Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Баар, цэнгээний газрууд гэмт хэргийн үүр уурхай болж байна

Дорнод аймгийн прокурорын газрын 2017 оны нэгдүгээр улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Дорнод аймгийн хэмжээнд гарсан “Бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэргийн гаралт, гэмт хэрэг үйлдэгчдийн нас, хүйс, боловсрол, ажил эрхлэлтийн байдал, гэмт хэрэг гарсан газар, цаг хугацаа, гэмт хэргийн улмаас бусдад учирсан гэмтэл, хохирол, шалтгаан нөхцөл зэргийг судалжээ.2016 онд тус аймгийн Прокурорын газраас нийт 618 хэрэгт бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан хяналт тавьж ажилласнаас 164 хэрэгт 173 хүнийг холбогдуулан Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна. Энэ нь нийт хэргийн 26.5 хувийг эзэлж буйгаас 130 хэргийг хялбаршуулсан журмаар, 34 хэргийг ердийн журмаар шалгаж шийдвэрлэжээ.

Судалгааны дүнгээр, Хэрлэн сумын зургадугаар багт “Бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг 37 гарсан нь бусад сум, багтай харьцуулахад хамгийн ихээр үйлдэгдсэн хэргээр бүртгэгдсэн байна. Тухайн гэмт хэрэг үйлдэгдэж буй шалтгааныг судалж үзэхэд тус багийн нутаг дэвсгэрт олон нийтийн хөл хөдөлгөөн ихтэй “Шүр” зах байрладгаас гадна “Мустанг, “Восток”, “Сити найт”, “Лемонс” зэрэг баар, зоогийн газар үйл ажиллагаа явуулж байгаагаас шалтгаалж, тухайн үйлчилгээний газруудаар үйлчлүүлсэн иргэд согтуугаар гэмт хэрэг үйлддэг, тус багийн эрхэлсэн тодорхой ажилгүй иргэд шалтаг шалтгаангүйгээр архидан согтуурдаг байдалтай шууд холбоотой болох нь тогтоогджээ.

-АХУЙН ХҮРЭЭНИЙ АРХИДАЛТААС БОЛЖ ГЭМТ ХЭРЭГ
ҮЙЛДСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ-

Гэмт хэрэг үйлдэгдсэн объект, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцлийг судалж үзэхэд гэмт хэрэг үйлдэгч нар нь өөрийн гэртээ буюу бусдын орон байранд, ахуйн хүрээний архидалтаас үүдэлтэйгээр, гэр бүл, найз нөхөд, садан төрлийн хоорондын таарамжгүй харилцааны улмаас гэмт хэрэг үйлддэг болох нь тогтоогдсон байна.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн дийлэнх хувь буюу 40.4 хувийг 26-35 насны тодорхой эрхэлсэн ажилгүй, бага, дунд боловсролтой этгээдүүд эзэлж байгаа аж. Мөн энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн 173 этгээдээс 112 нь буюу 68.3 хувийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн этгээдүүд үйлдсэн байна. Энэ нь 2016 онд нийт хэрэгсэхгүй болгосон 331 хэргийн 152 хэрэг буюу 46 хувийг эзэлж байгааг судалгаагаар тогтоожээ.

Судалгааны дүнг тус аймгийн прокурорын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж, аймаг, орон нутгийн хэмжээнд энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж ажиллах талаар гэмт хэрэг ихээр үйлдэгдсэн Хэрлэн сумын 2, 6 дугаар багийн Засаг дарга нарт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр прокурорын мэдэгдэл бичиж хүргүүлж ажилласан байна.

Дээд шатны прокурорын зүгээс гуравдугаар сарын 31-нд болсон хамтарсан зөвлөгөөний үеэр нийт прокурор, Цагдаагийн газрын хэрэг бүртгэгч нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан “Согтуурал буюу мансуурлын байдалтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй” гэж заасан заалтыг нэг мөр хэрэгжүүлж ажиллах тухай албан үүрэг, чиглэл өгчээ.

Б.ЦЭЛМЭГ

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*