Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Монголын анхны пуужин дорнын талаас хөөрчээ

Хүн анх сансарт ниссэний 55 жилийн ой өчигдөр тохиолоо. 1961 оны дөрөвдүгээр сарын 12-нд Ю.А.Гагарин “Восток” хөлгөөр дэлхийг тойрон 108 минут ниссэнээр хүн төрөлхтөнд сансар огторгуйг эзэмших эхлэлийг тавьсан юм. Ю.А.Гагариныг сансарт нисэхээс өмнө арав гаруй удаагийн оролдлого бүтэлгүйтэж байсан гэдэг. Сансрын хөлөг нь нисэхээсээ өмнө шатах, дөнгөж хөөрмөгцөө дэлбэрэх зэргээр осолдож, арав гаруй залуу амиа алдсан ч сайтар нууцалж чаджээ. Юутай ч 1957 оны аравдугаар сарын 04-нд дэлхийн анхны хиймэл дагуул, Зөвлөлтийн сансрын аппарат “Спутник-1” хөөрснөөр хүн төрөлхтний сансрын эрин эхэлсэн гэж үздэг. Сансарт хүн ниссэнээс дөрвөн жилийн дараа буюу 1965 оны хавар Дорнод аймгийн Баян-Уул сумын сургуулийн сурагчид Улзын хөндийгөөс хатуу түлшит пуужингийн загварыг хөөргөсөн нь Монголдоо анхных байжээ. Энэ нь монгол хүн сансарт нисэхийг уриалан зөгнөсөн үйл явдал байв. Ийнхүү зах хязгаарын нэгэн сумын сурагчид пуужин нисгэж туршсан тухай мэдээ “Дорнод талаас пуужин хөөрлөө” нэртэйгээр “Пионерийн үнэн” сонины 1965 оны дөрөвдүгээр сарын 04-ний лхагва гаригийн №14/898/ дугаарт нийтлэгдэж байжээ. Ц.Эрдэнэбат, П.Гомбожав нарын бичсэн уг мэдээнд,
“Хаврын нэг өдөр. Дорнод аймгийн Баян-Уул сумын 10 жилийн дунд сургуулийн “Загварын дугуйлан” гэсэн хаягтай өрөөнд хэсэг хүүхдүүд ямар нэг юм хийхээр махран оролдож байлаа. Дондог харуулдана. Донров цавуудлаа. Билгүүн хөрөөднө. Далхжав эвлүүлнэ. Есөн хүүхэд есүүлээ ер бусын ажилтай байлаа. Эд юу хийгээ юм бол? Дөрөвдүгээр сарын 12. Энэ өдөр огторгуйн нисэгчдийн өдөр. XX зууны шинжлэх ухааны ялалтын өдөр. Зөвлөлтийн иргэн Ю.Гагарин хан хурмастад цойлон ниссэн баярын өдөр билээ. Энэ өдрийг тив дэлхийн шударга түмний адил Монголын ард түмэн, түүний үр хүүхдүүд бахархан тэмдэглэдэг. Есөн хүүхдийн бүтээл ч энэ өдөр юу болох нь тайлагдана.
Пуужин хөөргөх талбайд пионерүүд хүндэтгэлийн шугам жагсаалд жигдэрчээ. Тэдний дунд тусгай бэлтгэсэн суурин дээр мөнгөн цагаан өнгөтэй бяцхан пуужин хан хурмаст тэнгэрийг чиглэжээ.
Пионерүүд мэдээлэл өгсний дараа тус сургуулийн тоо, физикийн багш О.Дамдинсүрэн “…Өчигдөрхөн домог байсан юмыг өнөөдөр хүн төрөлхтөн хэрэгжүүлэн биелүүлсээр байна. Манай хүүхдүүд ч гэсэн удахгүй болох гэж байгаа Монголын пионерийн байгууллагынхаа 40 жилийн ой угтан бүтээсэн “40 жил” гэдэг угсраа пуужингаа өнөөдөр огторгуйн нисэгчдийн баярын өдөрт зориулан хөөргөх гэж байна” гээд пуужингийн зохион байгуулалт, бүтцийн тухай танилцуулав.
Пуужин хөөрөхөд бэлэн боллоо. Хэдхэн мөчийн дараа “Хөөргө!” гэсэн командыг дугуйлангийн ахлагч, сурагч Жамьяншадавт өгөхөд “МПБ-ын 40 жилд” гэсэн үгтэй мөнгө цагаан пуужин агаарт сум мэт цойлон гарлаа.
Хэдэн мөчийн дараа “Пуужин төлөвлөгөө ёсоор 300 метр өндөрт хөөрөх ёстой байсан зорилгоо амжилттай биелүүлж, 320 гаруй метр өндөрт хөөрлөө” гэж сурагч Жамьяншадавыг мэдээлэхэд баярын уриа цууриатаж, хүүхдүүд нижигнэтэл алга ташлаа.
Өнөөдрийн пуужингийн загвар зохион бүтээж байгаа манай пионерүүд ирээдүйд огторгуйн нисэгчид ч болж болох юм. Тэгээд ч Монголоос эн тэргүүнээ “Огторгуйн пуужин” Дорнодын хязгааргүй уудам талаас хан хурмастад цойлон гарч, тив, дэлхийн хүн ардын харааг тэнгэрийн уудамд татах ч юун магад” гэжээ. Энэ тухай хэлбичгийн ухааны доктор Б.Ширнэн Дорнод аймгийн Баян-Уул сумын ерөнхий боловсролын дунд сургуулийн 80 жилийн ойд зориулсан “Миний сургуулийн 80 жил” номд бичсэн байдаг. Дашрамд сонирхуулахад ийнхүү дугуйлангийн сурагчдаараа пуужин бүтээлгэн хөөргөсөн тоо, физикийн багш О.Дамдинсүрэн бол УИХ-ын гишүүн асан, эдүгээгийн бригадын генерал Д.Энхбаатарын аав билээ. Тэрээр Оев багш хэмээн сум орон нутагтаа алдаршсан гарамгай сайн багш байсан бөгөөд олон арван шилдэг шавь нарыг төрүүлэн гаргажээ. Монголд анх пуужингийн загвар хөөргөж туршсан энэхүү Баян-Уулын сургуулийн төгсөгч С.Сайнцог хожмоо Монголын анхны сансарын нисэгчдийн багт багтан бэлтгэгдэж байсан нь Улз нутгийн сурагчдын мөрөөдлийн биелэл байлаа.

Ардын эрх сонин

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Харуусал гуай өгүүлрүүн:

    Их гүрний алсуур бодлого, түүний суртал нөлөөнд автсан, шахагдсан манай цаг үеийн удирдагчдийн явуулгаар үндэсний сэхээтнүүдээ шахаж хавчиж байсан нь Монголын түүхийн маш том эмгэнэл байсан.Өөрөөр сэтгэгчид, сэхээтнүүд, тухайн үеийн дэвшилтэд үзэлт улс төрийн зүтгэлтнүүдийг хомогролон хавчсанаар тэдний хийх бүтээх эрмэлзлэл, хүсэл тэмүүллийг няц дарснаар зөвхөн тэдний төдийгүй ирээдүй хойч үеийг нь ч бас давхар хэлмэгдүүлсэн юм. Үүний уршгаар одоогийн монголын бэлэнчилсэн үлбэгэр төрх байдал бүтэн үе дамжиж байж эрс өөрчлөгдөх байх даа

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*