Дорнод аймгийн мэдээллийн сайт

Амиа алдсан байлдагч Б.Б-ийн эмээ Ш.СААРАЛ: Хүү минь яагаад амиа алдсан талаар бидэнд тодорхой мэдээлэл хэн ч өгөөгүй байна

зэвсэгт хүчин

-Зургадугаар сарын 1-нд ээжтэйгээ “Ээждээ эх үрсийн баярын мэнд хүргэе. Ээждээ хайртай шүү” гээд сэргэлэн, цовоо ярьсан гэсэн-

      Дорнод аймгийн Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн байлдагч Б.Б энэ сарын 6-нд амиа алдсан. Талийгаач 19 настай, Б.Б өнгөрсөн аравдугаар сард цэргийн албанд татагдсан юм. Талийгаачийн цогцост найман цагийн дотор задлан шинжилгээ хийхэд “Гаднын нөлөөгүй” гэх дүгнэлт гарсан байна. Талийгаач Б.Б хамгийн сүүлд ар гэрийнхэнтэйгээ хэзээ холбогдсон, юунаас болж амь хохирсон байж болзошгүй талаар түүний эмээ Ш.Сааралаас тодрууллаа.

-Танай гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлье. Танай хүү учир битүүлгээр нас барсан байна. Та бүхэн тухайн үед чухам юу болсон талаар мэдээлэл авсан уу?

-Хүү минь юунаас болж нас барсан гэдэг нь тодорхойгүй байна. Бид энэ талаар ямар ч мэдээлэлгүй сууна. Аав нь ачаа тээврийн жолооч болохоор Улаанбаатар хотод явж байсан юм. Хүүгийнхээ золгүй явдлыг дуулаад цогцсыг авчрахаар Дорнод аймаг руу явсан. Өнөө орой шарилаа аваад /өчигдөр/ аймгаас гарна гэсэн. Бидэнд 327 дугаар цэргийн ангиас мэдээлэл өгөхдөө хүүг минь “Үдийн хоолондоо орчихоод, ногооны талбай дээр ажиллаж байхдаа гэнэт өөд болчихлоо” гэсэн. Би үнэн, худлыг нь мэдэхгүй, итгэж чадахгүй байна. Цэргийн дарамт шахалт сүүлийн үед их гарч байгаа болохоор хар буруу санаа төрөх юм. Муугаар бодож байгаа ч гэсэн нүдээр хараагүй болохоор хэлэх үг даанч алга даа. Гэнэт л миний хүү бурхан болчихлоо. Тун харамсалтай байна.

 

-Таны ач хүү хамгийн сүүлд хэзээ аав, ээжтэйгээ утсаар ярьсан бэ?

-Зургадугаар сарын 1-нд ээжтэйгээ “Ээждээ эх үрсийн баярын мэнд хүргэе. Ээждээ хайртай шүү” гээд сэргэлэн, цовоо ярьсан гэсэн. Түүнээс хойш яриагүй юм билээ.

-Та бүхэн хүүтэй нь хамт байсан цэргүүдтэй холбогдож үзсэн үү?

-Цэргийн дарга болон цэргүүдтэй утсаар холбогдох боломжгүй байна. Утсаа авах хүн олдохгүй юм. Хүүгээ захиж, хэлж байсан таньж мэддэг ганц, хоёр хүн байдаг юм. Тэдний гар утас сүүлийн хоёр хоног холбогдохгүй байна лээ. Өмнө нь ярьж болоод л байсан юм.

-Өмнө нь та бүхэнтэй ярихдаа цэргийн ангид нь дарамт, шахалт байдаг талаар хэлж байсан уу?

-Би  хүүгээ энэ талаар ярьж байсан уу гэж ээжээс нь асуусан. Гэтэл ээж нь “Хүү минь цэрэгт явснаас хойш ганц ч удаа бие нь өвдсөн болон цэргийнхэн дарамталдаг тухай хэлж байгаагүй” гэж байна. Чухам ар гэрийнхэндээ хэлэхгүй нууж байсан ч юм уу, бид мэдэхгүй шүү дээ.

-Таны ач хүү ямар зан төлөвтэй хүүхэд байсан бэ. Цэрэгт явах гэж их дурлаж байсан уу?

-Миний хүү номхон, томоотой нь хэтэрнэ үү гэхээс өөр ямар ч хар, муу зангүй хүүхэд байсан. Мөн эрүүл,чийрэг биетэй ямар ч өвчин зовлон хэлдэггүй сэргэлэн цовоо хүүхэд байсан юм шүү дээ. Өөрөө цэрэгт явна гэж үнэн голоосоо дурлаж, сонирхлоороо явсан юм. Цэрэгт явахдаа эмчийн үзлэгт хамрагдсан болохоор эрүүл мэндийн хувьд ямар ч асуудалгүй байсан.

-Талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийсэн үү?

-Задлан шинжилгээг найман цагийн дотор хийх ёстой гээд өчигдөр орой /уржигдар/ задлан хийсэн гэсэн. Гаднаас хүн оруулж болно гэхээр нь хамаатныхаа сувилагч дүүд хэлж, оруулсан. Сувилагч дүү маань “Задлан шинжилгээний хариугаар гаднын ямар нэгэн нөлөөгүй гэж гарсан. Зураг авч та бүхэнд харуулах боломжгүй байлаа. Шүүх эмнэлэг эцсийн хариуг хэлнэ” гэсэн. Нэгэнт л миний хүү бурхан болчихсон болохоор бид энэ талаар сайн хөөцөлдөөгүй байна.

-Талийгаач эцэг, эхээс хэдүүлээ вэ?

-Талийгаач нэг эгч, хоёр дүүтэй. Ээж, эгч, дүү нар нь маш хямарч байна. Ээж нь хоолоо ч идэхгүй, даралт нь хэлбэлзээд хэцүүхэн л байна. Дүү нар нь уйлаад л хэцүү байна даа. Аавыг нь Дорнод аймгийн цагдаа нар байцааж байгаа гэсэн. Хүү минь ямар хэл сурагтай ирэх юм бол доо, хүлээж сууна.

Ergelt.mn

 

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*