Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

13 ААН, байгууллага 1017 гадаад ажилтан авах хүсэлт ирүүлжээ

Дорнод аймгийн хэмжээнд ажилгүйдэл хэдэн хувьтай байгаа болон гадаад ажиллах хүч зэрэг хөдөлмөрийн зах зээлийн талаарх мэдээллийг тус аймгийн ХХҮГ-ын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Т.Сүмбэрээс тодрууллаа.

-Дорнод аймгийн хувьд ажилгүйдэл тодорхой хэмжээгээр өссөн үзүүлэлт харагдсан?
-Манай аймагт ажилгүйдлийн түвшин 11.1 хувьтай байна. Хөдөлмөрийн зах зээл дээр бий болж байгаа эрэлт нийлүүлэлтийн тэнцвэржүүлэлт тодорхой хэмжээгээр алдагдсан нь ажилгүйдлийн түвшин өсөхөд нөлөөлөв үү гэж бид харж байгаа.
-Бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо хэд орчим байгаа бол? Он гарсаар ажилд зуучлагчдын тоо хэдэн хувьтай явна?
-Хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд ажил хайж байгаа 1956 иргэн бүртгэлтэй байна. Үүний 1349 нь идэвхтэй ажил хайгчид бол 221 иргэн ажилд зуучлагдсан. Нийт ажил олгогч байгууллагуудаас манай ХХҮГ-т хандаж 351 ажлын байрны захиалга өгөөд байгаа.
-Иргэд голдуу аль төрлийн ажилд зуучлагдан орж байгаа бол?
-Энгийн буюу туслах ажил мэргэжилтэй, мөн худалдаа үйлчилгээний чиглэлээр, уул уурхайн салбарт түлхүү зуучлагдаж байна.
-Дорнод аймагт маш олон хятад иргэн ажиллахаар орж ирсэн тухай мэдээлэл сүүлийн өдрүүдэд хүчээ авсан. Ер нь энэ жил гадаадаас хичнээн ажилтан зуучлалаар авах вэ? Энэ талаар та бодитой мэдээллийг өгөөч.
-Тухайн орон нутагт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагаас манай ХХҮГ-т албан хүсэлтээ өгснөөр бид хуулийн дагуу холбогдох байгууллага буюу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, ХХҮЕГ-т санал уламжилдаг. Одоогийн байдаар нийтдээ 13 ААН байгууллага нийтдээ 1017 гадаад ажилчин авах хүсэлтийг хүргүүлсэн.
-Гадаад ажиллах хүч эхнээсээ орж ирсэн үү?
-Одоогоор аймгийн хэмжээнд 1178 гадаадын ажиллах хүч ажиллаж байна. Жишээ татъя л даа. Петро Чайна Дачин Тамсаг компани гэхэд нийт гадаадын ажиллах хүч мэргэжилтнийхээ 968 хүн буюу өнгөрсөн жил ажиллаж байсан хүмүүсийнхээ хугацааг үргэлжлүүлэн сунгасан. Энэ онд шинээр 778 ажиллах хүч гаднаас авахаар хүсэлт илэрхийлснээр ЗГ-ын тогтоол гарч зөвшөөрлөө авсан. Эдгээрээс яг одоо орж ирээд ажиллаж байгаа нь 1085 хүн байна.
-Монгол хүмүүсийн хийж чадахуйц ажлын байран дээр гаднын иргэдийг оруулж ирж ажиллуулж байна гэсэн шүүмжлэл сонсогддог шүү дээ.
-“Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах, гадаадад илгээх тухай хууль”-д зааснаар Монгол Улсад ажиллах нарийн мэргэжлийн гадаад иргэнийг холбогдох байгууллагын тодорхойлсон хүсэлтийн дагуу уламжилж шийдвэр гаргуулдаг. “Нарийн мэргэжлийн гадаад ажилтан” гэж юуг хэлээд байгаа юм бэ гэхээр өндөр технологи дээр ажиллах нарийн ур чадварыг эзэмшсэн, Монгол Улсын иргэн ажиллах боломжгүй байгаа ажил албан тушаал дээр ажиллуулахыг хэлээд байгаа юм. Гаднын хөрөнгө оруулалттай ААНБ-ууд өөрсдийн явуулж байгаа үйл ажиллагаан дээр үндэслээд хүсэлт гаргадаг гэсэн үг.
-Тэд манай улсад нарийн мэргэжлээр ажиллах хугацаандаа Монголчуудыг сургаж дадлагажуулна гэж заасан байдаг шүү дээ. Үүний хэрэгжилт ямар байдаг вэ?
-Манай зүгээс ААНБ-тай байгуулж буй гэрээндээ энэ асуудлыг тодорхой тусгаж байгаа. Нийт гадаад ажилтан мэргэжилтнийхээ 30 хүртэлх хувьд монголчуудыг дагалдуулж сурга гэж шаардлага тавьж байна. Энэ чиглэлээрээ тухайн монгол ажилтан мэргэшээд эзэмшчихсэн тохиолдолд дараа жилийн гадаад ажиллах хүч оруулж ирэх квотоос хасаад явах ёстой гэсэн бодлого чиглэлийн барьж байна.  Ер нь бол гадаадаас ажиллах хүч мэргэжилтний эзлэх хувийг тогтоосон ЗГ-ын 2016 оны 135-р тогтоол бий. Тухайн салбар бүрт ажиллаж байгаа гадаадын ажиллах хүч мэргэжилтэнд эзлэх хувийн дагуу монгол ажилчдыг авч ажиллуулах үүргийг тухайн ААН-үүд хүлээдэг. Энэ тогтоолыг хангаж ажиллахыг ч бид шаарддаг. Зарим тохиолдолд квотын дагуу ажиллуулаагүй ААН-үүд дээр хуульд заасны дагуу арга хэмжээ авч, хууль хяналтын байгууллагуудад шилжүүлж байна.

Д.Дэлгэрмаа

 

[Монцамэ Дорнод]

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*