Дорнод аймгийн мэдээллийн сайт

Дорнодчууд тодорхой маршрут дэлгэж үзүүлэхийг шаардсаар байна

4e6c353b323c22e7cb13a5a9a414fa30

Манай аймагт корона вируст халдварын тохиолдол бүртгэгдсэнээс хойш гурван 7 хоног өнгөрч байна.  Анхны тохиолдлууд Улаанбаатар хотоос зөөвөрлөгдөн ирсэн бол 4-р сарын 17-ноос хойшхи тохиолдлуудын эх үүсвэр тодорхой бус.

Өөрөөр хэлбэл Залуус хороолол, Хэрлэн Номин бизнес төв, Цагаан-Овоо сумын шинэ тохиолдлууд маань хэзээ, хэнээс, хэрхэн халдвар авснаа мэдэлгүй нийгмийн харилцаанд оролцсоор ирж. Ийм ч учраас Аймгийн Онцгой комисс Дорнод аймгийн хүн амын дунд халдвар тархжээ гэж мэдэгдэв. Үүнийг сонссон иргэд, олон нийт нэн даруй маршрут гаргаж өгөхийг шаардсан нь ч зүйн хэрэг биз ээ.

Халдвартай хүний ойрын хавьтлыг гэр бүл, хамт олон, байнга уулзаж, учирдаг ойр тойрны хүрээнээс нь олдог бол дам хавьтлыг бүрэн илрүүлэхэд бидний ярианы сэдэв “маршрут” гэгч хэрэг болох юм.

Сэтгүүлчдийн “Маршрут хэзээ бэлэн болох вэ?” хэмээх асуултад Аймгийн Онцгой комисс: Маршрут зарлах нь зарлана аа, гагцхүү ялгаварлан гадуурхах байдал үүсчих вий гэдгээс л болгоомжилж байна хэмээн тайлбарлаж явсаар уржигдар ийм зураглал хийж үзүүллээ.

175913938_2742112316100185_6177659587353576795_n

БОЭТ-д коронавирусын халдвараар эмчлүүлж буй 20 орчим иргэн бий. Тэдний тал нь Улаанбаатараас зөөвөрлөгдөж ирсэн кластерынхан. АОК-ын өгсөн мэдээллээс үзвэл тэд ирээд тусгаарлагдаж байсан учраас, Цагаан-Овоо яваад ирсэн нэг хүнийг л эс тооцвол ихэнх нь гадуур дотуур гарч яваагүй. Хулгайн замаар ирсэн гэх “хэрэгт холбогдсон” уяачийн маршрутыг хүртэл тодорхой болгож, ойрын болон дам хавьтлыг нь илрүүлсэн гэж мэдээлж байгаа.

Тэгвэл үлдсэн 10-аадхан хүн нь хаагуур явж, хэнтэй уулзаж, хавьтал үүсгэсэн тухайгаа мэдэгдэх үүрэгтэй. Өвдөж шаналсан тэдний хувьд, олон хоногийн өмнө хаагуур явснаа нэхэн санах хүндхэн байж мэднээ. Гэр бүлийнхнээс нь ч нэмж тодруулж байгаа биз.

Маршрутыг цагдаа, тагнуулын байгууллагынхан гүйцэтгэдэг. Дээрээс нь АОК-ын ажилд тус нэмэр болгохоор олон арван сайн дурынхныг дайчилж, бөөндөө ачаалал ихтэй байгаа гэх. Тэдний хүчин чармайлт, сэтгэл зүтгэлийг үгүйсгэх гэсэнгүй.

Уул нь арваадхан хүн л байгаа юм. Олон зуун хүн хүчийг ядарч цуцтал нь ажиллуулах, эсвэл бага хүчээр их зүйлийг амжуулж чадах эсэх нь удирдлагуудын арга ухаан, зохион байгуулалтын л асуудал.

Иргэдийн хүсэлт, шаардлагын дагуу Аймгийн Онцгой Комиссын үйлдэж гаргасан маршрут зургийг ажиглавал, дээрх 10 хүн маань 10 хоногийн турш өдөр бүр Хэрлэн номин бизнес төвийн гэр ахуйн барааны тасгаар,  7 хоногийн турш өдөр бүр EF дэлгүүрийн сүлжээгээр, 3 хоногийн турш БОЭТ-ийн зүрх судасны кабинетаар үйлчлүүлсэн байна.  Мөн 7 хоногийн турш өдөр бүр Залуус хороололд, 9 хоногийн турш өдөр бүр 70-р байраар орж гарчээ.

Тэд хамтдаа дээрх газруудаар яваад байсан гэж үү? Эсвэл Залуус хорооллын иргэн л ингэж явсан юм болов уу? Тэгвэл Хэрлэн номингийн ажилтан  хаагуур явж байсан юм бол? 70-р байрных ч мөн адил уу? Гэр бүлийнхэн нь үүнээс өөр газраар яваагүй байгаа? Тэр хүн маань өглөө бүр Ef орж байв уу, эсвэл оройдоо ордог байсан юм болов уу? Эхний өдөр Мянгатын салбараар нь орсон юм уу, эсвэл Экспогоор нь орчихоод баруун тийшээ явдаг байсан юм болов уу? Бүр эсвэл өдөр бүр бүх салбараар нь тойроод явдаг байсан юм уу?

Энэ мэт үй түмэн асуултууд иргэдийн толгойг гашилгасаар байхад оньсого таавар, олон үйлдэлт бодлого шиг зураг тавьчихаад “Тайван бай, тааллаараа ойлго” гээд сууж боломгүй санагдана. Аймгийн төвийнхөн бүгдээрээ Номин, Ef ордог гэж хэлж ч болохгүй. Чойбалсан хот жижиг суурин биш учраас хүмүүсийн хөдөлгөөн зөвхөн энэ хэсэгт төвлөрөхгүй. Тэдэнтай таарсан хүмүүс ч байж болно, тухайн өдөр тэрүүгээр явсан цаг хугацаа нь зөрсөн ч байж болно.

АОК-ын мэдээллийн цагаар Хэрлэн номин, БОЭТ-ийн зүрх судасны кабинетаар үйлчлүүлсэн иргэд биеэ чагнаарай гэж анхааруулсныг хүн бүр сонссон,  дор бүрнээ хичээж байгаа.

Иргэд нэр усыг нь дурдаад өгөөч, бөөнөөрөө нийлж харааж зүхье гэсэнгүй. Харин ТЭСО корпорацийн тээврийн жолоочоос халдвар илэрсний маргааш л “Хархан нүдэн” тоглолт, Багшийн дээдийн зочид буудал, караокетай хамт маршрут нь шуурхай дэлгэгдсэн шиг, Сэлэнгээс хүүхдээ дагуулаад гарсан ээж Дарханаар яваад ирсний маргааш үзүүлсэн зураглал шиг, ядаж л зэргэлдээ Хэнтий аймгийн төв Хэрлэн сумын нэг иргэний маршрут шиг зүйлийг хүсээд байгаа юм. Товчхон хэлбэл тодорхой зүйлийг л иргэд шаардаж байна. Сүүлийн өдрүүдэд Дорнод аймгийн сошиал орчинд хамгийн их ярьж, хүлээлт үүсгэж буй сэдэв бол МАРШРУТ болсон. Халдварын шинэ тохиолдол илрэх бүрт дахиад л маршрут хэрэг болж байна.

Аливаа зүйл тодорхойгүй байх тусмаа хардалт, маргаан дагуулдаг. Бидэнд мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэсэн, Улаанбаатар, Дархан-Уул, Хэнтий аймагтай өрсөлдөхүйц хэмжээний ганган чамин график зураг ч хэрэггүй юм л даа. Халдвар авснаа мэдэлгүй ажил үүргээ гүйцэтгэж явсан арав гаруйхан хүнийхээ явсан замыг, болж өгвөл өдөр, цагтай нь хүснэгтээр ч хамаагүй, нуух хаах зарим нэг зүйлийг нь хасаад ч хамаагүй гаргаад өгөөч гэж маш олон хүн хүлээж, бас гуйж байна.

АОК-ын шуурхай утас ачааллаа дийлэхгүй, ирсэн дуудлагуудыг ач холбогдлоор нь эрэмбэлэх ажил нэмэгдсэн, дээр нь хуурамч дуудлагууд ч ихсэж байгаа тухай мэдээлж байлаа. Хэрэв зээ маршрут тодорхой болчихвол хавьтсан, харьцсан хүмүүс нь Онцгой комисст мэдээллээ өгөөд, хавьталгүй, тааралгүй зөрж өнгөрсөн нэг нь завгүй утас руу залгаж, ачаалал нэмэх шаардлага ч үүсэхгүй, дархлаагаа дэмжээд санаа амар дэглэмээ бариад суухсан даа.

comment

 

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Ёооо нүглийн нүд гурилаар хуурах гэдэг шиг юугаа ч нуух гээд байдаг юм

    гэж айлдав.
  2. Зочин гуай өгүүлрүүн:

    Aimgiin ontsgoi komis medeelel muu ugch bna. Deerees n hyanalt muutai, irgedee zohion baiguulj chdahgui bn shuu. Ersdeld belen gej taivshruulaad bsan, uchraa olohgui sandraldaj bga suragtai

    гэж айлдав.
  3. Turuu гуай өгүүлрүүн:

    Jil garui l belen baidald baina l geed bsan tsagaa tulahaar yund ch belen bish bsan ni haragdaj bn doo chadvar muutai humuus l bgaa sh unendee

    гэж айлдав.

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*