн шийдвэрийг өдий болтол биелүүлсэнгүй.

Бас тухайн үеийн Ашигт малтмалын газраас Улааны холимог металлын орд “Шинь шинь”-ийнхний олборлох зөвшөөрөлтэй цайраас гадна селен, теллур, кадми, уран гээд ашигт малтмалын нөөцтэй. Тэр дундаа ураны асар их нөөц бий. Мардайн ураны бүлэг ордын нэг хэсэг, ердөө 10-аадхан км-ийн зайд Мардайн уурхайн туурь байдаг учраас цацраг идэвхт тэр бодисын агууламж их байхаас ч аргагүй. Хүдрийн овоолгод нь цацрагийн хэмжилт хийж үзээд байгалийн ердийн хэмжээнээс 2-6 дахин их гэдгийг тухайн үеийн Цөмийн энергийн газар тогтоож байсан юм билээ. Харин техник, эдийн засгийн үндэслэлээ батлуулахдаа дээр нэр дурдсан байгалийн ховор элементийн нөөцийг хасуулж, эөвхөн цайрын хүдэр бүхий орд ашиглаж байгаа гэдэг дүгнэлт гаргуулж чадсан гэдэг. Тэр ч байтугай 1989 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Улсын ашигт малтмалын нөөцийн комиссоос хүдрийн агуулгаас нь хамаарч 13269.3-38829.5 мянган тоннын нөөцтэй гэж баталсан ордын нөөцийг 7788.9 мянган тонн хүртэл бууруулж, гарын үсэг зуруулсан байдаг гэх.

Харин химийн хорт бодистой хаягдлын далан нь нэг бус удаа сэтэрч, бохир ус нь хөрсөнд шингэн, байгаль орчинд хор хохирол учруулж байгаа тохиолдол гарсан ч хууль хяналтын байгууллагынханд ямар нэг ашиг сонирхол байдаг болоод ч тэр үү, хэрэгсэхгүй хэмээн шийдвэрлэж байв. Гэхдээ мэргэжлийн байгууллагын шинжээчдийн дүгнэлтэд үндэслэсэн гэж тайлбарладаг бөгөөд МХЕГ-ын Байгаль орчны хяналтын хэлтсийнхэнд ямар нэг ашиг сонирхол байдаг бололтой гэдгийг Дашбалбар сум, Дорнод аймагт биднийг ажиллах үеэр нутгийн иргэд ч өгүүлсэн юм.

БОАЖЯ-НЫХНЫГ ИРГЭД ХАРДАЖ БАЙНА

Дорнын их талын хойд хэсэгт, тэрүүхэн хавьдаа армаг тармаг модтой нэгэн уул байдаг. Нуттийн иргэдийн өгүүлснээр Алтан эмээл гэх аж, Хэдхэн нарс, хэсэг, хэсэг газарт нь хус, торлог ургасан уг уулын дунд Улааны орд газарт “Шинь шинь”, түүний охин компани болох “Хунбөө” ХХК ашигт малтмал олборлож буй. Сэндвич гэх хавтангаар барьсан олон байгууламж нь уурхайн баяжуулах үйлдвэрээс гадна Монгол, хятад ажилчдын байрлах сууц байв.

Далд уурхай гэх хэдий ч энд тэндгүй ухаж сэндийчин, овоолсон шороо байх юм.Харуул хамгаалалтын ажилтнуудаас учрыг лавлахад ямар ажлаар явааг минь шалгаахаас өөрөөр ямар нэг хариу өгсөнгүй.

Нутгийн иргэдийн анхаарлыг татаж, хэл амны нь бай болж байдаг уурхайн хаягдлын далан нь зүүн хойд талдаа байрлах аж. Тэр далангийн зүүн хойд хэсэгт сэтэрч, химийн хортой ус байгальд асгарсан, ойр орчмоос нь өмхий үнэртдэг учраас нутгийн малчид 2011 оноос хууль хяналтын байгууллагад хойш хэд хэдэн удаа хандаж, түүнийх нь дагуу цагдаагийнхан 3-4 удаа эрүүгийн хэрэг үүсгэснийг хэрхэн шийдвэрлэснийг манай сонин цаг тухайд нь мэдээлж байв. Биднийг тус уурхайн орчимд өвөлжиж буй малчныд 11-р сарын 30, 12-р сарын 1-нд очиж уулзахад тэд “Өвөл болж, газар хөлдсөн учраас ус шүүрч байгаа нь сайн мэдэгдэхгүй. Жалга дагаад урсаж байдаг юм. Ер нь та нар хавар, газар гэсэх үед үзээрэй. Эвгуй үнэртэй ус булаг байсан сайр дагаад урсах тохиолдол бий. Химийн хортой л ус урсаж байх магадлалтай шүү дээ. Гэтэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ирсэн шинжээчид нь хүн, малын эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэж удаа дараа дүгнэсэн нь энэ компаниас хахууль авдаг байхыг ч үгүйсгэхгүй. Саяхан л гэхэд ус шүүрч байгаа хэсгээс дээж авч шинжилчихээд химийн бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин давчихаад байхад хэтрээгүй байна гэж дүгнэж байгааг юу гэж ойлгох вэ. Энд ямар нэгэн ашиг соннрхол байгаа болоод л тийм дүгнэлт гаргасан байх. Өмнө нь аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн уурхайн үйл ажиллагааг зогсоох хүсэлт холбогдох байгууллагад хүргүүлсэн ч БОАЖЯ-ны эрх бүхийн албан тушаалтнууд үл ойшоогоод байгаа гэж сураг дуулдаж байсан. “Шинь шинь’’ компанийн уурхайнхан Ашигт малтмалын тухай хууль зөрчсөн нь удаа дараа илэрхий болоод байхад үйл ажиллагааг нь түдгэлзүүлэхгүй байгаагаас үзвэл тус яамныханд ямар нэг ашиг сонирхол байдаг юм болов уу. Одоо энэ уурхайнхан ойр хавьд нь өвөлжиж байгаа айлуудыг нүү гэж шаарддаг болсон. Олон жил нутаглаж ирсэн бид хаашаа нүүх вэ. Нүүж очсон газарт мал ч тогтохгүй наашаа гүйгээд хэцүү. Сумын Засаг даргаар ажиллаж байсан хүн “Шинь шинь”-д монгол ажилчдыг хариуцсан захирлаар ажилд орсон. Түүний ах дүүс нь тэр компанийн байгаль орчны хяналтын байцаагч нэр зүүсэн, зүгээр суугаад цалин авч, энүүхэн хойно нутагладаг юм. Эднийх өмнө нь хил рүү, Хавиргын боомт хүртэл хүнд даацын машинаар хүдрээ зөөж, энд тэндгүй зам гаргаж бэлчээр талхалдаг байсан. Харин саяхнаас аймаг руу зөөж, вагоноор хил гаргах болсон” гэж байлаа.

Уурхайн яг хойд талд байгаа айлаар ороход буриад эмэгтэй “Манайх энэ жил айлын мал харахаар Баяндунгаас ирээд байгаа юм. Усгүй, жаахан хэцүүхэн л газар бололтой. Уурхайн орчимд байдаг хоёр булаг химийн бодисны нөлөөлөлд өртсөн, эсэхийг мэдэхгүй. Мэргэжлийн хяналтынхан ирлээ л гэдэг. Дүгнэлт нь усанд ямар нэг нөлөө байхгүй гэж гардаг юм. Үүнээс өөр усгүй болохоор хүн, малгүй л уурхайн орчмын хоёр булгаас ундаалж байна шүү дээ” гэлээ.

“Шинь шинь”-ийн орчимд нутаглаж байгаа нэг бус айл өөр сумаас айлын мал харахаар ирсэн учраас мал сүрэг, ундны усанд нөлөө байгаа, эсэхийг мэдэхгүй гэцгээж байсан. Харин мэддэг болсон айлууд нь арай өөр газарт, ус, булагтай аманд өвөлжиж буй дуулдав.

Уурхайгаас 60 гаруй км-ийн алсад Дашбалбар сум бий. Тус суманд очиж цөөнгүй иргэнтэй уулзвал “Нутаг оронд хөрөнгө оруулалт хийдэг л юм гэсэн. Манай сумын залуучууд уурхайд ажиллаж, цалин орлоготой гайгүй л байгаа. Ажилгүй, архи уугаад явж байснаас уурхайд ажиллаад хэдэн төгрөг авбал өөрсдөд нь л хэрэгтэй. Гэхдээ уурхайнхан байгальд хор хохирол учруулж буй бол харамсалтай. Сумын төвийн мань мэтэд ч одоогоор мэдэгдсэн юм алга. Ажиллаж буй хүмүүсийнх нь эрүүл мэндэд ямар нэг сөрөг нөлөө үзүүлж байгааг бид мэдэхгүй. Хэд  хоногийн өмнө Мэргэжлээс шалтгаалах өвчин судлалын төвөөс эмч нар ирж үзлэг хийсэн. Өнгөрсөн жил бас л тус төвөөс эмч нар ирээд явсан, нутгийн бидэнд тэр үзлэгийнхээ талаар мэдээлэх биш.

Ямар нэг асуудалтай байвал үр хүүхдийнхээ ирээдүйг бодох л хэрэгтэй байна шүү дээ, бид. Яваандаа Сэвсүүлийн хөндийн цэвэр усны нөөцөд уурхайн хаягдлын сангаас гарч байгаа химийн хортой ус орж, бидний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхийг байг гэхгүй. Мэргэжлийн хяналтын байгууллагынхан ирж үзээд хөрсний шинжилгээний хариунд “Зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрээгүй байна” гэсэн дүгнэлт гаргасан байна гэсэн. Түүнийг нь одоо юу гэж ойлгох вэ” гэсэн юм.

“Шннь Шинь” компанид ажилладаг хоёр ч хүнтэй уулзлаа. Тэд долоо хоногайн амралтаараа гэртээ ирээд байгаа аж. “Ажлын нөхцөл уурхайн дотоод хэсэгтээ хүнд л байх. Би гадна нь хүдэр шуудайлах ажил хийдэг юм. Манайхны цалин 580-610 мянган төгрөг. Хийж байгаа ажлаасаа хамаараад өөр л дөө. Хавар болж, газар гэсэхтэй зэрэгцээд хаягдлын сангаас нь ус шүүрлээ гэдэг. Мэргэжлийн хяналт, цагдаагийнхан ирж шалгаад л тэгсхийгээд өнгөрдөг шүү дээ. Заримдаа дайлуулж цайлуулаад явсан сураг дуулддаг л юм. Энэ уурхайн хүчинд ажилгүй, орлогогүй нутгийн иргэд ажилтай болж байгаа” хэмээн ам сайтай байв.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙЦААГЧДАД ЯМАР НЭГЭН АШИГ СОНИРХОЛ БАЙГАА БОЛОЛТОЙ

МХЕГ-ынхан өнгөрсөн намар “Шинь шинь”-ийн уурхайд ажиллаад химийн бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин их байхад хэтрээгүй гэж дүгнэсэн хэмээн нутгийн иргэд хардаж буй дүгнэлтийг бид олж авлаа. Тэр дүгнэлтэд “МХЕГ-ын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрын дарга, улсын ахлах байцаагч Н.Батбаяр, байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч У.Өлзийцэцэг, байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Энхгэрэл, геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Б.Батбаатар, Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтэц, байгаль орчин, хөдөлмөрийн хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч С.Батхүү нарын бүрэлдэхүүнтэйгээр Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Шинь шинь” ХХК-ийн холимог металлын баяжуулах үйлдвэрт хуулийн хэрэгжилт болон далд уурхайн ашиглалт, уурхайн хаягдлын байгууламж, байгаль орчны бохирдлын байдалд 2017 оны есдүгээр сарын 27-28-нд хяналт шалгалт хийж гүйцэтгэлээ.

Хяналт шалгалтын явцад хаягдал хадгалах байгууламжийн хойд талын гадна хэсэгт ус шүүрч байгаад үзлэг хийж, тус байгууламжийн дотор байх ус, байгууламжийн гадна талын ус шүүрэн гарч байгаа хэсэг, хяналтын цооног, эргэлтийн усан сангийн хажуугийн худаг Баруун Сүүжийн булгийн ус, хаягдал хадгалах байгууламжаас болон ус шүүрч буй газраас хөрсний дээж авч итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлэхээр хүргүүлэв” гэжээ. МХЕГ-ын эрх бүхий албан тушаалтнуудыг тус уурхайд ажиллаж байхад аанай л хаягдлын сан нь цоорхой, ус шүүрсэн зөрчил илэрсэн байх юм.

2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж буй 2017 оны долдугаар сарын 1-нээс хзрэгжиж буй Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг уг зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэр, энэ хуульд заасан харьяаллын дагуу явуулна” гэж заажээ.

Уг хуулийн дагуу прокурорын байгууллагад мэдэгдэж, зөрчлийн хэрэг үүсгэх ёстой атал мэргэжлийн хяналтын байгууллагынхан ямар ч арга хэмжээ аваагүйг албаны хүн хэлж байна. Дорнод аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Б.Арсланбаатар “Мэргэжлнйн хяналтын байцаагч, МХЕГ-аас зөрчлийн хэрэг үүсгэх тухай асуудал ирүүлээгүй. Өмнө нь тус уурхайтай холбоотой хэргүүдийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” гэсэн юм. Үүнээс улбаалаад Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг мэргэжлийн хяналтын байгууллага хэрхэн шийдвэрлэж буйд прокурорынхон мониторинг хийх шаардлагатай гэдэг нь харагдаж байна. Магадгүй зөрчлийн хэрэг үүсгэлгүй, өөрсдөө хахууль аваад хав дараад өнгөрдөг юм биш биз гэсэн хардлага эрхгүй төрүүлэв. Дорнод аймгийн Цагдаагнйн газрынхнаас энэ талаар лавлахад “Шинь шинь”-тэй холбоотой сүүлийн үед ямар нэг хэрэг үүсгээгүй. Өмнө нь шалгаж байсан хэргүүд шүүхийн шатанд очоод хэрэгсэхгүй болсон” гэв.

АТГ-ынхан ч “Шинь шинь”-д шалгалт хийсэн мэргэжлийн хяналтын байцаагчдыг анхааралдаа авахад гэмгүй л болов уу. Албан үүрэгтээ хайнга хандсан, эсвэл хуулиар хүлээсэн үүргээ санаатайгаар биелүүлээгүй нь илэрхий байгаагаас үзвэл Мэргэжлийн хяналтын байцаагчдад ямар нэг “но” байгаа юм биш биз. Үүнээс гадна хаягдлын сангийн хойдхо ус шүүрч байгаа хэсгээс дээж авчихаад гаргасан дүгнэлтэд нь “Хаягдлын сангийн хойд талын шүүрэн гарч байгаа усны дээжийн шинжилгээний дүнг “Усны чанар, газрын доорх усыг бохирдуулагч бодисьш зөвшөөрөгдөх дээд хэмжээ” МNS 6148:2010 стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээтэй харьцуулахад манганы хэмжээ 8.92 дахин, молибдений хэмжээ 3.05 дахин их гарсан байна. Хөрсний шинжилгээний үр дүнг “Хөрсний чанар, хөрс бохирдуулагч бодис, элементүүдийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ МNS 5850:2008 стандарттай харьцуулахад зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрээгүй байна” гэжээ. Энэ дүгнэлтийг нутгийн иргэд хуудуутай хэмээн үзээд мэргэжлийн хяналтын байгууллагынхныг хардаж байгаа юм билээ. Нутгийн иргэд “Ваартай цэцэг услахад суулгасан хөрс, шороонд нь ус шингэдэг биз дээ. Түүнтэй адил химийн бодистой ус хөрсөнд асгарч байхад зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрээгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хэдэн жилийн өмнө “Эрдэнэт үйлдвэр”-ээс хөндлөнгийн шинжээчид ирж дүгнэлт гаргахдаа “Эргэлтийн усан сангаас уурхайн үйл ажиллагаандаа ашиглаж байгаа гэх боловч ашиглаж буй усны 70 гаруй хувь нь байгалийн цэвэр ус байна” гэж дүгнэсэн байдаг. Энэ мэтээр нарийн шалгаж щинжлэх зүйл өчнөөн бий ч төрийн албан тушаалтнууд нь уурхайн хятадуудын талд л үйлчлээд, байгаль орчны төлөө огт анхаардаггүй учраас нутгийн иргэдийг үл ойшоож байна” гэцгээж байв.

Нутгийн иргэдийн харддага үндэслэлтэй байхыг ч үгүйсгэхгүй. Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн БОАЖ-ын сайдад өнгөрсөн есдүгээр сарын 6-нд 1/1434 дугаартай Санал  хүргүүлэх тухай гэсэн албан тоот илгээсэн. Түүнд “Үйлдвэрлэлийн шингэн хаягдлын далангийн хажууд, батлагдсан зураг төсөвт тусгагдаагүй байршилд, эргэлтийн усан сангийн баруун хойд талд байрлах хяналтын цооногт шүүрлийн усыг зориулалт бусаар цуглуулан үйлдвэрлэлийн технологийн хэрэгцээнд шавхан зайлуулсан гэх мэт зөрчлийг дурдаад, “Шинь шинь” болон “Хунбөө” ХХК-ийн үйл ажиллагаанд Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.5-д заасны дагуу дүгнэлт гаргаж өгнө үү” гэсэн талаар манай сонин өмнө нь мэдээлсэн. Монгол Улсын хуулийг хятадууд уландаа гишгэж буй нь тодорхой учраас Засаг даргын эрх мэдэл нь хараахан хүрэхгүй тул төрийн захиргааны төв байгууллагад хандахаас өөр гарц байгаагүй биз.

Үргэлжлэл бий

Г.РАВЖАА

Өнөөдөр сонин

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Бадамсvрэн их хэмжээний авилга нэхээд øгøxгvй болохоор нь дарамтлаж байгаа гэсэн

  2. Зочин гуай өгүүлрүүн:

    Тэр зөвшөөрлийг нь.цуцлаачээ. Цалин өгдөг ажилтай байлгадаг юм яахав Гээд толгойг нь илээд байгаль орчин уух усаа сүйтгүүлээд дуусах уу. Бас дорнодод Элэгний хавдар дорнодод их байдаг нь энэ хавиас ялгардаг цацрагтай ямар нэг хэмжээгээр холбоотой гэж боддог.

    • Зочин гуай өгүүлрүүн:

      битгий тэнэглэ үхэр монгол үхваа

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*