Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Г.Аким: Халх голын Ор ногоон хэлтгий хадат гэх газар Чингис хаан их цэргээ аравтын тогтолцоонд оруулж байсан

-Танд айлчлан ирж байгаа сар шинийн мэнд хүргэе. Ойрын үед та ямар бүтээл, судалгааны ажилд төвлөрч байна вэ? Уран бүтээлийн сонин сайхнаас тань яриагаа эхлэх үү?

-Жилийн өмнөөс Чингис хааны билэг сургаал, айлтгалуудыг эмхэтгэн Англи, Монгол хэлээр уншигч түмэндээ хүргэлээ. Үүнийг эмхэтгэн гаргах явцад нэг сонирхолтой шинэ түүхийн баримтыг нэлээн сайн судаллаа. Энэ нь  Монгол төрийн бэлгэдэн шүтдэг 9 хөлт цагаан тугийн тухай түүх юм . Түүхийн баримт судалгаанаас үзэхэд 13-р зууны Монгол төр 9 цагаан туг  бус 10 цагаан  туг залж шүтдэг байжээ. 9 хөлт цагаан туг гэдэг нь 9 дээр нэмэх 1 цагаан туг, нийлээд 10 туг байсан гэх гаргалгааг түүхийн баримт судалгаанаас  хийлээ.  Үүнийг Чингис хааны баримталж байсан аравтын тогтолцоотой холбож ойлгож ч болохоор.

-Энэ их сонин баримт байна шүү. Эрт дээр үеэс л Монголчууд 9-ийн тоог билгэдэж ирсэн гэдэг. Гэтэл та үүнийг шууд үгүйсгэсэн гаргалгаа хийж байна?

-Одоогийн Дорнод аймгийн нутагт байрлах Халх голын Ор ногоон хэлтгий хадат гэх газар Чингис хаан их цэргээ  аравт, зуут, мянгатын зарчимд шилжүүлэх зарлиг гаргаж байсан гэдэг. Энэ бол аравтын тогтолцоо. Зарим нь мянгатын тогтолцоо ч гэж бичдэг. Чингис хааны үеэс одоог хүртэл шүтэж ирсэн Цэргийн хар сүлд ч мөн адил. 4 хөлт хар сүлд гэдэг нь 4 сүлд дээр нэмээд нэг хар сүлд нийлээд 5 болж байх жишээтэй. Энэ сүлд одоо Батлан хамгаалах яаманд байршиж байгааг хүмүүс сайн мэдэх байх. Чингис хааны 9 өрлөг жанжин гэсэн тодорхойлолт байдаг. Гэтэл 9 жанжин дээрээ Чингис хаан нэмэгдээд 10 болж байх жишээтэй.

-Цагаан сарын баярыг тохиолдуулан зарим нэг бизнесийн байгууллага түүхийн баримт судалгааг маркетингдаа ашиглах хандлага бий боллоо. Судлаач, эрдэмтэн хүний хувьд үүнийг хэрхэн үнэлдэг вэ?

-Түүх соёлын өвийг бизнесийн байгууллагууд дээдлэн олон нийтэд сурталчлан таниулна гэдэг нь маш чухал гэж хувьдаа үздэг. Зарим нэг нь үүнийг бизнесийн нүдээр харж ашиг хонжоо хайхын төлөөх үйлдэл гэж үзэж болох ч  нөгөө талаас харвал олон нийт, тэр дундаа залуу  үедээ түүх соёлын тухай мэдээлэл хүргэж соён гэгээрүүлж буй  агуулга харагдаж байгаа юм. Яг энэ өнцгөөс нь би Юнител группын гал тахиа жилд зориулан бүтээсэн Чингис хааны 4 их хүлэг баатрын дүр, хөргийг олон нийтэд сурталчлан таниулах ажилд идэвхийлэн  дэмжиж оролцсон. Хэн нь мэдэгдэхгүй баатруудын зургийг зурах биш түүхийн болоод угсаатан зүйн судалгаа шинжилгээгээр нотлогдсон  баримтад тулгуурлан тухайн үеийн хаад ноёд, баатруудын өмсөж хэрэглэж байсан хувцас, хуяг дуулгыг таацуулан Зэв, Сүбээдэй, Боорчи, Мухулай нарын дүрийг бүтээсэнд  судлаач миний хувьд ихэд олзуурхаж, талархаж хүлээж авсан.

Эртний Грект Мицанас гэж сайд байжээ. Энэ сайд сайн дураараа өөрийн эд баялгаар  Грекийн түүхийн болон соёлын өвийг ивээн тэтгэж сэргээн засварлах ажил хийж байсан гэдэг.  Үүнээс үзвэл Манай эриний өмнөх үед ч түүх соёлын өвөө сэргээн хамгаалах нь зөвхөн төрийн ажил бус ард түмэн, язгууртнуудын сайн дурын ажил байсан гэж хэлж болохоор. Юнителийн хийж буй ажлыг үүнтэй л холбон ойлгож байна даа.

-Энэ 4 хүлэг баатрын түүхэнд оруулсан хувь нэмрийг судар бичигт хэрхэн тэмдэглэн үлдээсэн байдаг вэ ?

-Чингис хааны  4 нохой, 4 хүлэг баатар гэж нууц товчоонд тодорхойлсон байдаг. Угтаа бол нохой гэдэг маань егөөдөж өгсөн нэршил болохоос адилхан хүлэг баатар гэсэн агуулгатай. Боорчи Мухулай нар бол Чингис хааны шадар зөвлөх ноёд гэж ойлгож болно. “Нууц товчоо” болон бусад түүхийн судар бичигт Чингис хаан ердөө Боорчи, Мухулай нарын л үгийг хүлээн авдаг байсан гэдэг. Иймээс энэ хоёр бол хүлэг баатар, жанжин байхаас гадна төрийн түшмэд, улс төрийн зүтгэлтэн байсан гэж ойлгож болохоор.   Харин Зэв Сүбээдэй хоёрыг Чингис хаан “чагууруулах” чадалтай гэж  хэлсэн байдаг. “Чагууруулах” гэдэг нь бүхнийг ялан дийлэх гэсэн утгатай. Ямар ч хүнд хэцүү аян дайн, тулаанд ялалт байгуулдаг гайхалтай жанжнууд юм.  “Алтан товч” сударт Чингис хаан Мухулай, Зэв хоёрыг үнэлэн хэлсэн хэсгээс дурдвал:

Түймэр мэт дайнд түйртэлгүй  шургагч Согтуу заан минь

Туг сүлдийг минь барьж үл хөдлөх чулуун хөшөө минь

Тэмцэхүй мэт дайнд мэсэн болдыг минь барьж айлгах Гоо Мухулай минь

Хад мэт дайсанд харилгүй шургагч харвасан сум минь

Харь атаатныг үзвээс зүтгэн ирэгч боргочин харцага минь

Хатуу зорьсон үйлсийг үл осолдогч төмөр дэгээ минь

Хамагт зохилдон чадагч зөөлөн мяндас мэт Зэв минь

Энэ бол Чингис хаан өөрийн хүлэг баатруудын үйл зүтгэл, зан чанарыг  хэрхэн үнэлж байсныг харуулах түүхийн баримт юм.

ТҮҮХЭЭ СУДЛАХГҮЙ ХУДЛАА ЦЭЭЖЭЭ ДЭЛДВЭЛ БИД БУСДЫН ЭЛЭГ ДООГ Л БОЛНО 

-Түүхээ судалж мэдэхийн бодит ач холбогдол юу вэ. Манай уншигч залууст энэ талаар тайлбарлаж өгөхгүй юу?

-Өнгөрсөн үеэ мэдэхгүй ард түмэн хэзээ ч гайхамшигт ард түмэн болж чадахгүй гэж хэлсэн байдаг. Зүйрлэж хэлбэл түүх бол бидний гишгэж буй хөрс. Энэ хөрс байхгүй бол бид ёроолгүй ангал руу унана. Хүн гэдэг урд түүхэндээ дөрөөлж ирээдүйгээ бүтээдэг юм. Ирээдүй гэдэг хийсвэр зүйл түүнийг төлөвлөж болохоос урьдчилан харж чадахгүй. Харин түүх бол бодит үнэн зүйл. Бид бодит үнэнээс суралцаж ирээдүйгээ бүтээдэг. Одоогийн манай төрийн түшээд миний өмнө хэлсэн Чингисийн билэг сургаалыг уншвал хэрэгтэй зүйл олон бий дээ. Хятадууд  Күнзийн сургаалыг дэлхийн сургаал болгон гэж амбицалж байна. Гурван мянган жилийн өмнөх сургаалыг дэлхийд таниулан сурталчлах том компанит ажлыг өрнүүлээд эхэлчихлээ. Гэтэл бид 800 жилийн өмнөх Чингис хааны билэг сургаалыг бусдад түгээх биш өөрсдөө  унших ч үгүй  явж байгаад тун их харамсаж явдаг даа.

-Сүүлийн үед манайхныг Чингисийн Монгол гээд л цээжээ дэлдээд онгироод байдаг гэж их шүүмжлэх болж. Үүнтэй та санал нэгддэг үү ?

-Шүүмжлэх нь зөв шүү дээ. Чингис хааныхаа сургаал, түүхээ мэдэхгүй хүнийг ингэж шүүмжлэх нь зөв . Түүхээ судал,унш. Чингис гэж хэн байсан хэрхэн дэлхийн талыг эзэлж энх тайвныг тогтоосон арга ухааныг судлахгүй худлаа цээжээ дэлдвэл бид бусдын элэг доог л болно.

-Ярилцсанд баярлалаа.

А.АМАР

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*