Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Дорнодын Улаан ном №2: Голын халиу

Dornod.NET 2013 онд гурав дахь удаагаа шинэчлэн хэвлэгдээд буй Монгол улсын УЛААН НОМд бичигдсэн  Дорнод тал нутгийн байгалийн баялаг, хөхтөн амьтад, загас, хоёр нутагтан, шавьж, ургамалыг цувралаар танилцуулж байна.

Төрөлх нутгийнхаа байгалийн баялгийг хайрлан хамгаалцгаая.

ГОЛЫН ХАЛИУ

Баг: Мах идэштэн

Овог. Суусрынхан

Статус: Нэн ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангилалын шалгуураар олон улсын хэмжээнд “Ховордож болзошгүй”, бүс нутгийн хэмжээнд “мэдээлэл дутмаг” хэмээн үнэлэгдсэн.

Таних шинж: Бие 95 см, сүүл 55 см хүртэл урт, жин 10 кг хүрнэ . Шишгэд голд байршдаг зулзаган эвүүний бие 55 см, сүүл 36 см урт, жин 4.5 кг байв. Бие гонзгой сунагар, цээж рүүгээ шувтан. Толгой жижиг, тавшгар. Мөчид богинохон, хуруунууд сэлэхэд зохиолдсон арьсан холбоостой. Сүүл үсэрхэг урт, угаараа бүдүүн, үзүүр тийшээ шувтан. Зоо нуруу, хавирга, сүвээ орчмоороо бараан хүрэн, гэдсээрээ мөнгөлөг цайвар зүстэй. Махилзаж суналзсан өвөрмөц хөдөлгөөнтэй.

Тархац, байршил нутаг: Монгол Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтий, Хянганы хаяа уулсын гол мөрөн зарим цэнгэг нуурт тархмал байгаад сөнөсөн . 1920-1930-аад онд Онон, Минж, Завхан, Тэс, Тамир, Чулуут, Шишгэд, Дэлгэр мөрөн, Эг, Халх голын савд ховорхон үзэгддэг байжээ . 1995 оны байдлаар Шишгэд голын Тэнгис Шишгэдийн бэлчирээс улсын хил хүртэлх, Халх голд Амгалантаас улсын хил хүртэлх зах хязгаарт маш цөөн үлдэж, Бэлтэс, Эг, Тэс, Хуримт голын зарим хэсэгт хааяа гүйдлээр үзэгддэг.

Халх, Нөмрөг голын шигүү бургас, монос, зэгсэн, шугуйт зэлүүд ширэнгэ, тохойд байрладаг. Шишгэдэд уулсын тайгын гүн хавцал, өтгөн шигүү ой дундуур урссан өвөл харзалдаг, ширүүн урсгалтай, боргиотой хэсэгт тааралдана. Орогнодог нүхний амсар голын эрэгт, усны түвшнээс доод талд, харин хэвтэр ноохой нүхнийхээ мухарт эргээс 4 м хүртэл зайд газар доор 2 м хүртэл гүнд байна. Ноохойноосоо дээш цооног малтаж хүн үл нэвтрэх, үзэхүйяа бэрх, өтгөн ширэнгэ дотор, эсвэл бутан доогуур салхивч, өрх гаргана . Дархадын хотгор, Халх гол орчмын нутагт тархсан, Дархан уул аймгийн Хонгор сумын нутагХүйтний голдтархсан , Монгол Алтайд Даян нуурын сав газарт тархсан, Онон голд тархсан тухай судлаачдын сүүлийн үеийн мэдээ бий.

Амьдралын онцлог: Шишгэдэд III сарын дундаас отолж эхэлдэг. Халх голд нутгийнхан 5 боортой эвүү үзсэн тохиолдол бий . Ихэвчлэн загасаар хооллохоос гадна жижиг мэрэгч, шувуу, усны амьтдыг иднэ. Усан доторх болон эргийн хад чулуу, унанги модон дээр нарлаж, салхилж хэвтдэг. Өвөл заримдаа татмын шугуй, тохойг хэсэж, уул давж ой туулан хэдэн арван км хол голоос голд гүйдэг.

Тоо толгой, хомсдох шалтгаан: 1970-аад оны сүүлчээр Монголд 20 гаруйхан байв . Халх гол, Дархадын хотгорт 1995 онд хийсэн судалгаагаар, эдгээр нутагт нийтдээ 100 орчим толгой халиу байгааг тогтоожээ . Дээр үеэс хайр гамгүй агнаснаас хүн байнга нутагладаг том голуудын татамд устаж, зэлүүд нутагт нэн цөөн үлдсэн . Өвөл хоол тэжээл хайх, нар салхинд гарах, үржлийн хөсоо олж, хөөцөлдөх зэрьээр уснаас гарч цас мөсөн дээгүүр хэсэх үед хүн, золбин нохой, чоно, нохой зээх, бүргэд мөрдөн отож хороодог. Нүхний амсрыг мөс таглан хөлдөх, өрхөөр үер орж, эрэг нурж, үүр байр усанд автах зэргээс бүлээрээ сөнөдөг. Устах аюулд орсон зүйл.

Хамгаалсан байдал: Монгол улс 1930 оноос агнахыг хориглож, Амьтны тухай хуульд нэн ховор амьтнаар бүртгэгдсэн. Монгол улсын улаан ном болон Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон төрөл зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн I хавсралтад тус тус оруулан, Халх гол дахь тархац нутгийг Нөмрөгийн дархан газарт хамруулсан .

Хамгаалах арга хэмжээ: Тархац, нөөц биологийг судалж, хамгаалах арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлэх, гадагш урсгалгүй голд зориудаар өсгөн үржүүлэх, Доод Шишгэд, Халх голын эхийн тархац нутгийг тусгай хамгаалалтад авч, хамгаалалтыг сайжруулах, удмын санг хадгалах.

 

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*