Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

А.Энхжин: Би үнэтэй, чамин эдээр гангарч байгаагүй ч, хиртэй хувцастай явж үзэлгүй өссөн

“Инээд бол элэгний эм” гэдэг. Хамгийн ардчилсан урлаг болох хошин урлагийн жүжигчин болж үзэгчдийн “элгийг эмчилж” буй “Шинэ үе” продакшны А.Энхжинг зочноор урилаа. Тэрбээр “Хошин урлаг ид шидтэй юм шиг л хүнд аз жаргал авчирдаг. “Жаргалтай амьдрал гэж байдаггүй, аз жаргалтай өдрүүд бий” гэж нэгэн ухаантан хэлсэн байдаг. Энэ л аз жаргалтай өдрүүдийн тоог нэмдэг урлагт хөл тавьсандаа би баярладаг” хэмээснээр бидний ярилцлага эхэлсэн юм.

-Гавьяат жүжигчин Л.Баттулга, Н.Ариунболд, С.Лхагвасүрэн нар хамтран “Найзууд” төсөл хэрэгжүүлж, гурван ч шоу тоглолт хийчихлээ. Та ч энэ тоглолтын бүрэлдэхүүнд багтаж буй. Энэ төсөл хэр удаан үргэлжлэх вэ?

-Гавьяат жүжигчин Л.Баттулга ах санаачлан энэ төслийг эхэлсэн. Дээр дурдсан гурван ах маань хамтран тоглох жүжигчдээ өөрсдөө сонгон баг бүрдүүлсэн юм. Би энэ төсөлд багтсандаа баяртай байгаа. Хэр удаан үргэлжлэхийг хэлж мэдэхгүй юм. Одоогоор бид “Найзууд” төслийн хүрээнд хийсэн гурван шоу тоглолтынхоо шилдэг үзүүлбэрүүдийг сорчлон дахин тоглож байна. Энэ сарын сүүлээр Европын хэд хэдэн хотод аялан тоглолтоо хийхээр төлөвлөсөн.

-“Найзууд” тоглолтыг үзэгчдэд хүргэсний дараа “Л.Баттулга “Х-ТҮЦ”-ээс гарчихлаа. “Шинэ үе” продакшн тарж байна” гэх зэрэг “бор шувуу”-нууд нисэж эхэлсэн.

-Өөр өөр хамтлаг, продакшны уран бүтээлчид нэгдэн тоглож буй болохоор хүмүүст эргэлзээ, таамаг төрснийг үгүйсгэхгүй. Жүжигчин Ц.Ганбаяр, Л.Сөрөлт, Б.Отгонтуяа нар “Эмоци” продакшны тоглолтод урилгаар оролцсон нь тэр таамгийг улам “өрдчихсөн” байх. Түүнээс биш “Шинэ үе” продакшн тараагүй. Л.Баттулга ах ч “Х-ТҮЦ” хамтлагаа орхиогүй.

-“Шинэ үе” продакшны жүжигчнээр нэлээд хэдэн жил ажиллачихлаа. Хэзээ анх энэ айлын босгыг давсан бэ?

-Би 2011 онд КУДС-ийг төгссөн юм. Төгссөн зунаа Н.Ариунболд ахад шалгуулан тэнцэж, энэ хамт олны нэг болсон. “Шинэ үе”-ийн гишүүн болоод таван жил болжээ.

-Яагаад заавал хошин урлагт, тэр дундаа “Шинэ үе” продакшнд ажиллахаар шийдсэн юм бэ?

-Дунд сургуулийн сурагч байхдаа хошин урлагийн тоглолт үзэх дуртай байлаа. Тэр үеэс л жүжигчин болно гээд шийдсэн. Оюутан байхдаа ч ангийнхандаа “Та нар харж л байгаарай. Би “Шинэ үе”-д орно” гэж онгирдог байв. Тийм ч болохоор сургуулиа төгсөөд шууд очиж шалгуулсан юм.

-Хошин урлаг төсөөлж байснаас тань өөрөөр угтсан уу?

-Тийм шүү, өөр байсан. Хүмүүс хошин урлагийг их амархан, хөнгөн төрөл гэж ойлгодог. Гэтэл хүн инээлгэх хамгийн хэцүү юм билээ. Ах, эгч нарт загнуулаад “Больдог ч юм уу. Би чадахгүй юм байна” гээд шантарч байсан ч үе бий. Гэтэл удалгүй “Чи нэгэнт мэргэжлийг нь эзэмшчихээд ийм амархан шантраад байхдаа яадаг юм бэ” гэсэн бодол төрнө. Гэхдээ би сурсаар, хичээсээр л байна. Тогоонд нь орж байж л нарийн ширийнийх нь зах зухаас гадарлаж байна.

-Залуу жүжигчид аль нэг хамтлаг, продакшнд 5-6 жил ажиллаад л чөлөөт уран бүтээлч байх, эсвэл бие даан уран бүтээл туурвихыг эрмэлзэн хамт олноо орхих нь элбэг. Танд тийм бодол төрж байв уу?

-Үгүй ээ. Надад “Шинэ үе”-ийг орхих бодол байхгүй. Зорьж сонгоод ажиллаж буй газар минь шүү дээ.

-Гэхдээ жүжигчин мэргэжил эзэмшсэн л юм чинь дан ганц хошин урлагт биш, өөр өөр төрлийн уран бүтээлд тоглохыг хүсдэг биз дээ?

-Мэдээж мэргэжлийг нь эзэмшсэн юм чинь төрөлд бүрээр өөрийгөө сорьж үзэхийг хүсдэг л юм. Гэхдээ яагаад ч юм би кинонд тоглохоос халгадаг. 2011 “Би хайртай” телевизийн олон ангит кинонд тоглосон юм. Сургуулиа төгсөөд удаагүй байсандаа ч тэр үү, эсвэл киноны зургийг их удаан, хэцүү авсан болохоор ч тэр үү жаахан шантарсан. Тэр үед л “За нэлээд дадлагажиж байж л кинонд тоглох ёстой юм байна” гэж бодсон. Тийм болохоор дэлгэцийн уран бүтээлд тоглуулах саналыг хүлээж авдаггүй юм.

-Өнгөрсөн зун “Шүүдэр” продакшн, “Хас урлан” студийн хамтран бүтээсэн “Галзуу зугаалга” киноны гол дүрд тоглосон шүү дээ.

-Харин энэ кинонд тоглосноор таван жилийн өмнө өөрийгөө чамлаж байсан бодол минь арай өөрчлөгдсөн шүү. Их сонирхолтой дүр байсан учраас татгалзаж чадаагүй.

-Кинонд тоглуулах санал хэр их авдаг вэ?

-Ирдэг л юм. Гэхдээ бараг ихэнхэд нь зөвшөөрдөггүй юм. Бид жилийн 200 гаруй хоногт тоглолт, үлдсэн өдрүүдэд нь бэлтгэлтэй байж таардаг. Харин кино бол багийн, хамт олны хөдөлмөрөөр бүтдэг. Тиймээс зөвхөн миний зав чөлөөнд тааруулж зургаа авна гэж байхгүй. Худлаа амлаж, хүмүүст чирэгдэл учруулахыг хүсдэггүй.

-Хошин урлагийн жүжигчин учраас инээдмийн кино юм уу, хөгжилтэй дүрд тоглуулах санал их тавьдаг байх даа.

-Янз бүр байдаг даа. Аль болох нэг хэвэнд баригдахгүй байхыг л хичээдэг. “Галзуу зугаалга” кинонд гэхэд л өндрөөс унах, гүйх, үсэрч харайх, зодолдох гээд сонирхолтойгоор зураг авахуулсан. Би түүхэн кинонд эрэмгий баатрын дүрд тоглохыг мөрөөддөг. Одоо биш ч хэзээ нэгэн цагт мөрөөдлөө биелүүлнэ. Бас бие даан кино бүтээх, тэр дундаа түүхэн кино хийх сэн гэж хүсдэг дээ.

-Танайх аялан тоглолтоор хамгийн их явдаг продакшн. Хот, хөдөөгийн үзэгчдэд ялгаа байдаг уу?

-Ялгаатай шүү. Хотынхон хэр баргийн зүйлд сэтгэл нь хөдлөхөө больсон, дөжирчихсөн. Харин орон нутгийн үзэгчид сэтгэл хөдлөл ихтэй. Энэ нь амьдарч буй орчин, үзэж харж буй зүйлийн ялгаанаас л болдог болов уу. Нээрэн, Увсад явж байхад нэг ийм явдал болсон юм. Биеийнхээ чилээг гаргахаар машинаасаа хэсэг буугаад зогсож байтал тэр нутгийн халамцуу нэг нөхөр намайг чиглээд ирж байна. Их айхтар хараад л. Би ч дотроо “За сумын атаман нь юм байна. Зодох гэж байгаа байх” гэж айгаад машиндаа түргэхэн суугаад хөдөллөө. Гэтэл нөгөө залуу араас мотоциклтой хөөж байна. “Машинаа зогсоо” гээд л орилоод байлаа. Яах аргагүй болоод машинаа зогсоотол “Танайхыг тоглолтоор ирэх бүрт үздэг шүү. Чи их ирээдүйтэй жүжигчин” гээд нутгийн “юм”-аа өгчихөөд явсан. Тийм сэтгэл хөдлөлтэй үзэгчид биднийг угтдаг юм шүү дээ. Сайхан байгаа биз.

-Урлагт хөл тавиад таван жил болчихлоо. Одоо гудамжаар явахаар хүмүүс таньж байна уу. Олны танил байх хэцүү юү?

-Би чинь олны танил хүн биш шүү дээ. Гудамжинд таних нэг нь танина. Зорьж ирээд баяр хүргэх хүн ч байна. “Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ” гэдэг дээ. Сайн уран бүтээлч болохоор зорьж яваа надад сайхан л санагддаг. Хамгийн анх тайзан дээр гарснаа мартдаггүй. “Харгүй эр” гэж үзүүлбэрт тоглосон юм. Тайзан дээр гараад “Би Бооёо ахтайгаа л сууна” гэж ганцхан өгүүлбэр хэлдэг. Тэр ганц өгүүлбэрээ хэлэх гэж яасан гэж санана. “Үгээ хэлэх дөхөж байна шүү. Яана аа” гэж бодоод л.

-Нээрэн л “Үзэгчид инээхгүй бол яана аа” гэж сандардаг байх даа.

-Тийм үе зөндөө. Залуу жүжигчдийг үзэгчид их танддаг. Н.Ариунболд, Л.Баттулга, С.Лхагвасүрэн ах зэрэг мундаг жүжигчнийг тайзан дээр гарч ирээд ганц үг хэлэхэд л хүмүүс инээдэг. Гэтэл залуу жүжигчдийг хэрэндээ жүжиглээд, инээд хүрэхээр үг хэлээд байхад л инээхгүй, сонжоод суудаг.

-Жил ирэх тусам үзүүлбэрийн санаа олоход хэцүү болж байгаа харагддаг. Энэ нь хошин урлагийн олон хамтлаг, продакшн тасралтгүй шинэ тоглолт хийж буйтай холбоотой байх.

-Тийм асуудал ч гардаг шүү. Нэг санаа олоод л түүнийгээ хэлэхэд “Өө наадахыг чинь тэднийх хийчихсэн, эднийх тоглочихсон” гэнэ.

-“Шинэ үе” продакшныханд олон таагүй зүйл тохиолдсоны нэг нь авто осол. Уг ослоор ирээдүйтэй жүжигчин Т.Билгүүн нас барж, та ч гэмтсэн. Гэтэл уг ослын дараа үзэгчид таныг түүнтэй адилтгаж, харьцуулж эхэлсэн шүү дээ. Эвгүй байсан уу?

-Тэр золгүй ослын улмаас би бэртэж, сар шахам эмнэлэгт эмчлүүлсэн. Би яах вэ бэртээд эдгэдэг л юм байж. Гэтэл чадварлаг жүжигчин, сайн ахыгаа алдсан намайг түүнтэй тэгж харьцуулах таатай байхгүй нь ойлгомжтой. Хүмүүсийн намайг харьцуулж, адилтгаж байгаа нь илт мэдрэгддэг байлаа. Миний байгаа байдал, биеийн хэлбэр, төрх, харц ахынхтай их төстэй. Заримдаа хоолой ч төстэй сонсогддог. Тийм болохоор хүмүүст адилхан харагддаг байж магад. Ахынхаа ур чадварын энд хүрэх болоогүй ч би өсөж яваа жүжигчин. Ахынхаа хийж чадаагүй, хийхийг хүсэж байсныг нь гүйцээхийг хүсдэг.

-Автомашины осолд орсны дараа жолооны ард суухаас халширдаг юм билээ.

-Тэр ослын дараа нэг хэсэгтээ жолоо бариагүй. Одоо өөрөө жолоо барих үед гайгүй. Харин хүний машинд сууж явж чаддаггүй болчихсон. Ялангуяа арын суудалд. Нэг л эвгүй санагдаж, жаахан чимээ гарахад л давхийгээд байдаг.

-Ярианы сэдвээ жаахан өөрчилье. Та Дорнод аймгийнх гэл үү. Хүүхэд нас тань Дорнодод өнгөрсөн үү?

-Би наран ургадаг нутагт төрсөн хүн шүү. Дунд сургууль төгстөлөө Дорнод аймгийн төвд амьдарсан. Миний хүүхэд нас олон сайхан дурсамжтай өнгөрсөн дөө.

-Аймгийнхаа Хөгжимт драмын театрт бүжигчин байсан гэж сонссон.

-Наймдугаар анги төгссөн жилийн зун “Хаврын баяр” цэнгээнт бүжгийн уралдаанд оролцож, түрүүлсэн юм. Дараахан нь театраас бүжигчнээр ажиллах санал тавьж, ажиллаж эхэлсэн. 45 мянган төгрөгийн цалин авдаг байлаа. Дунд сургуулиа төгстөлөө тэнд ажилласан.

-Та айлын хэд дэх хүүхэд вэ. Гэр бүлийнхээ танилцуулаач?

-Би айлын ганц хүү. Аав минь Дорнод аймгийн VI дунд сургуульд шугам зургийн багш байсан. Одоо хувиараа ажилладаг юм. Ээж минь 1992 онд “Монголын сайхан бүсгүй” уралдаанд амжилттай оролцож байсан, сайхан эмэгтэй байсан. Намайг их багад ээж маань өөд болж, би аавтайгаа өссөн.

-Аав хүү хоёрт барьц алдах үе тохиолдож л байсан байх даа.

-Би ааваараа их бахархдаг. Аав минь амьдралаа хос багана шиг авч явсан хүн. Ганц хүүгээ хүн шиг хүн болгосон. “Гэрт орж эм, гадаа гарч эр болдог” гэгчээр л хүүгээ өсгөсөн дөө. Би үнэтэй, чамин эдээр гангарч үзээгүй ч, хиртэй хувцастай явж үзэлгүй өссөн. Долдугаар ангид байхад гэнэт цас орж, гадаа хүйтэрчихсэн юм. Гэтэл надад өвлийн гутал байдаггүй. Аргаа бараад аавынхаа үдээстэй, том гутлыг гялалзтал нь тосолж өмсөөд хичээлдээ явлаа. Тэгсэн чинь хүүхдүүд “Гуталт муур, томдсон гутал өмсчихөж” гэж шоолоод болдоггүй. Гэртээ ирээд аавдаа хэлтэл “Чи уранхай гутал өмсөөгүй, том гутал л өмссөн. Хүнээс битгий ич. Хүн байгаадаа сэтгэл хангалуун байх хэрэгтэй” гэж хэлсэн. Тэр гутлаа сар гаруй өмссөн байх. Удалгүй аав маань шинэ гутал авч өгч билээ. Аав, бид хоёр тийм ч баян цатгалан байгаагүй л дээ. Дунд ангид байхдаа өөрөө мөнгө олох гэж шил, төмөр түүж л байлаа. Би тэгж явсандаа харамсах нь битгий хэл баярладаг. Хүн амьдралаа хэрхэн босгодгийг харсан, мэдэрсэн учраас тэр.

-Жүжигчин болохоор шийдэхэд аав тань эсэргүүцээгүй юү?

-Харин ч дэмжсэн. Аав маань л намайг дэмжиж байсны хүчинд би өнөөдөр олны өмнө жүжигчин хэмээн дуудуулж байна.

-Ямар үед ээжийгээ хамгийн их үгүйлдэг вэ?

-Амьдралдаа тохиолдсон баярт мөч болгонд үгүйлдэг.

-Улаанбаатар хотод хэзээ анх ирсэн бэ?

-Наймдугаар ангидаа боксын УАШТ-д оролцох гэж ирсэн юм. Газар мэдэхгүй болохоор байрласан газрынхаа ойр хавиар л гардаг байлаа. Их гоё санагдаж билээ. Тэр үед “Алдар” спорт хорооны ойролцоо байрлаж байсан санагдана. Оюутан болоод бүр нүүж ирсэн дээ.

-Одоо бокс тоглодог уу?

-Тоглолгүй уджээ. Гэхдээ рингэн дээр гарч үзэх сэн гэж хүсдэг л юм. Дунд сургуульд байхаасаа л сонирхсон юм чинь. Д.Отгондалай, С.Шинэбаяр, Э.Ирээдүй зэрэг боксчинтой багын найзууд. Бид багадаа нэг клубт хичээллэдэг байлаа.

-Хүнд ажлын ачаалал, гаднын хүчин зүйлээс шалтгаалж бухимдах үе бий. Та хэр түргэн ууртай вэ?

-Түргэн ууртай шүү. Гэхдээ тэр хэрээр уур хурдан гарчихдаг.

-Уурласан үедээ нударга зөрүүлж байсан биз дээ. Боксоор хичээллэдэг байсан юм чинь түүндээ аархах үе ч бий байх.

-Эр хүн л юм хойно нударга зөрүүлэх үе байлгүй яах вэ.

-Та хэр хор шартай хүн бэ?

-Их шартай.

-Шарандаа уйлж үзсэн үү?

-Үзсэн шүү. Дөнгөж жүжигчин болсны дараа дүрдээ тоглож чадахгүй ах, эгч нарт загнуулаад шарандаа “Би заавал чадна” гээд л уйлдаг байлаа.

-Дуулж бүжиглэх, жүжиглэхээс өөр ямар авьяастай вэ?

-Шүлэг гэх нь хаашаа ч юм, толгой холбочихдог.

-Жилийн 200 гаруй хоногт тоглолттой, үлдсэнд нь бэлтгэлтэй байдаг гэсэн. Тэгэхээр байнга л оройтож харьдаг байх нь.

-Ихэнхдээ л оройтно. Ялангуяа тоглолтын бэлтгэлтэй үед бүр их оройтож харьдаг.

-Ажлынхаа хажуугаар өөртөө чөлөөт цаг гаргаж чаддаг уу. Тэр үедээ юу хийх дуртай вэ?

-Гаргахыг хичээдэг. Би их гэр амьтай хүн. Амралтаа гэртээ л өнгөрөөх дуртай. Боломж олдвол бусад хамтлаг, продакшны тоглолт, кино үздэг. Бусдаас суралцах хэрэгтэй. Жүжигчдийн тайзан дээр тоглож байгааг хараад цагаан атаархал төрөх үе ч бий. [Өнөөдөр сонин]

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Мэргэшиж яваа авъяастай сайн жүжигчин шүү. Ирээдүйд их юм дуулганаа

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*