Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Хөлөнбуйр сумаас олдсон Юань гүрний их буу

Түүхэн сурвалжуудыг үзвээс Монголчууд бүр Кидан гүрний үед дарь бүхий галт буу ашиглан дайн тулаан хийж байсан мэдээ байдаг. Юань гүрний үед цэргийн техникийн урьдах ололт дээрээ үндэслэн галт их бууг үйлдвэрлэж, дайн тулаанд хэрэглэх болжээ. Галт зэвсэг хэрэглэх болсон нь XIV зууны Монгол цэргийн хүчийг нэмэгдүүлсэн төдийгүй дэлхийн цэргийн урлагт техник болон тактикийн шинэ үеийг авчирсан.

Учир нь галт их буугаар хана хэрмийг богино хугацаанд эвдэн нураахаас гадна галт бууны их дуу чимээ нь дайсны цэрэг, агт морьдыг цочоон сандралд оруулж, зохион байгуулалтыг нь алдагдуулдаг байжээ.

1271 онд Хубилай хаан, Персийн Монгол хаан Абагад элч илгээн их буу хийх зэвсгийн мастер хүсчээ. Энэ хүсэлт ёсоор Иранаас их буу хийх хоёр мастер Исмайл, Ала-Ад-Дин нар Дайду (Бээжин)-д хүрэлцэн ирж удалгүй галт буу хийж түүнийгээ эзэн хааны ордны өмнө туршиж үзүүлсэн байна. Уг туршилтаар хүчин чадал сайтай, дайны шаардлагыг хангахуйц шинэ маягийн зэвсэг болох нь нотлогдсон тул олноор үйлдвэрлэхийг тушааж, үүний хамт их бууч цэргүүдийг бэлтгэж эхэлсэн түүхтэй.

Үүнийг гэрчлэх нэгэн хүрэл галт буу Монгол цэргийн музейн сан хөмрөгт байдаг. Энэхүү галт бууг нэрт эрдэмтэн Х.Пэрлээ 1958 оны 6 дугаар сард Дорнод аймгийн Хөлөн буйр сумын төвөөс 1 км орчим зайтай газар Баян уулын зүүн ухаагийн орчим нутаглах нэгэн айлын бууцнаас олжээ. Уг буу Дорнод аймгийн орон нутаг судлах музейд хадгалагдаж байсныг 1996 онд Монгол цэргийн музейд шилжүүлэн авчирсан бөгөөд өдгөө манай музейн эртний түүхийн танхимд тавигдсан байгаа.

Энэ буу нь 44,2 см урт, (гол төмөр , дархнаг, бөгс) гэсэн 3 хэсгээс бүрдэнэ. Энэ бууны ажиллагааны үндсэн зарчим нь дархнагт чигжсэн даринд гал өгөхөд шаталтын дүнд асар хүчтэй тэлэлт үүсч сумыг харван буудна. Энэ бууг хүрлээр хэвэнд цутгаж үйлджээ. Бууны хүндийн жин нь 1575 гр.

Мөн галт бууны гол төмөр дээр доош нь цувуулж хоёр эгнээгээр бичсэн Хятад бичээс байгаа нь нэн сонирхолтой. Энд нийт 31 ширхэг дүрс үсгийг ямар нэг хурц үзүүртэй зүйлээр зурж бичсэн бөгөөд бичээс нь сайн хадгалагджээ. Ю-Лин, Вэй Юнг (харуулын цэргийн) тэмдэгт, 245 дугаар урт, богино амтай буу. Хүнд 2 жин 9 лан. Хүн Ү-гийн 5 дугаар оны 8 дугаар сарын сайн өдөр эрдэнийн сурвалж товчоонд үйлдэв хэмээжээ.

Бичээснээс үзвэл уг галт бууг Хүн Ү (Мин улсын анхны хаан Юань Чжу, 1368-1398 онд хаан суусан. Оны цол нь Хүн-ү) хааны 5 дугаар он буюу Европ тооллын 1372 онд үйлдсэн нь тодорхой байна.

Монгол цэргийн музейн Эрдэм шинжилгээний ажилтан Р.Төгссайхан
Эх сурвалж: “Соёмбо”

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*