Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Дайнд баатарлагаар тулалдаж нас барагсад бас хэлмэгдэж байжээ

1939 оны Халхголын дайны тухай өгүүлэхэд Оросууд Халх голын байлдаан гэдэг бол уг дайныг өдөөсөн Японууд Номунханы хэрэг явдал, будлиан гэх мэтээр ярьж бичсээр ирсэн.

Харин Монголчууд бид Халх голд дайн болсон гэдгээрээ л явах ёстой. 1939 оны 5 дугаар сард Япон, тухайн үеийн “тоглоомын” улс болох Манжгогийн цэрэг манай Дорнод хэсгээр нэвтэрч Халх голын районыг эзлэн түрэмгийлсэн.

1930-аад оны эхнээс л байнга хилийн зөрчил, тулгаралт, мөргөлдөөн хийж ирсэн Японы Квантуны /Кантоны ч гэдэг/ армийн зүгээс Халх гол руу томоохон хүч хаян халдлага хийсэн нь энэ дайн юм.

Тухайн үед Азийг тэр чигт нь жанжлах хүсэл бодолтой дайны хэнээтнүүд Японы төр, засгийг барьж байсан бөгөөд 1938 онд тэд тухайн үеийн ЗХУ-ын хилд Хасан нуур орчмоор халдаад яаж ч чадалгүй цохигдоод буцсан. Тэгээд Халх гол орчмоор халдсан хэрэг юм.

Ингээд дөрвөн сар дайтсаны эцэст Япончууд эзлэн авсан ихэнх нутгаасаа хөөгдөн гал зогсоох гэрээ байгуулснаар дайн дууссан.

Харин энэхэн хугацаанд БНМАУ болон ЗХУ-ын цэргийнхэн Японы цэрэгтэй дайтахын сацуу, шилдэг сайн цэргийнхээ дарга, жанжнуудаа “өөрийнхөндөө хядуулсан” нь цөөнүй.

Халх голын дайны үеэр хэлмэгдсэн Монгол жанжин баатруудынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэж тэдний тухай бага сага бичсэнээ хүргэж байна.

Түмэнд нэртэй, түүхэнд мөртэй жанжин

Ийм нэртэй нэгэн ном Халх голын ялалтын 75 жилийн ойд зориулагдан гарсан. Миний анд нөхдийн нэг, Түүхийн ухааны доктор, ШУА-ийн шагналт түүхч Д.Хоролдамба Цэргийн явдлын яамны сайд, Бүх цэргийн жанжны орлогч Ц.Лувсандонойн тухай олон жил судалгаа хийж ном бичээд ийн гарчигласан юм.

Ц.Лувсандоной жанжин 1903 онд Халхын Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуу, хожмын Богд хан уулын аймгийн Дэлгэрцогт уулын хошуу, одоогийнхоор Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг “Цээлийн Шарбүрд” (одоо Арбүрд гэх болсон) гэдэг газар Цэрэнжав хүлэгчийн дүү бүсгүй, малчин эмэгтэй Тогоо-Аюушийн ууган хөвгүүн болон төрж.

Эх нь номын дөртэй болгох гэж хийдэд шавилуулан суулгахад эрдэмд шамдамтгай, хичээл зүтгэлтэй болохоо харуулж, улмаар Монгол бичгийн сургуульд сайн суралцжээ. Бичиг үсэгтэй учир нам, эвлэлийн сонгуульт ажлуудыг удаа дараалан хийжээ.

1926 онд ардын цэргийн албанд татагдан жагсаалын цэргээс Цэргийн Ерөнхий сургуулийн багш болон, улмаар Цэргийн зөвлөлийн тусгай хэргийн эрхлэгч, нарийн бичгийн дарга, I дивизийн тусгай хэлтсийн төлөөлөгч, дарга, Бүх цэргийн жанжны нарийн бичгийн дарга, Жанжин штабын тусгай тасгийн дарга, ДЯЯ-нд жинхэнэ төлөөлөгч, ангийн дарга зэрэг ажил хийжээ.

Дараа нь ЦЯЯ-ны сайд, Бүх цэргийн жанжны тушаалаар “1936 оны есдүгээр сараас Цэргийн Яамны 4-р газрын дарга” болжээ. 1939 оны хоёрдугаар сараас Жанжин штабын орлогч дарга, дарга, мөн оны гуравдугаар сарын 22-ны өдрөөс долдугаар сарын 1-нийг хүртэл БНМАУ-ын Цэргийн яамны орлогч сайд бөгөөд Бүх цэргийн жанжны орлогчийн хариуцлагатай албанд ажилласан байна.

1939 оны дайны гал ид дүрэлзэж байх тэр үед түүний амьдрал ээдрээтэй болж хилс хэрэгт дайчлагдан баривчлагдсан. ЗХУ-ын ногоон малгайтнууд түүнийг шууд л баривчлан Читад аваачиж байцаасан байдаг. Түүнийг барвчилсан шалтгаан нь буруугаа бусдад тохсон хэрэг явдал юм.

Халхын голын дайн эхэлсэн үеэр Матадын 8 дугаар морьт дивизийг Зөвлөлтийн байлдааны онгоцууд андуурч бөмбөгдөн хүн хүч, зэр зэвсэг, эд материалын нэлээд гарз хохирол учруулж.

Энэхүү Зөвлөлтийн онгоц бөмбөгдсөн хэргийг нууцлахаар шийдсэн нөхдүүд, “Лувсандоной бол японы тагнуул байсан учраас Зөвлөлтийн таних тэмдэгтэй японы онгоцуудыг зориуд явуулж зэвсэг нэгт нөхдөө бөмбөгдүүлсэн” гэсэн ял тулгасан байна.

Ингээд Монголын Дотоод яамаар оруулалгүй шууд баривчлаад Зөвлөлтөд мөрдөн байцааж, хилс хэрэг тулган хэлмэгдүүлсэн ажээ. Ц.Лувсандоной бол тухайн үеийн Монгол Ардын хувьсгалт цэргийн гол удирдагч байсан гэдэг судалгаагаар тогтоогдсон асуудал.

1939 оны 5 дугаар сарын дундуур Монгол улсын хилд цөмөрсөн Японы цэргийг мөн сарын 28-29-нд ихээхэн ширүүн тулалдааны дүнд, манай цэрэг ЗХУ-ын цэргийн хүчний хамт эх орныхоо торгон хилээс хөөн гаргасан байдаг.

Энэ үед МАХЦ-ийг байлдааны бэлэн байдалд оруулж, зэвсэглэл техник, хүн хүчээр бэхжүүлэх ажлыг гардан хэрэгжүүлэх ачааны хүндийг Лувсандоной жанжин үүрчээ. Энэ үед мөн хориглох цэгүүдийг байгуулах, ар талын хангалт зэргийг хийж амжуулсан байна.

Лувсандоной жанжин мөн японы хүчийг тагнах талаар нэлээд зүйл хийсэн. Өөрөө Дотоод яаманд ажиллаж байсан. Тийм учраас улс орны нүд чих батлан хамгаалахтай холбоотой асуудлыг чадварлаг зохион байгуулсан. Өвөрмонгол, Баргын ноёдтой харилцах, мэдээлэл солилцох талаар ч хийсэн ажил их байдаг ажээ.

Оросууд 1956 онд Лувсандоной жанжныг цагаатгасан ч манайхан 1962 онд ээж Тогоо-Аюушийг нь “Миний хүү Халхын голын дайнд зүтгэсэн. Сураг чимээгүй болсон учрыг олж өгнө үү” гэж өргөдөл бичсэн хойно л цагаатгажээ.

Тамсагийн 6 дугаар морьт дивизийн дарга хошууч Ч.Шаарийбуу амь үрэгдээд бас хэлмэгдэв

Ч.Шаарийбуу нь 1909 онд Хэнтий аймгийн Галшар сумын V багийн нутаг “Жаргалант” гэдэг газар төржээ.

1932 онд цэргийн албанд татагдан Өндөрхаан, Тамсагбулаг дахь цэргийн ангиудад алба хааж байхдаа бага даргын сургууль төгсгөн жагсаалын болон сумангийн даргаар ажилласан байна.

1937-1939 онд ЗХУ-ын) Тамбов хотод Морин цэргийн сургуулийг “Онцсайн” дүнтэй төгсгөн, маршал Х.Чойбалсангийн тушаалаар Тамсагийн YI дивизийн тагнуул ангийн даргаар, удалгvй дивизийн даргаар томилогджээ.

1939 оны эхээр ЗХУ-ын Тамбов хотын морин цэргийн сургуулийг төгсөж ирэгсдээс Ч.Шаарийбуу ийн шилж сонгогджээ. Халх гол орчмоор Японы цэрэг дайрсан тухай мэдээ авмагц тус дивизийг татан аваачжээ. Ингээд дайн эхлээд байсан тэр өдрүүдэд 6 дугаар дивизийн штаб дайсны дайралтанд өртжээ.

Тэр үед Ч.Шаарийбуу сургагчийнхаа хамт сургуулийн сумангаа удирдан тулаанд орж, эрэлхэгээр тулалдаж яваад амь үрэгдсэн. Түүний шарилыг 6 дугаар сарын 5-нд олж Тамсагбулагт хүндэтгэлтэйгээр оршуулжээ. Үүний дараахан Ч.Шаарийбуу урвагч байжээ гээд л цуурч эхэлсэн төдийгүй хэлмэгдүүлсэн байдаг юм.

Дивизийн дарга, хошууч Ч.Шаарийбуугийн баатарлаг vйлсийн талаар Цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжин, маршал Х.Чойбалсан “Тамсагбулагийн YI дивизийн дарга Ч.Шаарийбуугийн бие баатарлагаар тэмцэн байлдаж байгаад, энэхүү байлдааны галын хүрээнд хорт дайсан Японы эзэрхэг түрэмгий нарын суманд дайрагдаж, баатарлагаар амь үрэгдсэн” гэж онцлон тэмдэглэж байсан байдаг.

Ч.Шаарийбуутай хамт Тамбовын морин цэргийн сургуульд сурч байсан нөхдүүд болох Матадын 8 дугаар дивизийн дарга асан хурандаа Д.Нянтайсүрэн, 17 морьт хорооны даргаас 6 дугаар дивизийн дарга болсон гарамгай баатар Л.Дандар нар түүнийг хэзээ ч урвагч байгаагүйг батлан хэлдэг байжээ.

Монгол Улсын баатар Л.Дандар гэхэд л “Шаарийбуу намхан, шингэхэн үстэй, биеэр жижигдүү, нэлээд хатуу захирамжтай, морин сургуульд гарамгай нэгэн байсан. Нөхөр Шаарийбуу бол эх оронч, шударга, цэргийн даргын ариун сайхан нэр алдар, нам, төрөөс өгсөн үүрэг даалгаврыг нэр төртэй биелүүлсэн хүн гэж боддог.

Дайсанд буудуулсан шархыг нь хүртэл би харсан. Ээжийнхээ бэлзэг, улаан алчуураар амаа таглан барьж, хажуу тийш харж нас барсан байсан гэж шарилыг нь олсон хүмүүс над ярьдаг байсан” гэжээ.

Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисст “Ч.Шаарийбууг дайсанд урвасан гэх яриа үндэслэлтэй эсэхийг шалган тогтоож өгөхийг хүссэн”-ий дагуу 1994 онд ЗХЖШ-ын I орлогч дарга, хошууч генерал Б.Шагдараар ахлуулсан цэргийн мэргэжилтэн, хуульч, түүхч, мэргэжлийн шинжээчдээс бүрдсэн комисс томилогдон уг асуудлыг нухацтай судалж, дүн шинжилгээ хийснээр дээрх үг, яриа ор үндэсгvй цуурхал байсныг тогтоожээ.

Г.Бадарч даргатай 22 дугаар морьт хорооны дайчид насан туршдаа урвагч хэмээн чичлүүлсээр нүд аньсан нь эмгэнэлтэй

Халх голын дайны төгсгөлөөр тус дайны гавьяатнуудаас цөөнгүй хүмүүс хэлмэгдэж, тэдний гавьяа зүтгэл үнэлэгдэлгүй өдий хүрлээ. Тэд бол Г.Бадарч даргатай 22 дугаар морьт хорооны дайчид.

Дөрвөн сар шинелиэ тайлалгүй дайтсан тус хорооны дайчдыг Мана уулыг хамгаал хэмээн явуулсан байдаг. Уг нь тэр үед тус хорооноос өөр ядарч, зүдрээгүй ангиуд олон л байсан байдаг.

Ингээд Нөмрөгийн гол, Мана уулын тулалдаан болж, дайсны их хэмжээний хүчинд бүслэгдэж хороогоороо устгагдах байдалд ороход хорооны дарга Г.Бадарч байрлалаа сэлгэн Нөмрөгийн голыг гатлан хориглолт хийжээ.

Үүнийг нь, ухарсан хэмээн тэднийг хэлмэгдүүлсэн байдаг юм. Г.Бадарч дарга өөрөө амь гуйхгүй байсаар буудуулсан ба комиссар Е.Цэдэн-Иш нь амь мэнд 10 жил хоригдоод мултарсан байдаг.

Гэхдээ тус хорооны дайчид насан туршдаа эх орноосоо урвасан хорооны цэргүүд хэмээн нүд үзүүрлэгдсээр нүд аницгаасан нь эмгэнэлт түүхийн баримт. Насан туршдаа урвагч хэмээн хилсээр чичлүүлсэн өвгөдийн дурсгалыг хүндэтгэмүй.

Үйл явдлын өрнөл

Халхын голын дайны түүхэнд хамгийн ээдрээтэй бөгөөд үр дагавартай асуудлын нэг бол Мана уулын төлөө байлдааны ажиллагаа юм. Монгол-Зөвлөлтийн цэргийн бүлгийн командлагч, корпус командлан захирагч К.Жуковын 1939 оны 9 сарын 7-ны 13 цагт гаргасан маш нууц 00136 тоот байлдааны тушаалаар; 8-р дивизийн 22-р морьт хороо (захирагч Р.Бадарч, комиссар Е.Цэдэн-Иш), хүч нэмэгдүүлсэн их буугийн батарей (захирагч Д.Дамдинжав)д Мана уулын районд дайсны бүлгийн эсрэг ажиллаж байгаа хошууч Коневын командалсан отрядтой 9 сарын 9-ний шөнө байрлал солихыг үүрэг болгосон ч хорооны удирдлага хугацаа алдаж мөн сарын 10-ны үдийн үед дайсны нүдний өмнө заасан байрыг эзлэн хориглолтод шилжжээ. Маргааш нь үүрээр Японы 400 орчим хүнтэй Фуканогийн отряд, 22-р хорооны хориглолтын байрлал руу давшин, хороог ухрааж Нөмрөгийн голын баруун эрэгт шахан гаргажээ. Энэ удаагийн байлдааны үр дүнд хорооны 22 хүн алагдаж, 8 хүн шархдан, 4 их буугаас бүрдсэн батарейгаа дайсанд алджээ. Дайсны тал нэг хүн шархадсанаас өөр хохирол үзсэнгүй.

Тулалдааны дараах хэрэг явдал

Тулалдааны дараа Монголын ардын хувьсгалт цэргийн Ерөнхий зөвлөх Поздняков бүлгийн командлагч Жуковт 22-р хорооны дарга, комиссар, батарейн дарга нарыг эх орноосоо урвасан хэмээн үзэж байгаа тул Цэргийн шүүхэд шилжүүл гэж цохолт хийснийг Монгол ардын хувьсгалт цэргийн штабын дарга Цэрэн нь Бүх цэргийн жанжин маршал Х.Чойбалсанд илгээсэн илтгэлдээ эх орноосоо урвасан хорооны удирдлагыг Цэргийн хээрийн шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлжээ. Маршал Х.Чойбалсан дэвшүүлсэн саналыг зөвшөөрчээ. Хээрийн шүүх хорооны удирдлага Р.Бадарч, Е.Цэдэн-Иш, батарейн дарга Д.Дамдинжав нарт хуулийн дээд хэмжээний ял оноосон байна. Цэдэн-Иш, Дамдинжав нар Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн газарт амь өршөөх өргөдөл гаргасныг харгалзан үзэж тус бүрт 10 жил хорих ял болгон өөрчилсөн ба Р.Бадарч өргөдөл бичиж, өршөөл хүсээгүй учир Цэргийн хээрийн шүүхийн тогтоолын дагуу гүйцэтгэсэн байна.

Японы талын илтгэл

Фуканогийн отрядын байлдаан /Мана уулын тулалдаан/ Японы түүхч Икухико Хатагийн илтгэлээс. … Наймдугаар сарын дундуур Хандгайт хүртэл төмер зам тавихаар төлөвлөж байсан Квантуны арми, байр зүйн зураг авалтыг хамгаалах зорилгоор харуулын тусгай гуравдугаар отрядаас Фуканогийн батальоныг томилсон байна. Наймдугаар сарын 26-нд батальон Санцзюе /Мана/ уулын зүг хөдөлж хүрэлцэн ирэхдээ Зөвлөлт-Монголын ангиуд уг уулыг хэдийн эзэлснийг илрүүлээд атакласан байна. Бага зэрэг харилцан буудалцсаны дараа дайсныг Халхын голын баруун эрэгт хөөн гаргажзэ. Батальон ууланд үлдэж лагериа дэлгэн байрлуулах ажилд орсон боловч 9 дүгээр сарын 3-нд Зөвлөлт-Монголын хэдэн зуун цэрэг Халхын голыг гатлан танкаар дэмжүүлэн атакад орсон байна. Үүний дараа хориглолт хэдэн өдөр ургэлжилж, ялангуяа 9-ний өдөр нөгөө талын эргээс ширүүн гал нээж хэдэн мянган буудлага үйлдсэн боловч Фуканогийн батальон тогтвортой барьсаар байлаа. Тэр үед 33-р эскадрилийн 95 хэлбэрийн сенөөгч онгоцууд дайсантай агаарт байлдаж, тулалдаан өсөн өргөжих хандлагатай болж байв. Үүний хамт шинэ хүч ирсээр байлаa. 1-р дивизийн Тадын холимог бригад, 1-р явган хороон дээр суурилсан Готогийн тусгай отряд 9-р сарын 5-нд Халуун Аршаанд бууж улмаар Xандгайтад ирсний дараа 9-р сарын 8-нд Фуканогийн батальоны зүүн жигүүрт байр эзэлсэн байна. Түүнээс гадна харуулын 15-р тусгай батальон хоёр өдрийн өмнө ирж 4 дүгээр салаа нь 1035 тоот өндөрлөгт байрлажээ. Энэ бүх анги, салбаруудыг удирдахын тулд харуулын 3-р тусгай отрядын командлагч генарал Миядзава тэргүүн байранд очжээ. Энэ нутагт цаг агаар маш их тогтворгүй, удахгүй өвөл болохыг сануулсан өдрүүд болж баив. 8-ны өдөр агаарын хэм +28—7 хэм хүртэл хэлбэлзэж байсан бол 12-нд 10—4 хэм хүртэл буурч, бороо шөнөдөө цас болон хувирч байлаа. Сөрөх атак хийхийг бодож байсан хурандаа генерал Миядзава 10-ны өдөр заасан байрыг эзлэхийг бүх анги, салбаруудад тушаасан. Фуканогийн батальон Санцзюе ууланд хамгийн баруун гарт, цааш баруунаас зүүн тийш Куросакийн салаа, Готогийн тусгай отрядын 1,2-р батальонууд байрласан байна. Монголчууд Мана гэж нэрлэдэг ууланд байсан дайсны хүч барагцаалбал 2 явган салаа, 4 их буу байв. 11-ний өглөөнөес улам хүйтэрч, байлдааны талбарт цас бударч байлаа. Фуканогийн батальон байрлалаасаа гарч гарч өглөөний 7 цагт дайралтад оржээ. Дэмжигч их буунууд / 9 их буу/ Мана уулан дээр галаа хуралдуулж, цэргүүд дайсны байрлалд дайран орсон. Газар сайгүй барьцалдан ноцолдож, цэргүүд холилдон хутгалдаж, цас бужигнасан агаарт хараал зүхэл, хашгиралдаан тархаж байв. Батальоны мэдээлэлд «цэргүүд… Халх /Мана/ ууланд дайсныг шийдвэртэй бут цохив. 11 цаг 25 минут> гэжээ. Зөвлөлт-Монголын цэрэг хээрийн их буу 4, хүнд пулемёт 8, буудлагын хенген зэвсэг 80 гаруй, хэдэн арван морио орхиж Халхын голын цаана ухран, мөрдөн хөөхөөс сэрэмжлэхийн тулд гүүрийг эвдэлжээ. Энэ нь тушаалгүйгээр ухарсан тухай хэргийг сөхөж тавьсан монголын армийн тэмдэглэлтэй бүхэлдээ тохирч байна. Фуканогийн батальоны хохирол 400 оролцогчдоос нийтдээ алагдсан 3, шархадсан 7 байжээ. Зүүн талаас давшсан Куросакын салаа 6 хунээ алуулжээ. Дайсныг түргэн ухрахад хүргэсэн энэ хоёр салбарын амжилттай тулалдааны дүнд Готогийн тусгай отряд (их бууны суманд нэг хун алагдсан) байлдаанд ороогүй бололтой. Үүний дараа Зөвлөлт- Монголын хүч анхны байрандаа буцан хэд хоногийн дараа гал зогсоох хэлэлцэзрт гарын үсэг зурагджээ. ..Монголын морин цэргийн байлдааны санаа сэтгэл доогуур, тэд шууд зугатахад хүрсэнд гол шалтгаан байгаа болов уу. Тэрчлэн хязгаартай үзэгдэх нөхцөлд, нөгөө эргээс буудаж байсан их бууны галд ороогүй нь сайн юм. Хэлэлцээр тогтоохын даваан дээр болсон хоёр давшилт нь дүндээ японы талд ашигтайгаар эргэжээ. Есдүгээр сарын 15-нд Москвад гарын үсэг зурсан хэлэлцээрт хоёр талын цэрэг 15-ны өдрийн 13 цагт эзэлж байгаа байран дээрээ үлдэх ёстойг заасан байна. Хилийг газар орон дээр эцэслэн тогтоох ажлыг Япон, Манжуур, ЗСБНХУ, Монголын мэргэжилтнүүдээс бүрдсэн комисс гүйцэтгэсэн юм. Хандгайт, Халуун Аршааны районд хилийн шугамыг Япон- Маяжуурын талын шаардлагаар, ЗХУ, Монголын шаардаж байснаас өөрөөр Халхын голд ойрхон (Санцзюе уульн районд Халхын голын дагуу) тогтоожээ. Энэ бол Монгол одоо хүртэл алдагдсан гэж нотолж байгаа тэр 500 кв км газар юм. Дүн нь тийм их биш боловч хилийн шугам үндсэндээ эвлэрэл тогтоох үед цэрэг байсан байрлалаар тогтоогдсон нь баримт мөн. Байлдаан дуусангуут чулуучны дадлагатай, хорооны захирагч генерал Миядзаки хилийн энгийн багана босгосон байна.

Үр дүн

Хилийн цэргийн генерал, түүхч, доктор Б.Цэдэн-Ишийн бичсэнээр Мана уулын тулалдааны үр дүнд Нөмрөгийн голын чанадад 62700 га нутаг, түүний дотор Мана уул хилийн гадна үлдсэн ба өнөөдөр энэ нутаг хятадын нутаг болсон байна. Ж.Гомбожав даргатай Улс төрийн хэлмэгдүүлэлтийг Цагаатгах улсын комиссоос 1993 онд нэр бүхий хүмүүсийг эх орноосоо урваагүй “харин хүч давуу дайсны эсрэг эх орныхоо тусгаар тогтнолын төлөө амь хайрлалгүй, эрэлхэг зориг гаргаж, тэмцэж явжээ” гэж дүгнэлт гарган цагаатгуулсан байна.

Эх сурвалж: Wikipedia

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. зочин гуай өгүүлрүүн:

    урваагүй.дийлээгүй л юм байна

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*