Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Ихэвчлэн 15-16 насныхан хортой код ашиглаж бусдыг хохироож байна

Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, ахлагч Д.Эрдэнэбулгантай ярилцлаа.

 

-Техник технологи хурдацтай хөгжихийн хэрээр цахим ертөнцөд үйлдэгдэх гэмт хэрэг ихсэх болсон нь хэрэглэгчдийг айдаст автуулаад байна. Энэ төрлийн гэмт хэргийг хэдэн төрөлд хуваадаг вэ гэдгээс ярилцлагаа эхлүүлье? 
-Таны асуултад хариулахаас өмнө Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс ямар үйл ажиллагаа явуулдаг талаар цухас дурдъя. Манай хэлтэс 2011 оны долдугаар сард Кибер гэмт хэрэгтэй тэмцэх тасаг гэж байгуулагдаад 2014 оноос хэлтэс болж өргөжсөн. Одоогийн хэрэгжиж байгаа хууль, эрхзүйн хүрээнд Эрүүгийн хэргийн тусгай ангийн 26 дугаар бүлэг буюу цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй холбоотой зөрчлийг шалгах чиг үүрэгтэй. Гэхдээ зөрчил шийдэхгүй. Харин Эрүүгийн хуулиар зохицуулагдаж байгаа гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулдаг. Асуултад хариулахад цахим гэмт хэргийг хөгжлийн гурван үе шатанд хуваадаг.  Үүнд, уламжлалт гэмт хэрэг буюу бидний мэдэхээр хулгай, залилан, хүчин зэрэг гэмт хэрэг интернэт орчин руу шилжих үеийг нэгдүгээр үе шатанд хамруулдаг юм. Харин энэ гэмт үйлдэл нь өөрсдийн аргачлал, нэршилтэйгээр интернэтэд орж ирэхийг хоёрдугаар үе шатад харуулах бол гуравдугаар үед ирээдүйд болох асуудал буюу хиймэл оюун ухааныг хамруулдаг. Монгол Улсын хувьд 1-2 дугаар үе шат руу шилжих процесст явж байна. Өнөөдөр энэ төрлийн гэмт хэрэг байдаг гэж бид өөрсдөө ч мэдээгүй байхад гаднын гэмт бүлэглэлүүд гаднаас халдлага хийх болсон. Жишээлбэл,  2013 оноос Филиппин Улсын гэмт бүлэглэл дэлхий дахинд секстошн буюу секс сүрдүүлгийн гэмт хэрэг үйлдсэн байдаг. Үүнд манай улсын иргэд ч гэсэн хохирсон.
-Энэ тохиолдолд манай улсаас ямар нэг арга хэмжээ авах боломжтой юу?
-Манай улс интерполын гишүүн орон учир хариу арга хэмжээ аваад явж байна. Секс сүрдүүлгийн гэмт хэрэг сүүлийн хоёр, гурван жилийн байдлаар харьцангуй багассан. Харин и-мэйл луйврын гэмт хэрэг идэвхжсэн. Дэлхий дахинд номер нэг залилангийн хэрэгт тооцогддог. Үүнд ихэвчлэн худалдааны байгууллага өртдөг. Манай улсын томоохон хэд хэдэн худалдааны байгууллага нэлээд өндөр дүнтэй хохирол амссан. Энэ тохиолдолд Монгол Улсын цагдаагийн байгууллага өөрсдөөс шалтгаалах бүх арга хэмжээг авдаг. Эцсийн дүндээ мөнгө дагасан гэмт хэрэг буюу мөнгө аль улс руу шилжсэн байна, тэр улсын цагдаагийн байгууллагад бид хүсэлт тавьдаг. Тухайн улсын цагдаагийн байгууллага ямар төвшинд ажиллахыг бид мэдэхгүй шүү дээ. Ийм л процесс явагдаж байна. Дотооддын нөхцөл байдал гэвэл залилан, бие биенээ гүтгэх, ташаа мэдээллээр төөрөгдүүлэх зэрэг асуудал үүсдэг. Гэхдээ эдгээрийг манай байгууллага шалгах чиг үүрэггүй. Харин төв болон орон нутгийн цагдаагийн байгууллагын хэлтэс бүрт кибер гэмт хэргийг хариуцсан нэг ажилтан ажилладаг. Энэ албан хаагчийг манай хэлтэс сургалтад хамруулж, зааварчилгаа өгсний үндсэн дээр энэ төрлийн гэмт хэргийг хариуцаж ажилладаг.
-Нэг хэсэг порно сайтуудыг хаасан шиг и-мэйл фишингийг хаах боломжгүй юм уу?
-Би ойлгомжтой тайлбарлах гээд үзье. А, Б хоёр тал байлаа гэхэд Монголын тал худалдан авагч, Б тал нь бараа нийлүүлэгч. Энэ хоёрын мэдээллийг олж авахын тулд гэмт этгээдүүд байнга хайлт хийж байдаг. Мэдээлэл олж авсныхаа дараа А, Б хоёрын хаяг руу нэвтрэх арга хайдаг. Ингэхдээ ихэвчлэн хортой код буюу фишинг ашигладаг. Аль нэг талынх нь мэдээллийг олсон тохиолдолд үүнийг ашиглаад дундуур нь ордог юм.  Хоёр этгээд харилцаж байтал гурав дахь этгээд гарч ирнэ гэсэн үг шүү дээ. А-гаас явуулсан и-мэйл Б болон С талд очно гэсэн үг. Явцын дунд А, Б хоёрыг харьцах боломжгүй болгонгуут Б-гийн өмнөөс С нь А руу и-мэйл бичиж эхэлдэг. “Манайд аудит орсон тул данс өөрчлөгдлөө. Энэ данс руу мөнгөө шилжүүлээрэй” гэсэн хуурамч захиаг А тал буюу худалдан авагч руу илгээдэг. Энэ захидлыг утсаар лавлаж тодруулахгүйгээр мөнгөө шилжүүлчихдэг. А тал мөнгөө шилжүүлэнгүүт гэмт этгээд буюу С тал мөнгө хүлээж авлаа гэсэн хариу илгээдэг. Ингээд 10 хоногоос нэг сарын дараа Б талаас “Мөнгөө яасан бэ” гэж холбогддог. Энэ үед гэмт этгүүд мөнгөө аваад аль хэдийн мөрөө баллачихдаг. Ийм мэт замаар иргэд, аж ахуйн нэгж хохирч байна.
-Ийм байдлаар 20 мянган ам.доллараа залилуулсан иргэн байдаг юм билээ. Эргээд хохирлоо барагдуулах боломж байдаг уу?
-Манай улс дэлхийн арав гаруй улстай эрүүгийн хэрэг дээр эрхзүйн туслалцаа авах гэрээтэй. Гэрээнийхээ дагуу шалгуулах хүсэлт тавьдаг. Зургаан сар, нэг жил болсон ч ямар ч шийдтэй хариу байдаггүй. Өнөөдрийн байдлаар энэ төрлийн хохирогчид нэг ч төгрөг буцааж аваагүй. Хууль, эрхзүйн талаасаа ч, нөөц боломжоо харсан ч хохирсон иргэдийн хохирлыг барагдуулах боломж манай улсад байхгүй. Тиймээс иргэдийг энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, мэдээллээ нягталж байгаарай гэж хэлмээр байна.
-2010 оноос өмнө цахим хуудас халдлагад их өртдөг байсан бол одоо хувь хүний нууц мэдээлэлтэй холбоотой хэрэг их гарах боллоо. Тухайн хүний мэдээллийг ашиглаж дансан дахь мөнгийг нь залилж авахаас эхлээд гэмт хэрэг их гарах болсон. Үүнийг илрүүлэхэд танай албаны техник технологи болон боловсон хүчний чадавхи хэр бэхэжсэн бэ. Учир дутагдалтай, сайжруулах шаардлагатай зүйл бий юү? 
-Тухайн үед гэмт этгээдүүд хайлт хийгээд хамгаалалт султай цахим хуудсуудад ямар ч зорилгогүйгээр халддаг байсан. Цөөн тохиолдолд тодорхой зорилго агуулдаг байсныг үгүйсгэхгүй. Харин сүүлийн үед гэмт этгээдүүд ямар нэгэн зүйлд зорилго тавьж халддаг болсон. Мөнгө авах ч юм уу, эсвэл нэр хүндэд нь халдах ч юм уу. Нэг ёсондоо бусад гэмт хэрэгтэй хавсрах маягаар халдлага үйлддэг болсон гэсэн үг. Ийм л байдалтай байна. Ихэвчлэн мөнгө санхүүтэй холбоотой асуудал гардаг. Энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсооход технологийн боломж манай албаны хувьд ямар ч асуудал байхгүй. Харин Монгол Улсын хэмжээнд гэж яривал техник технологийн хүрэлцээ, хүртээмж хангалттай бус. Үүнтэй холбоотой хууль, эрхзүйн зохицуулалтыг бусад оронтой харьцуулбал сайжруулах зүйл олон бий. Ажиллах боловсон хүчний хувьд мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн залуучууд ажилладаг. Чадавхийг сайжруулах тал дээр гаднын болон дотооддоо зохиогддог сургалтад тухай бүрт суралцуулдаг. Дэлхийн технологийн чиг хандлагаас бид хоцорч болохгүй. Тиймээс мэдээллийг цаг алдалгүй олж авах, тандалт судалгаа хийдэг.
-Кино сайтаас эхлээд зарим мэдээллийн сайт “энд дарж үзнэ үү” гэсэн давхар холбоостой байдаг. Холбоосоор дамжиж ороход хортой код тухайн иргэний төхөөрөмжид суух боломжтой гэсэн. Энэ үнэн үү?
-Байж болно. Ямар нэг байдлаар та мэдэхгүй холбоос руу нэвтэрч болохгүй. “Энд дар”, “Үүнийг татна уу” гэсэн холбоосын ард хортой код байхыг үгүйсгэхгүй. Хэрвээ та хамгийн сүүлийн үеийн үйлдлийн систем, антивирүсийн эсрэг программ ашигладаггүй л бол хортой кодоос юу ч хамгаалж чадахгүй.
-Банк санхүүгийн байгууллага болгон дотооддоо IT-н багтай байдаг. Гаднын халдлагаас болж дансан дахь мөнгөө алдсан гэх иргэн цөөнгүй байдаг гэсэн. Ийм хэрэг дээр танай хэлтэс ажиллаад илрүүлсэн ямар тохиолдол байдаг вэ?
-Тухайн нэг банкны сервер рүү халдаж мөнгө алдагдлаа гэсэн буруу ойлголт иргэдийн дунд байдаг. Гэтэл энэ бол маш буруу ойлголт. Банкны серверт халдлага хийсэн тохиолдол одоогоор гараагүй. Харин мэдээлэл хаана алдагдаж байна вэ гэхээр хэрэглэгчийн төвшинд алдагддаг. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч мэдээллийн аюулгүй байдлын тодорхой мэдлэггүйгээсээ болж гэмт этгээдийн тавьсан занганд орох, нууц үгээ санаандгүй алдах зэргээс болж санхүүгээрээ хохирдог. Яг ийм гэмт хэргийг энэ онд шалгаад шүүх рүү шилжүүлсэн. Хохирлын хэмжээг хэлэх боломжгүй.
-Дотоодын иргэд хакер хийх нь түгээмэл болсон. Хамгийн сүүлд танай байгууллагаас энэ төрлийн ямар гэмт хэрэг илрүүлсэн бэ?
-Худалдааны байгууллагад өмнө нь мэдээлэл технологийн ажилтнаар ажиллаж байсан программист ажлаасаа халагдсаныхаа дараа нэвтрэх нэр, нууц үгийг нь өөрчлөөгүйг далимдуулж байгууллагын мэдээллийн бааз, автомат үйлдлийн систем, архивыг устгасан. Хохирогчийн талаас нэлээд хөрөнгөөр хохирсон гэж мэдүүлсэн. Манайхаас шалгалт хийж, прокурорын байгууллагад шилжүүлсэн. Хэрэг шүүхийн шатанд яваа.
-Өөр баримт дурдвал?
-Арилжааны банкны нэрээр хуурамч сайт үүсгээд харилцагч руу хуурамч и-мэйлээр спам тараадаг. Үүнийх нь дагуу хэрэглэгчид интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгээ хийж нэвтэрсний дараа мөнгөө алдсан тохиолдлууд байгаа.
-Фэйсбүүк, твиттерийг монголчууд өргөн хэрэглэдэг. Энэ төрлийн цахим хуудсаар дамжиж байгаа мэдээллийг танай байгууллага тодорхой төвшинд хянадаг уу?
-Хянах ямар ч боломжгүй.
-Иргэдийн зовлонгоор далим-дуулж хандивын аян өрнүүлж, мөнгө цуглуулсан хэрэг гарсан. Энэ тохиолдолд танайх сэжигтэй байх магадлалтай мэдээллийг дотооддоо шалгадаг уу. Эсвэл иргэдээс ирсэн гомдол, хохирогч гарч ирсэн тохиолдолд шалгадаг  юм уу?
-Фэйсбүүк, твиттер АНУ-д бүртгэлтэй компани. Эдгээрт бүртгүүлсэн хэрэглэгчийн мэдээлэл Америкийн хуулиар хамгаалагддаг. Монгол Улсын хуулиар зохицуулагдах ямар ч боломжгүй. Бидний хариуцсан чиглэлийн гэмт хэрэг фэйсбүүк, твиттертэй холбоотой бол иргэдээс мэдээлэл авч шалгалтын үйл ажиллагаа явуулдаг. Түүнээс биш ямар нэгэн байдлаар мониторинг хийгээд гарч байгаа гэмт хэргийн мэдээллийг автоматаар олж авах технологийн боломж дэлхийн аль ч улсад хязгаарлагдмал. Тэгэхээр гомдлын дагуу, эсвэл мэдээллийн дагуу хяналт шалгалт хийдэг гэсэн үг.
-Цахим мөнгөн тэмдэгт гэж нэрлэгддэг биткоин, ванкоин нь гэмт хэргийн төлбөр тооцооны хэрэгсэлд тооцогддог. Энэ төрлийн мөнгөн тэмдэгт манай улсад нэвтэрч зарим компани төлбөр тооцоондоо ашигладаг гэсэн. Франц Улсад биткоиноор гэмт үйлдлийнхээ төлбөр тооцоог хийсэн хэрэг гарсан байна лээ. Манай улсад ийм гэмт хэрэг гарсан болов уу? 
-Энэ асуултад албаны бус хувь хүнийхээ үүднээс хариулах нь зөв болов уу. Ванкоин нь БНХАУ-аас гаралтай цахим мөнгөн тэмдэгт. Харин биткоин нь анх хэрэглээнд нэвтрэхдээ хууль бус үйл ажиллагааны төлбөрийн систем байж байгаад одоо зарим улсад хүлээн зөвшөөрөгдсөн. Анх darknet буюу интернэтийн хар захын төлбөр тооцоо хийх санхүүгийн хэрэгслээр хэрэглэгддэг байсан түүхтэй. Биткоинтой холбоотой гэмт хэрэг манай улсад нэг тохиолдол бүртгэгдсэн. Ramsomware гэж та сонссон байх. Эднийх биткоиноор төлбөрөө хүлээж авдаг. Өөрөөр хэлбэл, тухайн хэрэглэгчийн серверт нэвтэрч “түгждэг”. “Хэрвээ серверээ бүтэн буцааж авъя гэвэл энэ данс руу ийм тооны биткоин хий. Биткоин хийвэл тайлах түлхүүр өгнө. Төлбөр төлөхгүй бол серверийг чинь устгана” гэж сүрдүүлдэг. Үүнд манай улсын нэг компани өртсөн. Мэдээллийн дагуу манай ажилтан очих хооронд биткоиноор төлбөрөө хийчихсэн байсан. Араас нь нэхэж, хаанаас хэн хандсан бэ гэдгийг илрүүлэхэд маш хүндрэлтэй.
-Хэдэн ам.доллартай тэнцэх биткоин төлсөн юм бол?
-Яг нарийн тоо хэлэх боломжгүй. Ойролцоогоор таван сая төгрөгтэй тэнцэх биткоин шилжүүлсэн байна лээ. Мэдээллийн аюулгүй байдлын ойлголт дутмагаас болж гэмт этгээдийн явуулсан занганд орж серверээ хакердуулсан.
-Секс сүрдүүлэг цахим ертөнцөд багассан гэлээ. Гэхдээ өсвөр насны хүүхдүүд санаандгүй байдлаар авсан зургаа цахим хуудаст байршуулснаас болж бусдад дарамтлуулж сэтгэл гутралд орох, цаашлаад амиа хорлох зэргээр эрсдэлд өртдөг. Энэ тал дээр иргэд ямар байдлаар хандах ёстой юм бол?
-Энэ бол маш чухал асуудал. Өсвөр насны хүүхдийг хаана юу хийж яваа, хэнтэй найзалж нөхөрлөж байгааг нь эцэг, эх, сурган хүмүүжүүлэгч нар анхаарч, хяналт тавих ёстой. Хүүхдээсээ илүү технологийн мэдлэгтэй байж тэднийг хянах боломжтой. Хүүхдийнхээ юу хийж байгааг мэдэхгүй байж хяналт тавина гэж байхгүй. Нэг хүүхэд ойролцоогоор 2-3 фэйсбүүк хаягтай байх жишээтэй. Найз нөхөд, гэр бүлтэйгээ харилцдаг хаягийг нь ээж, аав нь мэддэг байлаа гэхэд үүний цаана өөр хүмүүстэй харилцдаг хаяг ахиад байх жишээтэй. Интернэт гэдэг нь гэмт этгээд хохирогчоо олж авах хамгийн таатай талбар шүү дээ. Зүсээ хувиргах боломжтой учир хүүхдийн гэнэн итгэмтгий байдлыг ашиглаж бүх мэдээллийг цуглуулж авдаг. Энэ мэдээллийнхээ дагуу дарамталдаг. Америкт гэхэд амь насыг нь хохироосон гэмт хэрэг саяхан гарсан. Тиймээс эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ ярилцдаг байх хэрэгтэй. Юу хүсч, юунд тэмүүлж байгааг нь ойлгоогүй байж хүүхдээ хамгаалж чадахгүй гэдгийг ойлгоосой.
-Урд хөршид фэйсбүүк ашиглахыг хориглодог. Нэг талаасаа хүний эрхийг зөрчсөн үйлдэл мэт боловч нөгөө талаасаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд томоохон түлхэц болж байна уу гэж харагддаг. Ингээд бодохоор интернэт хэрэглээний насны төвшинд ямар нэгэн шалгуур тавих нь зөв юм шиг?
-Энэ тал дээр тантай санал нэг байна. Монгол компанид мэдээллээ өгөхгүй гэдэг хэрнээ Америкийн компанид бүх мэдээллээ өгчихдөг. Ялгаагүй л мэдээлэл алдагдана. Хүний эрх чөлөөг зөрчихгүйгээр тодорхой хэмжээний зохицуулалт хийх хэрэгтэй. Хамгийн гол нь интернэтэд байгаа гэмт этгээдийг аль болох богино хугацаанд олж илрүүлбэл учруулах хохирол бага байна. Үүний тулд иргэд мэдээлэлтэй байж үүнийгээ бусдад түгээдэг байх ёстой.
-Энэ төрлийн гэмт хэрэгт ямар насныхан холбогддог юм бол?
-Хортой код ашиглаж хүний хувийн мэдээллийг олж аваад “Мөнгө өг”, “Чамайг ална” гэж дарамталж заналхийлсэн хүмүүсийн ихэнх нь 15-16 насныхан байдаг. 14 наснаас дээш насны хүүхэд Эрүүгийн хуулийн 26 дугаар зүйл ангид хамаарах гэмт хэрэг үйлдвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэж болно гэсэн хууль бий. Гэтэл эцэг, эхчүүд үүнийг огт мэддэггүй. Мэддэггүй болохоороо “Миний хүүхэд ийм гэмт хэрэг хийчихлээ гэж үү” гэдгээс эхлээд их гайхдаг. Тэгэхээр хүүхдээ бага балчир гэж огт бодож болохгүй.
-Ерөнхий боловсролын сургуульд ухаалаг гар утас ашиглахыг хориглосон. Мөн утасгүй интернэтийг хязгаарласан шийдвэрийг өнгөрсөн жил гаргасан. Танай байгууллага Боловсролын яам болон ерөнхий боловсролын сургуулиудтай хэрхэн хамтарч ажилладаг вэ?
-Урьдчилан сэргийлэх чиглэлээр Нийслэлийн боловсролын газартай хамтарч жил бүр 2-3 удаагийн сургалт зохион байгуулдаг. Үүнд, багш, нийгмийн ажилтныг түлхүү хамруулж “Интернэт орчинд ямар эрсдэл байдаг, үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, эрсдэлд орсон хүүхдийг гаднах байдлаас хэрхэн олж илрүүлэх вэ” зэргээр сургалтад хамруулдаг. Эрсдэлд орсон хүүхэд юу хийхээ мэддэггүй учир улам дарамтлуулдаг. Тиймээс үүнийг олж илрүүлэх нь маш чухал. Мөн тухайн ерөнхий боловсролын сургуулиудын хүсэлтээр сурагчдад интернэтийг хэрхэн зөв ашиглах, гэмт үйлдлээс урьдчилан сэргийлэх, гэмт үйлдэл гэж юу вэ гэдгээр сургалт зохион байгуулдаг.
-Цахим гэмт хэргээс сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах тал дээр та ямар зөвлөгөө иргэдэд өгөх вэ?
-Гадаад худалдаа эрхэлдэг байгууллагууд төлбөр тооцоо хийхдээ хянамгай байгаарай. “Данс өөрчлөгдлөө, шалгалт орсон” зэрэг захидал ирвэл утсаар лавлаж асуухад гэмгүй гэдгийг анхааруулмаар байна. Мөн иргэдийн хувьд “Сугалаанд хожлоо, мөнгө шилжүүлэх гэсэн юм, дансаа өг” гэх мэт зүйлд битгий итгээрэй. “Үнэгүй юм зөвхөн хавханд л байдаг” гэдгийг санах хэрэгтэй. Сүүлийн үед хүний фэйсбүүк хаяг руу нэвтэрч ороод “Мөнгө зээлье. Энэ данс руу мөнгө хийгээрэй” гэсэн чат бичих тохиолдол их гарч байна. Хэрвээ хэн нэгэн найз  чинь “Мөнгө зээлье. Интернэт банкны эрхээ түр өгөөч” гэж чааталбал гар утас руу нь залгаж нягтлаарай. Магадгүй найзын тань хаяг гэмт этгээдийн гарт орсон байхыг үгүйсгэхгүй. Хүүхдийн аюулгүй байдал дээр хүүхдээсээ илүү технологийн мэдлэгтэй байх хэрэгтэй шүү гэдгийг эцэг, эхчүүдэд зөвлөмөөр байна. Дэлхий интернэтийн хавтгай давцан болчихлоо шүү дээ. Ямар ч хуульгүй, цагийн зөрүүгүйгээр гэмт хэрэг үйлдэж байна. Эргээд цагдаа шалгах болохоор олон улсын гэрээ, хууль тогтоомж гээд олон ажиллагаа шаарддаг учир гэмт этгээдийн хурдыг гүйцэхэд хүндрэлтэй болсон. Тиймээс иргэд, аж ахуйн нэгж байгууллага мэдээллийн аюулгүй байдлын талаар дор бүрнээ мэдлэгтэй байж энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломжтой.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*