Ардын хувьсгалын 96 жилийн ой, үндэсний их баяр наадам болоход сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Хүчит бөхчүүд бэлтгэлдээ гарч, уяачид хурдан хүлгүүдээ сойж, эрхий мэргэн харваачид цэц мэргээ сорьж эхэллээ. Айсуй наадмын сургаар сэтгэл гэгэлзсэн энэ өдрүүдэд эрийн гурван наадмын тухай олон сайхан дуу түмний сонорыг мялаан эгшиглэж байна. Энэ удаа бид тийм нэгэн уран бүтээлийн эзэн шинэ залуу уран бүтээлчийг танилцуулж байна. Энэ бол залуу дуучин Бат-Эрдэнийн Эрдэнэбаатар. Түүний аялгууг нь зохиож дуулсан “Хамаг Монголын харваа” дууг Монголын Үндэсний сурын холбооныхон сүлд дуугаараа баталжээ.

-Юуны өмнө өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Намайг Бат-Эрдэнийн Эрдэнэбаатар гэдэг. Дорнод аймгийн Баян-Уул сумын хүн дээ. СУИС-ийг төгсөөд ҮДБЭЧ-д дуучнаар ажиллаж байсан. Одоогоор хувиараа уран бүтээлээ хийж байна.

-Наадам дөхөж байна. Мэдээж дуучин хүн хойно найранд гурван дугараатай байж таараа. Наадамд гурван даваатай юу?

-Дээлээ уран барилдаж өсөөгүй монгол хүн байхгүй биз ээ. Би багадаа барилддаг байсан. Одоо бол сонирхлоороо л ноцолддог гэх үү дээ. Хааяахан сумынхаа наадамд зодоглочихдог. Зэрэг, цол бол байхгүй ээ.

-Сурын тухай дуу яагаад зохиох болов. Ямар нэгэн үүдэл санаа бий байх?

-Тэгэлгүй яах вэ. Миний төрж өссөн нутаг бол эрхий мэргэн харваачдын өлгий. Дорнод аймгийн Баян-Уул сум гэхээр сурынхан бол андахгүй. Манай сумаас үндэсний сурын 17 мэргэн төрөн гарсан. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, дархан мэргэн А.Цэвээн баавайгаас эхлээд л дархан мэргэн Х.Даваажаргал, Ц.Хүдэрчулуун, паралимпийн аварга Д.Баатаржав гээд Улзын хөвөөнөөс улсын наадмын зурхайд тив дэлхийд алдар суугаа дуурьсгасан олон мэргэд Баян-Уулаар овоглодог. Хар багаасаа л нутгийнхаа эрхий мэргэн харваачдын харвахыг харж, сумыг нь зөөж өссөн. Баян-Уул сумын Эрээн хороо, Эрээний тэрэгний үйлдвэрийнхэн ч мөн сайн  харваачидтай. Тиймээс сур харваа надад маш ойрхон. Энэ дуугаа бичих санаа олон жилийн өмнө  төрсөн. Яруу найрагч Г.Сонинбаяр ахдаа энэ тухайгаа хэлж сайхан шүлэг бичүүлсэн.

-Дууг тань сонсоод байхад урианхай, буриад, халх харвааг бүгдийг багтаасан юм билээ. Сурын түүхийг нэлээд судалсан бололтой?

-Тэр талаар яруу найрагч маань илүү ихийг ярих байх. Сурын гарал үүсэл, түүхэн хөгжлийг сайн судалж, нэлээд олон эх сурвалж, түүх домог уншиж байж шүлгээ бичсэн гэсэн. Яах аргагүй үндэсний сур харваа урианхай түмнээс үүсэлтэй. Тэгээд буриад сур хөгжсөн. Халх харваа бол энэ бүх уламжлал дээрээ тулгуурлан  арай хожуу бүрдэж бий болсон юм билээ. Тэр бүхнийг гурван бадагтаа багтаан, дахилтууд дээрээ хайдаа, бараа, уухай гээд ястан бүрийн сур харвааны уухай дуудлагыг оруулж өгсөн. Тиймээс дуугаа бид “Хамаг Монголын харваа” гэж нэрлэсэн.

-Үндэсний сурын  холбооны сүлд дуу болсон тухайд?

-Энэ дууг маань Үндэсний сурын холбооныхон маань их сайхан хүлээж авсан. Тус холбооны нарийн  бичгийн дарга Б.Хүрэлбаатар ахдаа баярлалаа гэж хэлье. “Хамаг Монголын харваа” дууг маань Б.Хүрэлбаатар ах анх сонсоод л маш их урам хайрласан. Бас дүрсжүүлэх асуудлыг нь Үндэсний сурын холбооныхон маань хариуцан ажилласан. Ноднин жил Хүй долоон худагт болсон даншиг наадмын үеэр клипний зураг авалтаа хийсэн. Сурын холбооныхон болон харваачид маань маш идэвхтэй оролцож зураг авахуулсанд баярлаж явдаг. Энэ бол сурын уухай, бараа сонсч өссөн жирийн уран бүтээлч миний хувьд нийт эрхий мэргэн харваачдадаа, нутаг усны мэргэн харваачид, баавай нартаа хүндэтгэн барьж байгаа эгшгэн хадаг маань юм. Өмнө нь би буриад аялгаараа мөн сурын тухай дуу дуулсан. Уг дууны шүлгийг манай Баян-Уул сумын яруу найрагч Б.Зийдэгмаа багш маань, аяыг нь хөгжмийн зохиолч Гүрсоронзон ах бичсэн.