Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Барга угсаатны гарал үүсэл түүхэн тойм

Өнгөрсөн хугацаанд Барга судлалын асуудал хязгаарлагдмал хүрээнд явагдаж ирсэнээс одоогийн Барга ястнууд өөрийн гарал үүсэл түүхээ мэдэхгүй болж,  эцэг өвгөдийн их түүхээсээ бахархах юмгүй шахуу болжээ. Иймд хойч үедээ өөрийн гарал үүсэл, түүх соёлоо үнэн зөвөөр нь мэдүүлэх түүгээрээ бахархах үзэлтэй болгох үүднээс сүүлийн үед Баргын эртний түүх гарал үүслийн талаар сонирхон үзэж, өөрийн цуглуулсан материал, түүхийн бодит баримтууд дээр тулгуурлан багахан хэсгээс нь тоймлон хүргэж байна.
     Баргын түүхийн талаар 18-р зуунаас ( 1730-аад оноос ) 20-р зууны дунд үе хүртлэх түүх бага боловч судлагдсан бөгөөд үүнээс өмнөх үе буюу эртний Баргуудын гарал үүсэл түүхийн асуудал бараг хөндөгдөөгүй байгаа тул цаашид нарийвчлан судлах шаардлагатай байна.
1.    Барга ястны гарал үүсэл
Монгол угсаатны салшгүй нэг хэсэг болох Баргууд нь одоогоос 2000 гаруй жилийн өмнөөс оршин тогтнож байсан Монголын эртний овог аймгуудын нэг юм. Барга Монголчуудыг Монголын хүчирхэг аймаг байсан тухай түүхийн сурвалж бичгүүдэд тэмдэглэгдэн үлдсэн байна.
     Тухайлбал: МЭӨ VI-VII зууны үед оршин байсан эртний Хятадын Сүй, Тан улсын түүхийн сурвалж бичигт Хүннүгийн үе буюу МЭӨIII – МЭI зууны үед Баегү гэдэг хүчирхэг монгол аймаг байсан тухай бичиж үлдээсэн байна.Баегү аймаг одоогийн Хөх нуурын зүүн тал, Элст манханы ар, Шар мөрний хойд тал, Туул гол, Байгал нуурын өмнөд тал, Алтайн уулс, Енисей мөрний дээд урсгал зэрэг газраар нутаглаж байгаад МЭӨ VIII зууны үед Хөлөнбуйрын баруун талаар нутаглах болсон.
     Тан улсын бичигт тэмдэглэхдээ: Баегү нар мал сүргээр баян чинээлэг бөгөөд удам сайтай адуун сүргийг голлон маллаж шилдэг сайн морьд үй олноор нь өсгөж үржүүлдэг байсан. Тэд байнга оршин суух хот балгадгүй, тариалан эрхэлдэггүй, монголын эртний заншлаар эсгий гэрт сууж, малын мах идэж, арьс ширээр хувцас хунараа хийдэг. Мөн чанар сайтай төмрийн хүдрийг гарган авч чадварлаг дархчууд нь маш сайхан нарийн хийцтэй эд зүйл хийхийн дээр Баегү нар морь, төмөр хоёроор гарамгай сайн гэж Хятадын түүх сударт бичигдсэн байна.(Ж.Өлзий Барга монголын түүх 1999он)
Мөн Вэй улсын (МЭ 220-265он) бичигт Монголын хойд хэсэгт Баегү аймгийн удирдагч Баяеэчи(Баргужи) гэгч олон түмнээ удирдан Туркийн Шэ-Лүнийг бут цохиж Сүй, Тан улсын (МЭ581-618он) үед маш хүчирхэгжсэн тухай бичсэн байдаг. Тухайн үед Баегү аймаг 6 түмэн өрхтэй 1 түмэн цэрэгтэй томоохон аймаг байсан. Баегүүд МЭIX зуунд Тан улс болон Орхоны Турк улсыг бут цохин тусгаар тогтнолоо хамгаалж байсан бөгөөд түүх шастирт Баргачуудыг байлдаанд баатар зоригтой, хүчирхэг аймаг гэж тэмдэглэж иржээ.
     Барга Монголчуудын тухай түүхэн домогт Эрт дээр үед Монгол язгуурын хаанаас гаралтай Энэтхэг орны Сахияа хааны нэгэн хөвгүүн Төвд орноо ирж МЭӨ 127онд Хүзүүн сандалт Бат хаан гэж өргөмжлөгджээ. Түүний залгамжлагч Төвдийн алтан ширээт хааны 18-р хаан Бөртэ чоно (МЭ254 онд төрсөн) ноёд түшмэдийн хооронд маргаан гарснаас болж Гомб оронд (Өөлд аймаг) ирж Гуа Марал охиныг хатан болгон авч Барга баатар дайчин ноёны хамт Хойд зүгийн Бурхан халдуны орчим Бархан уулын (2300м) өврөөр Баргужин голд хүрч МЭ304 онд Бэдэ (Төвдүүд Монголчуудыг Пэ-дэ гэдэг газар оршин суудаг гэж үздэг байсан) улсын ноён болж Барга баатар шадар түшмэл нь болсон байна. Тухайн үед Барга баатар дайчин ноёны оршин сууж байсан туурь нь Байгал нуурын Бархан уулын өвөр дэх “Тэбтэхи” гэдэг газар одоо хүртэл байна.
     Энэ түүхэн домогт Баргуудын дээд өвөг Барга баатарын амьдарч байсан цаг хугацааны хувьд Монголын нууц товчооны Хорилардай (Хоридой) мэргэн, Баргажин гуа, Алунгуагийн үетэй харьцуулж үзэхэд нилээн зөрүү гардаг бөгөөд домгийн Барга баатар нь тухайн үеийн Баегү аймгийн тэргүүн Баяеэчи буюу Баргужи байсан байж болох талтай. Яагаад гэвэл Эртний Тан улсын сурвалж бичигт МЭIII зууны үед Хүннү улсын үлдэгдэл олон аймгууд дотор Баегү гэдэг хүчирхэг аймаг байсан бөгөөд тэргүүн нь Баргужи гэдэг хүн байсан тухай бичсэн нь домгийн цаг үетэй ойролцоо байна. Гэвч Барга баатар МЭ304онд Бөртэ чонын шадар түшмэл болсон, МЭ424оны үед түүний хойч үе болох үр хүүхдүүд нь Хятадын нутгаар их нүүдэл хйисэн зэрэг түүхэн баримтуудаас үзэхэд Барга баатар МЭIII зууны эцэс IV зууны эхэн үеийн хүн болж байна.
     Зарим судлаачид Барга баатарын отгон хүү Хоридой мэргэн, МНТовчооны Хорилардай мэргэнийг хоёр өөр хүн байсан мэтээр бичсэн нь түүхийн өөр өөр цаг үед хоёулаа ижилхэн Баргужин гуа хатантай Алунгуа гэдэг охинтой байсан болж байгаа нь үнэмшил муутай байна. Харин Хоридой мэргэн, Хорилардай мэргэн хоёр нэг хүн бөгөөд МНТовчоонд Баргын түүхэн домгийн эх сурвалжаас оруулан бичсэн байж болох юм.
     Угсаатан судлаач Б.Сумьяабаатар Бөртэ чоноос Чингис хаан хүртэл 22 үе гэж тогтоосон бөгөөд Бөртэ чоноос Добу мэргэн хүртэл 12 үе.Добу мэргэний гэргий Алунгуагаас Чингис хаан хүртэл 10үе гэж тооцвол МНТовчоонд бичигдсэн цаг үеэр Барга баатар дайчин ноёноос Чингис хаан хүртэл 12 үе болж байна.Хүний нэг үеийг 25-30нас гэж үзвэл Баргуудын дээд өвөг болох Барга баатар дайчин ноён МЭIX зууны үед амьдарч байсан болж байна. Иймд Барга баатар дайчин ноёны амьдарч байсан цаг хугацааг нарийвчлан судлах шаардлагатай юм.
     Ж.Өлзий “Барга Монголчуудын түүх” номонд Барга баатар дайчин ноён МЭIX зууны эцэс X зууны эхэн үед Барга аймгийг тэргүүлж Байгал нуурын өмнө талд Баргужин төхөмд удаан нутаглаж Илюдэр (Илиүдэй), Буриадай, Хоридой хэмээх 3 хөвгүүнтэй болсон. Барга баатарын отгон хөвгүүн Хоридой (Хорилардай) мэргэн их хатан Баргужин гуатай гэрлэж Ариг ус хэмээх газар охин төрснийг Алунгуа гэж нэрлэв.
     Хоридой мэргэн Түнги голын орчим Хөх болдог гэдэг газар нутаглаж байгаад Ихрэд, Булгад нартай муудалцаж Ойхон аралд нүүж ирээд дунд хатан Шаралдайтай гэрлэж Галзууд, Хуасай, Шарайд, Хөбдүүд, Хошид 5 хөвүүнтэй болсон. Хоридой мэргэн дунд хатан Шаралдайг нас барсны дараа бага хатан Нагадайтай гэрлэж Харгана, Худай, Бодонгууд, Халибий, Цагаан, Батнай хэмээх 6 хөвүүн төрүүлсэн бөгөөд эдгээр хөвгүүдээс баргуудын голлох овог (хал)-ууд үүссэн түүхтэй.
     Энэ бүхнээс үзвэл Баегү аймгийг удирдагч Баргужи, Баргуд аймгийн тэргүүн Барга баатар дайчин ноён, түүний отгон хөвүүн Хоридой мэргэн нар нь одоогийн баргуудын дээд өвөг бөгөөд Байгал нуурын орчим, Бархан уул, Баргужин төхөм бол баргуудын төрлөх нутаг юм. Барга баатар дайчин ноён өтөлж Ойхон арлын Шингил-Шибэй гэдэг газар нас барсан гэдэг бөгөөд өөр нэг сурвалжид одоогийн Эрхүү хотоос урагш зургаан мод зайд Хөөтэ-Урур (Хавь Ходроол) гэдэг газар нас барсан тухай тэмдэглэгдэн үлдсэн байна.
     Одоогийн барга ястнуудын гарал үүсэл түүхээрээ бахархах зайлшгүй нэгэн зүйл бол Монголын алтан ургийнханы дээд үеийн агуу суут хүмүүс  барга эхээс  мэндэлсэн тухай түүхийн сурвалж бичгүүдэд маш тодорхой бичиж үлдээсэн явдал юм. Тухайлбал бидний сайн мэдэх 13-р зуун буюу 1240онд бичигдсэн Монголын нууц товчооны 1р бүлгийн 8-д Барга баатарын 3 хөвүүдийн отгон хөвүүн болох Хорилардай (Хоридой) мэргэний гэргий Баргужин төхөмийн эзэн Баргудай мэргэний охин Баргужин гуагаас Монголын агуу их суут хүн Алунгуа эх мэндэлсэн тухай бичсэн байдаг.
     Мөн Иран улсын их сайд эрдэмтэн Рашид-Ад-дин монгол эрдэмтэн Болодчансан(1286онд Хятадаас Иранд очсон) болон бусад Монгол эрдэмтэдтэй хамтрач тухайн үеийн Ираны монгол хаан Газаны (Монголчууд 1252 онд Ираныг эзэлсэн) зарлигаар 1301-1311 онд бичсэн Монголын түүхийн он дараалсан бичиг буюу “Судрын чуулган” зохиолын 83, 197-р талуудад Хамаг монголын их хаан Хабул хааны 2-р хөвүүн Бартан баатарын гэргий Баргуд аймгийн Сунигул хатнаас агуу их Чингис хааны эцэг Есүхэй баатар мэндэлсэн тухай тэмдэглэн үлдээсэн байна. Барга удмын Сунигул хатан 4 хөвүүн төрүүлсэн бөгөөд Есүхэй баатар 3-р хөвүүн нь юм.
     Тухайн үеийн Иранд Баргуд аймгаас Аригун ханы хүмүүжүүлэгч Журмаган байсан бөгөөд гэргий нь Булган хөвгүүд нь Таутай, Таутайн хөвүүн Кутлугтөмөр, Кутлугтөмөрийн хүү Тагай баргуд аймгаас эхнэр авч Жидэй ноёныг  төрүүлсэн. (Рашид Ад дин Судрын чуулган 82х  ). Жидэй ноён Чингэс хааны дотны  нөхөр, ураг анд нь байсан. Энэ тухай МНТ 8-р бүлэг 202-д. 1206 онд Тэмүүжинг Чингэс хаанд өргөмжилж, монгол овог аймгуудыг нэгтгэсний дараа “ Улс төрийг байгуулалцсан урьдын гавьяат нөхдөө угсаатан ноёд болгож, мятрашгүй зүтгэсэн миний хайрт нөхдийг мянганы ноёнд өргөмжилж соёрхлын үгийг хэлье” гэж зарлиг буулгасны дагуу 95 хүнийг мянганы ноёнд томилсноос эхний 23-д Жидэй ноёны нэр бичигдсэн байдаг. Мөн Мөнх хааны дүү 1260-1264 онд Хархориумд төрийн хэргийг хамаарч байсан Аригбөхд барга эхээс мэндэлсэн Найраз, Бука гэдэг 2 хөвүүн байсан.( Судрын чуулган 83х  ).
     Эдгээр түүхийн баримтуудаас үзэхэд Монголын түүхэнд мөнхрөн  үлдсэн их дээдэс барга эхээс мэндэлсэн болохоор Баргууд нь алтан ургийн дээд өвгийн эх талын буюу цусан төрлийн холбоотой хүмүүс юм. Түүнчлэн баргын удмын олон сайхан бүсгүйчүүд тухайн үеийн алдартай хүмүүсийн гэргий болж Монголын түүхэнд нэрээ үлдээсэн агуу их хүмүүсийг төрүүлж байснаас Баргуудын өлгий нутаг Баргужин төхөмийн нэр “ Баргужин төрхөм” ( Ураг барилдахуй ёсон УБ1990 ) гэдэг үгнээс гаралтай гэж үзэж байна.
     Дашрамд дурьдахад Монголчуудын 80 гаруй хувь нь өөрийн овог болгон аваад байгаа Боржигин овог, Баргажин (Боргожин) хэмээх баргуудын дээд өвгөөс үүссэн болохыг үгүйсгэх аргагүй. Энэ тухай эрдэмтэн зохиолч Л.Түдэв гуай “Баруун хойно, зүүн өмнөдөд суугаа баргууд минь” илтгэлдээ тэмдэглэсэн байдаг. Мөн МНТовчооны I-р бүлгийн 42-т “Бодончар Боржигин овогтон болов” гэснээс бус Бодончараас Боржигин овог үүсэв гээгүй билээ.
     Эртний Баегү аймаг МЭIX зууны үеэс Баргуд аймаг гэж нэрлэгдэх болсон. Энэ тухай “Судрын чуулган”-д Баргужин төхөм гэдэг газар нутаг бууц нь байдаг учир тэднийг Баргуд аймаг гэж нэрлэх болсон.Жужааны хаант улс (Ц.Хандсүрэн УБ 1994) номонд одоогийн баргуудыг Хүннүгийн үлдэгдэл мөн бөгөөд Баргужин хэмээх нэр нь эртний Хүннү, Жужан, Түрэгийн үеэс уламжилж ирсэн Баегү, Баеэрку, Баргуд, Барга хэмээх нэр мөн болохыг баталж байна гэжээ. Мөн түрэгийн хаадын хөшөөний бичээст Баегү аймгийг Баеэрки гэж бичээд түрэг хэлний “Баяр” “ баяжих” гэсэн утгатай үг гэсэн байна.
     Гэтэл зарим судлаачид Юан улсын түүхийн 1-р ботид “ Бараачин”, 22-р ботид “ Бараач” гэсэн үг байгааг Юан улсын цэргийн эд бараа, ар талыг хариуцагчийг хэлнэ гээд Баргууд бол Чингис хааны аян дайны үед (1207-1227 он) цэргийн ар талын ажил үүргийг хариуцан харуулын цэргийн албыг хааж байсан тул (Бараачин) барга нэртэй болсон гэсэн нь түүхэн үнэнд нийцэхгүй байна. Түүхийн баримтуудаас үзэхэд Барга гэдэг нэр Чингис хааны үеэс дор хаяж 900 гаруй жилийн өмнө үүссэн байна.
     Харин Баргууд Юан улсын түүхийн тэмдэглэлд бичсэнээр Чингис хаанд үнэнч зүтгэж гавьяа байгуулж байсны жишээ бол Баргужин аймгийн Амухай эцэг Босчүгийн хамт 1214 оны хөх нохой жил улсын Ван Мухлайн хамт өмнө зүг байлдахад алтан тэмдэг хүртэж цэргийн буучдын дарга болж хотыг эвдэхэд их бууг хэрэглэн ихээхэн гавьяа байгуулсныг тэмдэглэн үлдээсэн байна. (Ж. Өлзий “ Барга монголын түүх). 1207 он буюу XIII зууны эхээр Чингис хаан их хүү Зүчид зарлиг буулган Хорь түмэдийг нэгтгэн авсанаас хойш Баргууд Чингис хааны байлдан дагуулах аян дайнд оролцох болсон.
2.    Баргуудын их нүүдэл
Баргын түүхийг сонирхон үзэж байхад баргууд нь Монгол угсаатан аймгууд дотроосоо илүү их нүүдэлчин шинж ажиглагддаг.Нүүдэл хийхдээ жалга довны, аймаг сумын хооронл биш улс орон дамнасан их алс холын нүүдэл хийдэг тэрэг хөсөг сайтай хүмүүс байсан. Баргуудын их нүүдэл МЭIV зуунаас XX зууны дунд үе хүртэл 1700 орчим жил үргэлжиж олон удаагийн их нүүдэл хийсэн байдаг.
     Эхний нүүдлүүдийн талаар эрдэмтэн П.В.Коновалов”Барга баатар эхлээд өмнөөс умар зүгт дараа нь умраас зүүн тийш 2 удаа их нүүдэл хийсэн” гэж тэмдэглэсэн байна. Энэ нь анх манай тооллын 300-аад онд Барга баатар Төвдийн орчим монгол угсаатан аймгаас Чингис хааны дээд өвөг Бөртэ чоныг дайн самууны хөлөөс дайжуулан авч гаран тэнгис далайг гэтэлж Монголын Бурхан Халдун, Байгал нуурт ирсэн(өмнөөс умар зүгт хийсэн анхны нүүдэл) дараа нь Байгал нуураас одоогийн Өвөр монголын Хайлаар хотоос хойш Орос, Хятадын хилийн дагуу орших Эргүнэ гүнд нүүж очсон (умраас зүүн тийш нүүсэн 2 дахь их нүүдэл) байна. Түүхийн сурвалж бичгүүдэд Барга баатар өтөлж Байгал нуурын орчим нас барсан тухай болон С.Ш.Чагдунов ”Эргүнэ гүнгээс халин одогсдыг Бөртэ чоно толгойлж байсан” гэж бичсэнээс үзвэл Барга баатарынхан Эргүнэ гүнгээс буцаж Байгал нуур луу ирсэн байна (Д.Дамдинжав Барга буриадын түүхэн сэдэв 2012он).
   Дараа нь Барга баатарыг нас барсаны дараа түүний удам болох Хоридой мэргэний хөвгүүд эцгийнхээ захиа даалгаварын дагуу МЭ424 оны үед Байгаль нуураас өвгөдийн эртний нутаг Төвдийн наад тал Хятадын одоогийн Бээжин хотын орчим их нүүдэл хийж суурьшсан. Гэтэл МЭVII зууны үед Төвдийн хаан Гүр монгол түрэгийн 200 мянга шахам хүнийг хядсанаас болж энэ аюулаас зугтан өөрсдийн нутаг болох Байгаль нуурт буцан нүүж ирсэн байна. 1207 онд Чингис хаан Хорь түмэдийг нэгтгэн авсаны дараа Баргуудыг Өвөрмонголын нутаг руу нүүлгэсэн бөгөөд тэдгээр баргууд XVI зууны сүүлч XVII зууны эхээр Дорнод монголын нутгаар Байгаль нуурын зүгт нүүсэн мэдээ байдаг.
     Хуучин баргууд 1500-аад оны үед Баргужин төхөмөөс зүүн өмнө зүгт нүүсэн бол Чивчин баргууд 1677-1689 онд Шинжааны хойд зах, Ховд Улиастайн хавь, Богд, Эрээн нуур хэмээх газраас хэсэг хэсгээрээ нүүж Өвөр Монголын Хөлөнбуйрт ирсэн. Солон барга нар Чин улсын эхний жилүүдэд Гадаад монголоос Дотоод монголд нэвтрэн орж улмаар Зүүн тийш Хятадын хар мөрөн мужийн Чичихар хэмээх газар хүрч тэндээсээ цааш Мөгдөн хотын орчим нутаглаж, дараа нь Их хянганы нурууны зүүн талаар суурьшиж байгаад 1700-аад оны эхээр Хар мөрөн мужаас нүүж одоогийн ӨМӨЗОрны Хөлөнбуйрт ирсэн байна.
     Дараагийн их нүүдэл нь 1680-аад онд Байгал нуурын орчим Баргужин төхөмд нутаглаж байсан баргууд Оросын дарамт шахалт, мөрдлөгө хавчлагаас болж одоогийн Хөвсгөл, Архангай аймгийн завсар нутгаар нүүдэллэн ирж Өвөрхангай аймгийн Баргын хөндий гэдэг газар нутаглаж байгаад зүүн тийш алслан нүүж тэр үеийн Цэцэн хан аймгийн нутаг бэйс Жанчивдоржийн хошуунд харьяалагдах болсон.
     Баргачууд Цэцэн хан аймгийн нутгаас 1734 онд газар нутгийн маргаан гарснаас болж одоогийн Дорнод аймгийн Чойболсан сумын нутаг Халхын таван өндрөөс урагш баргын Мэргэн хамар гэдэг газраар зүүн тийш гарч Өвөрмонголын Хөлөнбуйрын нутагт нүүж очсон. Нүүхийн өмнө хурал хурж бумба нууж шашин номын ёслол үйлдсэн гэх Шажин (Шашин) хурах гэдэг газар одоогийн Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутагт байна.
   Ингэж нүүж очсон Баргуудыг Манжийн засаг захиргаанаас хошуу болгон зохион байгуулж Шинэ барга гэж нэрлэн Хөлөн, Буйр хоёр нуурын хооронд Оршун голын орчим нутаг заан суурьшуулсан. Үүний дараа 1916 онд Манлай ван Дамдинсүрэнгийн хамт 87 өрх, 340 хүн ам, 1700 гаруй толгой малтай Монгол улсад нүүж ирээд одоогийн Дорнод аймгийн Гурван загал суманд суурьшсан байна. Мөн 1917 онд 200 шахам өрхийн 1000 орчим барга  ястан ӨМӨЗасах орны Хөлөнбуйр аймгаас нүүдэллэн ирж Богдын шавь болон тэр үеийн Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуунд суурьшин нутаглаж Богдын их шавийн Эрдэнэ хувилгааны барга отог болсон. Тэд одоо Төв аймгийн Баян, Сэргэлэн суманд амьдардаг.
Дорнод аймгийн төр захиргаанааны ахмад ажилтан, Хөбдүүд Буяндэлгэрийн Балдан
Nuuts.mn
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Иргэн гуай өгүүлрүүн:

    Түүх л үлддэг нь үнэн юм. Монгол өөрөө бага ястнууд, тархай бутархай овог аймгуудын цуглуулга, энэ урт удаан түүхэн цаг үед аль ястан нь ямар үүрэг оролцоотой явж ирснийг бид яаж үгүйсгэх гээд ч чадахгүй.

  2. зочин гуай өгүүлрүүн:

    эх түүхээ мэдэж авах чухал юм. Баргын түүх бол Монголын болоод Хүннү, түргийн түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн.Олон сурвалжид бичигдсэнчлэн Монголчуудыг тодотгодог баргуудын зангаар төлөөлүүлж тулгар төрийг байгуулж хадгалж хамгаалсан Баргуудын түүхээр бахархахаас өөр аргагүй юм. үүнд буриадууд бас хамаарна. Үүх түүхээ мэдэцгээж өөрсдөөрөө бахархцгаая

  3. Л.САНЖААСҮРЭН гуай өгүүлрүүн:

    БАРГА СУДЛАЛД ТАНЬ АМЖИЛТ ХҮСЬЕ.

  4. BARGA SUDLAL гуай өгүүлрүүн:

    barga sudlal gj svvliin vyd nileen erchimtei hogjij bga ym bna yg buriad , altain urianhaitai adil baharhaltai ard tvmen ymaa.

  5. BARGA SUDLAL гуай өгүүлрүүн:

    OMNO NI UNSHIJ BGAGVI SONIRHOLTOI BARIMT BNA barga chin ertni hvnnvgees vvsel garaltai gedgig medej avlaa yg baydiin vvsel garaltai adilhan ym

  6. BARGA MONGOL гуай өгүүлрүүн:

    barga mONGOLCHUUD MANDTUGAI

  7. Бага ястан гуай өгүүлрүүн:

    Өчүүхэн жижиг тархитай ч ТОМ ястан ИЧИЖ ҮХЛЭЭ гуай та харин өөрөөсөө ИЧИЖ амьдар.Бид бага ястан хэдийч танаас арай том тархитай байж мэдэх байх аа.

  8. Ичиж үхлээ гуай өгүүлрүүн:

    Яахаараа бага ястнууд үргэлж иймэрхүү байдлаар хуцацгааж байдаг байна аа

  9. Б.Балдан гуай өгүүлрүүн:

    Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газарт хамт ажиллаж байсан болон таньж мэдэх бүх хүмүүстээ эрүүл энх, аз жаргал хүсэж мэндчилгээ дэвшүүлье.

  10. zochin гуай өгүүлрүүн:

    Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын Б.Балдан мөнүү. Мөн бол хариу бичээрэй.

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*