Дорнод аймгийн мэдээллийн сайт

БНХАУ вакциныхаа талаарх дараахь тайлбарыг өглөө

FB_IMG_1617863668308

Вакцины тун хоорондын зай хэд хоног байх ёстой болон бусад асуудлаар Хятадын албаны байгууллагаас өгсөн мэдээллийг та бүхэнд хүргэе.

БНХАУ-д өнгөрсөн оны 12-р сараас эхлэн бүх нийтийг вакцинжуулах ажил эхэлсэн бөгөөд өдгөө 100 гаруй сая хүн амыг дархлаажуулаад байна.

Энэ хугацаанд нийгмийн дунд мөн л манайхтай адил “вакцин хийлгээд хэдий хугацаанд дархлаа тогтох вэ?”, “вакцин мутацид орсон хувилбараас хамгаалж чадах уу?”, “18 наснаас доош насныхан вакцин хийлгэж болох уу?”, “тун хоорондын зай хэдэн хоног байх ёстой вэ?” гэх зэрэг асуулт гарч ирэв.

Эдгээр асуултад Хятадын Төрийн зөвлөлийн Коронавирусээс урьдчилан сэргийлэх, хянах ажлын хэсэг, Үндэсний Эрүүл мэндийн хороо, Өвчнийг хянах төвийн холбогдох мэргэжилтнүүд 3-р сарын 28-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж хариулт өгсөн юм.

-Тун хоорондын зай хэдэн хоног байх нь үр дүнтэй вэ?

-Эхний тунг тариулснаас хойш хамгийн багадаа гурван долоо хоногоос дээш, хамгийн ихдээ найман долоо хоногоос доош хугацаанд хоёрдугаар тунг хийлгэх нь үр дүнтэй.

-Хэрэв ямар нэгэн шалтгаанаар төлөвлөгөөт хугацаанд вакцины хоёрдугаар тунг хийлгэж чадахгүй бол яах вэ?

-Хэрвээ вакцины эхний тунгаа тариулаад, хоёрдугаар тунг төлөвлөгөөт хугацаанд хийлгэж амжихгүй бол вакциныг дахин эхнээс нь буюу дахин хоёр тун тариулах шаардлагагүй. Өөрөөр хэлбэл, тухайн хүн хоёрдугаар тунгаа хийлгэх хугацаа нь өнгөрсөн байсан ч дахин нэг удаа буюу хоёрдугаар тунгаа хийлгээд л боллоо гэсэн үг юм.

-18 наснаас доош иргэд вакцинд хамрагдаж болох уу?

-18 нас хүрээгүй хүүхдүүдийн тухайд одоогоор системчилсэн гуравдугаар шатны эмнэлзүйн туршилтын өгөгдөл, дата байхгүй байна. Өөрөөр хэлбэл, энэ насны хүмүүст вакцин хийх талаар бүрэн дүүрэн судалгаа алга байна. Тиймээс эдгээр мэдээлэл, өгөгдлийг ирээдүйд судалгааг улам бүр ахиулах тусам олж авах боломжтой.

-Хятад улс өндөр настнуудад чиглэсэн дархлаажуулалтын төлөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлэх вэ?  

-Одоогоор Бээжин, Шанхай зэрэг хотод үндэсний нэгдсэн хуваарийн дагуу дархлаажуулалтыг хийж байна. Вакцинд хамрагдах хүмүүсийн эрүүл мэндийн байдал болон халдвар авах эрсдэлийг үнэлж, вакцин хийлгэх өөрийн хүсэлтийг үндэслэн биеийн байдал харьцангуй сайн, 60-аас дээш насны зарим ахмад настан, хууч өвчтэй хүмүүст вакцинжуулалтыг хийсэн.

Дараагийн шатанд бид 60-аас дээш насны ахмадууд болон архаг хууч өвчтэй иргэдэд дархлаажуулалтын үр дүнг идэвхтэй сурталчлах болно.

-Вакцин хийлгэснээр хэдий хугацааны дархлаа тогтох вэ?

-Одоогоор эсрэг биетийн түвшинг шинжлэх замаар вакцины хүчинтэй байх хугацаа 6 сар ба түүнээс дээш байна гэж үзэж байна. Гэвч эсрэг биетүүд гэдэг нь цорын ганц хамгаалалтын элемент, үзүүлэлт биш  бөгөөд бусад элемент мөн үүрэг гүйцэтгэдэг тул вакцины бат бөх байдлын талаарх нэмэлт судалгаа хийх шаардлагатай. Ингэснээр вакцины хамгаалалтын хугацаа хэр удаан болохыг тодорхойлно.

-Мутацид орсон хувилбаруудын эсрэг Хятад вакцин үр дүн үзүүлж чадах уу?

-Sinopharma Group China Biologics-ийн идэвхгүйжүүлсэн /амьгүйжүүлсэн/ хоёр вакцин нь гадаад болон дотоод дахь хоёр, гуравдугаар эмнэлзүйн туршилтын дараах цусны ялтсыг ашиглаж, Өмнөд Африк, Англи болон дотоодод халдварласан 10 гаруй төрлийн омог дээр туршилт хийсэн.

Хоёр вакцины бий болгож буй саармагжуулах эсрэг бие эдгээр омгийн эсрэг сайн саармагжуулах нөлөө үзүүлсэн.

Вирусний бага хэмжээний мутаци нь вакцины эсрэг үйлчлэх чадварт нөлөөлөхгүй. Мөн холбогдох омог, мутацийн эсрэг вакцины судалгааг тасралтгүй явуулсаар байна.

-Өнгөрсөн оны 3-р сард хэсэг бүлэг хүмүүст одоо хэрэглээнд нэвтрээд буй тус вакциныг “туршилтын баг” болгож тарьж байсан. Одоо эдгээр хүмүүсийн эсрэг биеийн түвшин ямар байна вэ?

-Эдгээр хүмүүсээс 9 сарын турш эсрэг биеийн шинжилгээ, судалгаа аваад байна. Тэдгээр хүмүүст 9 сарын турш тодорхой хэмжээний эсрэг биет байсаар байгаа бөгөөд хяналтыг үргэлжлүүлэн хийсээр байх болно.

Монцамэ

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*