Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Дорнод нутгийн гайхамшиг…

Төв Азийн өргөн уудам нутаг, түүний дотор Дорнод Монголын нутаг дэвсгэр бол түмэн үеийн буурал түүхийн хүрдэнд нүүдэлчдийн соёл иргэншлийн сонгодог уламжлал бүрэлдэн цогцолсон өлгий нутаг юм. Үе үеийн түүхийг өгүүлсэн түүхэн дурсгалуудаас сорчлон, Дорнод аймгийн 10 гайхамшгийг танилцуулж байна.
 Чингисийн хэрмэн зам
Монгол улсын нутагт “Чингисийн далан”, “Чингисийн зам”, “Чингисийн хэрэм” нэртэй хэд хэдэн дурсгал бий. Түүний нэг нь Чингисийн хэрмэн зам. Хэнтий аймгийн Баян-Адарга сумын хуучин төвийн баруун талаас эхэлж, Хуурайн давааг чиглэн Нарийн хөндийд хүрч, Сайханы араас баруунтайгуур хөндий даган Сайнцагаан нуурын хойгуур гарч, Норовлин сумын Улзын өндөр дов, Дорнод аймгийн Баяндун сумын нутаг Хэрмийн худаг зэрэг газраар дамжин, улмаар Цагаан овоо, Сэргэлэн, Гурван-Загал сумдын нутгаар БНХАУ-ын нутагт ортол хэсэг хэсэг газар тасран үргэлжилсэн шороон хэрэм юм.
Хэрмийн урт нь 500-600 км. Хэрмийн зөв талд буюу урд талд нь харуул хайчны цагдаа цэрэг суудаг байсан бололтой 40×50 м жижиг дөрвөлжин шороон хэрэм олон бий. Жишээ нь: Сайханы хөндийн Талын толгойн өртөө байсан газраас хойхно орших “Дөрвөлжин буудал”, “Улзын өндөр довын энгэрийн хэрэм”, Могойн адгийн хэрэм, өгөөмөрийн хэрэм, Дэлгэрэхийн тал, Баян булгийн хэрэм болно. Эдгээр хэрмийн хооронд өдрийн буюу үдийн газар байдаг гэж нутгийнхан хэлэлцдэг. Заримынх нь хоорондын зайг хэмжихэд 8-12 км байв.

Жижиг хэрмийн дотор хүн сууж байсны ул мөр, хог үлдэц юу ч илрээгүй. Харин заримаас нь ваар савны хагархай олддог. Ийм хэрэм Чингисийн Хэрмэн замын дагуу олон бий гэж нутгийнхан ярилцдаг. Тэр ч байтугай, хоногийн газрын хэрэм нь дөрвөлжин, үдийн газрын хэрэм нь гурвалжин гэлцдэг.
Ийм урт хэрэм, хэрмийн дагуу жижиг хэрэмтэй газар Монголын өмнөд хэсэгт бас бий. Тухайлбал, Өмнөговь аймгийн Номгон, Хүрмэн, Баяндалай, Ноён сумдын нутагт Чингисийн далан гэдэг ийм шороон урт хэрэм буй. Энэчлэнгээр энд тэнд байх Чингисийн хэрмэн замыг судлаачид эрт цагийн ямар нэгэн харь аймгийн хил мэт байсан боловуу хэмээн үздэг.
“Хэрмэн замд” холбогдох нэгэн домгийг сийрүүлбэл: “Энэ замыг Чингис хаан засуулсан гэх бөгөөд тэр үед хааны бэр эцэгтээ ил харагдах ёсгүй байжээ. Иймээс Чингис хаан бэрийн хамт алс холыг зорих болсонд ёсыг дагаж Чингисээс бэр нь далдуур явах учиртай байснаас олон мянган хүний хүчээр асар их шороон хэрэм бариулж түүний нэг талаар нь Чингис, нөгөө талаар нь бэр нь явсан” гэдэг.
 Хэрлэн барс хотын туурь, цамхаг
Төв Азийн бүс нутагт цорын ганц үлдсэн Киданы үеийн дурсгал, Хэрлэн барс хотын туурь, цамхаг нь МЭ IX зууны үед хүчирхэгжиж байсан Kидан гүрний үетэй холбогддог. Тэр үед Киданчууд нийслэл хотоо энд байгуулахаар шаваа тавих үед нь нутгийн хүмүүс бараар далайлган айлгаж буцааснаар ийн нэрийдсэн домогтой. Судлаачид 7 метр орчим энэхүү өндөр баганыг мөн ямар нэгэн хотын харуулын цамхаг байсан гэж үздэг.
Хэрлэн барс хот нь Монгол оронд байгаа Хятаны үеийн хотын туурь балгас юм. Энэхүү балгас нь Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт Чойбалсан хотоос баруун тийш 12 км-т Хэрлэн голын эрэгт оршино.
Хэрэм нь дөрвөлжин хэлбэртэй, баруун талын ханын урт нь 1900 м, хойт ба зүүн ханын урт нь тус бүр 1700 м, урд хана нь 1530 м байжээ. Хэрмийн өндөр нь одоо 1,5-2м, зузаан нь 3-3,5м байна.
Их хэрмийн гадна талд харуулын хараат цамхаг 3 байсан, үүний нэг нь хэрмийн баруун талд, хоёр нь зүүн талд байсан байна. Их хэрмийн өмнөд хэсэгт 5 давхар суврага нэг байсан ба мөн тусгай өндөр довжоон дээр барьсан чулуун хэрэмтэй дөрвөн том барилга бас том жижиг суврагын ор суурь 10 гаруй байжээ. Их хэрмийн гадна 7 давхар суврага бас байсан гэдэг.
2014 онд Хэрлэн барс хотын туурийг засварлан шинэчлээд байгаа юм.
Буйр нуур
Дорнод аймгийн Халхгол сумын төвөөс баруун хойш 65 км-т Буйр нуур оршдог. Манай орны хамгийн олон үйл загастай нуур. Буйр нуур нь тектоникийн гаралтай боловч эргийн хэв шинжийн байдлаар нь хээр талын нуурт хамааруулж болно. Хамгийн урт нь зүүн хойноос баруун урагш 40 км, өргөн нь 21 км, эргийн шугамын урт 118 км, ус хураах сав газрын талбай 20200 хавтгай дөрвөлжин км, 615 хавтгай дөрвөлжин км талбайтай манай орны 5 дахь том нуур юм. Нуурын усны гүний дундаж 6 м бол хамгийн гүн хэсэгтээ 16 метрт хүрдэг. Буйр нуур далайн түвшнээс дээш 583 метр өндөрт өргөгджээ.
Буйр нуур тэгш талархаг газарт байдаг тул эргийн шугам маш жигд булан тохой цөөтэй. Буйр нуурын үндсэн тэжээл нь гадаргын урсац (Халх голын ус) юм. Харин илүүдэл усаа Оршуун голоор дамжуулан Далай нуурт өгдөг.
Халх голын Буйр нуурт цутгахад үүсэх садрааны адаг орчим нь намгархаг, зэгс, шагшуурга, бургасан шугуй ихтэй, усны шувууд олноороо бөөгнөрөн цуглаж үүрлэн, өндөглөдөг үзэсгэлэнтэй газар бий. Нуурын ус гүехэн учраас зуны урин цагт бараг ёроолоо хүртэл бүлээсэж өнгөндөө 2.2 градус хална.
Буйр нууранд 6 овгийн 34 зүйл загас бүртгэгдээд байгаагийн 12 зүйл нь агнуурын ач холбогдолтой булуу цагаан, тул, зэвэг, хадран, улаан живэрт, цурхай, цулбуурт, хэлтэг бөгөөд эдгээрийн 54 хувийг булуу цагаан загас эзэлдэг. Мөн 49 зүйл хөвөгч замаг, 57 зүйл хөвөгч амьтан, дээд ургамал, 4 зүйл тана хясаа бүртгэгдээд байна.
Буйр нуурын загасыг XIX зууны үеэс ашиглаж ирсэн бөгөөд Буйр нуурын зүүн урд эрэг дээр 1930 оноос монгол загас агнуурын газар байгуулагдан ажиллаж байгаад 1954 оноос эхлэн загас агнуурын улсын үйлдвэр болгон өргөжүүлж, нэг га талбайгаас 6.5 кг загас ангаж байжээ. Тус нуураас жилдээ 300 тн загас олборлох нөөцтэй гэсэн тооцоо бий. Буйр нуур, түүний орчимд 16 багийн 45 овгийн 122 төрлийн 236 зүйл шувуу бүртгэснээс орших хэлбэрийн хувьд 37 зүйл суурин амьдралтай, 199 зүйл нүүдлийн шувууд байна. Буйр нууранд 20 мянгаас дээш усны шувуу байнга байдаг, ус намгийн шувууд ихтэй учраас Олон улсын ач холбогдол бүхий ус намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай Рамсарын конвенцийн хавсралт жагсаалтад 2004 онд бүртгэжээ.
Хайлангийн хадны буган чулуу, хүн дүрст чулуу, дөрвөлжин булш
Хайлангийн хадны дурсгалд, буган чулуун хөшөө, хүн дүрст хөшөө, дөрвөлжин булш зэрэг хүрэл зэвсгийн үеийн томоохон соёлууд зэрэгцэн оршсон цогцолбор дурсгал бүхий газар манай оронд цөөхөн тохиолддог. Тиймээс Дорнод Монголын хүрэл зэвсгийн түүхийг өгүүлэх, хүрлийн үеийн томоохон соёлууд нэг дор оршсон соёлын цогцолбор дурсгалт газар хэмээн үзэх үндэслэлтэй.
Дөрвөлжин булш нь гадаад хэлбэр зохион байгуулалтаараа нэлээд эртний хэлбэртэй, оюуны болон эдийн соёлын тухай олон мэдээллийг өгч чадах түүх, соёлын үл хөдлөх дурсгалууд юм. Монгол оронд хүрэл зэвсгийн үеийн дөрвөлжин булшийг одоогийн судалгааны мэдээгээр 510 орчмыг малтан шинжилсэн байна.
 Их бурхант цогцолбор
Дорнод аймаг, Халхгол сумын нутагт орших “Их бурхант” нэртэй чулуун бурханы цогцолбор дурсгалыг Халхын Сэцэн хан аймгийн жүн ван Бат-Очирын Тогтохтөр санаачлан удирдаж, 1859-1864 онд бүтээжээ. Энэхүү дурсгал “Их шүтээн”, “Их бурхант” хэмээн олноо алдарсан.
Дурсгалыг найман аюулаас аврах Арьяабал бурханч гэдэг. Түүний гарт нь арслан, заан, могой, гал, ус, гав гинж, хүний бодол санаа зэрэг найман утгыг агуулсан билэгдэл атгаастай байдаг. Их Бурханыг Монгол улсын дорнод хил хязгаарыг аюул гамшгаас хамгаалахын билгэдэл болгон барьсан гэж олны дунд яригддаг боловч To ван ард олон шүтлэг бишрэлээс шалтгаалж асар их эд хөрөнгө Түвд, Энэтхэг, Хятад руу урсаж байгааг гярхай ажиглаж энэ бүх буяныг нутаг орондоо тогтоох зорилгоор барьжээ гэсэн саналууд бий.
Их бурхныг бүтээхэд мянган үхэр тэрэг хөдөлгөж долоон жилийн турш барьсан гэдэг. Тухайн үедээ өрх бүрээс нэг үхэр, айл болгоноос таван лан мөнгө гаргасан гэсэн хууч яриа байдаг.
Найман аюулаас аврагч Жанрайсиг бурханы дүр эл шүтээнийг To ван болон Сэцэн хан аймгийн хошуу ноёд, ихэс дээдэс чулуугаар хэвтээ байдлаар бүтээн залахаар шийдэж, Халх голын баруунтаах 35 градусын налуу энгэрт 90 тохой буюу 30 метр уг бурханыг хоёр бага хүрээн дотор цогцлуулжээ.
Их бурханыг тойруулан чулуугаар урласан 20 гаруй жижиг бурханы дүр бүтээсэн аж.
 Шонх таван толгойн хүн чулуун хөшөө
Шонх таван толгойн хүн чулуун хөшөө нь Дорнод аймгийн Халх гол сумын нутгаас олджээ. Төв Азийн Эртний нүүдэлчдийн сүрлэг, дурсгал, оюун сэтгэлгээний томоохон бүтээл болох хүн чулуун хөшөө Дорнод монголын нутагт нэлээд бий.
Уг хүн чулуун хөшөөг XIII-XIV зууны язгуурлаг хүний оршуулгын зан үйлд зориулж үлдээсэн дурсгал хэмээн үздэг. Хүн чулуун хөшөөг судалсан эрдэмтэд уг дурсгалыг тайлбарлахдаа тэр үеийн хүмүүс оршуулсан хүнээ мөнхийн харуул болгож, сүнс, хойд насыг нь эрхэмлэдэг заншлын дагуу энэ дурсгалыг бүтээжээ гэдэг санал дэвшүүлсэн байдаг. Дорнод Монголын хүн чулуун хөшөө нь Түрэгийн хүн чулуун хөшөөдийг бодвол бодит дүрслэл сайтай урлагдсан байхаас гадна хүнийг түшлэгтэй сандал дээр суулгасан байдлаар дүрсэлсэн байна.
Шонх таван толгойн хүн чулуун хөшөөнд хүнийг баруун гартаа аяга, сав барьж энгэртээ аван зүүн гараараа сандлын түшлэгийг тохойлдсон, өвдөг дээрээ тавьсан байдлаар дүрсэлсэн байна. Хүн чулуун хөшөөний өөр нэгэн онцлог бол маш уран нарийн аргаар жижиг дүрслэлүүдийг гаргасанд оршино.
Хамар даваа дээрх Ялалтын хөшөө
Дорнод аймаг, Халх гол сум Монгол Зөвлөлтийн баатарлаг дайчин мөнхийн гавьяат үйлсэд зориулан Халх голын ялалтын 45 жилийн ойг тохиолдуулж, 1984 онд Хамар даваанд энэ хөшөөг босгосон юм. Энэхүү сүрлэг гэрэлт хөшөө нь манай хоёр орон, нам ард түмэн, зэвсэгт хүчний найрамдал, ах дүүгийн барилдлагааны мөнхийн дурсгал болж байна. Сонирхуулахад тус суманд Халхголын дайны түүхэн ялалтыг хүндэтгэсэн хөшөө дурсгал олон бий. Тухайлбал, М.П.Яковлевийн хөшөөг онцлоё. М.П.Яковлев нь 1903 онд Сибирт төрсөн орос хүн. 1939 оны 7-р сарын 12-нд Халх голын гарамд тулж ирсэн их буу, меномет, пулемётоор зэвсэглэсэн Японы цэргийн довтолгоог бут цохиж, танкийн бригад явган цэргийг биечлэн удирдаж шинээр тулаанд орсон тэр мөчид М.П.Яковлев танкнаасаа гранат барьж гарч ирэн явган цэргийг удирдаж дайсны өөдөөс давшилтанд орж баатарлагаар амь үрэгджээ.
Бригад командлан захирагч М.П.Яковлевт ЗХУ-ын баатар цол олгож, танкын 11-р бригадыг түүний нэрээр нэрлэсэн юм. М.П.Яковлевын тулалдаанд орж амь үрэгдсэн газар БТ-7 танкаар сүрлэг хөшөө босгож, хашаанаас 10 метрийн зайнд алдрын хос багана сүндэрлүүлсэн нь Монгол Оросын найрамдал танкын 11-р бригадын эрэлхэг 72 дайчны мөнхийн дурсгал болон хан тэнгэрт гялалзаж байна.
 Халх, Нөмрөгийн сав газар
Төв Азийн нэгэн гайхамшиг Монголын Дорнын их тал нутаг үргэлжилсээр Монгол улсын зүүн хязгаарт хүрнэ. Эндээс зүүн тийшлэх тусам ОХУ, БНХАУ-ын нутаг дахь алс Дорнодын хэсгийг хамран өмнө зүг чиглэлтэй үргэлжлэн сунаж тогтсон их хянганы нуруутай залгадаг.
Хянганы нурууны баруун тийш түрж орсон багаахан хэсгийн Монголын их талтай нийлж байгаа зааг нутаг болох Халх, Нөмрөгийн голын сав газар нь байгалийн үлэмж үзэсгэлэнтэй мөн соёл, түүхийн ховор нандин өвийг агуулсан нутаг юм.
Халх, Нөмрөгийн сав газар нь энэхүү хоёр голоос гадна олон жижиг гол горхи, голын татам, бургасан шугуй бүхий голын хөндий, ой бүхий бэсрэг уулс, уулын хөндий, нуга, намгархаг газар хийгээд, элсэн манхан бүхий дов толгод, нугачаануудтай байгалийн гайхамшигт тогтоцтой билээ.
Энэхүү газрын бүх гол, горхины ус нь Монголын Дорнод талын цэнхэр мэлхий болох Буйр нуурыг тэтгэдэг. Халх, Нөмрөгийн сав газартай хаяа нийлэн Мэнэгийн тал, Ташгай таван нуур, Гүү, Азаргын гол зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд оршдог.
Дашрамд онцлоход Халх гол буюу Халхын гол нь Евразийн зүүн хойд хэсэг, Монгол улсын зүүн хэсэг, БНХАУ-ын ӨМӨЗО-ы зүүн хойд хэсгээр урсана. Голын баруун эрэг нь зүүн эргээсээ өндөр тул зүүн талаас нь харахад хана хэрэм мэт халхалж харагддагаас ийм нэртэй болжээ.
 Вангийн цагаан уул
Дорнод аймгийн Халх гол сумын нутагт улсын хилийн наахна оршдог. Далайн төвшнөөс дээш 1099 метр өндөрт орших эртний тахилгат уул. Их талын дунд орших уул учраас бараа нь 40-150 километрийн алсаас харагддаг. Вангийн цагаан уулын эргэн тойронд Зүрхийн цагаан хоолой, Цагаан овоо, Сангийн далай нуур зэрэг газрууд байх бөгөөд Халхын мэргэн ван Тогтохтөр ардуудтайгаа нутаглан амьдарч байжээ.
Уулын тахилгыг 1937 онд хааж 1990 онд буцааж сэргээсэн бөгөөд өдгөө 3 жил тутамд нэг удаа тахиж байна. Вангийн цагаан уулын тухай нутгийнхан ийнхүү домоглодог. Монгол улс Манжийн дарлалд байх хүнд хэцүү цаг үед Манжийн нэгэн түшмэл эзэн хаандаа ажил хэрэгч, ухаалаг түшмэл болж харагдах гэж ихэд хичээдэг байжээ. Их зант түшмэл Монгол нутгийн Цагаан уулыг өөрийн эзэмшил газраа хэмээн өмчлөхөөр улайрч гэнэ. Үүнд эгдүүцсэн Халхын мэргэн То ван ийн хэлжээ. “Энэ уул яг нэг үхрийн ширний хэмжээтэй. Үхрийн ширний хэмжээнээс илүү гарсныг нь та ав даа, харин танай манай хоёр айл хөрш болон амьдрах болбол манай нохой идүүртэй хоолноосоо танай нохойд долоолгохгүй байх шүү” гэжээ. Далд утгатай энэ үгийг тайлж эс чадсан манж түшмэл “хичнээн том үхрийн шир байлаа ч бүхэл бүтэн уулнаас юу хороож чадах билээ” гэж хэлээд гурав хоногийн дараа уулзаж Цагаан уулыг хувааж авахаар болжээ. Мэргэн То Ван том эр үхрийн ширийг тойруулан хурц хутгаар утас шиг нарийхан болгон зүсүүлж маш урт сур бэлдэж, хатаж агшихаас нь сэргийлэн усанд хийн хадгалжээ. Ингээд болзсон өдөр ирэхэд То ван манж түшмэлд хандаж, “За сайн харж байгаарай” гээд урт сураа хөврүүлсээр Цагаан уулыг битүү цагираглан хүрээлэхэд хоёр алд хэртэй үзүүр илүү гарчээ. Мэргэн То ван эр зориг гарган ухаан сийлж нутгийн уулаа харийн түшмэлд алдалгүй авч үлдэж чадсан учир тэр уулыг Мэргэн То вангийн цагаан уул гэж нэрлэх болж, он цаг улирсны дараа Вангийн цагаан уул болон үлдсэн юм.
 Мэнэнгийн тал
Дорнод Монголын өргөн уудам тал нутгийн дунд орших Мэнэнгийн тал нь манай орны хамгийн том тэгш тал юм. Талын гадарга жигд, налуу нь 10 м/км-ээс хэтэрдэггүй. Мэнэнгийн тал нь Буйр нуураас баруун тийш 90 гаруй км урт, 60 гаруй км өргөн нутгийг эзлэн, 600 м өндөрт оршдог.
Бэлчээрийн ургамал, зээр, чоно болон ховор ан амьтад ихтэй, дэлхий дээрх байгалийн төрхөө хадгалан үлдсэн том тал билээ. Мэнэнгийн тал нь Нөмрөг, Халх голын сав газартай хил залгаа орших жижиг дов толгодуудтай хялганат хээр бүхий уудам газар.
Мэнэнгийн тал бол цагаан зээрийн гол бэлчээр нутгийн нэг бөгөөд энд жил бүр олон зуугаараа сүрэглэсэн цагаан зээр ирж өвөлждөг. Олон наст үржил шимт үетэн ургамлууд зонхилсон хялганат хээрийн өвсөн далай мэт үзэсгэлэнт байдлыг Мэнэнгийн талаас харах боломж бүрджээ. Унаган төрхөө харьцангуй хэвээр хадгалан үлдсэн хялганат хээр түүний салшгүй хэсэг болох цагаан зээрийн их сүргийг хамгаалах нь дэлхий дахинд өндөр ач холбогдолтой.
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. ankhbayr гуай өгүүлрүүн:

    Tanaa hamt olond talarhaj bain bi torj osson gazar nutagaa oht meddegvi ym bain bvhel saihan gazariig ochij vzmeer bain ta bvhen oshoo olon saihan zvil olj tawiarai

  2. Зочин гуай өгүүлрүүн:

    Дорнодын тухай сайхан мэдээлэл оруулжээ танай хамт олонд талархая

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*