Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Монгол: Хар тамхины наймааны хар зах боллоо

Бие организмд архины шарталтаас 60-80 дахин илүү хүчтэй нөлөө үзүүлдэг, нийт хэрэглэгчдийн дөнгөж тавхан хувь нь эдгэрч, мансуурахаас татгалздаг хар тамхины аюул Монголыг тэр чигт нь нөмөрчээ. Биднийг хар тамхи худалдсан, борлуулсан залуус баригдлаа, цагаан тахлын хэрэглээ жил ирэх тусам нэмэгдлээ гэсэн хуурай мэдээ, анхааруулга хийхчээ аядан, нэг мунгинаж, нэг зүүрмэглэж суух зуур Монгол Улсад хар тамхины хар зах аль эрт “нээгдчихжээ”. Тэр хар захын үйлчлүүлэгчид нь зөвхөн залуус гээд бод доо.

Улаанбаатарт нэг хоногт 10 сая төгрөгийн мансууруулах бодис худалдаалагддаг гэсэн мөрдөгчийн яриаг анх сонсоод шүүрс алдаж явсан сурвалжлагч миний бие баримт мэдээллээ нэгтгэх сүүлийн шатанд гэнэн, хуймгай бодсоноо ухаарсан. Монголд, тэр дундаа Улаанбаатарт мансууруулах бодисын худалдааны орлого хоногт 10 сая бол юу ч биш. Энэ бол чинээлэг айлын хэдэн эрх охид, хөвгүүд нэг дор зогсоод л “залгичихдаг” мөнгө юм билээ. Хар тамхийг ингэж хэрэглэдэг залуус манай улсад арваар, зуугаар биш мянгаар л яригдана.

Манайхны мансууруулах бодисын гол хэрэглээ нь “өвс” болон “мөс”. Морфин тарьж хэрэглэдэг хэсэг ч бий. Тэд бол цөөхөн. Эдгээр мансууруулах бодисын хамгийн хортой, хүчтэй нөлөөтэй, өндөр өртөгтэй нь “ice” буюу “мөс”. “Мөс”-ний хэрэглээ залуусын дунд маш хурдтай нэмэгдэж байгааг албаны хүмүүс толгой сэгсрэн ярьж байлаа. “Мөс” хэрэглэгчдийн хүрээ тэлэгдэж буй ч хамгийн гачлантай нь тэд өөрсдийгөө хар тамхинд донтсон, буруу замаар явж буйгаа ойлгодоггүй, ойлгохыг ч хүсдэггүй юм.

Монголд одоогоор цорын ганцаар идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг 600 орчим үйлчлүүлэгчтэй. Тэдний олонх нь морфинд донтсон иргэд байдаг тухай нийгэмлэгийн тэргүүн Б.Нямбаяр ярьсан. Гэтэл мансууруулах бодис хэрэглэгчдийн олонх нь “мөс”-нд толгойгоо мэдүүлээд байхад тэднээс нэг нь ч энэ нийгэмлэгээс тусламж хүсээгүйг тэрээр бас хэлсэн юм. Харин саяхнаас нэг үйлчлүүлэгч хандаж, “мөс”-ний хэрэглээгээ зогсооход туслахыг хүсчээ. Б.Нямбаяр тэргүүнээр дамжуулж уламжлуулсны хүчээр тэр хэрэглэгч бусдад, үеийнхэндээ сэрэмжлүүлэг болгох үүднээс ярилцлага өгөхийг зөвшөөрсөн юм. Энэ бол шинэ төрлийн гэгдээд буй “мөс”-ийг хэрэглэгч хар тамхины хор нөлөө, залуусыг хэрхэн буруу зам руу татаж буй бодит амьдралыг ярьсан хэвлэлийн анхны ярилцлага болов уу.

 

“ХАР ТАМХИЙГ НЭГ УДАА ТАТААД БОЛИНО ГЭЖ ХЭЗЭЭ Ч БАЙДАГГҮЙ”

 

Ярилцагчаа Туул гэж /зохиомол/ нэрлэе. Тэр 21-тэй. 2014 оны наймдугаар сард найзынхаа ятгалгаар хар тамхи хэрэглэж үзжээ. Туул үргэлжлүүлэн ингэж ярьсан юм. “Өөрийгөө хар тамхинд донтсоноо мэдээгүй. Шоудахын өмнө, найзуудтайгаа уулзаад гоё байхын тулд хэрэглэдэг байсан. Нөгөөхөө татаж л байвал сүүлдээ ганцаараа, хаана ч хамаагүй болчихсон. Хоёр хоног татахгүй бол гэдэс гүйлгээд, зүрх хүчтэй цохилж, гар салганаад байж суухын аргагүй болно. Эхэндээ сонирхоод татаж байсан бол сүүлдээ эрүүл мэндийн шалтгаанаар, биед гарч байгаа зовиурыг дарахын тулд татдаг болсон. Миний танилуудын дунд “мөс”-ийг 10 хүн тутмын 2-3 нь, өвсийг бараг 6-7 нь хэрэглэдэг. Яг л архинд донтсон хүнтэй адил. “Мөс”-ийг баян чинээлэг айлын хүүхдүүд л хэрэглэдэг. Тэдэнд бодис худалдаж авах мөнгө асуудал биш. Хамаг юмаа зараад ч хотойхгүй. Байр, машинаа зарах бол энүүхэнд. Тэгээд ч тэд дахиад л худалдаж аваад хэрэглэж байдаг. Эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон нэгэн ч байгаа. Нас барсан тохиолдол ч бий. Хар тамхины хэрэглээнд нас бол хамаагүй болсон юм билээ. 15-21 хүртэл насны охид хэрэглэдэг. Нэг гр “мөс”-ийг бид нэг жи гэдэг. Нэг жи 300000-500000 төгрөгийн үнэтэй. Нэг удаагийн хэрэглээнд нэг жи хангалтгүй. Хангалттай татна гэвэл нэг удаа 1 000 000 төгрөгийн жи-гээр хэрэгцээгээ хангадаг. Монголд хар тамхины зах зээл маш өргөн хүрээтэй болсон. Саяхан Замын-Үүдэд хар тамхины эсрэг баривчилгаа болоход энд хэрэглэдэг найзуудын олонх нь урагшаа Бээжин, Хонгконг, Макао руу явж татъя гэж ярилцаж байсан. Замын-Үүдийн хүмүүс баригдвал Улаанбаатарт бараа ховордож үнэд орно. Харин урд бол хямд. Хар тамхинаас гарах хүсэлтэй залуус байдаг боловч тэд хаана хандахаа мэддэггүй. Хар тамхи хэрэглэснээс болж миний биед маш олон сөрөг өөрчлөлт гарсан. Өмнөх шигээ гүйж харайж чадахгүй. Таван давхарын шатаар өгсөхөд л зүрх чичрээд хөгшин хүнээс ч дор болсон. Тиймээс энэ байдлаас гарахын тулд тусалж болох байгууллага маш удаан хайсны эцэст Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийг олсон. Хар тамхийг хэзээ ч нэг удаа татаад болино гэж байдаггүй. Нэг нь хоёр болно, тэр нь дахиад үргэлжилнэ. Бүх амьдралаа үрнэ гэсэн үг. Ойр хавьд чинь хэн нэгэн мансууруулах бодис татаж үзэхийг ятгавал үгүй гэж хэлээрэй. Ганц удаа “Үгүй” гэж хэлснээрээ чи хэзээ ч хохирохгүй. Харин ч амьдралаа аварсан алхам болно шүү” гэж тэрээр захьсан.

Амьдралд алдсан алдаагаа засах алхам хийсэн нь түүний хувьд сайн хэрэг. Гэвч өөрийгөө хар тамхинд донтсоноо мэдээгүй яваа олон залуус хаана, ямар нөхцөл байдалд байна вэ.

 

МАНСУУРУУЛАХ БОДИС ХҮНИЙ АМИНД ХҮРЧЭЭ

 

Хар тамхийг шөнийн цэнгээний газар, зочид буудалд эмэгтэйчүүд голдуу хэрэглэдэг байна. Энэ төрлийн хэрэгтэй тэмцдэг цагдаа нар хэрэглэгчдийн 30 хувь нь эмэгтэй гэсэн боловч үүнээс хавь илүү хувьтай байгааг бусад албаны хүмүүс ярьж байсан. Мөн биеэ үнэлэгчдийн дунд ч хар тамхины хэрэглээ өндөр болсон гэж байна. Тэд мөнгө биш хар тамхи авч хэрэглэхийн тулд биеэ үнэлдэг тухай ч яриа байгаа юм. Түүнээс гадна ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд сонирхож, нэгэндээ уруу татагдаж хар тамхи хэрэглэх тохиолдол жил ирэх тусам нэмэгдэж байгааг мэргэжлийн газрууд судалж тогтоожээ.

Монголд хар тамхи хэрэглэгчид нэмэгдэж байгааг харах нэг сэжим бол энэ төрлийн хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байгаа явдал. ЦЕГ-ын мэдээллээр 2013 онд мансууруулах бодис худалдаж борлуулсан, хадгалсан зүйл ангиар 36 хэрэгт 96 хүн холбогдож байсан бол 2014 онд гэмт хэргийн гаралт 69.4 хувиар нэмэгдэж 61 хэрэгт 153 хүнийг холбогдуулан шалгажээ. 2015 онд ч мөн адил, хар тамхины хууль бус наймааны гаралт өсч 79 хэрэгт 169 хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн нь өнгөрсөн оныхоос 29.5 хувиар өссөн байна. Тэгвэл энэ он гараад эхний зургаан сарын байдлаар бүр ч сэтгэл шимшрэм судалгаа харагдаж байна. Зургадугаар сарын байдлаар цагдаагийн байгууллагад шалгагдсан хэрэг 43 гарч 130 хүнийг баривчилсан нь өмнөх оны мөн үеэс 75 хувиар өссөн үзүүлэлт юм. Хууль бус наймаачдыг жил ирэх тусам олноор барьж байгаа нь сайшаалтай ч үүний ард худалдаа, хэрэглээ тэр хэрээр нэмэгдэж байгаагийн баталгаа.

Үүнийг баталж хууль хяналтын зарим эх сурвалж “Монгол Улс хар тамхины хууль бус эргэлт, хэрэглэгчдээ хяналтаасаа аль эрт алдсан. Хууль бус наймаа өдөр өдрөөр цэцэглэж байхад үүнтэй хэдхэн тооны цагдаа л тэмцэж байгаа. Зөв оновчтой бодлого гаргаж байж л цэгцрэх асуудал” гэцгээж байна.

Хар тамхины хэрэглээ аль эрт 1990 оноос аюулын харанга дэлдэж, 2000 оноос эхлэн монголчууд хар тамхины тээвэрлэгч болж амь амьдрал, эрүүл мэнд, эрх чөлөөгөө зольсон олон гашуун түүх байдаг. Үүнийг дөрөв дэх засаглал болсон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олноор хөндөн тавьж, төр засгаас шийдвэртэй бодлого шаардаж ирсэн. Харамсалтай нь хүний амь нас яригдаж байж сая нэг сэхэл авч анхаардаг өмнөх сургамжууд бий. Тэгвэл энэ цагаан тахал аль эрт монголчуудын амь нас, эрүүл мэндийг сорж эхэлжээ. Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн үйлчлүүлэгч, 10 гаруй жил морфин тарьж хэрэглэсэн нэгэн иргэн өнгөрсөн дөрөвдүгээр сард амиа алджээ. Тэрээр байнгын тариураас болж судас нь бөглөрч нас барсан харамсалтай хэрэг. Мөн залуучуудын дунд “мөс” хэтрүүлж хэрэглэж нас барсан тохиолдол гарсныг Туул ярьсан. Тэгээд зогсохгүй хар тамхины хэрэглээ урагт яаж нөлөөлдөг нүд хальтрим жишээг та зурган дээрээс харж байна. Энэ бол Монголд болсон явдал.

Хар тамхины хэрэглээ урагт яаж нөлөөлдөг нүд хальтрим жишээг та харж байна. Энэ бол Монголд болсон явдал.

 

Зөвхөн энэ оны эхний зургаан сарын байд­лаар хар тамхитай хол­боо­той 43 гэмт хэрэгт 130 хүнийг Эрүүгийн цаг­даагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн­хэн илрүүлэн шалгасан нь 2015 оны хагас жи­лийн үзүүлэлттэй харь­цуулахад 75 хувиар өсч хууль хяналтынхныг гайхашруулж байна. Бид өмнөх дугаартаа хар тамхи урагт хэрхэн нөлөөлдөг ту­хай зураг, хар тамхины хууль бус наймаа хэрхэн, яаж үнэлэгдэж цэцэглэж бай­гаа тухай мэдээллийг дурдсан. Ёсзүйн хувьд зохимж­гүй байсан бол ун­шигч танаас хүлцэл өчье. Гэхдээ цагаан тах­лын бодит нөхцөл бай­дал Монголд ийм хэмжээнд тулж ирснийг бид зөөлрүүлж, өнгөц илээд өнгөрч болохгүй. Шийдвэр гаргагчид бодит байдлыг мэдээгүй, хараагүй учраас өнөөг хүртэл манайд хар тамхитай тууштай тэмцэж чадахгүй байгаа юм. Гэрлийн хурдаар өсч буй энэ гэмт хэргийн холбогдогчид хар тамхийг хадгалсан, бус­дад дамжуулсан, худалдаж борлуулсан гээд гур­ван зүйл ангиар л буруутгагддаг.

Харин тэдний ард хэчнээн хэрэглэгч байдаг, өсөлт бууралт ямар байгаа эсэхэд хяналт тавьдаг төрийн ажиллагаа Монголд байхгүй.

Өргөн хүрээг хамруулсан хамгийн сүүлийн судалгааг 2011 онд Хуульзүй, дотоод хэргийн яам, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтраад улсын хэмжээнд найман аймаг, зургаан дүүргийн 3018 сурагчийн дунд хийж байжээ. Уг судалгаанд хамрагдсан сурагчдын 12.1 хувь нь ойр орчимдоо хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчидтэй ба 3.3 хувь нь өөрсдөө хэрэглэдэг гэсэн байна. Энэ судалгааны дүнг Монгол Улсын 2754685 /2011 оны байдлаар/ хүн амтай харьцуулж үзвэл 90362 хүн хар тамхи хэрэглэдэг байж болзошгүй гэсэн тооцооллыг албаны хүмүүс гаргажээ. Бүр таван жилийн өмнө ийм олон тооны хүн цагаан тахалд өртсөн байх магадлалтай байж шүү дээ. Энэ бол яах аргагүй аюулын харанга дэлдэж буйн нотолгоо. Тэгвэл одоо энэ тоо хэр “үржсэнийг” тодруулахаар улсын хэмжээнд хар тамхитай тэмцэх бодлогыг зангидах ёстой Хуульзүйн яамны холбогдох мэргэжилтэнтэй уулзахад “Энэ талаар судалгаа, мэдээлэл байхгүй. Ер нь ийм бүртгэл, судалгааг хийх шаардлагатай гэж үзэж байгаа. Цаашид хийнэ” гэсэн хариултыг өгсөн юм.

Бид ийм “агуу” төлөвлөгөөтэй суух зуур өнөөх 90362 хэрэглэгч таван жилийн дотор хэр өссөнийг нийслэлийн баар, цэнгээний газруудаас өлхөн харна. Төвийн дүүргүүдийн шөнийн клубууд бол мансуурлын “хар зах” болсныг цагдаа, төрийн бус байгууллага, хэрэглэгчид өөрсдөө ч батлан ярьсан билээ. Нийслэлийн хэмжээнд 2014 оны байдлаар шөнийн цэнгээний 270 газар, 380 караоке үйл ажиллагаа явуулж байв. Тэдгээрт залуучууд, голдуу охид, эмэгтэйчүүд мансуурдаг байна. Тэдний гол хэрэглээ “ice” буюу “мөс” гэх бодис болсныг бид өмнөх дугаартаа онцолсон. Энэхүү цагаан тахлын хэрэглээ сургуулийн насны хүүхдүүдийн дунд огцом өсч, баян чинээлэг айлын хүүхдүүд голдуу хэрэглэдэг байсан бол нийгмийн давхарга харгалзахгүйгээр холбогддог болсныг Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгээс гаргасан судалгаанд онцолжээ. Тус судалгаанд “…2013, 2014 онд хар тамхи, мансууруулах бодисыг ихэвчлэн сургалтын төлбөр өндөр, улсын тэргүүний гэх тодотголтой сургуулийн сурагчид хэрэглэдэг байсан бол 2015 оны судалгаагаар нийгмийн давхарга харгалзахгүйгээр уг гэмт хэрэгт холбогддог болсон” гэсэн байна.

“Мөс” гэх энэ бодис залуучуудын дунд яагаад ийм өргөн хүрээтэй хэрэглэгддэг болсныг судалж үзвэл донтуулах төвшин хамгийн өндөр, нэгэнт орсон бол гарах боломжгүй, үнэ өртгийн хувьд өндөр учраас хамгийн ашигтай наймаа, том бизнес гэлцэж байна. Элэг нэгтнүүдээ мөхөл рүү түлхсэн сувьдаг шунахай сэтгэлтнүүд бүлэг болон нэгдэж хар тамхины хар захыг “ажиллуулдаг” ажээ. БНХАУ-аас оруулж ирж, түүнийгээ худалдан борлуулдаг тэд жирийн ажилтан, эсвэл өнөө маргаашийнхаа хоол, унааны мөнгөний хэрэгцээг хангах гэсэн ажилгүй нэгэн биш. Эрх мэдэлтэй, өндөр албан тушаалтай эрхмүүд энэ бизнесийг удирдаж, ашиг хүртдэг гэж байна. “Мөсийг БНХАУ-аас оруулж ирдэг. Томоохон эрх мэдэлтэй, албаны, дипломат паспорттой хүмүүс оруулж ирж бусдад худалдаалдаг” гэж хэрэглэгч байсан охин ярьсан бол “Хар тамхины хууль бус наймааны ард үнэхээр том бизнес явж байна. Тэд эрх мэдэл, хөрөнгөтэй учраас илрэхгүй, таслан зогсоохгүй байна.  Уг нь тэдгээр худалдаалдаг хүмүүсийг барьчихвал хэрэглээ хумигдана” хэмээн Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Б.Нямбаяр ярьсан юм. Үүнийг батлах тохиолдол олон нийтэд ил болж байсан билээ. Дипломат ажилтан хар тамхи зөөсөн хэргээр саатуулагдаж байсан бол хууль хяналтынхан ч өөрсдөө энэ хэрэгт сүлбээтэйг харуулсан жишээ прокурор Х.Тамирын хэрэг юм.

Үүнээс гадна олон түмэнд, тэр дундаа залууст үлгэр дууриалал болох ёстой олны танил эрхмүүд хар тамхитай “нөхөрлөсөн” явдал манай улсад цөөнгүй. Зарим нь эхнээсээ ял авч, эрүүгийн хэрэгт холбогдон саатуулагдсан ч урлагийнхны дунд хар тамхины хэрэглээ бүр өргөн дэлгэр болсныг зарим эх сурвалж тэмдэглэж байлаа.

Мансууруулах төрлийн бодисуудаас аюул учруулж буй бас нэгэн төрөл нь морфин. Морфиныг олон жил тарьж хэрэглэснээс болж нэг хэрэглэгч дөрвөн сарын өмнө амиа алджээ. 1988 оноос хойш хэрэглэж байгаа хэрэглэгч “Анх осолд ороод эмнэлэгт хэвтээд өвчин намдаахын тулд морфин тариулж эхэлсэн. Гэтэл сүүлдээ донтчихсон. Эхлээд эм тариа хэрэгтэй гэж ар гэр, ах дүүгээс гуйна. Сүүлдээ худал хэлж, хулгай хийхээс аргагүй байдалд хүрдэг юм билээ. Донтолтоос болж ах нь хамаг амьдралаа алдсан. Байраа зарж, эхнэрээсээ салсан. Хүүхдүүд маань ч надаас холдсон. Морфин хэрэглэдэг болсноор ажиллах ч чадваргүй болсон. Надад одоо эрүүл саруул эрхтэн бараг байхгүй. Морфинд над шиг эрүүл мэндийн шалтгаанаар, зарим нь сонирхож орох тохиолдол элбэг. Харамсалтай нь ингэж сонирхох эд биш ээ. Үүнийг л сайн захья. Мансууруулах бодис амьдралыг чинь үрэн таран хийхээс өөр ямар ч ашиггүй” гэсэн юм. Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгт хандах морфинд донтогсдын тоо жил ирэх тусам нэмэгджээ. 1999 онд анхны үйлчлүүлэгчдээ зөвлөгөө, тусламж үзүүлж байсан бол өнгөрсөн онд 177 хүн хандсан байна.

Монголыг жийрэг болгосон хоёр гүрэн дэлхий дээрх хар тамхины хамгийн том зах зээлтэй орнуудын нэг. Хамгийн сүүлийн албаныхны мэдээгээр БНХАУ 50 сая хэрэглэгчтэй. Жилд 770000 гэмт хэрэгт 910000 хүн холбогддог. Тэгвэл ОХУ-д тухайлбал, Хиагт, Наушкад жилд бүртгэгддэг гэмт хэргийн 50-60 хувь нь мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг эзэлдэг аж. Ийм том хоёр зах зээл Монголыг хүрээлж байхад бид дүлий дүмбэ оргиод, гарын 10 хурууд багтахгүй хэдэн цагдааг нохойд барьдаг мод болгочихоод суусаар байх уу.

Ядуу буурай, цөөхөн хүн амтай манай улсын залуусын дунд хар тамхи яагаад ингэж өргөн дэлгэр тархсаар байна вэ. Гаалийн хяналт шалгалт хангалтгүйгээс хар тамхи, мансууруулах бодисын наймаа, эргэлт цэцэглэж байна гэж албаны хэд, хэдэн эх сурвалж онцолсон. Энэ хэрэгтэй тэмцэх цагдаагийн хүч хангалтгүй, бэлтгэгдсэн боловсон хүчин байхгүй, хэрэглэгчдийг гаргах эмчилгээгүй, эрхзүйн орчин ч үгүй гэж уулзсан болгон ам тагласан юм. Тэдний эдгээр хариулт бүгд зөв. Нэг ёсондоо хар тамхитай тэмцэх бодлого алдагдсанаас энэ бүх хариулт эрсэн асуултууд ар араасаа хөвөрсөөр байгаа юм. Харин эдгээр асуултын эзэд ингэж хариулж байна.

Үргэлжлэл бий.

Б.Энхзаяа

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*