Дорнод аймгийн мэдээллийн сайт

Иргэн А-ийн үйлчлүүлсэн колонкийн түгээгч ээлжээс буугаад аймгийн төвд иржээ

Screen Shot 2021-04-04 at 13.30.37

Коронавируст халдварын тохиолдол батлагдаагүй Ногоон ангилал дахь цөөн аймгийн нэгээр үлдээд байсан Дорнод аймагт өчигдөр (2021.04.03) бямба гарагийн 16:30 цагийн орчимд нэг эерэг тохиолдол бүртгэгдлээ. ПГУ шинжилгээний сорьцыг ХӨСҮТ-д явуулж баталгаажуулах тул 2021.04.04-ний ням гарагийн 11 цагийн ЭМЯ-ны мэдээллээр Дорнод аймгийн тохиолдлыг зарлаагүй байна.

Өмнөговь аймгийн харьяат А гэгч иргэн хурдан морь сонирхох зорилгоор нэг хүний хамт 3-р сарын 27-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаар дамжин Дорнод аймагт  ирсэн байна. Тэрээр батлагдсан хяналтын постоор бус хулгайн замаар ороод ирсэн аж. Ингээд Цагаан-Овоо сумаас Баяндун, Сэргэлэн сумаар дамжиж, 3-р сарын 29-ний орой буцаж Цагаан-Овоо суманд очин ШТС-аар үйлчлүүлж байхдаа саатуулагдаж, албадан тусгаарлагдсан байна.

Одоогоор Дорнод аймгийн хэмжээнд халдварын эрсдлийн шар түвшинг зарлаж, хот, сум хоорондын хөдөлгөөнийг зогсоохын зэрэгцээ ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоогоод байна. Мөн халдвар бүртгэгдсэн иргэний явсан маршрут болох Баяндун, Сэргэлэн, Цагаан-Овоо сумдад эрсдлийн улаан түвшинг зарлаж, тэг зогсолт хийж байгаа бөгөөд иргэн А-тай ойрын хавьтал болсон иргэдийг тусгаарлан ажиглаж байна.

ЦАГААН-ОВОО СУМ

  • Халдвар тээгч иргэн А нь 3-р сарын 27-ны бямба гарагийн 14 цагийн орчимд Цагаан-Овоо сумын ШТС, хүнсний дэлгүүрээр үйлчлүүлээд Сэргэлэн сумыг зорьсон.
  • 3-р сарын 29-ний даваа гарагийн 19 цагийн үед буцаад Цагаан-Овоо суманд очихдоо саатуулагдсан.
  • 3-р сарын 30-нд түргэвчилсэн оношлуураар сөрөг гарсан.
  • Тэд автомашиндаа хоёулаа явж байсан бөгөөд одоогоор А-ийн 4-р сарын 2-ны ПГУ шинжилгээний хариу 4-р сарын 3-ны 16,30 цагт эерэг гарсан.
  • А-тай ойрын хавьтал болсон Цагаан-Овоо сумын 6 иргэнийг гэрт нь тусгаарлан ажиглаж байна.

БАЯНДУН СУМ

  • Иргэн А нь Баяндун суманд 3-р сарын 28-ны ням гарагт очсон.
  • Баяндун суманд очоод Хайрхан багийн 2 малчныхаар орж адуу сонирхсон бөгөөд эдгээр 2 өрхийн 12 иргэнийг тусгаарлан ажиглаж байна.
  • Мөн энэ өдөр сумын төвийн Петровис ШТС-аар үйлчлүүлсэн болох нь батлагдсан.
  • ШТС-ын түгээгч нь 4-р сарын 2-ны баасан гарагт ээлжнээс бууж аймгийн төв Чойбалсан хот руу явсан. Түгээгчийг өнөөдөр тусгаарласан бөгөөд ПГУ шинжилгээ авах гэж байна.
  • 3-р сарын 28-наас 4-р сарын 2-ны хооронд Баяндунгийн ШТС-аар үйлчлүүлсэн иргэдийг тогтоох ажиллагаа явагдаж байгаа бөгөөд хяналтын камерыг шалгана.

СЭРГЭЛЭН СУМ

  • Сэргэлэн сумын 1-р багийн 4 иргэн А-тай уулзаж эхний хавьтал болсон нь тогтоогдоод байгаа тул ПГУ шинжилгээ авч, гэрт нь ажиглаж байна.

Иргэн та айдас, бухимдалд авталгүй гэр гэртээ дэглэмээ сайтар барьж Улаан түвшинд шилжүүлсэн Цагаан-овоо, Баяндун, Сэргэлэн сумдаас 03 дугаар сарын 27-ны өдрөөс хойш зорчсон бол мэдээллээ үнэн зөвөөр Аймгийн Онцгой комисст мэдээлнэ үү.

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*