Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Ажлын байраа булаалгасан иргэд тэмцсэний эцэст зөвшилцөлд хүрэхээр болов

Дорнод аймгийн Матад сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна Дачин Тамсаг Монгол” компанийн олборлолт явуулж буй Газрын тосны 19, 21 дүгээр талбайд монголчуудын эрх ашиг ноцтойгоор зөрчигдөж байна уу, үндэсний гэх тодотголтой компаниудын ажлын байрыг булааж авсаар байна гэх мэт асуудлыг энэ удаад дахин хөндөхөөр шийдлээ. Өнгөрсөн 2016 оны арваннэгдүгээр сард 19 дүгээр талбайгаас ийм асуудлаар сурвалжлага хийж байсан юм.

Энэ удаад холбогдох газрууд болон автотээврийн үндэсний зөвлөх компаниудад эл талбайд ажилладаг үндэсний гэх тодотголтой хэд хэдэн компаниас гомдол ирсний дагуу ийнхүү эргэн сурвалжилсан юм. Тодруулбал, монголчуудын хийж байсан ажлыг хятадууд хүчээр булааж авч ажлын байргүй болголоо, бүр цаашлаад айл өрхүүдийг хоолноос нь салгаж байна. Тиймээс холбогдох газруудаас шалгаж, шаардлага тавихыг хүссэн юм.

Бид эхний өдөр Газрын тосны 19 дүгээр талбайд ажиллав. Тэнд харахад хэдий ажил хэвийн явагдаж байгаа ч асуудал их байна. Ил далд хэлбэрт “бүгсэн” асуудлуудыг холбогдох газраас ч шалгаж явна. Тодруулбал, АМГТГ-ын Ашиглалтын хэлтсийн дарга О.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсгийнхэн 19, 21 дүгээр талбайд ажиллаж, “Петрочайна Дачин Тамсаг” компанийн охин компани болон туслан гүйцэтгэгч компаниудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, заримд нь шаардлага өгч, зөвлөмж хүргүүлсэн байна.

19 дүгээр талбайд үйл ажиллагаа явуулаад хоёр жил болж байгаа “Цагаан хэрэм” охин компанийн туслан гүйцэтгэгч “Нөмрөг ээл” гээд компани үнэндээ даам гарчихсан байдаг юм байна. Хятадын 100 хувь хөрөнгө оруулалтай, хятад эзэнтэй, 10 гаруй монгол ажилтантай компани.

Монгол Улсын хууль дүрэмд захирагдана гэж байхгүй. Хуулийг уландаа гишгэж, шаардлага тавьсан албаныхныг нохой хуцсан дайны боддог гэнэ. Ингэж л даварч, төрийн толгойд болон Монгол Улсын хуулийн магнайд гарсан хятад хүнд газар нутгаа дээрэмдүүлж цөлмүүлж байна гэсэн сумын иргэд болон ажлын байраа булаалгасан иргэд эсэргүүцлээ илэрхийлэхээр шийдэж.

Энэ компанийн үүх түүх үүслийг нь шалгаад үзвэл, “Петрочайна Дачин Тамсаг /Монгол/” ХХК-ийн охин компани болох “Цагаан хэрэм” нь шингэн хагалбар болон өрөмдлөгийн ангитай. Тус анги нь ачаа тээврийн үйл ажиллагаагаа 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай “Дорнын их гэгээ” компаниар гүйцэтгүүлж байгаад 2014 онд гэрээгээ цуцлан, “Нөмрөг ээл” хэмээх Монголд бүртгэлтэй хэрнээ хятад эзэнтэй компанийг туслан гүйцэтгэгчээр авсан байна.

Лю овогт Фэншуань анх газрын тосны талбайд туслах ажилтнаар ажиллаж байгаад 2014 онд компани байгуулан, том оврын тээврийн тэрэг оруулж ирээд “Цагаан хэрэм” шингэн хагалбарын компанийн тоног төхөөрөмжийг зөөвөрлөдөг болсноор асуудал үүсэв. Анх 8 машинтай үйл ажиллагаагаа эхэлж байсан жижиг компани өнөөдөр хүрээгээ тэлж хоёр талбайд нийт 20 гаруй машинтай болжээ.

Хамгийн гол нь монголчуудын хийж чадаж байсан ажлыг булааж авсанд их учир байгаа юм. Яагаад монгол хүн газар нутагтаа ажил хөдөлмөр эрхэлж чаддаггүй хэмээн ад үзэгдэж, идэх хоолоо хятадуудад булаалгаж амьдрах ёстой гэж. Дээр нь тусгай зориулалтын бус машиныг хилээр оруулж ирэн замын хөдөлгөөнд оролцуулж эхэлснийг ч монгол ажилчид эсэргүүцэж байгаа юм.

Учир нь Монгол Улсад зориулалтын бус машин замын хөдөлгөөнд оролцохыг хуулиар хориглодог юм. Мөн Хятадаас оруулж ирж байгаа машин Монголд байхад байхгүй мэт ойлголтыг төр болон холбогдох газруудад ойлгуулсаар иржээ. Анх тусгай зориулалтын машины зөвшөөрлийг Автотээврийн үндэсний төвөөс хүсэхдээ зориулалтын машины зураг, мэдээлэл үзүүлж яг л ийм машин оруулж ирнэ хэмээн итгэл үнэмшил төрүүлж байгаад зөвшөөрлөө авдаг. Гэвч бодит байдал дээр огт өөр маркийн машин оруулж ирээд хийц загварыг нь өөрчилж замын хөдөлгөөнд оролцуулж ажлаа хийж байгаад асуудал байгаа юм.

Тэгвэл иймэрхүү байдлыг нь тэвчихгүй, бас гаргаж байгаа үйлдэлийг нь эсэргүүцэж монголчууд тэмцэж суулт зарлаж эхэлжээ. Тэд тэмцлийн хурц хэлбэрийг сонгоход ч бэлэн байгаагаа илэрхийлэв.

Тодруулбал, энэ сарын 23-нд Матад сумын ажилгүй иргэд болон ажлын байраа булаалгасан хүмүүс “Цагаан хэрэм” шингэн хагалбарын ангийн гадаа гэр барьж суулт хийж эхэлсэн. Тэд Хятадын тал буюу “Цагаан хэрэм” түүний туслан гүйцэтгэгч “Нөмрөг ээл” компанийг ямар нэгэн шийдвэр гаргатал, гэрээ буулгаж, суултаа зогсоохгүй гэсэн юм.

Ингээд ажлын байраа эргүүлж олж авахаар тэмцсэн иргэдийн санаа бодлыг сонслоо.

Бид нарыг хүлээж авахгүй, ойшоохгүй бол АМГТГ-т өргөдөл бичнэ

“Нөмрөг Ээл” компаниад ажиллаж байгаад халагдсан Б.Анхбаяр “2013 онд ажилчдыг цомхтгол гэсэн шалтгаанаар ажлаас халсан гэдэг. Яг ямар шалтгаан нөхцлөөр ажлаас халснаа “Нөмрөг Ээл” компанийн хятад эзэн надад тайлбарлаагүй. Тухайн үед зургаан монгол иргэн ажлаасаа халагдсан. Би энэ компанид ажиллаж байхдаа энэ том тэргийг банкны зээлээр худалдаж авсан. Сард сая гаруй төгрөгийн зээл төлдөг надад ажилгүй болно гэхээр ямар санагдах уу. Хоёр жилийн хугацаанд ажилгүй амьдрал хэцүүдэж сүйрч эхэллээ. Одоо болтол банкны зээлээ төлж чадахгүй өрөнд орчих гээд байгаа тул юу эсийг хийх билээ. Уг нь ажлын байрандаа үлдэхийн тулд Чойбалсан хотын дарга Мөнхтөр гэж хүнд хандаж үзсэн. Гэвч хүлээж аваагүй. Бид нарын хуучин хийж байсан тээврийн ажлыг монголчууд хийж чадахгүй биш чадна. Гэтэл Хятад эзэн монголчуудыг ажиллаж чаддаггүй хэмээн дорд үзэж харьцаж, биднийг халж, шахаж гаргасан. Тэгэхээр ажлын байраа эргүүлж олж авахын тулд гэрээ ачаад ирсэн. Ингээд өнөөдөр гэрээ “Цагаан хэрэм”-ийн шингэн хагалбарын ангийн үүдэнд бариад суулт хийж эхэллээ. Хэрвээ бид нарыг энэ компанийнхан ойшоохгүй, хүлээж авахгүй, ямар нэгэн шийдэлд хүрэхгүй бол АМГТГ-т өргөдөл бичнэ. Урьд нь хэсэг нөхөд өргөдөл бичиж өгсөн ч хариу өгөөгүй. Одоо дахин өгөх болно” гэлээ.

Ажлын байраа буцааж авахын тулд тэмцэж байна

Матад сумын 4-р багийн иргэн Э.Батцэрэн “Хоёр жилийн өмнө Матад сумын иргэд энд үйл ажиллагаа явуулж байгаад Хятадын компани болох Нөмрөг-Ээл компанийн эзэн ажлын байрыг нь булааж авч,хууль бусаар ажиллаад 2 жил болж байна. Түүний хэт даврал даамжирсаар байгаад сүүлдээ ажиллах боломжгүй болгож ажлын талбараас шахан зайлуулж эхэлсэн тул бид тэмцэж эхэллээ. Хэдий Монголд бүртгэлтэй гэдэг ч жаахан татвар төлдөг, тэгээд олсон мөнгө нь Ванжий гэдэг нөхрийн халаасанд орж урагшаа гарч байгаа юм. Яг үнэнийг хэлэхэд бид нарын хийж байсан ажлыг буцааж өгтөл нь тэмцэнэ. Бид нар хоёр жилийн өмнө энэ хоёр талбайд туслан гүйцэтгэгч буюу дотоодын тээвэрлэлтийн үйлчилгээ эрхэлж байсан. Тиймээс ажлын байраа буцааж авахын тулд тэмцэж байна”

Зээлээр том тэрэг худалдаж авсан ч төлж чадахгүй хэцүүдэж байна

Матад сумын 3-р багийн иргэн Г.Мөнхжаргал “Би хоёр жилийн өмнө том тэрэг барьдаг байлаа. Хятадууд их дарамталдаг дарамттай ажлаа хийлгэдэг байсан. Ажил хийгээд ирэнгүүт голно. Монголчууд та нар ажиллаж чадахгүй байна гэж их дорд үзнэ. Тэгээд машин тэргээ гуйж байгаад түрээсээр ч хамаагүй явуулъя гэхээр дандаа баячуудад үйлчилдэг. Матад сумын иргэд том тэрэг зээлээр авчихаад өнөөдөр ажилд оруулж чадахгүй хий дэмий зээлийн хүү мөнгө банкинд төлөөд сууж байгаа нь үнэн. Өрөнд орсоор байгаад амьдрал хэцүүдэж байна. тээвэрлэлтийн компанийн үйлчилгээг үндэсний компани авчихвал би ч гэсэн зээлээр авсан машинаа түрээсээр оруулаад ажлаад явах боломж нөхцөл бүрдэнэ гэж бодож байгаа. Надад дутуу дутагдалтай зүйл гэж байхгүй. Тээврийн 4 ангилал байна, алинд ч ажиллаж чадна. Нэг машин орлоо гэхэд нэг ч гэсэн айл амьдралтай боллоо гэсэн үг. Тиймээс ажилд орох болов уу гэж олон хоног компанийн үүд сахиж сууна. Горьдлого тасрахгүй хэрнээ их харуулдана. Хүлээж авахгүй ээ. Матад сумын ажилгүй залуус хий дэмий л сэлгүүцэж явна. Уг нь сум орон нутагт нь үйл ажиллагаа явуулж, газрынх нь баялагийг хүртэж байж иргэдийг нь ажлын байраар хангахад юу нь болохгүй гэж, боломж нь байгаа шүү дээ. Гэтэл тийм биш” гэлээ.

Наймдугаар сараас хойш цалингийн бараа харсангүй

Матад сумын 6-р багийн иргэн Б.Үүрдмөнх “Матад сумын иргэдэд ажлын байр ховор. Сайхан залуу хүмүүс хэдэн төгрөг олохын тулд хар бор ажил хийж явна. Заримдаа өөрөөсөө ч ичих үе байдаг шүү. Ар гэрээ тэжээхэд хэцүү л байна. Манайх хорны ангид манаа манаад олон сар болж байна, өнөөдрийг хүртэл цалингүй ажилласаар. Аль өнгөрсөн наймдугаар сараас хойш цалингийн бараа харсангүй. Уг нь сарын 300 мянган төгрөгийн цалинтай байсан. Цалин мөнгөө асуухаар дээгүүр доогуур ярьж байгаа удахгүй өгнө гээд л чимээгүй байна. Ер нь бол Монгол ажилчдыг үл ойшоодог” гэв.

Ийнхүү нутгийн болон ажлын байраа булаалгасан 20 гаруй залуус дээрх компанийн үүдэнд гэр барьж, суулт хийж эхлэнгүүт “Цагаан хэрэм” компанийн хятад ажилчид цагдаад мэдэгдэж, харин туслан гүйцэтгэх компани болох “Нөмрөг Ээл”-ийн хуулийн зөвлөх нь тэдгээр залуустай ярилцаж ойлголцол зөвшилд хүрье гэж утсаар ярьсан юм. Тэрбээр “Одоогоор ажилгүй байгаа ямар иргэд байна. Хэчнээн том машин байна түүнийг нь авч ажиллуулах талаар нухацтай ярилцъя. Тиймээс кэмпийн үүдэнд барьсан гэрээ буулгаач” гэв. Харин тэмцэгчид энэ удаагийн тэмцэл ямар нэгэн үр дүнд хүрч эхэллээ гэсэн юм.

Үнэнийг хэлэхэд, “Цагаан хэрэм” компанийн туслан гүйцэтгэгчээр 2012, 2013 онуудад “Дорнын их гэгээ” компани ажиллаж, Матад сумын иргэдийг ажилтай орлоготой байлгадаг байлаа. Гэвч “Нөмрөг-Ээл” компани орж ирэнгүүтээ үнэ унагааж, дээд талын компанитайгаа ямар нэгэн байдлаар тохиролцоо хийж, ажлын байрыг нь шууд булаасан байгаа юм. Одоо тэр компанид ажиллаж буй монгол иргэдийн амьдарч байгаа орчин, ажлын нөхцөл нь үнэхээр муу бөгөөд ажилчдынхаа эрүүл ахуйн байдал, эрх ашгийг нь ноцтой зөрчиж байгаа нь илт.

Түүнчлэн тэдгээр хятад компаниуд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр иргэдийг нь дарамталж, хуулийн дээр заларч даварсан байна гэж ойлгож болно. Хятадын нэгэн жижиг тосгонд газар тариалан эрхэлдэг байсан хүн Монголд орж ирээд компани байгуулж, жирийн ажилчдын байрыг булааж даварсаар даварсаар даам гарчихаж болдог юм уу.

Ерөөсөө л энэ үйлдлийг нь эсэргүүцэж байгаа юм. Монголчуудын хийж байсан ажлыг, өөрөөр хэлбэл хоолыг нь булааж авсан Монголд бүртгэлтэй туслан гүйцэтгэгч энэ компанийн үйлчилгээг даруй зогсоох хэрэгтэй гэв. Хэдий Монголд татвар төлж, 10 хүрэхгүй монгол иргэдийг ажлын байраар хангаж байгаа ч улсыг минь цөлмөж, Монголд орж ирэх мөнгийг нь урагш нь урсгасаар байна.

Гэхдээ хэдийгээр ажилгүй иргэд тэмцсэний эцэст “Нөмрөг Ээл” компанитай ярилцаж нэг шийдэлд хүрлээ гэж бодлоо гэхэд тус компани хоёр машин оруулж түрээсээр ажиллуулах боломжоор хангахаас өөр юугаар ч хангахгүй байх гэж харж бас хардаж байна. Тэгэхээр цаашаа Хятадын тал буюу дээд толгой компани болох “Петрочайна Дачин тамсаг” түүний охин компани “Цагаан хэрэм” компанитай нь ярилцаж гэрээ хэлэлцээр хийж ажиллаж гэмээнэ асуудал нэг талдаа шийдэгдэнэ гэж үзэж буй.

Газрын тосны тухай хуулийн 3 дугаар бүлгийн 11.2.5-д заасан “Өөрийн үйл ажиллагаанд шаардагдах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, туслан гүйцэтгэгч сонгохдоо Монгол Улсад бүртгэлтэй татвар төлөгч аж ахуйн нэгжид тэргүүн ээлжинд давуу эрх олгох” гэсэн заалт бий. Энэ заалтыг хятад компаниуд овжноор ашиглаж, өөр хоорондоо хуйвалдан, Монгол Улсад компани байгуулж, давхар туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулан ажилладаг аж. Ингэснээрээ үндэсний хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжүүдийг хөдөлмөрийн зах зээлээс шахан зайлуулж, Монгол Улсад орж ирэх төгрөгийн болон валютын их хэмжээний урсгалыг өмнөд хөршрүү зөөсөөр байна.

Бид “Цагаан хэрэм” болон “Нөмрөг Ээл” компанийн хятад эзэдүүдтэй уулзах гэсэн боловч байсангүй. Улаанбаатараас ажлын хэсгийнхэн шалгалт хийж явна гэсэн сургаар зугтааж хил гараад явсан байв. “Нөмрөг ээл” компаний хятад захирал Ванжий хилээр гараад явсан гурав хоногийн дараа ирнэ гэжээ. Түүний кэмпээр орох гэсэн боловч эзэнгүй, үүдээ баавгай шиг хоёр том эрлийз нохойгоор мануулсан байв. Ванжийг нохдоо хооллохын тулд зээр агнаж ирдэг гэсэн яриаг ч нутгийн иргэд үгүйсгэсэнгүй.

“Цагаан хэрэм”-ийн шингэн хагалбарын ангиар нь ороход “Том гурван дарга нь байхгүй, мэдээлэл өгөх хүн алга даа” хэмээн нэг хятад халгаасангүй, хаалгаа түгжчихээд тавьж ч өгсөнгүй.

АМГТГ-ын Ашиглалтын хэлтсийн дарга О.Энхбаяр Ажлын хэсгийнхэнтэйгээ Газрын тосны талбай дээр байгаа Монгол, Хятад ангиудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцсан. Компаниудын зүгээс болж байгаа зүйл болон болохгүй байгаа асуудлаа тухай бүрт нь танилцуулаад ярилцсан.

“Дорнын их гэгээ” компанийн хувьд ажлын квотоо алдах асуудал удаа дараа гарсан учир холбогдох яам болон газарт нь баахан бичиг баримт хүргүүлж байсан ч тодорхой үр дүнд хүрээгүй гэдэг. Харин энэ удаад О.Энхбаяр даргад нөхцөл байдлаа бодитоор нь үзүүлж, танилцуулж, үйл ажиллагаа явуулж байгаа ажлын байран дээр тогтвортой ажилламаар байгаагаа хэлсэн юм. Ямар ч айдасгүйгээр 4- 5 жил ажиллах боломж бололцоогоор хангаж өгвөл одоо энэ байгаагаас илүү зоригтойгоор хөрөнгө оруулалт хиймээр байна гэдгээ ч уламжилсан.

Өөрөөр хэлбэл, тээвэрлэлтийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжүүд дор хаяж 50- 60 хувьтай тээвэрлэлт хийдэг болоё гэсэн зорилготой байгаа юм. Одоо бол “Дорнын их гэгээ” компани дотоод тээвэрлэлтийн 25 хувьд үйлчилгээ эрхэлж байгаа бөгөөд үүнийгээ нэг дахин өсгөчих юмсан гэсэн бодолтой байгаа аж.

Гэхдээ тээвэрлэлт жижиг ажил бөгөөд нас бонгинотой ажил гэдэг. Одоо бол 3-4 жилийн насжилт байгаа байх. Цаашдаа цооног өрөмдөх ажил багасаад ирэх учраас машины тоо багасана гэсэн үг. Тиймээс амь бөхтэй байхын тулд мөн одоо ажиллаж байгаа ажилчдыг ажилгүй болгохгүйн тулд үйлчилгээний ажлуудыг хийдэг болъё. Үндэсний гэх тодотголтой компаниуд өрөм зоодог болъё гэсэн асуудлыг холбогдох газрын дарга О.Энхбаярт хэлсэн бөгөөд дарга ч дэмжиж ажиллана гэдгээ ч илэрхийлсэн юм.

О.Энхбаяр: Зарим нэг анги дээр монгол ажилчдын квот хүрэхгүй байна

Ингээд АМГТГ-ын Ашиглалтын хэлтсийн дарга О.Энхбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-Та Газрын тосны 19, 21 дүгээр талбайгаар орж ангиудын үйл ажиллагаатай танилцаад явж байна. Ямар нэгэн зөрчил дутагдал байна уу?

-Ашиглалтын үйл ажиллагааг хариуцдаг хэлтэс. Энэ жилийн хувьд олборлолт нэмэгдүүлэх ажил эхэлсэнтэй холбогдуулан газар дээр нь очиж үйл ажиллагаатай нь танилцлаа. Энэ сарын 18-21-нийг хүртэл 21 дүгээр талбай дээр ажиллалаа. Ажил хэвийн явагдаж байна, цооногууд өрөмдөж эхэлсэн, экспорт хэвийн явагдаж байна.

-Туслан гүйцэтгэгч ангиудаар орсон уу. Энэ жил ажиллах хүч зуучлах шинэ компани орж ирсэн байна?

-Орсон. Монгол болон Хятад ажилчдын квотыг шалгалаа. Зарим нэг компанид зөвлөмж шаардлага өглөө. Тухайлбал, монгол ажилчдын квот хүрэхгүй байгаа тул хүргэ гэсэн шаардлагыг тавилаа. Энэ жил ажиллах хүч зуучлах шинэ компани орж ирсэнтэй холбогдуулан ажилчдын ажиллах амьдрах нөхцлийг сайжруул гэсэн зөвлөмжийг өглөө. Хог хаягдлыг ангилж, цэгцэлж талбайгаа цэвэрхэн байлга гэсэн үүрэг даалгавар өглөө.

-Газрын тосны 19, 21 дүгээр талбайд нийт хэчнээн компани ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар хэчнээн цооног өрөмдсөн байгаа талаар мэдээлэл өгвөл?

-Туслан гүйцэтгэгч компаниудын тооны тухайд хараахан нэгтгээгүй яваа. 21 дүгээр талбайд Перточайна Дачингийн 20 гаруй компани байна. Энэ дээр давхар туслан гүйцэтгэгч компани байна гэж бодохоор нийт 40 орчим компани байгаа бололтой. 19 дүгээр талбайд ч мөн тооны туслан гүйцэтгэгч компани байгаа болов уу.

-Цооногийн хувьд хэчнээн цооног өрөмдөх төлөвлөгөөтөй байна?

-Энэ жил 140 гаруй цооног өрөмдөх төлөвлөгөөтөй байгаа. Хоёр талбайд 10 өрмийн анги, талбай болгондоо гурван цооног өрөмдөөд дууссан байна.

-“Петрочайна Дачин Тамсаг” компанийн туслан гүйцэтгэгчээр үндэсний гэх тодотголтой компаниудаа дэмжиж ажиллана гэж ярьдаг хэрнээ бодит байдал дээрээ тийм биш. Хятад туслан гүйцэтгэгч компаниудыг дэмжиж, Монголын компаниудаа орхиод байна гэсэн шүүмжлэл бий?

-Энэ жил Монголын аж ахуйн нэгжийн оролцоог нэмэгдүүлэх шаардлага тавьж, Дачинтай хамтарч ажиллах төлөвлөгөө гаргасан. Үүнтэй холбогдуулж аж ахуй нэгжүүд манайд хүсэлт тавьсан. Гэхдээ аль аж ахуйн нэгжийг ажиллуулах тал дээр бид оролцдоггүй. Хүсэлт тавьсаныг уламжлаад Дачингаас сонголтоо хийгээд ажиллуулаад явдаг.

-Монголын компаниудын ажилчид Монгол нэртэй хэрнээ хятад эзэнтэй, Хятадын хөрөнгө оруулагчтай компаниуд олон байна. Тэд монголчуудын ажлын байрыг булааж ажилгүй болгоод байна гээд байгаа?

-Монгол нэртэй, хятад эзэнтэй компани ажиллахыг хориглож болдоггүй юм. Монгол Улсад бүртгэлтэй, цаанаа хөрөнгө оруулагч нь Хятад байлаа ч үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн хууль үндэслэл байхгүй болохоор бас хэцүү. Монголд татвараа төлөөд, монгол ажилчдыг ажиллуулж байгаа нөхцөлд бид хориглох ёсгүй. Хөрөнгө оруулагч нь хятад байсан ч ажилчид нь Монгол байж болно.

-Тусгай зориулалтын бус машинуудыг урдаас оруулж ирээд үйлчилгээ явуулаад байна. Уг нь хуулиндаа зориулалтын бус машиныг ашиглахыг хориглодог юм билээ?

-21 дүгээр талбайд Шингэн хагалбарын анги дээр тэвшин дээр ёмкос ачсан хоёр ч том тэрэгтэй таарлаа. Ийм машинууд замын хөдөлгөөнд оролцох ёсгүй гэж хэлээд үйл ажиллагааг нь зогсоох шаардлага тавьсан. Дээр нь Хятадын дугаар номертой харагдсан. Яг зориулалтын стандартын шаардлага хангасан автомашиныг явуулах хэрэгтэй гэж шаардсан.

-Энэ мэт байдлаар монголчуудын хийж чадаж байсан ажлыг Хятад компаниуд булааж аваад байна гэсэн асуудал хөндөгдөөд байгаа юм?

-Хүмүүс тэгж яриад байгаа. Гэхдээ бодит байдал дээр Монгол аж ахуйн нэгжүүдийн хийж чадах ажлыг монголчуудаар хийлгэ гэсэн шаардлагыг байнга тавьдаг. Боломжтой бүх ажлыг манайхан өөрсдөө хийх ёстой. Би бол үе шаттайгаар монголчууд газрын тосны ажилд оролцож байна гэж үзэж байгаа. Жишээ нь шавхалтын ажлыг хятадууд хийдэг байсан бол одоо монголчууд хийдэг болсон. Дараа жил гэхэд энэ ажлыг 100 хувь монгол аж ахуйн нэгжүүд гүйцэтгэнэ. Монголд бүртгэлтэй хятад эзэнтэй компанид шаардлага тавихаар хуулиараа бүртгэлтэй болохоор ямар ч боломжгүй юм.

-“Цагаан хэрэм” компанийн туслан гүйцэтгэгч “Нөмрөг-Ээл” компани татвараа төлдөггүй гэх асуудал бий?

-Туслан гүйцэтгэгчийн туслан гүйцэтгэгч бүртгэлгүй байна гэж байхгүй. “Нөмрөг- Ээл” компанийн хувьд хэл ам таталдаг. Тэр компанийн удирдлагуудтай уулзана даа.

-2017 онд хэдэн тонн тос олборлох төлөвлөгөөтөй байна?

-Энэ жил 1,1 сая тонн тос олборлоно. Энэ тосоо Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Монголын Засгийн газарт ногдох орлогоо авч улсын төсөвт төвлөрүүлж байгаа. Энэ жил 188 тэрбум төгрөгийг төсөвт оруулсан.

О.Сайхан Zaluu.com

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    хятадууд бүр даварч байнаа

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*