Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Монгол төрийн далбааг зохиосон Додийн Чойдог

Ѳнѳѳдѳр Монгол тѳрийн далбааны ѳдѳр. Тѳрийн далбааны эх загварыг оюун санаандаа ургуулан зохиомжилсон хүн нь Дорнод нутгийн зураач Д.Чойдог гуай юм.

Монголын орчин үеийн дүрслэх урлагийг үндэслэгчдийн нэг уран зураач Додийн Чойдог 1917 онд Буриад Монголын Агийн аймгийн нутаг, одоогийн Дорнод аймгийн Баяндун суманд төржээ. 1930-аад онд Улаанбаатар хотод Багшийн сургуульд суралцаж байх үеэсээ зургийн бүлгэмд хичээллэж урлах эрдэмд хүч авьяасаа сорих гараагаа эхэлсэн байна.

Сургуулиа төгсөөд тэндээ багшилж, улмаар 1942 онд зураг, урлалын газарт ажиллаж байгаад 1955 онд Монголын урчуудын эвлэлийг санаачлан байгуулалцаж даргаар нь, зургийн дунд сургуулийн захирлаар хавсран ажиллаж дүрслэх урлагийг шинэ утга агуулгаар баяжуулан хөгжүүлэх, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхэд нас эцэслэтлээ хүч зүтгэлээ зориулсан чадварлаг зохион байгуулагч байжээ.

Өөрөө дүрслэх урлагийн олон төрлөөр бүтээл туурвисны дотор хөрөг, гоёл чимэглэл, зурагт хуудасны томоохон төлөөлөгч байжээ. “Малчин Шархүү”, “Малчин Дандийхүү”, “Зураач О.Цэвэгжав”, “Партизан Бумцэнд”, “Партизан Мельников” гэх мэт хөрөг, “Аж үйлдвэрийн комбинат” уран зураг, олон тооны зурагт хуудас урласан.

Тэрээр Монгол төрийн далбааны эх загвар, Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас, Цусан гавьяаны Улаан тугийн болон Байлдааны гавьяаны одон, Байлдааны гавъяаны медаль, Бид ялав медаль, 15 жилийн ойн медаль, Ударникийн тэмдэг, Халх голын тэмдэг, Чойбалсангийн нэрэмжит шагналын тэмдэг гээд өнөөгийн алдар гавьяатнуудын энгэрийг мялааж байгаа бүх одон медалиудын эх загварыг бүтээсэн хүн юм. Цаашилбал Маршалын дүрэмт хувцас, Маршалын од, бүс, Маршалын сэлэм, цэргээс эхлээд Маршал хүртэлх мөрдөс, таних тэмдэг зэргийн эхийг урлажээ.

Монголын цэлмэг хөх тэнгэрт мандан бадарч намирч байх Монгол төрийн далбаа ямар байх тухай анх бүтээх цагт Маршалаас эхлээд олон эрдэмтэн, зураачид бүгдээр зөвлөлдөн байсан тухай ярьж байсны зах зухыг сонсч явлаа. Нэгэнтээ ардын зураач Л.Гаваа гуайтай би төрийн далбааны өнгө зохицлын сонголтыг хэрхэн сонгосон тухай яриа өрнүүлэхэд Гаваа гуай: -Чойдог гуай их ухаантай эрдэмтэй хүн. Бид бүгдтэй ярилцан зөвлөлдөж байсан. Төрийн далбаа хөх тэнгэрт л мандана. Түүний өнгө зохицол хэрхэн харагдах байдлыг их бодох хэрэгтэй. Хэрвээ далбааны хоёр зах талд хөх өнгөө хийчихээд голд нь улаан өнгийг хийвэл ямар харагдах вэ? Далбааны хоёр талын хөх, тэнгэрийн өнгөнд уусч, голын жижиг улаан л тод харагдана биз дээ. Энэ бүгд өнгийн зохицол, цаад бэлгэдлийг бүгдээр ярилцан байж энэ шийдлийг Чойдог гаргаж байжээ. Төрийн минь сүлд, далбаа, тамга, одон медаль бүгд эрхт-төрийн өнөд оршин тогтнохын учир ёсон буюу.

Додийн Чойдог гуай БНМАУ-ын урчуудын эвлэлийн хороог үндэслэн байгуулсан бөгөөд анхны даргаар ажиллаж байв. Түүний бүтээл туурвилыг төр засгаас үнэлж, БНМАУ-ын урлагийн гавъяат зүтгэлтэн, төрийн шагналаар шагнаж байжээ. Дашрамд сонирхуулахад түүний ах Д.Базар нь Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат багш юм.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Туяацэцэг гуай өгүүлрүүн:

    Бахархалтай байна

  2. Иргэн гуай өгүүлрүүн:

    Одоо оросын далбаа 3 өнгө болохоос биш соц үед Улаан орос, улаан тугтай хятадын дунд хөх монгол байгааг илэрхийлсэн гэж боддог байлаа. Соёмбо байгаа нь гайхалтай шүү.Манай далбаа гоё далбаа шүү.

  3. Зочин гуай өгүүлрүүн:

    Дорнод нутгийн маань унаган хүү Баяндун сумын бурят хүбүүнээрээ бахархах болно.Америкийн далбааг хар арьст эмэгтэй урлаа биздээ

  4. dornod гуай өгүүлрүүн:

    Дорнод нутгийнхан маань үнэхээр түүхийг бүтээсэн хүмүүс байжээ.

  5. зочин гуай өгүүлрүүн:

    Манай Дорнодчууд олон бахархалтай. Дорнодын хүмүүс Монгол улсын төрийн далбаа, Төрийн дууллыг зохиож, Монголыг НҮБ-д элсүүлж, Монголыг тусгаар улс хэвээр хадгалж төрийн олон жил удирдаж, хамгийн олон партизан энэ аймгаас төрөн гарсан. өөр маш олон бахархалт хүмүүс бий. зах зухаас товч хэлбэл ийм бн. энэ бүх түүхийг гаргаж олонд хүртээл болгоорой.

  6. muugii гуай өгүүлрүүн:

    uneheer saihan medeelel baina. bayarlala. dornod.net

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*