Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Эгэл боловч эгэлгүй амжилтын эзнээ Дорнодын удирдлагууд дэмжих ёстой

Улсын баяр наадам, тэр дундаа Үндэсний сурын спортод Хишигтийн Даваажаргал гэсэн нэрийг сонсож, дуулаагүй хүн байхгүй. Х.Даваажаргал бол Улсын Баяр Наадмын Үндэсний сурын харваанд 5 ба түүнээс дээш түрүүлсэн 3 харваачийн нэг юм. Улсын Баяр Наадмын Үндэсний сурын харвааны зураахайд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харьяат МУГТ, Даяар дуурсах Дархан мэргэн Ч.Мөнхцэцэг 6 удаа, Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат СМ, Даяар дуурсах мэргэн Х.Даваажаргал 5 удаа, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат МУГТ, Даяар дуурсах мэргэн Ш.Даваахүү Улсын наадамд 4, МНТ-ны ойгоор 1, нийт 5 удаа, Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат ХБ, МУГТ, Гарамгай мэргэн А.Цэвээн 4 удаа, Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, удамт харваач, СМ, Гарамгай мэргэн Ц.Хүдэрчулуун 4 удаа, Хэнтий аймгийн Дадал сумын харьяат, СМ, Гарамгай мэргэн Х.Оюунчимэг 4 удаа тус тус түрүүлсэн байдаг.
Улсын Баяр наадамд ихэвчлэн морь бол Сүхбаатар, Хэнтийн хурдан хүлгүүд, бөх бол Архангай, Увс, Төв, Хөвсгөл, Өвөрхангай аймгийн бөхчүүд тэргүүлдэг бол сурын харваагаар Дорнод аймаг тэргүүлдэг. Дорнод аймгаас Үндэсний сурын спортоор 24 мэргэн харваач төрөн гарсан байдаг. Өөрөөр хэлбэл 1921 оноос хойш Улсын баяр наадмын сурын харвааны түрүүг Дорнод аймгийн мэргэн харваачид 28 удаа тэргүүлжээ. Тэр дундаа Баян-Уул сумаас 14 улсын мэргэн цолтон төрөн гарсан байдаг. Дорнод аймгийн Баян-Уул сум бол үнэхээр ч сурын өлгий нутаг юм.
Х.Даваажаргал мэргэн бол энэ нутгаас төрөн гарсан удамт харваач юм. Дорнод аймгийн Баян-Уул сумын нутаг дахь хуучин Эрээний тэрэгний үйлдвэрийн сурын зураахайд уухайн дуу тасардаггүй байсан ГЭДЭГ. Үйлдвэрийн ажилчид өглөө ажил цуглахаас өмнө, орой ажил тарсны дараа байнга нум сум харвадаг байжээ. Тэдний дунд ирээдүйн Даяар Дуурсах мэргэний аав Д.Хишигт сур харвадаг байжээ. Анх 1989 онд Х.Даваажаргал мэргэнийг аав нь Дорнод аймагт болсон бүсийн тэмцээнд авч очоод харвуулжээ. Гэвч Х.Даваажаргал мэргэн сурын хүнд хүчирт халширч, тэмцээнээ дуусгалгүй яваад өгсөн ГЭДЭГ. Хожим 1995 онд түүний ах СМ Х.Пүрэв дахин сурын спортод хөтлөн оруулсан байна. Төрсөн ах СМ Х.Пүрэвийн заавар, зөвлөгөөн дор сурын спортоор хичээлэж, өдгөө Үндэсний сурын спортын оргил амжилтын эзэн болоод байна.
Даяар дуурсах мэргэний амжилтаас дурьдвал:
– 1996 оны УБН-д түрүүлж “Улсын мэргэн” цол
– 2001 оны УБН-д 2 дахиа түрүүлж “Хошой мэргэн” цол
– 2002 оны УБН-д 3 дахиа түрүүлж “Гоц мэргэн” цол
– 2004 оны УБН-д 4 дэхээ түрүүлж “Гарамгай мэргэн” цол
– 2005 оны УБН-д 5 дахиа түрүүлж “Даяар дуурсах мэргэн” цол хүртсэн бол 1997 оны УБН-д шагналт 4-р байр, 2003 оны УБН-д 3-р байр, хүрэл медаль хүртэж мөн Үндэсний Сурын УАШТ-нд 2003, 2004 онуудад алтан медаль хүртэж, 2005 оны Өндөр Гэгээний Даншиг наадамд түрүүлсэн.
Х.Даваажаргал мэргэн тэмцээн уралдаанд дан ганц түрүүлээд байсангүй. Эмэгтэй харваачид дундаасаа рекорд амжилтыг удаа дараа тогтоож байсан шилдэг харваач юм. Улсын Баяр Наадамд эмэгтэй харваачид 36 сум тавьдаг байх үед Улсын мэргэн н.Нарангэрэл агсаны тогтоосон 34 оноог 35 болгож байсан бол 2005 оны Даншиг наадамд 40 сумнаас 39 онож өөрийнхөө тогтоосон, Үндэсний сурын эмэгтэй харваачдын рекорд амжилтыг эвдэж чадсан юм. Түүний энэхүү амжилтыг С.Эрдэнэтуяа мэргэн давтсанаас өөр хараахан эвдэгдээгүй рекорд амжилт хэвээр үлдсэн байна.
Даяар дуурсах мэргэн Х.Даваажаргал бол Үндэсний сурын спортын ноён оргилуудын нэг мөнөөсөө мөн. Тэр ч утгаараа олон зуун жил уламжилж ирсэн Үндэсний уламжлалт сурын спортыг гадаадад сурталчилахад өөрийн хувь нэмрээ оруулсан байдаг. 2007 онд нэгэн үйл явдал болсон нь БНСУ-аас телевизийн баг ирж, Монголын талаар 10 ангит баримтат кино хийсэн байдаг. Тэрхүү 10 ангит киноны 1 ангид нь Монгол Үндэсний сурын спортын түүх, уламжлал, соёл, эдлэл хэрэглэлийн талаар кино бүтээсэн байна. Мөн ондоо Сингапурын баримтат киноны баг ирж баримтат кино хийсэн. Эдгээр баримтат киноны багууд Х.Даваажаргал мэргэнийг кинондоо оруулсан байдаг. Энэ бол зүгээр ч нэг тохиолдол байгаагүй, зүгээр ч нэг сонголт байгаагүй, Х.Даваажаргал мэргэн бол Үндэсний сурын спортын ноён оргил, тэр ч утгаараа Үндэсний сурын спортын түүх, уламжлал, зан үйл, эдлэл хэрэглэлийг бүрэн харуулж чадна гэж сонгосон нь лавтай.
Дэлхийг чичрүүлж явсан, хүчирхэг монголын эртэй бяртай мэргэн харваачдын удам, энэ цаг үеийн Үндэсний спорт, сурын харвааны ноён оргил Даяар Дуурсах Мэргэн Х.Даваажаргал бол эгэлгүй амжилтын эзэн юм. Улсын наадамд 5-таа манлайлж, Улсын рекордыг 2 удаа шинэчилж, найман зууны тэртээх дэлхийг чичрүүлж явсан монгол дайчин мэргэн харваачдын нум сумыг орчин цагт дэлхийд сурталчилахад өөрийн хувь нэмрээ оруулж явсан эрхэмсэг бүсгүй юм. Монголын Үндэсний спортоор гавьяат тамирчин цол хүртсэн цөөхөн тамирчид бий. Анхдагч нь Булган аймгийн Сэлэнгэбүрэн сумын харьяат Дархан Аварга Б.Түвдэндорж 1960 онд Үндэсний спортын ууган гавьяат мастер болж байсан бол сурын спортоор Даяар дуурсах дархан мэргэн Ч.Мөнхцэцэг 1998 онд, Даяар дуурсах мэргэн Ш.Даваахүү 2001 онд, Гарамгай мэргэн А.Цэвээн агсан 2003 онд тус тус Монгол улсын гавьяат тамирчин цол хүртсэн байдаг. “Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ” гэж Монголын сайхан зүйр үг байдаг. Төр түмэн нүдтэй гэж… Амжилт ялалттай яваа үед нь хүнийг урамшуулбал хүнд маш том хүч, урам зориг болох нь дамжиггүй. Х.Даваажаргал мэргэний амжилтыг үзвэл гавьяат цол бол гуйлга биш, гарцаа байхгүй эгэлгүй амжилтыг үзүүлсэн, цагаан дээр хар бэхээр тодоос тод тэмдэглэгдэн үлдэж, төрдөө архивлагдсан байна. Дорнод аймгийн удирдлага, Үндэсний сурын холбоо энэ хүний амжилт ялалтыг эргэн харж, төрд өргөн мэдүүлнэ гэдэгт найдаж байна.
Ингээд эцэст нь Даяар дуурсах мэргэн, спортын мастер Хишигтийн Даваажаргал эгчдээ 47 насны төрсөн өдрийн мэндийг хүргье. Амьдралд нь эрүүл энх, аз жаргал, спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе. Эгэл боловч эгэлгүй амжилтын эзэн Х.Даваажаргал эгч танд гавьяат тамирчин цол хүртэж, Улсын наадамдаа 6 дахиа манлайлж, Даяар Дуурсах Дархан мэргэн цол хүртэх бэлэгтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Б.Санчир
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. duu ni гуай өгүүлрүүн:

    mundag egch shuu

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*