Дорнод аймгийн мэдээллийн сайт

Байрандаа “түгжигдсэн” иргэдтэй холбогдож, санал бодлыг нь сонслоо

6012276b1bee0

Дорнод аймагт корона вируст халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш 22 хоног өнгөрч байна. Энэ хугацаанд  тархалтын цар хүрээг хумих зорилгоор эерэг тохиолдол бүртгэгдсэн орон сууцны хороолол, байруудад хөл хорио тогтоогоод байгаа. Өнөөдрийн байдлаар Чойбалсан хотод:

  • Залуус хорооллын 200+ айл
  • Илч хорооллын 200+ айл
  • 70-р байрны 41 айл
  • 2-р байрны 2-р орцны 20 айл
  • 60-р байрны 18 айл тус тус байрандаа “түгжигдээд” байна.

Тэдний төлөөлөл зарим иргэдтэй утсаар холбогдож тодруулга авснаа хүргэе.

173396140_104222715140721_8421476717873792143_n

Залуус хорооллын оршин суугч А: Манай аймаг бэлтгэлээ сайтар хангаагүй байж дээ гэж бодсон

-Та хөл хорионд хэд хонож байна вэ? Шинжилгээгээ өгсөн үү?

4-р сарын 17-ны бямба гарагаас хойш 10 хоног хашаанаас гарсангүй. Хөл хориод тав хоног өнгөрсний дараа манай гэр бүлийг дуудаж шинжилгээ авсан. Хариу өгөхгүй байхаар нь утсаар залгаж сөрөг гарснаа сая л мэдэж авлаа. Манайх Залуус хорооллын дундуур байдаг айл. Баруун талаасаа шинжилгээ авч эхэлсэн гэж бодохоор зүүн хэсгийн айлуудын эхний шинжилгээг сая л авч дууссан болов уу. Дараагийн шинжилгээг хэзээ авах юм бүү мэд.  Үе шаттай хэсэгчилсэн байдлаар хөл хориог цуцлаасай гэж горьдоод л сууж байна.

-Хүнсний бараа бүтээгдэхүүнээ хаанаас хэрхэн авч байна?

-Залуус хорооллын 2 дэлгүүр лүү утсаар ярьж захиалга өгөөд, өөрсдөө алхаж очдог. Дэлгүүрийнхэн захисан юмыг маань уутанд хийгээд гаргаж өгч байгаа. Мөнгөө мобайлаар төлдөг. Даанч бараа нь их өндөр үнэтэй зарагдаад байх шиг байна. Заримдаа аймгийн төвөөс эм, хүнсний бараагаа захиж авчруулдаг. Ер нь энд хүмүүс хоолгүй, мөнгөгүй боллоо гэж сураг дуулдаж байна. Хүнсний хангамж сайжруулах талаар анхаараасай.

-Хогны асуудлаа хэрхэн шийдэж байна вэ?

-Хогийн цэг дүүрсэн, ирж ачихгүй байгаа болохоор салхинд хийсээд байна гэж хөршүүд ярьж байсан. Бас цагдаа нар тийшээ явуулахгүй байгаа гэхээр нь хашаандаа хогоо хураагаад байж байна.

-Хороолол дотуураа хэр явцгааж байна?

-Манай хороолол амины орон сууц учраас хашаандаа гарч салхилах боломжтой. Хөршүүдтэйгээ хашааны цаанаас, эсвэл утсаар ярьж мэдээлэл солилцож байна. Ойрдоо салхи шуургатай байгаа болохоор гадуур явж байгаа хүн ч цөөхөн байна. Салхи намдахаар оройн цагаар гудамжинд хүүхдүүд тоглож байгаа харагддаг.

-Цар тахлын үед АОК-ын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ямар санал бодолтой байна?

-Монголд корона вирус орж ирээд бүтэн жил өнгөрч байна. Бид Дорнод аймгаа ногоон бүс гэж ойлгоод, дарга нар “бүх эрсдэлд бэлэн” гээд байхаар нь тайван амгалан суугаад байсан. Гэнэт л эх уурхай нь мэдэгдэхгүй халдвар гарлаа, хүн амын дунд тарчихлаа гэж сандралдаад эхэлсэн. Манай аймаг бэлтгэлээ сайтар хангаагүй байж дээ гэж л бодож байгаа.

Зохион байгуулалтын алдаа дутагдал жирийн иргэд бидэнд ч анзаарагдаад байна. Ядаж л шинжилгээгээ шуурхай авчихмаар байна, шинжилгээний материалын нөөц гэж байгаа ч юм уу, үгүй ч юмуу. Гадуур утга учиргүй зам хааж байхаар явган хүнийхээ хөдөлгөөнийг хаагаасай, вакцинжуулалтад хамрагдмаар байна гээд ярих зүйл их ээ. Байдал нэгэнт ийм дээрээ тулчихсан болохоор хатуу хөл хорихоос ч өөр яах билээ. Голомтоо бариад авчихвал сайн л байна.

702

70-р байрны оршин суугч С: Хаалганы завсраар гараа гаргаж байгаад хүнсээ авдаг

-Та хөл хорионд хэд хонож байна вэ? Шинжилгээгээ өгсөн үү?

-Хөл хорионд яг 7 хонож байна. Хорьсны маргааш шинжилгээ авчих юм болов уу гэж хүлээгээд байсан, гурав хоносны дараа ирж шинжилгээ авна лээ. Хариуг 24 цагийн дараа биш, нөгөөдөр нь утастаж хэлсэн.

-Хүнсний бараа бүтээгдэхүүнээ хаанаас хэрхэн авч байна?

-Таньдаг хүмүүстээ хүнсний бүтээгдэхүүн захиж байгаа. Тэд орцны үүдэнд тавьчихаад яваад өгдөг. Орцны хаалган дээр том чулуу тавьчихсан юм шиг байна лээ. Тэгээд хаалганы завсраар гараа гаргаж байгаад захисан юмаа авч оруулдаг. Заримдаа цагдаа нар хашааны цаанаас “бариад аваарай” гээд шидчихдэг гэсэн.

-Хогны асуудлаа хэрхэн шийдэж байна вэ?

-Манай байрны хогийн цэг орцны гадаа, хашаанд байдаг. Эхний үед хогоо яаж гаргах учраа олохгүй, зарим айлууд тагтан дээрээ хадгалж байсан гэсэн. Одоо орцны хаалганы дотор талд хаяад байх шиг байна. Үе үе хэн нэг нь гарах шаардлагатай үедээ хогнуудыг гаргаж хаяж байгаа бололтой. Шинжилгээ өгөхөөр гарахдаа үүдэнд бөөгнөрсөн хогнуудыг хогийн сав руу зөөсөн.

-Хөл хорионы өдрүүдийг хэрхэн өнгөрүүлж байна?

-Бусдын л адил онц гойд хийсэн зүйлгүй байна. Манай байр олон айлтай, дундаа ганц орцтой болохоор байнга хүн холхидог байсан. Одоо бол орц чив чимээгүй  байдаг болж. Хүмүүс тагтан дээрээ салхилж, хоорондоо ярилцаж байгаа сонсогддог. Мөн групп чааттай. Саяхан манай байранд хүүхдийн шүд өвдөөд эмнэлэг дуудсан гэсэн. Эрүү нүүрний эмч нар 103-ын машинаар тусгай хувцастай ирж үзсэн гэж байна лээ.

-Цар тахлын үед АОК-ын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ямар санал бодолтой байна?

-Нэг байранд амьдардаг ч огт танихгүй хүмүүсийнхээ дам хавьтал болж, 14 хоног ажил төрлөө алдаж байгаадаа харамсалтай л байна. Гэвч өвчнийг газар авахуулахгүйн тулд өөр аргагүй юм даа гэж өөрийгөө тайвшруулаад сууж байгаа. Халдвартай хүмүүсийнхээ зорчсон маршрут чиглэлийг гаргаад өгчихвөл хүмүүст хэрэгтэй болов уу гэж л бодож байна.

178162996_448502912917434_1831850587109259199_n

Илч хорооллын оршин суугч У: Цэнхэрт хөл хорьсон ч нийт иргэдээс шинжилгээ аваагүй, тодорхой мэдээлэл юу ч өгөөгүй 

-Та хөл хорионд хэд хонож байна вэ? Шинжилгээгээ өгсөн үү?

-Хорионд яг 7 хоног сууж байна. Иргэдэд ямар нэг тодорхой мэдээлэл өгөлгүйгээр шууд хорьчихсон. Сүүлд нь хүнээс асуухад Хэрлэн номинд голомт гарсантай холбоотой гэх шиг болсон. Одоо болтол бид шинжилгээгээ өгөөгүй байна. Хэд хоногийн өмнө шар автобустай багийнхан зарим айлаас нь шинжилгээ аваад явж байсан. Бид очоод шинжилгээ өгье гэтэл одоо боломжгүй байна, үдээс хойш авья гэсэн ч өнөөдрийг хүртэл дахиж ирээгүй л байгаа. Манай хөршийнд гаднаас зочилж ирсэн хүн хоригдчихоод байсан юм. Тэр харин өөрөө дуудаж байж шинжилгээ өгсөн гэж байна лээ.

-Хүнсний бараа бүтээгдэхүүнээ хаанаас хэрхэн авч байна?

-Хажуу талынхаа дэлгүүрээс авч байгаа. Өчигдөр 600-аар зарж байсан өндгийг 650-иар зарах гэх мэтээр үнээ нэмдэг нь хүндрэлтэй байна. Мөн дэлгүүрт байхгүй бусад хэрэгцээт барааг төвөөс захиж авчруулахад хэцүү байдаг.

-Хогны асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна?

-Хөл хорио эхэлснээс хойш хогоо хашаандаа цуглуулж байна. Хэрхэн хаях талаар ямар нэгэн шийдэлд хүрсэн юм алга.

-Цар тахлын үед АОК-оос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх таны санал бодол?

-Манай дүү нүд нь өвдөөд байна, яах вэ гэхэд Та нар өөрсдөө шийд. Эм хүргэж өгөх боломжгүй гэсэн. Гомдол санал авдаг тусгай дугаар луу нь хоёр удаа залгаж саналаа хэлсэн. Эхний удаа залгахад эргээд хариу өгнө гээд таг болсон. Дахин залгаж саналаа хэлэхэд хариу өгсөн нь энэ. АОК маш их чирэгдэлтэй, бидний асуудал шийдэгдээгүй хэвээр л байна.

Цэнхэрт анхны голомт бүртгэгдээд хоёр 7 хонож байхад өнөөдрийг хүртэл иргэдэд ямар ч мэдээлэл өгөөгүй, шинжилгээ ч аваагүй. Тодорхой шийдэлгүй л байна. Цагдаа нар нь ч юм асуухаар тодорхой мэдээлэлгүй зогсож байдаг. Хүнсээ цуглуулах гээд учраа хэлээд гаръя гэхэд нохойтой харьцаж байгаа юм шиг хөөж туугаад оруулчих юм.

Манай гэр бүлийн хоёр гишүүн төрөөс иргэдэд олгосон 300 мянган төгрөгөө аваагүй байгаа. Төрийн банкнаас очоод авъя гэхээр халдвартай бүс гээд гарч болдоггүй. Учирлаж тайлбарлаад ч ойлгохгүй, банкнаас нь асуухаар утсаар тайлбарлах боломжгүй гэсэн. Хаана хэнд хандахаа мэдэхгүй байна.

601

60-р байрны оршин суугч У: Орцонд хог дүүрээд хүндрэлтэй байна

-Та хөл хорионд хэд хонож байна вэ? Шинжилгээгээ өгсөн үү?

-24-ний бямба гарагаас хойш яг дөрөв хонолоо. Халдвар бүртгэгдсэний маргааш буюу ням гарагт шинжилгээ өгсөн. Хариуг нь даваа гарагт авсан. Манай байрныхан эхний шинжилгээгээр бүгд сөрөг гарсан гэж сонссон.

-Хүнсний бараа бүтээгдэхүүнээ хаанаас хэрхэн авч байна?

-Манай байрныхан групп чаат нээсэн юм байна. Нэг оршин суугч айл маань хөл хорио тогтоодог өдөр гадуур байж таараад байрныхандаа групп чаатаар захиалсан хүнснийг нь дөхүүлж өгч байгаа бололтой.

-Хогны асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна?

-Хүн бүр гэртээ тогтмол байгаа болохоор хог их гарч байх шиг байна. Уул нь манай байр нэгдүгээр давхартаа хогийн савтай. Өглөө бүр цэвэрлэгч ирээд гаргаж хаядаг байсан юм. Гэтэл хог дүүрээд орцноос маш муухай үнэр гарч эхэллээ. Хогоо гадагшлуулаад ариутгал, халдваргүйтгэл хийлгэхгүй бол хүндхэн байна.

-Хөл хорионд өдрийг юу хийж өнгөрүүлж байна?

-Цонхоо онгойлгож салхилаад л байж байна. Ойрын үед шороон шуургатай байгаа болохоор байнга онгойлгож болохгүй хэцүү юм. Дээрээс нь орцноос хог үнэртээд байдаг. Хөл хориог аль болох үр дүнтэй өнгөрүүлэхийг хичээж, ном уншиж байна. Мөн гэртээ байгаа л болохоос ажлаа онлайнаар хийгээд, утсаар яриад, zoom-ээр хуралдаа суугаад хөл хорионы өдрүүдийг ажил хэрэгч байдалтай өнгөрүүлж байгаа шүү.

177493706_241734367739779_2714402578565520025_n

2-р байрны 2-р орцны оршин суугч Б: Багийн дарга залгаж юу хэрэгтэй байгааг асуусан

-Та хөл хорионд хэд хонож байна вэ? Шинжилгээгээ өгсөн үү?

-24-ний бямба гарагт хөл хорио тогтоосон. Маргааш нь ирж шинжилгээ авсан.

-Хүнсний бараа бүтээгдэхүүнээ хаанаас хэрхэн авч байна?

-Одоогоор манайх хүнсний нөөцтэй байгаа. СӨХ-ийн дарга дугаараа өгсөн. Мөн 9-р багаас утсаар ярьж, юу хэрэгтэй байна гэж асууж байна лээ. Би орцондоо ариутгал хийлгэе гэж саналаа хэлсэн.

-Хогны асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна?

-Хогоо гэртээ л хадгалж байна. Орцондоо гарч үзээгүй байгаа болохоор хүмүүс хогоо хэрхэн хаяж байгааг сайн мэдсэнгүй.

-Цар тахлын үед АОК-оос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх таны санал бодол?

-Иргэд бидэнд мэдээлэл муу хүрч байна. Энэ тал дээр анхаарна уу.

 

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Үнэхээр хэрэг алга. Хөл хорьж хаячихаад та нарын яах хамаагүй гэсэн шиг нүдэн балай чихэн дүлий байж болохгүй биз дээ. Хорих нь зөв. Гэхдээ хүн гэмт хэрэг хийгээгүй, эрүүл саруул хүмүүс хоригдож байгаа гэдгийг санаарай

    гэж айлдав.

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*