Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Дорнодын 3 сурагч ОХУ-д тэтгэлгээр суралцана

Орос, Монгол хоёр улсын хооронд диплоат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулан орон нутагт зохиогдох Орос хэл, соёлын өдрүүд манай амгаас эхэллээ. Дорнодчууд бол Монгол-Оросын найрамдлын түүхийн алтан хуудсанд мөнхөд дуурсагдах олон үйл явдлын гэрч бөгөөд чухам энэ нутгийн ариун хөрсөнд бидний өнөөгийн аз жаргалтай амьдралын төлөө алтан амиа өргөсөн Монгол, Орос дайчдын хөшөө дурсгал сүндэрлэж, үйл явдлын үнэнийг өгүүлэх олон баримт хадгалагдаж байдаг.

ОХУ-аас Монгол улсад суух ЭСЯ-ны зөвлөх бөгөөд Оросын ШУСТ-ийн захирал Е.Г.Михайлов тэргүүтэй төлөөлөгчид Дорнод аймагт зочилсон. Тэрээр Соёлын өдрүүдийг нээж хэлсэн үгэндээ, Хоёр орны олон жилийн найрамдалт харилцааг хөгжүүлэх, Оросын боловсролыг Монгол нөхөддөө эзэмшүүлэхийн төлөө хүчин чармайлт тавьж буйгаа онцолж байв. Нээлтийн үеэр 8-р сургуульд орос хэлийг гүнзгийрүүлэн суралцахад зориулан иж бүрэн тоноглосон кабинет нээгдсэн нь олон сурагчийг баярлуулав.

Найрамдлын өдрүүдийн гол үйл ажиллагаа нь төгсөх ангийн сурагчид болон багш нарын дунд Орос хэлний олимпиад явуулж, ОХУ-д тэтгэлгээр суралцах сурагчдыг тодруулан шалгаруулах байв. Энэ үйл ажиллагаа бүс нутгийн хэмжээнд зохиогддог учраас хөрш зэргэлдээ Хэнтий аймгийн багш сурагчид энд ирсэн байлаа. Олимпиадын дүн гарахад Хэрлэн сумын 5-р сургуулийн сурагч Б.Батчимэг, Хэрлэн сумын 8-р сургуулийн сурагч Г.Энхжин, М.Ариунтуяа, Хэнтий аймгийн Бор-Өндөрийн сурагч Б.Тэнгис, Л.Жаргалсайхан, Хэнтий аймгийн төвийн 1-р сургуулийн сурагч Б.Наранчимэг нар ОХУ-ын их дээд сургуульд тэтгэлгээр суралцах эрх авлаа.

Мөн 8-р сургуулийн Орос хэлний багш Ж.Дэлгэртуяа, 1-р сургуулийн багш Т.Гантулга, “Шинэ зуун” сургуулийн багш Т.Сүхбаатар нар орос хэлний тэргүүний багшаар шалгарч, Москва болон Эрхүү хотод болох Багш нарын зуны сургалтад үнэ төлбөргүй суралцахаар болсон юм.

Олимпиадын хажуугаар Орос дуу шүлгийн тэмцээн зохиогдож, Дорнодын хүүхэд багачууд авъяас билгээ зочид гийчид болон нутгийн олондоо сонирхуулсан. Тэмцээнд 8-р сургуулийн сурагч Мишээл, Анунгоо нар уран уншлагаар, Чинхүслэн, Отгонсувд нар дуугаар тэргүүлсэн юм.

Жил бүр болдог найрамдлын өдрүүдэд ОХУ-д сургууль төгсөгчдийн уулзалт заавал багтдаг. Энэ удаа ч Орос оронд сургууль төгсөгчдийн уулзалт боллоо. ЗХУ-д сургууль төгссөн Ш.Моонон бидний үеийнхэн найрамдлын сар, өдрүүдээр болдог сайхан үйл явдлуудаа үгүйлж байна. Манай аймагт Монгол, Орос хүмүүс нэгэн байранд амьдарч, хамтдаа уралдаан тэмцээн зохиогоод мөн ч сайхан байсан үе бий. Харин одоо Орос хүн ховор үзэгдэх болжээ. Бид тэднийг ах гэж хүндэтгэлтэй ханддаг шүү дээ гэж ярилаа.

 

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*