Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Л.Наранхүү: Бид уран бүтээлийн эрх чөлөөгөө хэнд ч булаалгахгүй

Хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийсэн Дорнод аймгийн Хөгжимт Драмын Театрын “Манлай баатар” түүхэн дуулалт жүжгийн эсрэг талын Чадраа хэмээх дүртэй холбоотойгоор зарим иргэдээс санал гомдол гаргасан юм байна. Үүнтэй холбоотойгоор ХДТеатрын дарга, жүжгийн продюссер Л.Наранхүү дараахь тайлбарыг өглөө.

Өөрийгөө “Баргын Өв” ТББ-ийн тэргүүн гэх Ц.Түмэн, иргэн Б.Өлзийбаян тэргүүтэй хэсэг хүмүүсээс Аймгийн Засаг даргад хүргүүлсэн мэдэгдэл хэмээх “тулган шаардах бичиг”-ийг миний бие үзэж танилцлаа.
Уг тулган шаардах бичигт, Дорнод аймгийн Хөгжимт Драмын Театрын шинэ уран бүтээл “Манлай баатар” дуулалт жүжгийг “урвагч Чадраа хэмээх ул мөргүй хуурамч дүр гарган, Манлай баатар Ж.Дамдинсүрэнг нутаг нэгт багын найз нь хороосон болгож түүхэн үнэнийг гуйвуулсан, баргын баатарлаг өвөг дээдсийг доромжилсон” гэж шүүмжлэн гомдолж, уг жүжгийг дахин хянан найруулах, эсхүл жүжгийг тоглуулахгүй хаах, зогсоохыг шаарджээ.

Шүүмжлэгч этгээдүүд нь энэхүү тулган шаардах бичгийг үйлдэж Засаг даргад өгөөд зогсохгүй, гавъяат н.Хэрээ гэх мэт хүмүүсийг оролцуулан орон нутгийн телевизээр “яриа” хийж, олон нийт, зохиолч, судлаачдыг өөрсдийн “ариун үйл хэрэг”-тээ нэгдэхийг уриалж ухуулан сурталчлах боллоо.

Аливаа уран бүтээлийг шүүмжлэх, сайн муугийн талаар санал сэтгэгдэл илэрхийлэх, түүнийгээ олонд түгээх нь ардчилсан нийгэмд амьдарч буй хэн бүхний эрх гэдгийг бид сайтар ойлгодог юм. Гэвч уран бүтээлийг өөрсдийн таашаалд нийцүүлэн өөрчлүүлэх, хаалгах, зогсоолгохоор шаардаж байгаа нь хэрээс хэтэрсэн, бүдүүлэг гэхэд багадахаар явдал болж байгаа тул эс тэвчин, арга буюу дараах тайлбар хийж байна.

1.Энэ жүжиг нь МУСТА Б.Цэрэннадмидын зохиолоор, УГЗ Ч.Найдандоржийн найруулгаар, олон нийтэд хүргэх зохион байгуулалт, менежментийн ажлыг нь миний бие хариуцаж, Боловсрол Соёл Шинжлэх Ухаан, Спортын яам, Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр, Дорнод аймгийн Хөгжим Драмын Театрын шинэ “уран бүтээл” болж үзэгчдийн хүртээл болсон. Энэ уран бүтээлийн эзэн хариуцагч тодорхой бөгөөд ямар нэгэн байдлаар нэрээ нуусан, бултсан, зугтсан, хуурч мэхэлсэн, худал хэлсэн, хулгай хийсэн зүйл байхгүй. Ийм байтал хар хүний төлөө шар хүн гэгчийн үлгэрээр, бидний уран бүтээлийн төлөө аймгийн Засаг даргад тулган шаардлага хүргүүлж байгааг манай хамт олон ихэд гайхаж байна. Хүний зохиол, бүтээлийг ямар нэг үзэл сурталд нийцүүлэн төрийн оролцоотой цензурддаг тогтолцоо үгүй болж, Монгол Улсын аливаа иргэн соёл, урлагийн бүтээл туурвих эрхийг Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрч баталгаажуулан, зохиогчийн эрхийг хуулиар хамгаалах болоод удаж байгааг тэдэнд хэлье.

2.Ямар ч сэдэвтэй театрын жүжиг нь fiction /монголчилбол, уран сайхны бүтээл/ гэсэн ангилалд шууд хамаардаг гэдгийг урлаг судлаач, шүүмжлэгчид төдийгүй урлаг сонирхдог жирийн үзэгч ч андахгүй. Fiction гэдэг нь тухайн бүтээлийн зохиол нь бодит үйл явдал, түүх дээр шууд үндэслээгүй, харин зохиогчийн төсөөлөх, хийсвэрлэх сэтгэлгээний бүтээлч үр дүн дээр үндэслэдэг. Үүнд: уран зохиолын ном, роман, уран сайхны кино, богино хэмжээний өгүүллэг, бүх төрлийн жүжиг гэх мэт дүрүүд нь бүгд бодит хүмүүс, өрнөл нь бодит факт байх шаардлагагүй зохиол бүтээлүүд хамаардаг. Энэ нь цаашаа сэдвээсээ хамаараад шинжлэх ухааны, түүхэн , утга зохиолын, домог гээд явж өгнө. Харин эсрэгээрээ, уран сайхны бус буюу non-fiction төрөл нь бодит факт дээр үндэслэсэн бүтээлүүд юм. Үүнд: автобиографи буюу намтар, баримтат кино, түүхийн сурах бичиг, шинжлэх ухааны бүтээлээс эхлээд гадаад хэл сурах, эрүүл мэндээ хэрхэн анхаарах талаар гаргасан ном бүтээлүүд орно. Уг бүтээл түүхийн сурах бичиг, баримтат кино биш, харин эх орон, тусгаар тогтнол, шударга ёсны төлөө тэмцэж явсан түүхэн хүний амьдрал, үйл хэргээс сэдэвлэсэн fiction буюу уран сайхны бүтээл гэдэг нь шүүмжлэгч /гомдогч/ этгээдүүдээс бусад хэнд ч ойлгомжтой байсан болов уу. Жүжгийн зохиолын аль хэсэг, дүр түүхэн бодит явдал дээр үндэслэх, аль хэсэг, дүр уран сайхны дүр, өрнөл байх нь зөвхөн зохиолчийн шийдэл. Тухайн жүжиг үзэгчдэд хэр сонирхолтой байх нь ч үүнээс хамаардаг юм.
Жүжгийн эсрэг дүр Урвагч Чадраа бол түүхэн хүний дүр биш, харин /судалгааны ажил дээр үндэслэсэн/ уран сайхны зохиомол дүр. “Мандухай цэцэн хатан” МУСК-нд бол Исмэл сайдын дүр.

Миний бодлоор зохиолч Урвагч Чадраагийн дүрээр харийн түрэмгийлэгчдийн гар хөл болж, үзэл бодол, оюун санаагаа худалдсан, эх орон, ард түмэн найз нөхдөөсөө урвасан урвагч хүн бол гадны түрэмгийлэгчдээс илүү аюултай байдаг гэдгийг ухааруулж ойлгуулах гэсэн зохиолчийн өөрийнх нь бас нэг чухал санаа.
“Хэлж байгаа чинь таалагдахгүй байна, гэхдээ хэлэх эрхийн чинь төлөө амиа өгөхөд ч бэлэн байна” гэх мэргэн үгийг Францын соён гэгээрүүлэгч, түүхч, философич, зохиолч Вольтэр хэлжээ.

Шүүмжлэгч /гомдогч/ нарын хэлж байгаа үг бидэнд тийм ч үнэн зөв бодитой сонсогдохгүй байгааг хүлээн зөвшөөрье! Тэгэхдээ тэдний амыг таглах эрх бидэнд байхгүй. Тэгвэл бидний уран бүтээл тэдэнд таалагдахгүй байж болно оо. Тэгэхдээ бидний уран бүтээлийг хаалгуулах эрх тэдэнд бий гэж үү !!!

Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын дарга, жүжгийн продюсер, соёл судлаач
Мишиг овогт Лхүндэвийн Наранхүү

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ