02.26
02.26
Аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн мэдээлэл хийж, Дорнод аймагт хулгайн замаар ороод ПГУ шинжилгээний хариу эерэг гарсан иргэний сорьцыг Улаанбаатар хотод илгээж, ХӨСҮТ-д шинжлүүлэхэд сөрөг гарсныг зарлалаа.
Ингэснээр Дорнод аймаг коронавируст халдвар гараагүй ногоон бүс хэвээр болж байна.
Дорнодчуудын хувьд халдвар гарлаа гэсэн мэдээллийг цочирдож хүлээн авахын зэрэгцээ Өмнөговь аймгийн иргэн А-г үзэн ядсан байр суурь давамгайлж байсан. Тухайн иргэн хулгайн замаар орж ирсэн буруутай нь мэдээжийн хэрэг. Гэвч манай аймаг халдвар оруулахгүйн тулд албан ёсны постууд ажиллуулахын зэрэгцээ албан бус замуудаа хянаж, ажиглах талаар учир дутагдалтай байгааг энэ үйл явдал харууллаа.
Өмнөговь аймгийн иргэн А халдвартай гэсэн мэдээлэл гарсны дараа тус аймгийн удирдлагууд Дорнодчуудыг албан ёсоор батлагдаагүй мэдээлэл тарааж байгаа тухай “гомдол маргаан” өрнүүлсэн.
Ийнхүү Дорнод аймгийн удирдлагууд түргэдэж мэдээлэн иргэдээ айдаст автуулсаны сацуу Өмнөговь аймгийн удирдлагуудтай үл ойлголцолд хүрснээр энэ үйл явдал өндөрлөж байна.
Хэний зөв, хэний бурууг шүүн хэлэлцэхийг хойш тавья. Ямартай ч коронавируст халдвар орж ирлээ гэсэн бужигнаан Дорнодчууд бидэнд бага ч атугай сонор сэрэмжээ дээшлүүлж, гэнэтийн эрсдэлд бэлэн байх шаардлагатайг анхааруулж өглөө.