Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Дорнодын тод залуу

Монгол Улсыг хэрэв нэг том уул, бүр дэлхийн дээвэрт тулсан том хайрхан гэж үзвэл, хүн ард нь ширхэг чулуутай нь дүйцнэ. Бэлийнх нь нэг чулуу өнхрөн унахад хайрхан ганхахгүй ч ард түмэн нь нэг нэгээрээ цуварсаар хил давбал уул намсана, жижигрэнэ.

Эх нутгийнхаа зүүн хязгаарт, төрсөн нутгаа гэсэн сэтгэлээр хийж бүтээж яваа нэгэн залуутай ярилцсанаа хүргэе. Түүнийг Лхүндэвийн Наранхүү гэдэг. Дөнгөж гучин насны босго даваад буй түүнийг Дорнодынхон сайн танина. Учир нь хэдхэн жилийн өмнө аймгийн төвөөсөө алсдуу, хуучин байранд, уран бүтээлийн сан нь хумигдаж, уруудлын шатруугаа дөхсөн байсан театрыг сэргээгээд өдий зэрэгтэй болгосон хүн нь түүнийг гээд хэлэхэд хэлсдэхгүй. Мэдээж хамт олон, уран бүтээлийн баг, урлагаа гэсэн сэтгэлтэй олон хүний дэмийг энд үгүйсгэх гэсэнгүй. Зорилго, тэмүүлэлтэйгээр оновчтой шийдвэр гаргадаг “даамал”-тай болсон нь Хөгжимт драмын театрынханд урагшлах хүч нэмсэн биз ээ.

600 орчим суудалтай, орчин үеийн тоног төхөөрөмжтэй энэ театр гурав дахь жилдээ үзэгчдээ угтаж буй юм билээ. Өнгөрсөн өвөл И.Штраусын “Сарьсан багваахай” оперетта, хэдхэн хоногийн өмнө Ц.Балдоржийн “Өв залгамжлагчид” жүжгийг Дорнодын Хөгжимт драмын театрынхан мэргэжлийн найруулагчдын удирдлагад өөрсдийнхөө хүчээр тоглосон гэхээр урын сан нь ямар арвин болохыг мэдэж болно. Гурван жилийн өмнө “Сонгодог урлаг” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан шилдэг бүтээлийн уралдаанд тэд тэргүүн байр эзэлж чадвараа бас л нотолж байсан.

Авьяаслаг хамт олноороо бахархаж, тэднийгээ хийх бүтээлтэй, үзэгч олноо “оюуны талх”-аар таслахгүй, тэр ч бүү хэл төвшинг нь ахиулан хөтөчлөх хүсэлтэй Л.Наранхүүгийн яриаг хүргэе.

-Театрын даргаар томилогдоод ажлаа юунаас эхэлж байв. Тийм ч олон жил энэ ажлыг хийгээгүй байх аа?

-Тийм ээ. Дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Манай театрын анхны барилга 1948 онд ашиглалтад орсон байдаг юм. Аймгийн төвийнхөө баруун захад байдаг театр маань нэгэн үе үзэгчдээсээ холдож, барилга нь хуучирч хэцүүхэн болсон байлаа. Миний өмнө энэ театрын даргаар ажиллаж байсан хүн шинэ барилгатай болгох ажлыг эхлүүлж, би үргэлжлүүлсэн.

-Соёл судлаач мэргэжилтэй гэж байсан. Их сургууль төгсөөд л шууд аймагтаа ирж ажиллахаар шийдсэн үү?

-Театрын дарга болохоосоо өмнө аймгийнхаа Боловсрол, соёлын газрын мэргэжилтнээр ажиллаж байсан. Сургуулиа төгсөөд л нутагтаа ирсэн. Манайхан цөмөөрөө л нутагтаа аж төрж, ажиллаж бүтээж яваа.

-Танай театр барилгаа их хурдан бариулчихжээ. Зарим аймгийн театрын барилга хэдэн жил дамнан ашиглалтад орохгүй юм. Хэдий хэрийн хөрөнгөөр босгов?

-Анх 300 сая төгрөгөөр концертын заал барих төсөл гаргаад яваандаа театр болгохоор болж нийтдээ 3.8 тэрбум төгрөгөөр барьсан. Энэ барилгын тендерт орон нутгийн компани ялж, Энхболд захиралтай “Чандмань тал” компанийнхан барьсан юм. Тухайн орон нутгийнх нь иргэд учраас сэтгэл гаргаж, аймагтаа нэг бүтээн байгуулалт хийе гэсэн зүтгэлээр богино хугацаанд чанартай барьж өгсөн. Бусад аймаг болон манай аймагт улсын хөрөнгөөр хийгдэж байгаа ажлууд удааширдаг нэг шалтгаан нь хотын компаниуд тендер авсанд байдаг юм шиг ээ. Хөрөнгө мөнгө нь гүйцэд шийдэгдэхгүй бол орхиод л яваад өгнө. Эргээд эвдрэл, гэмтэл гарвал шийдэж өгдөггүй байх жишээтэй. Говь-Алтай аймгийн театрын барилга манайхаас гурван жилийн өмнө эхэлсэн ч одоо болтол байхгүй. Харин манай театрыг “Чандмань тал”-ынхан хоёр жилийн дотор барьсан.


-Танай театр өөрийн гэсэн үзэгчтэй болоод амжжээ. “Өв залгамжлагчид” жүжгийн эхний өдрийн тоглолтыг олон хүн үзлээ шүү дээ.

-Тийм ээ. Драмын жүжиг болон мэргэжлийн урлагийн байгууллагын бүтээл арилжааны тоглолтоос асар их ялгаатай. Сүүлийн үед үзэгч нэмэгдэж байгаа. Бас ойлгож дэмждэг хүмүүс ч бий болсон. Байгууллага, хамт олноороо ирж үзэж байна. Манай аймаг харьцангуй олон хүн амтай. Аймгийн төвдөө 50 гаруй мянган иргэнтэй.

-Бас 14 сумтай болохоор аялан тоглолт хийх өргөн боломжтой байх.

-Хэрлэн сумтайгаа 14 болно. Бусад 13 сумаараа аялан тоглолт хийдэг. 2012 онд бүтэн нэг тойрсон.

-Театртаа мэргэжлийн найруулагч, зураачийг урилгаар ажиллуулж, шинэ уран бүтээл хийж байгаа нь менежментийн нэг арга хэлбэр байх. Бас уран бүтээлчдээ өсгөж, ур чадварыг нь нэмэгдүүлэхэд энэ нь дөхөм болдог уу?

-Бид чанартай уран бүтээл хийхийг хамгийн гол зорилгоо болгосон. Үзэгчид биднийг зорин ирж байна. Тиймээс бүтээлийнхээ чанарт анхаарах нь зүй. Орон нутгийн театрт мэргэжлийн өндөр ур чадвартай боловсон хүчинг тогтоон ажиллуулах амаргүй. Улаанбаатар хотод гэр бүл нь байхад энд ирээд удаан ажиллах хэцүү. Тиймээс бид найруулагч нарыг богино хугацаанд урьж ажиллуулдаг болсон. Өөр өөр ур чадвар, туршлага, арга барилтай найруулагчтай ажиллабал манай уран бүтээлчдэд ч нэг төрлийн мастер класс болох юм.


-Орон нутгийн театрын уран бүтээлчид олон төрлийн ур чадвартай байдаг юм шиг ээ. Бүжигчин, хөгжимчин байсан ч гэсэн зайлшгүй үед жүжигчин болох ч хэрэг гардаг байх. Драмын жүжигчид арай цөөн байдаг уу?

-Орон нутгийн симфони оркестртой цорын ганц театр гэдгээрээ бид бахархдаг. 79 хүний орон тоотой боловч цалингийн фондныхоо боломжийг ашиглан одоо 84 хүн ажиллуулж байна. Драмын 10 жүжигчний орон тоо бий. Симфони найрал хөгжим 26 хөгжимчинтэй. 12 бүжигчинтэй. Удахгүй бүжгэн жүжиг тоглох төлөвлөгөөтэй байгаа. Манай уран бүтээлчид хоосон орон зайгаа нөхөж, бие биедээ дэм болж, авьяасаа шинээр нээж сайн ажилладаг шүү. Таны хэлдгээр олон талын авьяастай. Хөгжимчдийн хувьд нэлээд хэрэгцээтэй байгаа. Орон нутгийн театр чуулгуудад хүний нөөцөө бэлтгэх хэцүү байдаг. Улсын хэмжээнд ч дутмаг байгаа нь бий. Манай симфони найрал хөгжим анх авьяастнуудын суурин дээр байгуулагдсан. Ардын хөгжим тоглодог хүмүүст сонгодог хөгжмийн зэмсэг бариулж, сургаад энэ оркестрыг бий болгосон байна. Тиймээс бид ажлын байранд нь зориулсан богино хэмжээний сургалтыг Улаанбаатар хотоос багш нар урьж явуулах гэж байгаа.

-Цалин нь мэргэжлийн урлагийн байгууллагынхантай ижил үү?

-Төвийн байгууллагаас нэг шатлал доогуур. Гэхдээ орон нутагт унаа, хоолны зардал бага байдгаас гадна түгжрэл, бухимдалгүй, эрүүл агаартай гээд бодвол давуу тал их ээ.

-Мэргэжлийн сургууль төгссөн, эсвэл ур чадвартай боловсон хүчин танай театрыг зориод ажиллая гээд ирвэл та бүхэн хүлээн авах уу?

-Ур чадвартай уран бүтээлчийн өмнө манай үүд хаалга нээлттэй байгаа. Байр сууцны тухайд бид бие даан шийдэх боломжгүй ч аймгийн захиргаатайгаа ярилцаж шийдэлд хүрч болох байх. Манай аймгийнхан театраа маш сайн дэмждэг.

-Хүн амын шилжилт хөдөлгөөн ямар байх шиг байна. Төв рүү шилжих нүүдэл үргэлжилсээр л байна уу?

-Нутгаа гэсэн сэтгэлтэй залуус олон байна аа. Бас шилжилт ч байна. Өнгөрсөн жилийн тооллогоор хүн амын тоо 100 гаруй хүнээр буурсан. Ихэвчлэн хийж, бүтээх насны идэр залуус хот руу шилжсэн байсан.

-Танай эхнэр бас сургуулиа төгсөөд хотод үлдэе гэж ятгаагүй юу?

-(Инээв) Манай эхнэрийг Э.Ариунтунгалаг гэдэг. Энд төрж өсөж, спортын гараагаа эхлүүлсэн бүсгүй. Монгол Улсын хөнгөн атлетикийн шигшээ багийн тамирчин, Улсын 15 удаагийн аварга төдийгүй таван удаа рекорд шинэчилсэн. Одоо Дорнодынхоо “Голомт” банкинд ажиллаж байгаа. Хотод амьдарна гэсэн бодолтой байсан ч байж мэдэх юм. Гэхдээ одоо бидний үр хүүхэд энд өсөж өндийж, амьдрал маань үргэлжилж байна шүү дээ. Сургууль, цэцэрлэг, дээд сургууль ч хүртэл бий. Аймгийн төвдөө 12 дунд сургуультай. Англи хэлний сургалттай, тусгай хөтөлбөртэй хувийн сургуулиуд ч бий.

-Сайн менежер хаана ч хэрэгтэй. Тийм болохоор театрын залуу даргад төвийн өөр байгууллагад ажиллах санал ирвэл хүлээж авах уу?

-Үгүй ээ. Одоогоор театраа орхиод явах хүсэл алга. Хийхээр төлөвлөсөн ажил ч их байна. Миний амьдралын бүх сайхан дурсамж энэ нутагтай холбоотой шүү дээ. Дунд нь дөрвөн жил дээд сургуульд сурахаар нутгаасаа явсныг эс тооцвол эргэн тойронд минь дурсамж хөвөрч байгаа ийм газраас явахыг хэн ч хүсэхгүй байх.

Л.Наранхүүгийнх Дорнодын үлгэр жишээ залуу гэр бүлийн нэг. Гэргий нь тамирчин хүн болоод ч тэр үү амралтын өдрүүдээр хүүхдүүдээ дагуулчихаад гэр бүлээрээ усан сан тойроод гүйж яваа харагддаг гэж нэг танил маань надад ярьсан. Дорнодын нэгэн тод залуу нутгаа хөгжүүлэхээр, монголчуудыг театрын урлагтай ойр байлгахын тулд ийн зүтгэж явна.

Жүжгийн нээлт сурвалжлахаар очоод урлагийн төлөө гэсэн цохилох зүрхтэй, санаачлагатай нэгэн манлайлагчтай танилцаж, түүнтэй яриа өрнүүлэх боломж тохиосонд талархаж байна. Бид ярианыхаа завсарт соёл урлагийн салбарын өнөөгийн байдал болон мэргэжлийн урлагийн байгууллага байр байшин ямар чухал байдгийг ч хөндсөн. “Хэзээ нэг өдөр театрыг чинь хувьчлах яриа гарвал яах бол” гэж би саваагүйтэж асуулаа. “Харин тийм хар өдрийг бий болгохгүйн төлөө л бид зүтгэх учиртай. Яаж ч байсан театр байх учиртай. Үзэгчид театрт ирж байх ёстой. Том байшин болгоныг худалдааны төв болгоод байвал хүмүүсийн тархи юугаар тэжээгдэх болж байна” гэж тэр хариулсан. Үгээрээ, зүтгэлээрээ ажлаа баталсан залуу даргатай хийсэн ярилцлагаа үүгээр төгсгөе.

Ж.СОЛОНГО
Өнөөдөр сонин

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. zochin гуай өгүүлрүүн:

    Gutsdag haltar ve chinii hiisen yu baigaa um Busdiin hiisniig buu oort nyalzaa

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*