Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Вангийн цагаан уул

Дорнод аймгийн Халх гол сумын нутагт улсын хилээс нааш оршдог д.т.д 1099м өндөрт орших эртний тахилгат уул юм. Их талын дунд орших энэ уулын бараа 40-150км-н алсаас харагдах ба оргил дээрээс нь 30-50км газрыг нүдээр харж болно. Цагаан уулын эргэн тойронд Зүрхийн цагаан хоолой, Цагаан овоо, Талын цагаан нуур (Сангийн далайн нуур) ,Цагаан даргавайн хоолой зэрэг газарт То ван ардуудтайгаа нутаглан амьдарч байжээ.

Уулын тахилгыг 1937оноос хааж 1990 онд дахин сэргээж шүтэж тахих болжээ. Эдүгээ Вангийн цагаан уулыг 3 жилд нэг тахидаг. Цагаан уулын оройд алтадмал сорогшинг сүүлд хийн залжээ.

Вангийн цагаан уулын домог:

Дорнод аймгийн Халх гол сумын нутагт буй Вангийн цагаан уулыг манжийн их түшмэл <<Манай нутаг>> хэмээн маргаан үүсгэжээ. Манжийн тэр түшмэлд То-вангийн хэлүүлсэн нь:

– Энэ уул яг л нэг үхрийн ширний хэмжээтэй юм шүү. Хэрэв үхрийн ширний хэмжээнээс илүү гарвал тэр илүү хэсгийг эрхэм та хүртэж болох биз. Танай манай хоёр, айл буухад хүрвэл манай нохой идүүртэй, хоолноосоо танай нохойг долоолгохгүй байх шүү гэжээ.

Энэ үгийг сонссон манж түшмэл учрыг олж ядан гайхаж <<Хичнээн том үхрийн шир байлаа гэхэд энэ уулнаас юу хороох вэ? Ийм тэнэг хүн яаж Жүн вангийн зэрэгт хүрээ бол>> гэж бодоод

– За тэгвэл энэ уулнаас үхрийн ширний хэмжээтэй нь танай газар, илүү нь миний газар болог гэжээ. Ингээд То-ван манж түшмэлийг хоёр хоногийн дараа ир гэсэн гэнэ.

То-ван нэг том үхрийн ширийг хурц хутгаар тойруулан утас мэт нарийн зүсүүлж урт аргамж бэлджээ. Нөгөө аргамжаа усанд дэвтээж байгаад түшмэдийг ирэхтэй зэрэг <<За та сайтар харж бай>> хэмээн дагуулан явж урт аргамжаа хөвөн явсаар Цагаан уулыг тойрон битүү бүсэлсэнд цаана нь алд хэр аргамж илүү гарчээ.

То-ван хэлсэн нь: – Энэ уулнаас нэлээд хэсгийг хулгайч авсан байна. Зуугаад жилийн өмнө миний эцэг эзэн хаанд бэлэглэхээр хадгалсан алтаа энэ ууланд булсан гэдэг.

Одоо тэр алт булсан хэсэг нь алга болсон бололтой. Түүнийг та мэдээд хулгайлан авч дахин алт гарч юу магад гэж манай энэ уулыг авах гэсэн биз гэжээ.

Манж түшмэл ихэд айн сандарч:

-Ай, би яаж хулгайлж чадна. Та лав өөр хүнд алдсан байлгүй хэмээн хулгайд сэрдэгдэхээс эмээн То-ванд өндөр хараат ембүү хоёрыг бариад ихэд яаран сандран буцсан гэдэг.

Үүнээс хойш эл уулыг Вангийн цагаан уул гэх болжээ.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*