Дорнод аймгийн мэдээллийн сайт

Э.Батмөнх: Багачуудын сонирхлыг татахаас гадна монгол өв, уламжлалаа сурталчлах уран бүтээл хийхийг зорьсон

11-16

Монгол Улсын Засгийн газраас “Үндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээл болон шилдэг телевиз, радио шалгаруулах уралдаан”-ыг санаачлан зохион байгуулсан. Тус уралдааны “Орон нутгийн телевизийн хүүхдийн шилдэг бүтээл” төрөлд Дорнод аймгийн Залуучууд, уран бүтээлийн нэгдлийн “Зуни, Туни хоёр” контент шилдгээр шалгарсан билээ. Шагналыг өчигдөр /2020.08.11/ Төрийн ордонд гардуулсан юм.

Тус контентын найруулагчаар ажилласан Э.Батмөнхтэй товч ярилцлаа.


-Өөрийгөө товчхон танилцуулна уу.
Голдуу ямар чиглэл барьж уран бүтээл хийдэг вэ?

-Уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Э.Батмөнх гэдэг. Дорнод аймгийн
ХДТ-д жүжигчнээр ажилладаг. Миний багш МУГЖ Ш.Цэцэг хүүхдийн цөөнгүй уран
бүтээл дээр ажилласан нэгэн. Тэр туршлагаасаа шавь бидэндээ зааж сургаж,
хүүхдийн уран бүтээлийн амтыг мэдрүүлсэн юм. Иймд миний хувьд сургууль төгссөн
цагаасаа хойш хүүхдэд чиглэсэн тайзны уран бүтээлүүдэд ажилласан. Дорнод
аймгийн ХДТ-т ч цөөнгүй хүүхдийн уран бүтээл дээр ажилласан. Нэг үгээр хүүхдийн
уран бүтээлийг ихэд шимтэн сонирхож, суралцаж яваа залуу уран бүтээлч гэж хэлж
болно.

-Засгийн газраас зарласан уралдаанд
яагаад оролцох сэдэв хэрхэн төрсөн бэ?

-Манай аймагт энэ талын, тодруулбал хүүхдийн уран бүтээлийн орон зайг “хоосон” хэмээн томьёолох боломжтой. Тийм ч учраас залуу уран бүтээлчийн хувьд
аймагтаа энэ чиглэлээр нэвтрүүлэг, контент бүтээх чин хүсэл, эрмэлзэлтэй
байдаг. Ийн яг “Зуни,
Туни хоёр” нэвтрүүлгийн
дүрүүдийн хувцсаа захиалж, ажлаа эхлүүлэх цаг хугацаатай уралдааны сонгон
шалгаруулалт ч давхцаж таарсан. Уран бүтээлийн санаа маань уралдааны удирдамжтай
нийцсэн тул ёстой л загатнасан газар маажих шиг болсон.

-Бүтээл дээрээ ямар хугацаанд
ажилласан бэ. Санаа нь юунаас урган гарав, хэр удаан бодож, боловсруулсан бэ?

-Бидний хувьд уран бүтээл дээрээ зургаан хоног ажилласан. Мэдээж аливаа уран
бүтээл хамтын хүчээр л босдог шүү дээ.

Манай багийн хувьд зохиолыг ХДТ-ийн жүжигчин Т.Халиунсор бичиж, гол дүрд нь
тоглосон. Харин зураглаач, эвлүүлэгчээр П.Мөнхдэлгэр найз маань, харин миний
бие найруулагч болон жүжигчнээр  ажилласан.
Мэдээж үүнээс гадна маш олон хүний сэтгэл, хөдөлмөр шингэсэн учраас нэг бүрчлэн
нэрлэвэл зарим нэгийг нь гомдоочихож магадгүй /инээв, Сурв/.

-Шилдэг бүтээлээр шалгарсан тул утга
санаа нь уншигчдад сонирхолтой байх болов уу. Уран бүтээлчийн хувьд ямар утга
илэрхийлэхийг зорьсон бэ?

-Бидний амьдарч буй нийгэм цөөнгүй зүйлийг ардаа орхин хүчтэй урагшилж
байна. Энэ хурдтай цаг хугацааны эрхэнд бид чухал зүйлсээ хаяж, гээгдүүлээд
байх шиг санагддаг. Иймд Монгол Улсаа дэлхийд ойлгуулах, цаашлаад бидэнд
өвлөгдөж ирсэн өв соёл, ёс уламжлал, агуу их түүх, зан заншил зэргийг бяцхан
үзэгчдэдээ ойлгуулахыг зорьсон. Томчууд бидэнд маш том үүрэг хариуцлага байгаа.
Бид ч бас өв уламжлалаа тээж, хүүхэд багачууддаа үлдээж, уламжлуулах нь зүй.

-Хүүхдэд зориулсан бүтээл гэдгээрээ онцлог. “Хүүхдэд” гэсэн энэ онцлогийг хэрхэн барьж, уран бүтээлээ хийв?

-Орчин цагийн хүүхдүүд цахим ертөнцөөр дамжуулан дэлхий ертөнцтэй шууд
харилцаж, үүнийхээ хэрээр өөрсдөө ч хөгжиж байна. Тэгэхээр тэдний сонирхлыг
татах, давхар зорьсон санаагаа ойлгуулахын тулд
орчин үелэг шинж чанарыг өв соёлтойгоо сүлбэл хүүхдүүд үзэхэд
сонирхолтой байх болов уу гэж бодсон.

-Ярилцлагаар дамжуулж хэлэх зүйл
байна уу?

-Монгол улсын Ерөнхий сайдын санаачилгаар зохион байгуулагдсан Үндэсний шилдэг бүтээл шалгаруулах уралдаанд оролцож, Орон нутгийн хүүхдийн шилдэг бүтээлээр “Зуни, Туни хоёр” бүтээл маань тэргүүн байранд шалгарсанд баяртай байна.  Хамтран ажилласан багийнхандаа баяр хүргэе. Энэ төрлийн уралдаан цаашид тасралтгүй зохиогдож, монгол уламжлал, монгол ахуйг шингээсэн уран бүтээлүүд олон хийгдээсэй гэж хүсэж байна. Ярилцлага авсан танай хамт олонд баярлалаа, ажлын амжилт хүсье.

Г.САНСАРМАА

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

*