Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Дорнодын залуусын Тархины давалгаа эхэллээ

“Дорнод аймгийн залуучуудын нэгдэл”-ийн залуус “D-IDEA” буюу Дорнодын санаа, санаачлага гэсэн утга бүхий арга хэмжээг 3 жилийн ойгоо тохиолдуулан 11 сарын 11-нд амжилттай зохион байгуулжээ. Энэхүү арга хэмжээ нь жил бүр болох бөгөөд энэ жил “Тархины давалгаа” уриан дор Дорнод аймгийнхаа нийгэм, эдийн засгийн салбарт амжилттай, бүтээлчээр ажиллаж яваа зарим манлайлагчдыг залуучуудтай уулзуулав.

Арга хэмжээний лого нь ТОД асаж байгаа ганцхан ЛАМП байх бөгөөд бусад лампа унтраалттай байх. Үүгээрээ олон залуусын тархинд зүрхэнд ГЭРЭЛ АСААХыг зорьсон бололтой. Уг арга хэмжээ хүмүүсийг нүдэнд нь нулимстай тархинд нь гэрэлтэй, сэтгэлийг баяртай байлгаж чаджээ.

Энэ залууг Эрхэмбаатар гэдэг. ДОРНОД CИHEMA кино театрыг үүсгэн байгуулагч. Жирийн нэг жижигхэн гутал засварын газар ажиллуудаг байхдаа л Кино театр байгуулна гэж мөрөөддөг байж. Олон жилийн мөрөөдлөө биелүүлэж аймагтаа дууны чанар, дүрсний чанар, үзэгчдийн тав тух гэсэн кино театрт тавигддаг үндсэн 3 шаардлагыг хангасан кино театр байгуулж Дорнодынхоо үзэгчдийг Улаанбаатар хотод гарсан дэлхийн болон Монголын шилдэг бүтээлүүдтэй цаг тухайд үзүүлэх боломжтой болсон байна.

Голомт банкны Дорнод салбарын захирал Л.Нарангэрэл. Санхүүгийн боловсрол, Өрхийн төсөв сэдвээр лекц хийв.

Зарцуулалтаа төлөвлөж бичиж сурах нь санхүүгийн боловсролын эхний алхам. Та сар бүр 25 мянган төг хадгаламжид хийгээд байвал 37 жилийн дараа 600 сая төг болно. Ажилд шинээр орж байгаа залуус эхний цалингаасаа хадгаламж нээлгэж сурмаар байна. Орлого олж цалин авч байгаа бүхэн тодорхой мөнгө хадгалж сурах хэрэгтэй байна.
Миний хувьд байгууллагынхаа бүх хүмүүсийг хадгаламжтай болгох зохион байгуулалтын арга хэмжээ авна. Хүчээр ч хамаагүй банктай гэрээ байгуулаад шууд цалингаас нь татагдахаар шийдлээ. Мөн бусад байгууллагын удирдлагуудад хандаж уриалж байна.

Түгээмэл оюун сургуулийн захирал Ц.Оюунсүрэн

Хөдөөгийн сургуулийн багшаас Хөдөө аж ахуйн Их сургуулийн багш, Түгээмэл оюун сургууль, Нарлаг ордон цэцэрлэгийн үүсгэн байгуулагч.
Би ажлаас ажилд шилжихдээ цалин хэд вэ гэж асууж байгаагүй юу хийх вэ гэдгээ асууж ажил сурах нь чухал байсан. Аз жаргалын нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгдэж байдаг . Би мөнгө олоё гэж бодож байгаагүй бүтээе хийе л гэж бодож ирсэн.

Боловсрол соёл урлагийн газрын мэргэжилтэн Д.Хэрлэнмөрөн

Хүн хүсвэл хэл сурахад нас хязгааргүй . Гагцхүү сурах чин эрмэлзэл хүсэл чухал. Нэг хэлтэй бол Амжилтын хаалгыг нэг түлхүүрээр онгойлгоно. Хоёр хэлтэй бол хоёр түлхүүрээр нээнэ.

Happy life ТББ -ын тэргүүн Э.Эрдэнэ-Очир Харилцааны үндэс
Хүн амаараа болон оюун бодлоороо юу тарина тэрнийхээ үрийг заавал хүртэнэ
Хүнд гомдсон буруутгасан үйлдэл нь гомдоосон хүнийг биш өөрийг нь элээж байдаг. Уучилж амьдрах хэрэгтэй. Уучилсан болохоо жинхэнээсээ үйл хөдлөлөөрөө үзүүлэх хэрэгтэй. Жинхэнэ уучлал гуйх жинхэнээсээ уучлах гэж байна. Хэлбэр төдий уучлаарай, зүгээрээ гэж гэж хэлээд дотоод сэтгэлдээ хорсол гомдолоо хадгалаад өөрөө түүндээ элэгдээд эмтэрсээр л явдаг.
Галт уул бусдыг шатаахын тулд өөрөө дэлбэрдэг
Надад зовлон учирсан ч зогсох эрх байхгүй.

Аймгийн хөгжимт драмын театрын найруулагч Б.Мөнх-амьдрал. Аймагтаа анхны бүрэн хэмжээний уран сайхны кино хийсэн. Өдгөө 3 киноны ард гараад байна . Хүний хүсэл мөрөөдөл хязгааргүй байдаг юм байна. Энийг дуусаад болино гэж бодож л байдаг дууссаны дараа дараагийн киногоо бодоод явж байдаг. Одоо нэг олон ангит кино хийх юм сан гэдэг бодол бас төрөөд л байгаа.
Хэдэн төгрөгний цалинтай ямар орлоготой байх нь чухал биш, хэн нэгэнд хэрэгтэй байх нь чухал. Оюутан байхад аав нь нас барсан . Аавынхаа орон зайг нөхөж хүсэл мөрөөдлийг нь биелүүлэх гэж аймагтаа ажиллахаар ирсэн. Уул нь Улаанбаатар хотод ажиллана гэж бодож байсан байна.

Тэмдэглэсэн Л.Хишигтогтох

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ