Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Хүннү гүрнээс үүдэлтэй нум сум харваа

Монгол зон олны хүсэн хүлээдэг эрийн гурван наадам тун удахгүй болно. Монгол түмний эрийн гурван наадмын нэг сур харвах намнах үйл нь балар эрт цагт, шинэ чулуун зэвсгийн үеэс үүсэн дэлгэрсэн гэдэг. Анх хавчаахай  нум гэдэг байжээ. Хүннү гүрний үед  нум сум нарийсч  өнөөдрийг хүртэл балар цагийн хавчаахай нумыг сайжруулж ирсэн байна. Нум сум нь анх зэр зэвсэг ан агнуурын зориулалтаар гарч, эрийн гурван наадмын нэг төрөл болон хөгжсөн түүхтэй юм. Мөн Хүннү гүрний үед монгол цэргийн дотор бөмбөг намнах тэмцээн болдог байжээ. Тус тоглоом нь 40 болон 20 нумын зайтай газар морьтой буюу эсвэл босоо хүний хэмжээтэй гурван шонг жагсаан босгож, гурван бөөрөнхий сур /бөмбөг/ өлгөж, морины давхиут дунд богино модон сумаар харвадаг горимтой байсан аж. Харин Богд хаант улсын үед бөмбөгний хоорондын зайг ойртуулсан нь өрсөлдөөнийг чанаржуулж хурдан шаламгай хөдөлгөөн шаардах болгосон байна. Энэ үед гурван бөмбөгийг алдалгүй онодог хүн ч байжээ. Мөн Хүннү гүрэн нум сумаар зэвсэглэсэн 300 гаруй цэрэгтэй байсан гэдэг яриа ч бий. Энэ мэтчилэн нум сумын талаар олон арван баримт байдаг бөгөөд монголчууд ан авд гарамгай байдаг учир нь эрхийн цэц мэргэн нум сумтай холбоотой юм. Ийнхүү анх ангийн зориулалттай үүссэн нум сум нь эцэстээ спортын төрөл болон хөгжжээ. Сур харваа нь дотороо халх, буриад, урианхай, гэсэн гурван  төрөлтэй.
Халх харваа Сэлэнгэ аймагт илүү хөгжжээ

Монгол үндэсний сурын харвааны талбайн үндсэн хэсэг нь зурхай юм. Зурхай нь дөрвөн метр урттай, гурван метр өргөнтэй  байдгийг хүмүүс андахгүй. Мөн ар талын шугаман дээр нь сур өрж, түүнээс дотогш гурван метрийн зайд өвөр шугамыг татдаг. Монгол үндэсний сур харвааны бай нь хана сур, хасаа сур юм. Харвааны талбайн эргэн тойронд аюулгүйн шугам татаж хязгаарлах бөгөөд зурхайн голоос харвааны шугам хүртэл эгц шугамтай байдаг. Шугамуудыг улаан, цагаан өнгийн материалаар татдагийг та анзаарсан биз ээ. Сур харваан төрлөөс халх харвааг хамгийн манлай нь гэж үздэг. Халх сурын харваа нь Сэлэнгэ аймагт  их хөгжсөн байдаг аж.

Буриад харваагаар Дорнод хамгийн алдартай нь

Буриад сурыг 40 буюу 30 метр нум, 30 буюу 20 метр нум гэсэн хоёр зайнаас харвадаг.
Сураа өргөж харвадаг талбайг зураахай гэнэ. Зураахай нь 4х4метрийн хэмжээтэй байх бөгөөд сурыг сайн шахаж өгдгөөрөө онцлогтой. Сур өрөх шугамаас хоёр тийш хоёр метрийн зайд газрыг зураахай талдаа эгц эрмэгтэй, зураахайн гадна талаас налуугаар дөрвөн метр урттай, 15 см орчим гүн ухах бөгөөд энэ ухсан газрыг харвах талынхыг “урт ганга”, нөгөө талынхыг нь “арын ганга” гэдэг. Буриад сурын багийн харваанд зураахайн хоёр талаас “урд эхэн”, “хойд эхэн” гарч харвадаг учраас нэг зураахайд 80х4метрээс багагүй тэгш гадаргуутай, хайрга чулуугүй талбай шаардагддаг байна. Буриад харваагаар Дорнод аймаг хамгийн алдартай нь.

Урианхай харваа зөвхөн эрчүүдийн тоглоом

Монгол үндэсний сур харвах наадмын нэгэн өвөрмөц төрөл бол урианхай сурын харваа. Энэ харваанд зөвхөн эрэгтэй харваачид оролцдогоороо бусдаас ялгаатай. Тэмцээнд урианхайн уламжлалт “хавчаахай” ба эвэр нумаар оролцдог. Сум нь 90-100 см урт, 1.1-1.3 см хөндлөн голчтой, 50-60гр жинтэй байдаг. Энэ төрлөөр Баян-Өлгийн харваачид баяр наадмыг өнгөлдөг юм.

Улсын цол

Ойрын жилүүдэд олонхи мэргэд Дорнод, Сэлэнгэ, Өмнөговь, Дорноговь аймгаас төрөн гарч буй. Мөн Улсын наадамд нэг түрүүлбэл мэргэн, хоёр түрүүлбэл хошой мэргэн, гурав бол гоц мэргэн, дөрөв бол  гарамгай, тав бол дархан мэргэн цол олгодог байгаа. Манай улсын хамгийн анхны Монгол Улсын гавьяат тамирчин цолыг 1960 оноос хойш хичээллэж эхэлсэн Ч.Мөнхцэцэг гуай хүртэж байжээ.

Сур харваа нь эрүүл мэндэд сайн

Нарийн дэг жаягтай энэ спорт эрүүл мэндэд тустай гэдэг.
Тиймдээ ч  энэхүү спортоор хичээллэдэг хүмүүсээс нуруу нь бөгтөр хүнийг та олж харна гэж  бодох ч хэрэггүй. Мөн насны хязгаар байдаггүй болохоор найман настай балчираас наян настай азай буурлууд хүртэл тоглодгоор ихээхэн онцлогтой, уламжлалыг хадгалж буй спортын төрөл юм

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*