Дорнод аймгийн мэдээллийн сайт

Байртай болох гээд баларсан түүх олон

vsdvs55554555sdvsvsv

Манай улсад байртай хүн баян гэдэг ойлголт хэзээ үүссэн юм бүү мэд. Бага байхаас л байрны хүүхдүүд хөөрхөн, байртай ах нар баян, байр авч буй айл хөлжиж байна гэж ойлгогддог байсан. Ер нь орон сууцанд амьдралын боломжтой хүмүүс амьдардаг байх гэж боддог байж билээ. Хүн байхгүй юмандаа шунан дурладаг нь байгалийн хууль хойно доо. Монголчууд нүүдэлчин ард түмэн учраас тэр үү суурин иргэншил бидний хувьд тансаг хэрэглээ гэж ойлгогдож орон сууцанд амьдрахыг хүсч мөрөөдөж ирсэн ч байж магад. Энэ зорилт, зорилго одоо ч хэвээрээ. Монголын ард түмний дийлэнхийнх нь мөрөөдлийн нэг хэсэг нь өөрийн гэсэн орон сууцтай болох. Мөрөөдлөө биелүүлэх гэж, ая тухтай орчинд амьдрахыг хүсэхдээ алдсан тохиолдол цөөнгүй. Бидний амьдралд таньдаг таньдаггүй янз бүрийн хүмүүс өөр хоорондоо хүүтэй хүүгүй мөнгө зээлэлцдэг. Энэ тохиолдолд эрхзүйн энгийн мэдлэггүйгээс хохирох нь бий. Тэгвэл гэрээ хэлцэл, өмч хөрөнгөтэй холбоотой, байртай болох гээд баларсан түүхийг энд өгүүлье.

Миний нэг танил эгч найздаа мөнгө зээлжээ. Өнөөх найз нь чиний мөнгийг банкнаас зээл авч өгөх юм. Зээл авахын тулд өмнөх зээлийн үлдэгдлээ хаах хэрэгтэй байна. Зээлээ авчихвал найз нь мөнгийг чинь хүүтэй нь өгнө. Чи найздаа хүүтэй ч хамаагүй зээл хаах тэдэн төгрөг хэдхэн хоногийн хугацаатай олоод өгөөч гэж. Танил эгч өөрийнхөө мөнгийг хурдхан олж авах санаатай, өшөө дээр нь чадвал хүү төлүүлж ашиг олчих гээд өөр хүнээс хүүтэй мөнгө зээлээд найздаа өгчхөж. Өөрийнх нь мөнгийг өгч чадаагүй хүн, өрөөлийнхийг яаж ч өгөхөв дээ. Банк ч худлаа болж. Мөнгө зээлүүлсэн эгч маань хүний мөнгийг хүнд зээлээд дунд нь өөрөө өртэй хоцров. Мөнгө зээлсэн найз нь төдийд өдийд өгье гээд чулуу хөөлгөж цаг хугацагаа талийлаа. Тэр завсар хүнээс зээлсэн хүүтэй мөнгөө өөрөөсөө төлөөд дуусчээ.

Ингэж хүний мөнгийг төлөхдөө луйварчин түүлэгчнээрээ дуудуулан, гэр бүл, үр хүүхдүүдийнхээ хоногийн хоол, өмсөх хувцснаас хороон эс бусыг үзэхэв. Хажуугаар нь мөнгө зээлсэн найзынхаа араас нэхэл дагуул болно. Маргаж муудна. Учирлаж хэлэлцэнэ. Сүүлдээ найз, найзынхаа гэр бүлийнх нь хүнтэй гурвуул уулзаж. Гэтэл найзынх нь гэр бүлийн хүн “Хэдүүлээ шүүх цагдаа дээрээ тулж нэг нэгнийгээ үзэж харахаа болиод яахав. Ойлголцъё. Таны мөнгийг өгч чадахгүй нь. Бид танаас гадна өч, дөчнөөн сая төгрөгийн өртэй. Тиймээс та мөнгөндөө манай нэг өрөө байрыг ав. Бид энэ байрыг банкнаас лизингээр авахдаа урьдчилгаа болох 30 хувийг нь төлсөн юм. Тэр 30 хувиа танаас авсан гэж бодъё. Та байрны лизинг маань үргэлжлүүлэн төлөөд явчих” гэж. Танил минь дуун дээр нь зөвшөөрөөгүй ч хэд хоног бодож, харзнаад өөрөөр мөнгөө олж авах нөхцөлгүй болохоор хэлсэн тохиролцсон ёсоор байранд нь нүүгээд орчихжээ. Өнөөх найзынхаа араас байраа нэр дээрээ шилжүүлье, гэрээ хийе, нотариатаар батлуулъя гэж олон удаа хөөцөлдсөн хөдөө гадаа, явж байна, банкин дээр жоохон асуудалтай байгаа хэдэн хоног хүлээчих гэж унжруулж сунжруулсаар жил хэртэй хугацаа өнгөрөв. Гэтэл нэг л өдөр мөнгө зээлсэн найз байраа зарлаа миний байрнаас гар гэжээ.

“Юу яриад багаа юм бэ? Чи бид нар чинь ярьж тохирсон. Чиний байрны зээлийг би төлж байгаа. Чи надаас мөнгө зээлсэн” гэж мянгантаа маргаад үр дүнд хүрсэнгүй. Аль эрт очих байсан шүүх байгууллагад хөтлөлцөөд очих нь тэр. Ингээд өмгөөлөгч авч үлгэр домог шиг өрнөсөн түүхээ эхнээс нь ярьж, баримт нотолгоо хаана юу билээ хэмээн хайж шүүх хуралдаан болжээ. Иргэд өөр хоорондоо их хэмжээний хүүтэй мөнгө зээлж, зээлүүлсэн асуудал Иргэний хуул зохицуулагддаг ба Шүүх хамгийн гол нь баримт нотолгоонд үндэслэдэг. Хүүтэй мөнгө зээлж буй тохиолдолд талууд заавал хүүгээ дурдсан гэрээ байгуулах ба гэрээний хугацаа дууссан тохиолдолд гэрээг сунгах зайлшгүй шаардлагатай гэнэ шүү.

Миний таньдаг хүн, тэрний сайн мэддэг хүн гэж албан ёсны гэрээ хийлгүй амаараа ярилцаж тохирч, бэлнээр өгөлцөж авалцаж мөнгө зээлэх нь зээлдүүлэгчид эрсдэлтэйг харуулж байна. Дээр дурдсан өгүүлэмжид миний танил найздаа хүнээс хүүтэй мөнгө зээлж өгөхдөө гэрээ хийгээгүй, нотлох баримтгүй зээлүүлснээс мөнгөнийхөө хүүг авч чадаагүй юм. Сар бүр хүү гэж авч байсан мөнгө нь шүүхийн шийдвэрээр үндсэн мөнгөнөөс нь хасагдсан байдаг.

Нэгд, иргэн та мөнгө зээлж, зээлдүүлж буй бол заавал гэрээ хийж гарын үсэг зурсан байх шаардлагатай . Гэрээний хугацаа дууссан ч зээл үргэлжилж байгаа бол гэрээний хугацааг сунгах ёстой гэдгийг санаарай.

Хоёрт, албан ёсоор улсын бүртгэлд таны нэр дээр шилжээгүй хөрөнгө хэзээ ч таных болох боломжгүй. Тухайн хүн танд хэчнээн их өртэй, түүндээ хөрөнгөө өгөхөөр тохирсон ч хүний л юм бол хүний юм шүү. Миний танил эгч жилийн хугацаанд хүний байрны лизинг төлж, түрээсээр суусан болж таарсан.

Тиймээс энэ тохиолдолд худалдаж худалдан авах гэрээ хийн нотариатаар батлуулж Улсын бүртгэлийн хэлтэст урьдчилан бүртгүүлэх ёстой байжээ. Ингэж чадвал шүүхэд нотлох баримттай, байртай үлдэх боломж бий. Энэ бол бидний амьдралд тохиолддог мэддэг хэр нь мэдэхгүй Иргэний хуулийн энгийн ойлголтгүйгээс хохирсон нэгэн жишээ.

Нэгэнт байр ярьсных нэг гаргалгаатай байрны тухай өөр нэг асуудал тодруулбал сүүлийн үед 8 хувийн ипотекийн зээлд орсон байр зээлтэй нь зарна гэх зар олширсон. Ийм зарыг иргэд олзуурхан олж хардаг. Учир нь манай улсын хөдөлмөрийн насны иргэдийн 70 хувь нь хувийн компанид хөдөлмөрийн гэрээгүй ажиллаж нийгмийн даатгал төлдөггүй. Иймээс Орон сууцны ипотекийн 8 хувийн зээлд хамрагдах боломж хомс. Тиймээс иргэд 8 хувийн лизингтэй байраа, байр авснаасаа хойш банкинд төлсөн мөнгөө аваад өөрийнхөө нэр дээрх зээлтэй нь зарах хэлбэр бий болсон. Байр авсан иргэн банкных нь зээлийг үргэлжлүүлэн төлж, Улсын бүртгэлийн хэлтэст үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний нэрээ солилгүй талууд худалдаж худалдан авах гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулдаг. Энэ нь худалдаж авч байгаа иргэндээ эрсдэлтэй, сайн ярилцаж тохиролцож гэрээгээ хийх ёстойг нотариатчид хэлж байна. Худалдаж худалдан авах гэрээ хийхдээ ийм нөхцлөөр байр худалдаж авч байгаа иргэд худалдаж, худалдан авах гэрээгээ нотариатаар баталгаажуулсан гээд сэтгэл нь ханадаг. Гэтэл тухайн гэрээг Улсын бүртгэлийн хэлтэст урьдчилсан бүртгүүлээгүйгээс эрсдэл үүснэ шүү.                                                                                                                                                                                       Б.Одмаа

Дорнод сонин
Dornodmedia.mn

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*