Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Агаарын бохирдол Дорнодод асуудал дагуулж эхэллээ

Улаанбаатар хотын агаарын бохирдол дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосон стандартаас 7 дахин их хэмжээнд буюу гамшгийн хэмжээнд хүрч улс даяар үүнд сэтгэл зовниж байна.

Энэ онд “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо”-оос агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд нэн түрүүнд “Цэвэр агаар сан”-г дахин байгуулах, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөртэй болохоор ажиллаж байна. Улс орны эдийн засаг хүндрэлтэй нөхцөлд өмнөх жилүүд шиг их мөнгө зарцуулах боломжгүй байгаа хэдий ч нөөц бололцоогоороо манай улс 2017 онд агаарын бохирдлыг бууруулахад  5.0  тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Үүнээс шөнийн цахилгааныг тэглэхэд 3.5 тэрбум, сайжруулсан зууханд 450.0 сая, сайжруулсан түлшинд  400.0 сая төгрөг тус тус зарцуулахаар төлөвлөсөн байна.

Агаарын бохирдлыг бууруулах,  урьдчилан сэргийлэхэд ард иргэдийн ухамсар, мэдлэг, хүн бүрийн оролцоо нэн чухал юм.

Засгийн газар, БОАЖЯамнаас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гаргаж байгаа бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх олон ажлыг зохион байгуулж байна.  Тухайлбал гэр хорооллын шөнийн цахилгааны үнийг тэглэж,  “Утаа бууруулах техник, технологийн үзэсгэлэн” зохион байгуулан,  цахилгаан халаагуурыг зээлээр авах нөхцөлийг бүрдүүлж, Монголын банкуудын холбоотой хамтран ногоон зээл олгон, утаатай тэмцэх дадал хэвшлийг хэвшүүлэх сурталчилгааны ажлыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлж байна. БОАЖЯ-наас “Улаанбаатар уушги нэгтэй” хөтөлбөрийн элчүүдийг нэр алдар бүхий хүмүүсээс сонгон иргэдэд уриалуулж, Монголын байгаль орчны иргэний зөвлөлтэй хамтран “Цэвэр агаар-Иргэн миний үүрэг оролцоо” төслийг эхлүүлэн иргэд өөрсдийн эзэмшлийн 21 “ПРИУС” машинаар агаарын бохирдол ихтэй бүсүүдэд эргүүл хийж, ард иргэдэд ухуулга сурталчилгаа хийж байна.

Хотжилт хүн амын тоогоор улсад дээгүүр ордог манай аймгийн Чойбалсан хотын хувьд ч мөн адил хүн ам, айл өрхийн тоо жилээс жилд өсч, хотын төвлөрөл нэмэгдэж, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөө, дэлхийн цаг уурын дулаарал, өөрчлөлтөөс шалтгаалан хотын доторхи болон хот орчмын агаарын тоосжилт, бохирдол ихсэх хандлагатай байна.

Иймд хот төлөвлөлтийг сайжруулж, жижиг оврын зуухны тоог цөөрүүлэх, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах шаардлага тулгараад байна.

Чойбалсан хотод сүүлийн 3 жилд нийт 800 гаруй  айлын орон сууц ашиглалтад орж  айл өрхийг орон сууцжуулж, аймгийн “ДБЭХС”ТӨХК нь яндангаас гарах утааг силиконоор шүүж,  дүүрсэн үнсэн санг булж, нөхөн сэргээн, жилд дунджаар 200 га талбайг ойжуулан, 50 мянган ширхэг мод бут шинээр тарьж ногоон байгууламжийг нэмэгдүүлэн ажиллаж байгаа.

Агаар бохирдуулагч эх үүсвэрийн 2016 оны тооллого, судалгаагаар Чойбалсан хотын 13 мянган өрхийн 44277 хүн амын 6 мянга орчим өрх нь гэр хороололд амьдардаг бөгөөд гэр хорооллын 97,5% нь өвлийн улиралд нүүрс, модыг 24 цагийн турш түлж жилд 46590 тонн нүүрс, 1554 м3 мод, 4638 тонн аргал, хөрзөн түлж байна. Аймгийн хэмжээнд ус халаалтын 129 зуух байгаагаас жилдээ 33384,3 тн нүүрс, 4740 м3 мод, ДЦС-ын 6 уурын зуух жилдээ 425250 тн нүүрс хэрэглэсэн гэсэн тооцоо гарсан. Мөн 12419 тээврийн хэрэгсэл тоологдсон байна.

Эдгээрээс гарсан хүхэрлэг хий, нүүрстөрөгчийн дутуу исэл, азотын давхар исэл, тоос, химийн хортой нэгдлүүд агаар орчныг бохирдуулж, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Агаар бохирдуулагчийн суурин их үүсвэр жилээс жилд нэмэгдэж байгаа нь агаарын бохирдал ихсэхэд ихээхэн нөлөөлж байна.

Хотын агаарын бохирдол 10 дугаар сараас эхлэн дараа оны 3 дугаар сар хүртэл ихэсдэг байдал ажиглагдаж, цаг агаарын тааламжгүй нөхцөл бүрэлддэгтэй холбоотой. Өвлийн улиралд салхигүй тогтуун үед битүү униар үүсч хотын агаарын бохирдол ихсэх хандлага ажиглагддаг. Азотын давхар исэл, хүхэрлэг хий нь одоогийн байдлаар манай аймагт зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан тохиолдол ажиглагдаагүй боловч өмнөх оноос 2,4 дахин их болсон байна.

Утааны асуудалтай эртнээс тэмцэхээр аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны А/456 дугаар захирамжаар аймгийн хэмжээний агаарын бохирдлын эх үүсвэрийн нэгдсэн тоо бүртгэл явуулах, агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх, бохирдлыг бууруулахтай холбоотой бодлого, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хяналт тавих үүрэг бүхий холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцсон ажлын хэсэг байгуулагдлаа.

Энэ онд агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой авч хэрэгжүүлсэн бас нэгэн шинэлэг ажил нь НҮБ-д зөвлөх эрхтэй “Гүүд Нэйборс” олон улсын байгууллагаас монгол ахуй, хүйтэн сэрүүн цаг уур, монгол гэрийн онцлог амьдралын нөхцөлд тохируулан бүтээсэн, гэр хорооллын айлуудыг түлшний хэмнэлттэй, утаа бага ялгаруулдаг зуухны дулаан баригч “G Saver“ бүтээгдэхүүнийг 2015 онд туршилтын журмаар нэвтрүүлэн, 2016 оны өвлөөс эхлэн төслийн хөнгөлөлттэй үнээр буюу 135 мянган төгрөгний өртөг бүхий тус бүтээгдэхүүнийг 24 мянган төгрөгөөр аймагт нийлүүлэх санамж бичиг байгуулсан. Нийт 30 гаруй түр ажлын байр бий болгон, 620 ширхэг дулаан баригч бүтээгдэхүүн Чойбалсан хот болон Сэргэлэн, Баянтүмэн, Булган сумдад худалдаалагдсан бөгөөд хэрэглэгчид энэхүү бүтээгдэхүүнд сэтгэл маш хангалуун байсан.  Мөн  80 ширхэг дулаан баригчийг тус газраас тусламжийн шугамаар өгснийг эмзэг бүлгийн айл өрхүүдэд тараалаа. 2017 оны намраас эхлэн тус байгууллага дулаан баригчаас гадна бат бөх дан яндан, шахмал түлш нийлүүлэхээр төлөвлөгдөж байгаа юм байна.

Гэрэл зургийг: Я.Зориг

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*