Дорнод аймгийн мэдээллийн сайт

Б.Цэнддоо: “Ураан”-ы хотхон Мардайд нэвтэрсэн минь-1

mardai

нэг. ХИЛ ДЭЭРХИ МЭЭР

Мартагдсан ба санагдсан нэрс

1989 оны хавар эрт. Дорнод аймаг дахь хилийн отрядад ажиллах томилолт авлаа. Залуу хүний хувьд хязгаар нутгаар аялах, хилчдийн өвөрмөц амьдралтай танилцах нь ихээхэн сонирхолтой байв. Өмнөхөн нь баруун хязгаараар Ховд, Алтайн хилийн отрядад томилолтоор явсан маань гадаадад аялснаас дутахгүй сонин сайхан байсныг хэлэх үү.

“Үнэн” сонинд залуучууд, цэрэг эх оронч сэдэв хариуцдаг сурвалжлагч байсан маань олон сонирхолтой газраар аялах, зарим нэг хагас хаалттай бүст нэвтрэх боломж олгосон юм. Миний мэдэхээр тэр үед, Радиод Я.Баатар, Телевизид найруулагч н.Болд нар Батлан хамгаалах салбар хариуцаж байсан ба надаас ялгаатай нь тэд нормын офицер хувцас өмсөнө. Харин би ёсолж барьж явахаас түвэгшээгээд Батлан хамгаалах Яамны саналыг талархангуй няцааж билээ.

Сүмбэрийн Отрядын төвд хилийн цэргийн онгоцоор буугаад Халх гол, Дэгээ, Нөмрөг гол, Буйрын заставаар явж сурвалжлав. Буйрын загасны үйлдвэрийнхэн тороо татаж байхтай тааралдаж билээ. Нэг удаадаа Зил 130 самосвалын тэвш хэрийн загас олборлоно. Тэдний өгсөн Булууцагаан хэмээх маш амттай, гэхдээ л арай олон ястай загасаар хилчид сайхан зоог бэлдэж өгсөнсөн.

Халх голын застав дээр хилийн манаанд хамт явсан маань улсынхаа хил дээр зэвсэг агсан зогсож үзсэн сонин байлаа. Морьтой цэргүүдтэй, нууц жимээр өдөржин хил эргэж, ажиглалтын цэгүүдээс хилийн зурвас болон нутгийн гүнд илэрсэн хөдөлгөөнийг ажиглав. Орой нь ирээд бид “БНМАУ-ын дархан хил дээр гарсан зүйлгүй тайвныг илтгэе” хэмээн рапорт өгөөд“Баргын цэнхэр уулын чигт нэг морьтой хүн баруунаас зүүн тийш явсан. Хятадын хилийн станцын зүгээс … цагт гарсан гарсан машин, мөн өдрийн…цагт эргэж очсон” гэхчлэн ажигласан зүйлээ тайлагнаж билээ.

Тухайн үедээ Зөвлөлт-Хятадын харилцаанд урь орж байсан ч гэсэн айдас, хардалт нь хэвээрээ байсан цаг тул маш сонор, болгоомжтой явцгаав. Хятадууд манайхыг эзлэх гэж төлөвлөсөн өдөр нь өнөөдөр таараад, танк нь хээр талаар пижигнээд ороод ирвэл, хамгийн түрүүнд л тулах нь дээ гэсэн шүү юм гэнэт бодогдож ч шиг. (Тэр үед чинь “Хятадын Ардын чөлөөлөх армийн танк төмөр замаар орж ирдэг тухай дуулаагүй байсныг хэлэх үү…кк!)

Яагаад, Монгол-Хятадын хил дээр манаанд гарчихаад Зөвлөлт-Хятадын харилцаа яриад эхлэв гэхээр БНМАУ (Манай улсын хуучин нэр)-ын гадаад харилцаа нь Зөвлөлтийн гадаад бодлогын шууд тусгал байсан учраас тэр. Бие дааж хэн нэгэнтэй, сайдаж муудах явдалгүй амар ч байсан юм уу?

Тэр заставын дарга нь нэг казак залуу байлаа. Нэр нь мартагджээ. Улс төрийн орлогчийнх нь нэрийг бас л мартах учиртай байсан боловч, яасан гээч. Олоон жилийн дараа, нэг өглөө сэрээд сонин гарчиглатал мань хүн Улаанбаатар хотын дарга болчихсон байдаг юм. Хожмоо, нийслэл хотын захирагч болдог “Улаан хацарт” хэмээх Батбаяр шүү дээ. Харин тэр үед нэг их ажиглагдаад байхаар улаан хацаргүй л байсан санагддаг.

Редакцийн даалгавар ёсоор, Халх гол суманд байдаг нэг хувьсгалын партизантай уулзах боллоо. Ингээд Бурхантаас тийшээ хөдлөв.

Мэнэнгийн алдарт тал, хил орчмын хатуу дэглэмээр төвөөс тусгаарлагдсан Халх гол зэрэг суманд сэтгэцийн асуудалтай хүн олон гэдгийг тэгэхэд харав. Дэлгүүрийн үүдэн дээр, сумын захиргааны гадаа, Холбоо шуудан гэхчлэнгийнхальт дайраад өнгөрсөн цэг бүхэн дээр дор хаяж нэг тийм “сэтгэцийн бэрхшээл” бүхий хүн таарч байлаа. Зорьж очсон айлд маань ч бас нэг тийм хөвүүн. Хилийн цаана л үе үе тусгай үүрэг гүйцэтгэж байсан гэхээс өөр тоймтой юм тэр хүнээс сонссонгүй. Өөрөө ч Барга нутгаас орж ирсэн юм даг уу? Яримаар сонин зүйлс их байвч ярьж болохгүй байгаа нь илт. Надаас ч гэсэн илт болгоомжилж, тэгж ингэж байгаад хар толгойдоо булуу хураалгүй шиг явуулчих санаатай нь мэдэгдэнэ

Улсынхаа хилийн буланд таслагдсан, хүн цөөтэй энэ нутагт цус ойртсон тухай хоёр ч аман түүх сонссон юм.  Хилийн отрядаас хамт явсан Цогтгэрэл эхний түүхийг ярьсан юм. Хүний нэр тогтоодоггүй атлаа Цогтгэрэлийн нэрийг яагаад санаад байгаа нь ч бас намтартай. Олон жилийн дараа Нисэхийн гаалиар нэвтэрч явтал мань хүн тэндхийн том л дарга болсон бололтой явж таарав. Нэг л их танимгайрхаад гүйж очин мэндэлтэл, түвэгшээнгүй харснаа “За бас ямар гээч лай нь юу гуйх гээд хүрээд ирэв” гэсэн байртай, амандаа бувтнан хариу мэндлээд салахын түүс болон одов. Ажил албаны онцлог л юм даа. Болох бүтэхгүй түмэн амьтан, хил гаалиар номтой номгүй юмаа аргалж оруулах гэж тойгдсоор байгаад, яриа хөөрөөтэй сайхан залууг тийм болгосон хэрэг. Хүнтэй аятайхан мэндэлчихвэл хэрэг бишдээд “За өвгөөн энийг аргалаад өг” гээд лай болдог бол бидний үнэн. Ямар сайндаа л “Амар байна уу гэсэн биш гай болов” гэсэн мэргэн үг хүртэл гарахав дээ! Манай хүн “амар байна уу” гэхээс халширдаг болсон байсан байх.

Уг нь хойно сургуульд байхдаа буриад хүүхэнтэй танилцаж гэрлээд нутагтаа дагуулж ирсэн, тэр нь “Монголчууд яагаад хоол идэхдээ яриа хөөрөө өрнүүлэхгүй таг дуугүй байдаг юм бэ” хэмээн учиргүй гайхдаг энэ тэрийг хуучлаад их л найзархаж явсан юм. За энэ ч яахав.

Түүний ярьснаар бол, сумын номын дэлгүүрийн худалдагчийн хүүхэд буу алдаж хүнд гэмтжээ. Тэр хавьдаа хамгийн гайгүй эмнэлэг нь хилийн отрядад байх тул тийшээ иржээ. Хүүхэд ч яахав, тусламж авч чадсан юм байх. Цогтгэрэлийг юу гайхуулсан гэхээр, сумын дарга, Намын үүрийн дарга, Эвлэлийн дарга гээд бүхий л хариуцлагатан эмнэлэг дээр ирчихсэн байхыг хараад “Иргэнийхээ төлөө санаа тавьдаг удирдлага энэ л суманд байна” хэмээн бишрэх сэтгэл төржээ. Сүүлд мэдэхнээ, тэдгээр албан хаагчид бараг бүгдээрээ садангийнхаа хүүхдийг эргэж ирсэн хамаатнууд байсан гэх. Шинээр хүн томилогдон очихгүй байсаар байгаад сумаараа төрөл садан болсон гэх нэгэн аман түүх нь энэ.

Алтан поошигтой хүн

Удаах түүхийг анхны соцдек, анхны бизнесмэний нэг агсан Шийтэр ярьсан юм. Тэрээр МСДН-ын байр болох СТӨ-ний шилэн хүзүүвчинд байнга ирж, сонин сонин хууч дэлгэдэг нэгэн байв. Яагаав, Хангай зочид буудлыг анх хувьчилж авдаг хүн шүү дээ. Одоогийн энэ “Наран”-гийн орон сууринг чинь анх Шийтэр, Болдхэт, Очирбат багш, Баярманлай гуай эднүүс байгуулсан санагдана. Тэгээд Болдхэтийн Нарантрэйд нь хамгийн амжилттай явсан байх. Манай Очирбат багш эд нар “Наран агро” гэж салбарлуулаад л байсан ч төдий амжилт олоогүй.

Төрөлхийн сэргэлэн, овсгоотой төрсөн Шийтэр алт мөнгөний дарх хийдэг инжаан байжээ. Тэрээр, зүүн хязгаар Халх гол,Буйр, Матад орчмын иргэд алт мөнгөн эдлэлийн жоортой гэж дуулсан тул тэнд хэсэг ажиллаж, дарх хийсэн гэнэ. Барга болон Чита зүгийг холбосон энэ зам Монгол-Хятад-Оросын хилийн наймаачдын “Торгоны зам”байсан ажээ. Халх гол хавийн нутаг бол хэрдээ хөөрхөн боомт байжээ. Хууль ёсны болон хууль бус наймаачид энд ирээд унаа малаа солино. ХХ зууны эхэн үед цаасан мөнгө, зоос нь найдвар багатай тул бие алт, цалин мөнгөөр ачилгын болон хүнсний мал арилждаг тул нутгийн иргэд “хатуу юм” ихтэй болсон гэх.

Хол ойрын хүмүүстэй энэ нууцаа хуваалцах дургүй тул гаднаас ирсэн улсад хөндий ханддаг байсан нь хязгаар нутагт цус ойртох нэг нөхцөл болсон гэх аман онол явдаг нь энэ юм.

Шийтэрийн ярьснаар, нэг залуу эхнэртээ ээмэг хийлгэх гэтэл жаахан алт дутсан юм байх. Гэтэл хөвөнтэй хүрэмнийх нь нэг гуулин товч унасны оронд Хаант оросын генералын мундирт зүүдэг империал хэмээх алтан товч санжигнаж харагдсан гэдэг. “Та наадахаа нэмчихэд л болно” гэхэд гайхаж бас харамсаж. Харамссны учир нь зөндөөн тийм товч байсныг нь энд тэнд зүүсээр хаяж дуусчээ. Яагаад баярласан гэхээр, мөнөөх алтан товч хаягдах мөчөө хүлээн ганцхан утсан дээр санжигнаж байжээ.

Үүнээс ч илүү сонин түүх бол Шийтэрийн өгүүлсэн “Поошигны алтан таг”-ны дууль болой.

Инжааныг очсноос хойш хэд хэдэн хүн “Төмөрт наалдсан алтыг хуулж авч болдог эсэх”-ийг дараалан лавлажээ. Цааш нь учрыг лавлахаар нэг их тодорхой юм ярихгүй “Зүгээр л сонирхсон юм” гэсгээд байж. Харин буцахын өмнө дараахь түүхийг сонссон байна. Тэвчээр багатай нэг нөхөр нутагт нь арван жилийн дараа ирэх инжааныг хүлээж тэсэлгүй эхнэрийнхээ алтаар оролджээ. Өвөг дээдэс “Эхнэрээрээ оролдвол салахын тэмдэг, Эдээрээ оролдвол эвдэхийн тэмдэг” гэж зүгээр нэг сургаагүй бололтой. Ардын сургаалыг хайхраагүй залуу эдээрээ, бүүр эхнэрийнхээ эдээр оролдохоор шийдэж.

Юу хийхээ шийдээгүй ч баахан алтан ээмэг, бөгж сэлтийг нийлүүлэн хайлж, нэг гайгүй хайлштай болох гэсэн болтой юм. Мэдээж, түүхий эд бол үйлдвэрлэлийн анхан шат мөн.

Ингээд, поошигний таган дээр баахан алтан алтан овоолго хийгээд паяалнагаар үлээлгэсэн гэнэ. Хайлж өгөхгүй болохоор нь хоёр паяалнагаар зэрэг шарж гарчээ.

Гэтэл, яасан гээч. Мөнөөх алтан овоолго нь агшин зуур мэлсхийн хайлаад поошигний тагаар жигд тарчихжээ. Хадгалахад хэцүү, хэрэглэх аргагүй, бас зарж борлуулъя гэхээр боломжгүй нэгэн эрдэнэтэй болсон байна. Алтан поошигний тагны түүх энэ болой.

…Ийнхүү зүүн хязгаарт долоо хоног ажиллаад Дорнод аймгийн төв рүү буцлаа. Хилийн отрядын захирагч нь “Дорнод хязгаарыг хамгаалахад оруулсан хувь нэмрийг чинь үнэлж Х.Чойбалсангийн нэрэмжит…дугаар отрядын дурсгалын тэмдэгээр шагнав” гэсэн үнэмлэх, тэмдэгээр шагнаж билээ. Хилчдийн амьдралыг сурвалжлан бичсний төлөөх талархал юм даа. Төвийн хэвлэлд зураг хөрөгтэйгээ гарна гэдэг бол тэр үед ховор сайхан явдал шүү дээ. Хилчин дайчдын тухай нэлээн дэлгэрэнгүй сурвалжлага “Үнэн” сонинд гарч билээ.

Мөнөөх дурсгалын үнэмлэхийг найзууддаа үзүүлэн “Мань чинь хил зөрчигч хятадыг амьдаар нь бариад шагнуулсан юм. Даанч улсын нууц учраас ярьж болохгүй юм даа” хэмээн тохуурхдагсан. Юу гэж тэд үнэмших билээ.

“Тэнгэрээр ирсэн генерал тэмээгээр буцав” гэгчээр онгоцоор очсон сэтгүүлч “Газ-66” машины мотор дээр сууж, алдарт Мэнэнгийн талаар буцлаа. Уг машин бүхээгтээ хоёрхон суудалтай тул гуравдагч этгээд моторын таган дээр сууж таардаг юм.

Харин намайг илүү сонин шинэ томилолт Дорнод аймаг дээр хүлээж байлаа. Тэр бол улсын нууц, ярих битгий хэл асуух хориотой ураны үйлдвэр Мардай хотхон.

Чихнээс чихэнд дамжих шивнээн дотор “Алагдах ялтай хоригдлуулыг тэнд ажиллуулдаг, тэгээд сульдаа ирэхээр нь буудаад тэнд булдаг” гэхчлэнгийг бөөн миф домгоор хүрээлүүлсэн газар. Яг очоод харахаар юу байдаг бол гэхчлэн бодсоор замын уртыг анзааралгүй туулжээ…

 Үргэлжлэл бий…

Б.Цэнддоо

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*